Иргэдийн амьжиргаа бага зэрэг сайжирсан ч ядууралд өртөх магадлал өндөр байна

“Нээлттэй нийгэм” форумаас санхүү эдийн засгийн хямрал ба хэрэглэгчдийн итгэлийн индекс, үнэлгээ сэдэвт хоёр дахь удаагийнхаа судалгааны дүнг танилцууллаа.

Энэ удаа дотоодын нийт бүтээгдэхүүний 52 хувийг эзэлдэг нийслэлийн өрхүүд эдийн засгийг хэрхэн үнэлж байгаа болон цаашдын байдлыг хэрхэн төсөөлж байгааг судалсан байна. Санамсаргүй түүврээр мянган өрхөөс таван асуулгад хариулт авчээ.

“Цаашид эдийн засгийн байдал сайжирна гэж үзэж байна уу” гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсадын 52,6 хувь нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “сайжирна” хэмээн хариулж байсан бол өнөөдөр 82,8 хувь болсон байна. Энэ нь өрх бүлийн гишүүдийн эдийн засгийн цаашдын хөгжилд итгэх итгэл нь тун ч өөдрөг байна гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Харин ийнхүү өөдрөгөөр үнэлэгсэдийн 88,5 хувь нь дээд боловсролтой иргэд байжээ. Мөн гэр хорооллын иргэдийн 85,1 хувь, орон сууцанд амьдрагсадын 77,7 хувь нь ийм “өөдрөг үзэлтэнгүүд” байна.

Өрхийн санхүүгийн байдал нь өнгөрсөн зургаан сард хэвийн байсан гэж 50 гаруй хувь нь хариулсан бол 12,3 хувь нь “сайжирсан” хэмээн гэжээ. Өмнөх дөрөвдүгээр сард авч байсан судалгааны дүнгээс харахад санхүүгийн байдал муудсан хэмээн хариулсан иргэдийн тоо харьцангуй буурчээ.

Цаашдын эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ гэсэн асуултанд нийт өрхийн 46,6 хувь нь ирэх зургаан сард “инфляци өснө” гэж хариулсан бол тэдний 80 хувь нь “өссөн ч арван хувиас хэтрэхгүй” гэжээ. Харин 7,7 хувь нь “инфляци буурна” гэжээ. Ам.долларын ханшийг 30 хувь нь цаашид өссөөр байх болно гэсэн байна.

Иргэдийн 18,4 хувь нь банкны зээлийн хүү өснө, 24,4 хувь нь зээлийн хүү өөрчлөгдөхгүй, 28,3 хувь нь зээлийн хүү буурна гэсэн хүлээлттэй байна.

Орон сууцны үнийн өсөлтийн талаарх асуулгад цаашид орон сууцны барилгын үнэ өснө хэмээн хариулсан нь өмнөх зургаан сараас буурсан үзүүлэлттэй байна. Ихэнх нь орон сууцны үнэ цаашид тогтвортой байж, бага хэмжээгээр буурна гэсэн хариултыг өгсөн байна. Цаашид үнэ нь буурна гэж үзсэн нь 46,8 хувь нь, одоо байгаагаас өөрчлөгдөхгүй гэж 22,9 хувь нь хариулжээ.

Харин ойрын зургаан сард үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйлс худалдан авах, аялал жуулчлал хийх төлөвлөгөө байгаа юу гэсэн асуултанд нийт өрхийн ердөө 9,2 хувь нь л үл хөдлөх хөрөнгө авна гэжээ. Харин 32,6 хувь нь томоохон эд хогшил авах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа хариулсан байна.

Банкинд итгэх иргэдийн итгэл өмнөх зургаан сарынхтай харьцуулахад бага хэмжээгээр сайжирсан болох нь ажиглагджээ. Иргэдийн 65,7 хувь нь банкинд хөрөнгөө хадгалуулна гэсэн бол 19 хувь нь гэртээ хадгална гэжээ.

Нийт өрхийн дундаж орлого нь 300-400 мянган төгрөгний хэлбэлзэлтэй байна. Өрхүүдийг амьжиргааны түвшингээр нь үзвэл гэр хорооллын иргэдээс орон сууцны иргэдийн ахуй амьдрал харьцангуй өндөр байна. Ядуурлын түвшин Улаанбаатарт 43,2 хувьтай байгаа бөгөөд гэр хорооллынхны 55,6 хувь, орон сууцанд амьдрагсадын 20,9 хувь нь ядуурлын түвшинд байна. Гэвч энэ нь нэг өрхөд ногдох дундаж орлого нь 94,800 төгрөгөөс доош орлоготой өрхийг тооцсон дүн юм. Засгийн газраас энэхүү мөнгөн дүнг өсгөж, 120 мянга болгосон. Хэрвээ шинэчилсэн шалгуураар ядуу иргэдийн тоог гаргана гэвэл одоо байгаагаас ч өндөр дүн гарах бүрэн боломжтой ажээ.

Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямрал болоход ядууралд өртөх эмзэг бүлгийнхэн тун ч олон байгааг судалгаа харуулжээ.

Судалгааг хийсэн хүмүүс эдийн засгийн хямрал гайгүй болж, иргэдийн амьжиргаа бага боловч дээшилсэн хэмээн үзжээ.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/63471

No comments: