ОРЧИН ҮЕИЙН СОЦИОЛОГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ПАРАДИГМЫН ҮҮДНЭЭС СУДЛАХ НЬ

•Социологийн онол, үзэл баримтлалын ангиллын тухайд
•Парадигмын үүднээс шинжлэх ухааны хөгжлийг тайлбарлах нь
•Социологи олон парадигмт шинжлэх ухаан болох нь: Үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд

Социологийн онол, үзэл баримтлалын ангиллын тухайд

Олон тооны социаль онол үзэл баримтлалууд нийгэм-хүмүүнлэгийн ухаанаас ангид хол хүмүүс төдийгүй энэ чиглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хүртэл чиг баримжаа алдахад хүргэх нь бий.Хэрвээ нийгмийн шинжлэх ухааны эдгээр онол үзэл баримтлалыг цэгцлэн эмхэлсэн ангилал байдаггүй бол нөхцөл байдал улам л хүндрэх байсан биз. Чухамдаа социологийн онол үзэл баримтлалуудыг ийн ангилсан ангилал цөөнгүй агаад тэдний нэг хэсэг нь арга зүйн функци гүйцэтгэн, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой бол нөгөө хэсэг нь олон ургальч үзлийг хязгаарлан, туйлширсан, явцуу шинжлэх ухаанч бус хандлагыг дэвжээж байлаа. Учир нь тэдгээр ангилалыг үүсгэхдээ улс төр үзэл суртлаас аваад ангилж буй онол үзэл баримтлалуудын адил төсөөтэй хийгээд эсрэг тэсрэг шинж чанар гэсэн харилцан адилгүй шалгуур, суурь зарчмуудыг баримталж байсан билээ.
Дэлхий ертөнцийг сөргөлдөгч хоёр системд хуваасан үзэл суртал шинжлэх ухааныг хүртэл зүгээр орхиогүй агаад ялангуяа нийгэм-хүмүүнлэгийн ухааны хөгжилд үзэл суртлын гол дарамт ирсэн юм. Үзэл суртлын шалгуурын үүднээс шинжлэх ухааны онол үзэл баримтлалуудыг хуурамч, харгис гэх зэргээр нэр хоч зүүж, хөрөнгөтний болон коммунист хэмээн ангилах явдал хорьдугаар зууны турш үргэлжилжээ. Энэ байдал зөвхөн социалист лагерийн улс орнуудад төдийгүй өрнөд Европ, хойд Америкт эрчимтэй ажиглагдаж байв.
Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист системийн улс орнуудад нийгэм-хүмүүнлэгийн онол үзэл баримтлалуудыг цорын ганц үнэн, жинхэнэ шинжлэх ухаанч марксизм-ленинист онол болон худал хуурмаг хөрөнгөтний гэж ангилсан ангилал ноёлж байлаа. Үйлдвэрлэлийн хэрэгслээс хагацаж, ажиллах хүчээ үйлдвэрийн эзэд, капиталистуудад худалдан амь зууж байгаа мөлжигдөн дарлагдсан ажилчин ангийн үзэл суртал хэмээгдсэн марксист-ленинист онол, сургаалыг шинжлэх ухаан болгон тунхаглаж байв. Зөвлөлтийн марксистуудын нотолж байснаар “түүхийг ойлгох материалист ойлголт ба нэмүү өртгийн онол гэсэн марксизмын агуу их хоёр нээлт нь социализм, коммунизмыг шинжлэх ухаан болгон хувиргасан” (Смирнов Г.Л, Андреев Э.М, Баграмов Э. А, и др (1989) Очерки теории социализма. М: Политиздат. Стр.67) байна. Социалист орнуудын нийгмийн сэтгэлгээнд Маркс Ленин болоод марксизм, ленинизмыг салшгүй нэгдмэл зүйл гээд Ленин бол Марксыг шинэ нөхцөл байдалд бүтээлчээр хөгжүүлсэн сэтгэгч гэж нотолдог байв.
Марксист-ленинист сургаал бол “бие биенээ харилцан нөхцөлдүүлсэн философи, эдийн засаг болон нийгэм-улстөрийн үзэл бодлын цэгцтэй, цогц […] нийгмийн хувьсгалт өөрчлөлтийн онолын бааз суурь”(Афанасьев В.Г, Биккени Н.Б и др (1985) Научный коммунизм: Учебник для вузов. (7-е изд) М:Политиздат. Стр 4.) бөгөөд өргөн утгаараа шинжлэх ухааны коммунизмтай (социализм) утга нэгэн аж. Марксизмын философи бол байгаль, нийгэм ба танин мэдэхүйн хамгийн ерөнхий хууль зүй тогтлын тухай шинжлэх ухаан бөгөөд ертөнцийг үзэх хамгийн цогц, цэгцтэй мэдлэгийг өгдөг байна.
Харин марксист улс төр- эдийн засгийн ухаан бол нийгэм эдийн засгийн формацийн оршин тогтнох эдийн засгийн механизмыг нээн илрүүлэх замаар нэг формаци нөгөөгөөр халагдан солигдох зүй тогтлыг буюу капитализмын зайлшгүй мөхөл, коммунизмын ялан мандах үйл явцыг эдийн засгийн хуулиудын тусламжтайгаар нотлон харуулдаг байна.
Марксизмын нийгэм-улстөрийн сургаал нь ангийн тэмцлийн хууль зүй тогтлыг судлан пролетарийн хувьсгалын зайлшгүй шинж хийгээд пролетарийн диктатурын мөн чанарыг тайлбарлан, ангигүй, төргүй эрх тэгш нийгэмд хүрэх арга замыг заадаг ажээ. (Афанасьев В.Г, Биккени Н.Б и др (1985) Научный коммунизм: Учебник для вузов.(7-е изд) М:Политиздат.) Ийнхүү социалист улс орнуудад Марксизм-ленинизмыг нийгэм байгалийн бүхий л үзэгдэл юмыг бүрэн гүйцэд тайлбарлаж чадсан цорын ганц үнэн зөв онол сургаал төдийгүй бүхэл бүтэн шинжлэх ухаан хэмээн үзэж байлаа. Тэдний үзсэнээр марксизм-ленинизм зөвхөн нийгмийн ухааны төдийгүй байгалийн шинжлэх ухааны цорын ганц ерөнхий онол ажээ.
Түүний сацуу эдгээр улс орнуудад “хэрэв бидэнтэй хамт биш бол бидний эсрэг” гэсэн зарчим үйлчилж байсан бөгөөд марксист-ленинизмыг бүхэлд л шүүмжлэх, тэр бүү хэл түүний зарим нэгэн зарчмыг үл зөвшөөрсөн хандлагыг тэвчдэггүй, ийм төрлийн нийгмийн онол үзэл баримтлалуудыг том капиталын ашиг сонирхлыг хамгаалагч, шинжлэх ухаанч бус хөрөнгөтний болон ревизионист (Тэмдэглэл: Зөвлөлтийн нийгэм-хүмүүнлэгийн ухаанд марксизм, ленинизмын сонгодог төлөөлөгчдын үзэл бодлыг шүүмжлэх, шинэчлэх гэсэн оролдлогыг эрс няцаан “ревизионист” гэсэн нэр хоч зүүн, хөрөнгөтний үзэл суртлын ил далд түлхээсээр марксизмыг хагалан бутаргах гэсэн явуулга гэж үзэж байв. “Ревизионист” гэсэн ойлголтонд өрнөдийн марксистууд, шинэ марксистууд багтдаг байлаа) үзэл сургаал хэмээн үзэж байсан юм. Зөвлөлт болон бусад орны марксистууд хөрөнгөтний нийгмийн онол үзэл баримтлалуудыг “үзэл суртлын догматизм”, “субьектив спекулятив шинж” –тэй гэж шүүмжилж байлаа. (АН СССР(1977) Критика современной буржуазной теоретической социологии . Ред кол: Давыдов Ю.Н. Ионин Л.Г, Осипов Г.В. М: Наука.)
Тэдний үзэж байсанчлан хөрөнгөтний нийгмийн үзэл сургаалууд шинжлэх ухааны танин мэдэхүйг их бага хэмжээгээр ашигладаг авч “онолын олон ургальч үзэл”-ийг тунхагласнаараа юмс үзэгдлийн түгээмэл зүй тогтлыг нэгэн ерөнхий онолын хүрээнд тайлбарлах чадваргүй болж харин тодорхой зүй тогтолд анхаарлаа хандуулахад хүрсэн аж. Ингэснээрээ “социаль бодит байдлын олон талт байдлын нэгдмэл шинжийг үгүйсгэн хэсэг тодорхойг метафизик байдлаар туйлшруулсан” байна. Түүнчлэн мэдлэгийн обьектив байдал гэдгийг туйлшруулан үзэл суртлын төвийг сахисан байдал гэгчийг тунхагласнаар нийгмийн ухаан түүний дотор социологийн үзэл суртлын функцийг эс хайхарч улмаар догматизм болж хувирсан хэмээн шүүмжилж байв.
Мөн нийгэм байгалийн обьектив хууль зүй тогтлыг үл ойлгон нийгмийн хөгжлийг хүний зан үйл, өдөр тутмын амьдралын туршлага гэх зэрэг сэтгэл зүйн шинжтэй хүчин зүйлстэй холбон тайлбарладгаараа субьектив спекулятив шинжтэй болжээ гэж хөрөнгөтний хэмээгддэг социаль үзэл баримтлалуудыг шүүмжилдэг байна.
Түүнчлэн “төмөр хөшиг”-ний нөгөө талд оршиж асан Өрнөдийн социологи, нийгмийн сэтгэлгээний төлөөлөгчид мөн л үзэл суртлын сөргөлдөөнд ханцуй шамлан орсон бөгөөд Зөвлөлт Холбоот Улс, түүний холбоотнуудын нийгмийн сэтгэлгээний хөгжлийг элдвээр шүүмжлэн үгүйсгэж, “шашны догматизм”, “харгис бурангуй фашист” зэрэг нэр хочийг харамгүй зүүсээр иржээ. Хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн бодит байдлын динамик шинж, өөрчлөлт хөгжлийг үгүйсгэн, аль арван ёс дүгээр зууны төгсгөл, хорьдугаар зууны эхэн үеийн Маркс, Ленин нарын сургаалыг бурханчлан шүтэснээр марксизм нэгэн төрлийн шашин болон хувирсан гэж тэд үзэж байлаа. Мөн түүнчлэн нийгмийн гишүүдийн нэг хэсгийн (ажилчин анги) сайн сайхан амьдралын төлөө нөгөө хэсгийг нь (хөрөнгөтөн анги) гайд гарган ангийн хувьд үндэс удмаар нь устгахыг эрмэлздгээрээ фашист шинжтэй бөгөөд тоталитар дэглэмийг зөвтгөн даган баясаснаар шүүмжлэлт функцээ умартсан гэж буруутгаж байв.
Хэдий эдгээр шүүмжлэл олон талаар үнэний хувьтай байсан авч үзэл суртлын дайсагналын улмаас Өрнөдөд марксист ном зохиолыг хориглох, үзэл бодлын нь төлөө марксист сэтгэгчдийг мөрдөн мөшгих явдал багагүй гардаг байсан нь бүтээлч сэтгэлгээ, онолын чөлөөт маргааныг хязгаарлахад түлхэц болж байлаа. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч асан Р. Рейганы зөвлөх байсан нэрт эдийн засагч Жүүд Ванниски бээр:
“Бид Марксыг хүйтэн дайны турш ердөө л үхлийн дайсантайгаа ижилсгэж ирсэн болохоор түүнийг өнөөдөр бидэнд зааж, сургахаар юмгүй нүгэл, муу үйлийн суутан төдий бодох нь бидэнд амар байж. Гэтэл түүний жинхэнэ өөрийн нь гүн гүнзгий бөгөөд алсын хараат үзэл санаа […] улам үнэ цэнэтэй харагдаж байна” (http://www.forum.mn. Жүүд Ванниски. К.Марксыг эргэн харахуй: Уян хатан нийгэм. 2006 оны 6-р сарын 19-нд татаж авав.)
хэмээн хэлжээ.
Үүний сацуу өрнөдийн нийгмийн судлаачид Марксыг зөвлөлт маягийн марксизм, Ленин, ленинизмээс ангид тусад нь авч үзэх шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэдэг. Учир нь Маркс бол олон ургальч үзлийн нөхцөл байдалд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн гаргасан бусдын нэгэн адил нийгмийн сэтгэгч байсан бөгөөд тэрээр өөрийн сургаалыг хэзээ ч үзэл суртал гэж үзэж байгаагүй аж. Марксын судалгаа шинжилгээ ялангуяа капитализмын талаарх түүний судалгаа тун гайхамшигтай агаад энэ утгаар нь эрдэмтэн Марксыг хувьсгалч Марксаас мөн ангид үзэх шаардлагатай гэсэн үзэл түгээмэл бий.
Харин Ленин бол сэтгэгч гэхээсээ илүүтэй Марксын ангийн тэмцлийн сургаалийг хувьсгалт алан хядлагатай адилтган үзсэн практик хувьсгалч бөгөөд Марксын үзэл бодлыг хүн хүнээ үзэн ядах харгис большевик үзлээр халан сольсон хүн гэсэн бодол санаа Өрнө дахинд дэлгэрсэн бөгөөд ийм ч учраас олонхи социологийн сурах бичгүүдэд түүний нэрийг ч дурдаагүй байх нь нийтлэг тохиолддог.
Социологийн онол үзэл сургаалиудыг ийнхүү үзэл суртлын шалгуураар хүчирхийлэн ангилсан энэхүү ангилалаас гадна тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэйгээр ангилахыг эрмэлзсэн ангиллууд буй. Энэхүү ангиллууд бол социологийн онол үзэл баримтлалуудыг судалж, таньж мэдэхэд аргазүй болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой юм. Ийм ангиллын дунд социологийн онол үзэл баримтлалуудыг ижил төсөөтэй шинжээр нь төрөлжүүлэн бүлэглэсэн ангилал болон тэдгээрийг эсрэг тэсрэг шинжээр нь бүлэглэн ангилсан ангиллууд зонхилдог байна.
Нэгдэх ангилал болох социологийн онол, үзэл баримтлалуудыг эсрэг тэсрэг шинжээр буюу юмс үзэгдлийг тайлбарлахдаа зарчмын өөр өөр байр сууринаас хандаж буй байдлаар нь нэгэн бүлэг төрөлд харьцуулан хуваах нь нэлээд хожуу бий болсон хандлага юм. Энэ хандлагын хамгийн тод жишээ бол Английн социологич Э.Гиддэнсын “онолын дилемм” хэмээх нэрлэсэн ангилал юм.
Тэрээр орчин үеийн социологийн онолын хөгжилд функционализм, структурализм болон символик интеракционизм хийгээд марксизм гэсэн дөрвөн онолын хандлагыг хамгийн чухал ач холбогдолтойд тооцоод тэдгээрийг хэд хэдэн дилеммэд хуваажээ. Ингэхдээ нийгмийн бүтэц хийгээд хүний үйл ажиллагаа мөн нийгэм дэх зөрчилдөөн хийгээд зөвшил зэрэг социологийн үндсэн ойлголтуудыг хэрхэн тайлбарлаж байгаагаар нь социологийн үзэл баримтлалуудыг онолын эдгээр дилеммэд хуваасан байна.(A.Giddens)
Дилемм бүр өөртөө харьцангуй эсрэг тэсрэг байр суурь бүхий социологийн онолуудыг багтааж байгаа юм. Тухайлбал, онолын нэгдүгээр дилеммыг Э.Гиддэнс:
“Нэгдүгээрх нь нийгмийн бүтэц хийгээд хүний үйл ажиллагааны асуудалтай холбоотой. Эл асуудал нь ямар хэмжээнд бид өөрийн амьдралынхаа нөхцөл байдалд идэвхтэйгээр нөлөөлж буй бүтээлч эхлэлийг тээгчид вэ хэмээсэн асуултанд оршино. Магадгүй үйлдлийн ихэнх хэсэг маань бидний хяналтаас ангид оршиж байгаа нийгмийн суурь хүчнүүдийн нөлөөллийн үр дүн байж болох билээ. Үүнд хэрхэн хандаж буйгаараа социологичид хуваагдсаар ирсэн бөгөөд хуваагдсаар байна. Символик интеракционизм хүний зан үйлийг бүрдүүлж буй идэвхтэй бүтээлч шинжийг онцолдог бол бусад гурван хандлага (марксизмын зарим хувилбарыг эс тооцвоос) нь нийгмийн инстиутаас бидний үйл ажиллагаанд үзүүлж байгаа албадлагын нөлөөлөлд гол анхаарлаа хандуулдаг” гэж тодорхойлсон байна.
Хоёрдахь ангилал буюу социаль онол сургаалийг ойлголт ухагдхууны аппарат, даган мөрдөж байгаа үндсэн зарчмууд хийгээд тайлбарлалын хэв загварын ижил төсөөтэй шинжээр бүлэглэсэн ангиллын тоонд позитивист чиглэл, функциональ сургууль, Чикагогын сургууль гэх мэт онолын чиглэл, сургуулиудаар нь хуваасан ангилал орно. Энэ ангилал нь харьцангуй уламжлалт шинжтэй бөгөөд баруун зүүн Европ ба хойд Америкийн социологийн аль алинд нь бий.(Үзнэ үү: Гофман А.Б, Давыдов Ю.Н, Ковалёв А.Д и др (1997) История теоретической социологии. В-4 томах. М:Канон. Тернер Ж (1985) Структура социологической теории. Пер с англ М: Наука. Арон Р.(1993) Этапы развития социалогической мысли. Пер с фр. М: Мысль.)
Мөн эл ангилалд социологийн онолуудыг судлагдхууны түвшнээр нь буюу макросоциологи ба микросоциологи гэж ангилсан болон ерөнхий, тусгай буюу салбар онолууд гэсэн хэв шинжийн ангилал мөн харъяалагдана. Гэхдээ хэрэв түвшнээр ангилсан нь өрнө дорнын социологид нийтлэг тохиолддог бол хэв шинжийн ангилал хуучин зөвлөлтийн одоогийн Оросын социологид түгээмэл ажиглагддаг.(Осипов Г.В, Москвичев Л.Н, Кабыша А.В, Аванесова Г.А и др (2002) Социология. Основы обшей теории: Учебник для вузов. М: Издательство Норма)
Дээр дурдсаны зэрэгцээ хоёрдахь ангиллын хувьд хамгийн чухал ач холбогдолтой бөгөөд цаг хугацааны хувьд ч ихээхэн залуу нэгэн ангилал байдаг нь парадигмын баримтлал юм. Парадигм бол дан ганц социологийн төдийгүй бүхий л нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны хувьд тун чухал ойлголт билээ. Эдүгээ цагт социологийн ухаанд парадигмыг дараах хэдэн үндсэн функцээр авч хэрэглэж байна. Үүнд:
•Орчин цагийн социологийн онол үзэл баримтлалуудыг ангилан бүлэглэх аргазүй болгон хэрэглэдэг,
•Социологийн шинжлэх ухааны бүхий л хөгжил түүний дотор онолын сэтгэлгээний хөгжлийн өрнөх арга зам хэлбэрийг тайлбарлах арга зүй
•Баялаг агуулгатай, нарийн түвэгтэй, олон талт байдал бүхий судлагдхуунтай социологийн шинжлэх ухааны статус, түүнийг олон парадигмт ухаан болохыг нотлох зэрэг функцүүд орно.
Үүнээс үзэх ахул парадигм бол маш өргөн утгатай, чухал ач холбогдол бүхий ойлголт болох нь харагдаж байгаа агаад энэ хэсэгтээ бид парадигмыг социологийн онолыг ангилах арга зүй болох талаас нь авч үзэх бөгөөд дараагийн хэсэгт илүү өргөн утгаар нь судлах болно.
Парадигмын тусламжтайгаар социологийн онол үзэл баримтлалыг ангилсан ангилал цөөнгүй бий. Тухайлбал, Америкийн социологич Роберт. Фридэрих нийгмийн интеграци, зөвшлийг онцолсон системийн парадигм болон эмх цэгцгүй, зөрчилдөөн хямралд анхаарал хандуулдаг зөрчилдөөний парадигм гэсэн ангиллыг санал болгосон нь бий. Эл ангилал нь Томас Куны “ Шинжлэх ухааны хувьсгалуудын бүтэц” бүтээлийг хэвлэгдсэн даруйд парадигмын баримтлалыг ашиглан хийсэн хамгийн анхны ангилал юм.
Түүнчлэн АНУ-ын социологич Ж.Рицэр мөн парадигмын тусламжтайгаар орчин үеийн социологийн онол үзэл баримтлалуудыг ангилсан бөгөөд ингэхдээ эдгээр онолын 1.онолын эх сурвалж, 2.социологийн судлах зүйлд хандах хандлага, төсөөлөл, 3. судалгааны аргууд болон 4.тулгуур онолуудын ижил төсөөтэй байдал гэсэн үзүүлэлтийг ашигласан байна. (Ritzer G.(1996) Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.) Ингээд тэрбээр дараах:
•Социаль баримт сэлтийн парадигм (The Social-Facts paradigm)
•Социаль дефиницийн парадигм (The Social-Definition paradigm )
•Социаль зан үйлийн парадигм (The Social-Behavior paradigm)
гурван үндсэн парадигмыг тодорхойлжээ. Дээрх парадигм бүр орчин үеийн социологийн онол үзэл баримтлалууд дээр суурилж байгаа агаад жишээлбэл, социаль баримт сэлтийн парадигмын тулгуур онол гэхэд л бүтэц функционализм ба зөрчилдөөний онол байна.
Өнгөц харахад дээрх хоёр онол харилцан биеэ биенээ үгүйсгэсэн эсрэг тэсрэг шинжтэй мэт санагдаж болох юм. Энэ утгаараа энэхүү ангилал нь онол үзэл баримтлалуудыг эсрэг тэсрэг шинжээр төрөлжүүлэн бүлэглэдэг нэгдэх ангилалд харъяалагдах мэт. Үнэн хэрэг дээрээ эдгээр онолуудын хооронд ялгаатай байдлаас ойролцоо төсөөтэй шинж давамгайлдаг гэж хэлж болно. Дээр дурдсан онолуудын гол ялгаа нь зөвшил болон зөрчилдөөний нийгэм гүйцэтгэх үүргийн талаарх санал зөрөлдөөнд орших бөгөөд харин хоёулаа макро түвшний, обьектив позитивист уламжлалд суурилсан, түүнчлэн хоёулаа системийн хандлагыг эрхэмлэдэг төдийгүй судалгааны аргын хувьд ч ижил төсөөтэй билээ. Энэ утгаараа парадигмын ангиллыг хоёрдах ангилалд оруулж байгаа нь зүй ёсны хэмээн хэлж болох билээ.
Ийнхүү дээр дурдсан ангиллууд нь (үзэл суртлаас үүдсэнээс бусад нь) судлаачид, сонирхогчдыг нийгмийн олон талт, баялаг агуулга бүхий бодит байдлыг тайлбарладаг социологийн олон тооны онол үзэл баримтлалд хөл алдан, өөр хооронд хольж хутган төөрөлдөх аюулаас сэрэмжлүүлэн цэгцтэй, системтэйгээр судлах боломж олгодгоороо арга зүйн хувьд тун чухал ач холбогдолтой билээ. Түүнчлэн онолын хөгжил, өөрчлөлтийг ойлгож мэдэх, ирээдүйн чиг хандлагыг урьдчилан баримжаалах боломж өгч байгаагаараа танин мэдэхүйн ач холбогдолтой юм. Эцэст нь социологийн олон арван онол сургаалыг эмхлэн цэгцэлж, схемчилэн хялбарчилснаар прагматик үр өгөөжтэй болж байгаа билээ.

Парадигмын үүднээс шинжлэх ухааны хөгжлийг тайлбарлах нь

Хэрэв шинжлэх ухааныг баримт сэлт, онол ба аргуудын нийлбэр мэтээр ойлгох ахул түүний хөгжлийг ч мөн дээр дурдсан зүйлсийн байнгын тогтвортой хуримтлал хэмээн ойлгож болох юм.
Чухамдаа урт удаан хугацааны турш шинжлэх ухааны хөгжлийг баримт сэлт, хууль зүй тогтол болон онол сургаалын хуримтлал хэмээн тайлбарлаж ирсэн бөгөөд шинжлэх ухааны философи, социологид эл хандлагыг кумулятив (Тэмдэглэл: Кумулятив гэсэн үг нь нь cumulative гэсэн англи үгнээс гаралтай бөгөөд нийлбэр, хуримтлал гэсэн утга санааг илэрхийлнэ) баримтлал хэмээн нэрлэдэг байна. Кумулятив баримтлалын үүднээс бол шинжлэх ухааны хөгжил нь хувьслын замаар хуучин мэдлэг дээр шинэ мэдлэг нэмэгдэх байдлаар, шинэ мэдлэг хуучныгаа халан солих байдлаар явагддаг байнгын үйл явц аж.

Социологи олон парадигмт шинжлэх ухаан болох нь. Үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд

Социологийн судлагдхууны онцлогоос үүдэн түүнийг олон парадигмт шинжлэх ухаан хэмээн тодорхойлдог бөгөөд ийнхүү үзэх нь үндэслэлтэй болохыг бид дээрх бүлгүүдэд авч судалсан бөгөөд социологичдын дунд энэ тухай анхаарал татахуйц санал зөрөлдөөн үгүй болохыг дурдаж болно. Харин ямар, хэдэн парадигм байдаг талаар эрдэмтэн судлаачид өөр өөр байр суурийг илэрхийлэх нь бий. Үүнтэй холбогдуулан социологийг системийн болон зөрчилдөөний гэсэн хоёр парадигмт (Р.Фридэрих), Социаль баримт сэлтийн, Социаль дефиницийн ба Социаль зан үйлийн гэсэн гурамсан парадигмт (Ж.Рицэр) мөн энэ гурамсан парадигм дээр Марксист парадигмыг нэмж дөрвөн парадигмт (Г.В. Осипов) хэмээн тодорхойлсон тодорхойлолтуудыг авч үзье.
Р.Фридэрихын хувьд парадигмыг нэрлэхдээ системийн болон зөрчилдөөний гэсэн үндсэн хоёр онолын чиглэлийг үндэс болгон авснаар сонгодог социологийн онол болон эмпирик сэтгэлгээнд нэлээд түгээмэл хэрэглэгддэг ангилалыг ашиглаж чадсан байна. Гэсэн хэдий ч символик интеракционизм, феноменологи зэрэг орчин цагийн социологийн томоохон үзэл баримтлалууд дээрх ангиллын гадна хоцорсон нь учир дутагдалтай аж. Түүнчлэн зөрчилдөөний үзэл баримтлал нь нийгмийн харилцаанд зөрчил, тэмцэл, өрсөлдөөний гүйцэтгэх үүргийг онцолдгоороо зөвшил, зохицолыг эрхэмлэдэг системийн баримтлалаас ялгаатай хэдий ч аливаа бүтэц, тэдгээрийн элементүүдийн харилцан шүтэлцээ болон гүйцэтгэх функци зэрэг суурь ойлголт, ухагдхуун, зарчмуудын хувьд ижил төстэй тул эл хоёр баримтлалыг ийнхүү сөргүүлэн тавих нь төдийлөн оновчтой бус билээ.
Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Г.Осипов социологи дахь парадигмын үзэл баримтлалдаа АНУ-ын социологич Ж.Рицэрийн парадигмыг үндэс болгон ашигласан байна. Ингэхдээ Ж.Рицэрийн гурамсан ангилал дээр Марксист гэсэн ангиллыг нэмж оруулжээ. (Осипов. Г.В (1990) Социология и социализм)
Чухамдаа Марксист онолын олон зарчмууд, тухайлбал нийгмийн обьектив хууль, зүй тогтол, танин мэдэхүйн арга зам зэрэг нь олон талаараа позитивист хийгээд бүтэц функциональ уламжлалтай ойр дөхөм болохыг хялбархан харж болно. Энэ утгаараа Марксизмыг бие даасан парадигм болгож авч үзэх нь онол арга зүйн хувьд эргэлзээтэй зүйл боловч үүний учир шалтгааныг улс төр, үзэл суртал болон нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбож үзэх шаардлагатай билээ. Г.В.Осиповын дээрх үзлийг ч хэд хэдэн учир шалтгаанаар тайлбарлаж болох юм.
Нэгдүгээрт, энд Марксизмыг өөр ямар нэгэн социаль онол үзэл баримтлалтай адилтган үздэггүй, харин онцгой өвөрмөц сургаал, тэр ч бүү хэл шинжлэх ухаан хэмээн үздэг үзэл суртлаас улбаатай уламжлалт хандлага нөлөөлсөн байж болно.
Хоёрдугаарт, Г.Осипов дээрх ангиллаа анх боловсруулан нийтлүүлсэн 1990-ээд он бол ЗХУ болон дэлхийн коммунист систем оршин тогтносон хэвээр, Ленинизм бол Марксизмын салшгүй нэг бүрэлдхүүн хэсэг төдийгүй түүнийг ахисан түвшинд гаргасан ач гавьяатай сургаал хэмээн үзэх нь хэвээр асан он жилүүд байлаа.
Гуравдугаарт, ЗСБНХУ хийгээд бусад социалист орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөөн дор нийгмийн сэтгэгчид, судлаачид Марксизм-Ленинизмыг ортодоксаль хандлагаас чөлөөлж, бүтээлчээр хөгжүүлэхийг оролдон, түүнийг барууны үзэл баримтлалуудтай сөргүүлдэн тавих бус харин зэрэгцэн оршдог онол сургаал мөн болохын сацуу хөгжлийн өөрийн онцлогтой, цаашид ч эл байдлаа хадгалан үлдэнэ гэсэн байр суурьтай байлаа. Гэвч дэлхийн коммунист тогтолцоо нуран унаснаар Марксизм-Ленинизмыг онцгой үзэл сургаал, шинжлэх ухаан хэмээн үзэхийг тэтгэх үзэл суртал, улс төр болон эдийн засгийн хөрс суурь үгүй болов. ( Тэмдэглэл: Тухайн үед Марксизмыг үеэ өнгөрөөсөн, ямар нэг үнэ цэнэгүй сургаал гэсэн хандлага баруун зүүнгүй газар авч байлаа. Харин эдүгээ цагт коммунизмын дараах үеийн эл хийрхэл суларсаар, Марксист сургаалийг дахин цэгнэн үзэж, нийгмийн сэтгэлгээнд түүний гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх хандлага давамгайлж байгааг дурдах нь зүйтэй. Марксизмыг үзэл суртлаас салангид, эрдэмтэн Марксыг улс төрч Марксаас ангид үзэх явдал эрчимжиж байна. Өрнөдийн нийгмийн сэтгэлгээнд Марксизмын гүйцэтгэсэн үүргийг)
Үүнтэй зэрэгцэн Марксизм лугаа онцгой статус өгч, шинжлэх ухааны зэрэгт өргөмжлөх явдал устаж, харин бусад онол сургаалтай адил түвшинд авч судлах нөхцөл байдал бүрдсэн билээ. Иймд Марксизмыг бие даасан парадигм гэж үзэх нь үндэслэл муутай болох нь харагдана.
Парадигмын тусламжтайгаар социологийн онолын хөгжлийг ангилан үзсэн гуравдах ангилалыг АНУ-ын социологич Жорж Рицэр хийжээ. Тэрээр орчин үеийн социологийн онолын тавцанд Социаль баримт сэлтийн, Социаль дефиницийн ба Социаль зан үйлийн гэсэн гурван үндсэн парадигм байна гэж үзсэн байна.

О.Мөнхбат "Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе" номноос...

No comments: