Оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар социологийн судалгаа хийгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн наймдугаар сард зарлиг гаргаж, оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ажлын явцтай Ерөнхийлөгч танилцсан байна. Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчид юуны өмнө оюутны сургалтын тэтгэлгийн асуудлаар олон нийтийн дунд явуулсан социологийн судалгааны дүнг танилцуулав. Судалгааг 2009 оны аравдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Ховд, Завхан, Дорнод болон Хэнтий аймагт явуулж, 1500 хүнээс санамсаргүй түүврийн аргаар асуулга тавих замаар мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанаас үзэхэд, манай орны нийт өрхийн 65, 5 хувь нь их, дээд сургуульд сурдаг оюутантай, үүний 20, 7 хувь нь хоёр оюутан бүхий гэр бүл аж. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь оюутны амьдрал ахуй, зовлон жаргалтай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс байдаг. Судалгаанд оролцогчдын 82, 6 хувь нь их, дээд сургуулийн оюутанд төрөөс сургалтын тэтгэлэг өгөх шаардлагатай хэмээн үзжээ. Гэхдээ тэдний олонх нь төрөөс олгох тэтгэлгийн хэмжээг сургалтын төлбөрийн 50 хувиар тогтооход болно, үлдсэн хувийг суралцагч өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзсэн байна. Эндээс манай иргэд, эцэг эхчүүд, оюутнууд асуудалд бэлэнчлэх сэтгэлгээгээр бус харин шударга байдлаар хандаж буй нь харагдсан аж.

1 comment:

Otgo said...

Ene sudalgaanii tailang haanaas olj unshij boloh ve?

bayarlalaa

Otgonjargal