ЗАЛУУ НАСНЫ АНГИЛАЛЫН ТАЛААРХ БЭСРЭГ ШИНЖИЛГЭЭ

ШУА ФСЭХ-ийн социологич О.Баасантогтох
Хүний насны ангилалыг эдийн засаг, нийгэм, улс төр, сэтгэл судлал зэрэг нийгмийн ухаан, эрүүл мэнд, физик, одон орон зэрэг байгалийн ухааны салбар бүр судалгааны чиглэлээсээ хамааран харилцан адилгүй үүсгэсэн байдаг. Арга зүйн хувьд тухайн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнгээр тайлбарлагддаг учир үнэний магадтай боловч тухайн ангилалыг түгээмэл хэрэглэх боломжтой эсэхээс шалтгаалан няцаагдах нь олон.
Нийгмийн шинжлэх ухаанд эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх чадвар, нийгэмшил, эд хөрөнгө, албан тушаал г.м шалгуураар хүний насыг ангилдаг ч хүний амьдралын олон янз байдлаас үүдэн үгүйсгэгдэх нь хялбар аж. Нийгмийн ухааны үүднээс энэ мэт социаль шалгуурыг хэрэглэх нь арга зүйн хувьд зөв боловч тухайн субьектийг бусад субьектийн зүгээс дан ганц социаль баримжааллаар хүлээн авдаггүй. Учир нь хүн нийгмийн амьтан болохын зэрэгцээ оюун ухаан (сэтгэлийн), мах, цусан тогтоц бүхий биологийн төрөл зүйл билээ. Тодруулбал, нийгмийн ухааны үүднээс хүний насыг ангилахдаа бие бялдар, сэтгэхүйн хөгжил, нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөх үе буюу бие даан эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар гэсэн хүчин зүйлсийн гурвалсан давхцлаар тодорхойлогдох учиртай. Хэрэв насны ангилал үүсгэхдээ; энэ гурван хүчин зүйлийн аль нэгийг анхаараагүй тохиолдолд социаль ангилал болж чадахгүй. Залуу насны тухай ярихад ч дээрх зарчимд тулгуурлах нь зүйтэй. Учир нь залуу хүн бие физиологийн хувьд боловсорч гүйцэх, нийгмийн харилцаанд суралцаж, бие даасан эрх үүрэгтэйгээр оролцож эхлэх, оюун сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй нарийн зааг үе учир энэ насны ангилалыг тогтооход нэн ач холбогдолтой арга зүй гэж үзэж байна.
Манай улсад социаль үүднээс анхлан доктор Х.Гүндсамбуу тухайн үеийн оросын судлаач В.Н.Боряз (121 судлаачийн бүтээлд контент анализ хийхэд залуучуудын насны дээд хязгаарыг судлаачдын 61 нь 30 насаар, доод хязгаарыг 17 нь 16 насаар авсан байжээ), Е.С.Петеренко, Т.М.Ярощенко, Польшийн эрдэмтэн Решке (залуучуудын насны дотоод үечлэлийг ...нягтлан үзэж нийгмийн бүтцийн судалгаанд хэрэглэх нэгдсэн стандарчлалыг бий болгожээ. Тэд нар залуучуудын сургууль төгсөлт, цэргийн албанд татагдах халагдах үе, өрх тусгаарлалт, ажлын дадлага туршлага эзэмшилт зэргийг үндэслэн насны бичил бүлгүүд үүсгэж тэдний шинж тэмдгүүдийг хураангуйлан товчоолжээ.) нарын судалгаанд тулгуурлан залуучуудын насыг тогтоож, мөн залуу насны дотоод ангилалыг тогтоосноороо ач холбогдолтой юм. Тэрээр орь залуугаас төгс залуу хүртэл дөрвөн бүлэг болгон нарийвчлан тогтоож өгсөн бол доктор О.Сарантуяагийн бүтээлд энэ насны онцлогийг “Өсвөр үе хэмээхүй хүүхэд наснаас насанд хүрэгчдийн эгнээнд дэвшин орох шилжилтийн үеийг ойлгох бөгөөд насаар хэлвэл ерөнхийдөө 10-19 насныхан багтах боловч дотор нь эрт (10-14) ба хожуу (15-19) гэж ангилан авч үзсэн байдаг. Хожуу өсвөр нас бол хүний нийгэмшин хөгжих үйл явцын хамгийн нарийн төвөгтэй үе бөгөөд наад зах нь л гэхэд тэдэнтэй эцэг эх нь “...балчир хүүхэд мэтээр ханддаг бол нийгмийн зүгээс насанд хүрэгчдийн нэгэн адилаар үзэж, хэрэгцээ шаардлагыг нь хангахыг эрмэлзэж байдаг” гэж тэмдэглэсэн байдаг. Эдгээр эрдэмтдийн тэмдэглэсэн ангилал нь нийгмийн ухаанд ашиглахуйц нэлээд барьцтай хэрэглэгдэхүүн болно.
Дээрх хоёр судлаачийн зэрэгцээ өнөөдөр дараах ангилалуудыг нийтлэг хэрэглэж байна. Үүнд:
1. Монгол хүний насны ангилал
Эрэгтэй Орь 22 24
Цэл 25 29
Эмэгтэй Орь 21 24
Цэл 25 29
2. МУ-ын эрх зүйн акт
Иргэний хуульд 18
Сонгуулийн тухай хууль 18
Эрүүгийн хууль 16
3. МУ-ын үндэсний статистикийн хорооны амьдралын циклээр бүлэглэсэн агилал 15 24
4. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь
Орь нас 18 25
Залуу нас 25 35

Дээрх мэдээллээс харвал залуу насны ангилал 15-35 насны хооронд хэлбэлзэж байна. Нийгэмшилт, амьдралын түвшин, үзэл бодлын төлөвшилт зэрэг социаль шалгуураар авч үзвэл дээрх ангилалууд нь төдийлөн оновчтой бус шийдэл юм.
Тэгвэл эдгээрийг зүй зохистой авч үзэх үндэслэгээ нь өмнө өгүүлсэн арга зүйн гурвалсан давхцал болно. Нийгмийн насны тухайд бид 16-30 насныхныг залуучууд гэж үзэж болох бол бие, физиологийн хувьд дараах хандлагийг харьцуулах нь зүйтэй болно.
Хүн өөрөө биологийн төрөл болох талаас нь авч үзвэл бие махбодийн хувьд өсөж томрох, бие даах, ачаалал даах чадамж бүрдэж, дуу хоолой нь бүдүүрч, бэлгийн харилцааны бүрэн чадамжтай болдог. Үүнийг шилжилтийн нас гэх бөгөөд биологийн энэхүү өсөлтийн хурд нь 16-17 наснаас буурч 18 насанд бүрэн зогсдог . Сурган хүмүүжүүлэх ухаанд суурь мэдлэг олгох, насны дээд хязгаарыг ихэнх тохиолдолд 16 насаар тогтоосон нь энэхүү үйл явцтай шууд холбоотой. Мөн хүний биеийн жин 20-25 нас хүртэл нэмэгддэг бол хүний сэтгэхүйн хөгжил 22 насанд дээд цэгтээ хүрч 27 наснаас буурч эхэлдэг хэмээн Америкийн Виргиний их сургуулийн эрдэмтэд нотолсон байдаг.
Биеийн хөгжил, сэтгэхүйн өсөлт, бие даан эрх эдэлж, үүрэг хүлээх буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх үе гэсэн хүчин зүйлсийн өсөлт, бууралт, тогтворжилтын үйл явц ажиглагдаж байна. Хүчин зүйлсийн өсөлт, бууралт харилцан адилгүй ч биеийн өсөлт зогсох, нийгэмд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх үетэй холбоотой залуу насны доод хязгаарыг тогтоох, үзэл бодол, сэтгэхүйн, биеийн хөгжлийн үйл явц тогтворжих, сэтгэхүйн хөгжлийн бууралттай холбоотой залуу насны дээд хязгаарыг тогтоож болох юм. Үүнээс үндэслэн бид залуучуудын насны доод хязгаарыг 16, дээд хязгаарыг 27 нас гэж үзэх нь зүйтэй мэт мэт санагдаж байна. Учир нь, залуу насны доод хязгаарыг 16 гэсэн нь энэ насныхан сэтгэхүйн болон биеийн хөгжил, нийгэмшилтийн хувьд бусдад хүлээн зөвшөөрөгдөж, аливаад бие даан оролцох, хувийн байр суурьнаас хандах чадвар эзэмшин, хариуцлага хүлээх, биеийн хүчний хувьд ачаалал даах чадвартай болохын зэрэгцээ эрх зүйн чадамж бүрддэг. Харин залуу насны дээд хязгаарын тухайд сэтгэхүйн хөгжлийн тогтворжилт, социаль харилцааны туршлага, нийгэмд эзлэх байр суурь харьцангуй тогтворжсон, үхэл хагацал, төрөлт, гэрлэлт зэрэг хүн ам зүйн үзүүлэлтийн хувьд бусад насныхантай харьцуулахад үйл явцын өсөлт, амьдрал – үзэл бодол, биеийн хөгжлийн тогтворжилт, сэтгэхүй хөгжлийн бууралтын үе тул залуучуудын насны дээд хязгаарыг 27 гэж үзэхийг санал болгож байна.
Залуу насны ерөнхий ангилалын зэрэгцээ дотоод ангилалыг хөндөх хэрэгтэй бөгөөд үүнийг 16-18 орь залуу, 19-24 цэл залуу, 25-27 төгс залуу гэж ангилж болох юм. 16-18 насныхны хувьд ерөнхий боловсролын сургууль төгсөх төгсөх, биологийн талаасаа шилжилтийн үе дуусгавар болох, нийгэмд хариуцлага хүлээх чадамжтай болох үе юм. 19-24 насныхны хувьд бие даасан амьдралын гараагаа эхлэх, сэтгэхүйн хөгжлийн оргил үе бол 25-27 насныхны хувьд амьдрал, үзэл бодол тогтворжих, биеийн болон сэтгэхүйн хөгжил бууралтын үе юм.

No comments: