ГАВЬЯА БА ШАГНАЛ, ГЭМТ ХЭРЭГ БА ШИЙТГЭЛ

МУИС-ийн багш, социологич Г.Түмэннаст

Өгүүлэхийн учир

Саявтархан Ерөнхийлөгч цөөнгүй хүмүүст төрийн шагнал, одон медаль олгожээ. Хүмүүс бас л бөөндөж байна уу гэцгээнэ. Тэдний ингэж хандах нь энэ нийгэмд шагнал болон шагнуулагчийн үнэ цэнэ шалдаа унаад удаж байгааг харуулж байна. Үнэнхүү хөдөлмөрлөгчийн зэрэгцээ энэ ч дээ гэмээр нөхдүүд төрийн одон тэмдэг энгэртээ гялалзуулан алхаж байх нь олон нийтэд нэг их халаглаад байх зүйл биш болсны нэгэн адил манайд олны өмнө нийтийн баялгаас илэрхий цөлмөж, удам гаваараа хахаж цацталаа баяжсан нөхөд, хэрэг заргад унах нь бүү хэл урьдаасаа илүү идээшсэн явж байгаа нь бас гайхаад байх зүйл биш болжээ.Энд нэг зүйл ажиглагдах ба нийгэмд явагдаж буй шагнах хийгээд шийтгэх үйл явцад бид бултаараа нэг л сэтгэл дундуур болсон байх юм.

Ерөөс шагналын тухай, түүний зүй зохист чанарын тухай ярихын тулд шийтгэл хэмээх ойлголт өөд логик ёсоор хөтлөх ажгуу. Энэ талаар интеграль социологийн эцэг П.А.Сорокин “гэмт хэргийн тухай ойлголтыг тайлбарлахын өмнө, сая бид шийтгэл хэмээх ойлголт руу дөхөж очих хэрэгтэй болдог. Харин шийтгэл нь нийгэмд байх шагналтай зүй ёсоор харгалдах ба шагнал ерөөс ариун журамт үйлд өгөх нийгмийн хариу юм. Ингэхээр хэдийнээ шийтгэл хийгээд шагналыг зэрэгцүүлэн шинжлэх нь нийгмийн ашиг сонирхолд чухал” хэмээн хэлжээ. Янз бүрийн асуудлаар хийгдсэн сүүлийн жилүүдийн судалгааны ажлын үр дүнгүүдэд тулгуурлан өнөөгийн шагнал ба шийтгэлийн тогтолцооны талаар өөрийн санал бодлыг илэрхийлэхийг хүссэн юм.

Нийгэмд тогтовортой оршин тогтнох ашиг сонирхол, дотооддоо хадгалвал зохих баланс гэж бий. Иймийн тул бидний амьдралд хүмүүний гэмд таарсан шийтгэл, гаяъяанд таарсан шагналын тогтолцоо байх шаардлага зүй ёсоор тавигддаг. Хүмүүний үйлс хоёр туйлтай. Нэг туйлд нь ариун журамт үйлс, нөр их хөдөлмөр, сод бүтээл, харин нөгөө туйлд нь гутамшигт хэрэг, аймшигт халдлага, хөнөөлт үйлдлүүд байдаг. Энэ хоёрын дунд хүмүүний сайн муу бүхий л үйл багтмой. Тэгвэл нийгэм өөрийнхөө (гишүүдийнхээ гэсэн үг) тогтвортой хийгээд аюулгүй байдлыг хамгаалахын тулд нэг туйлд нь шагнал, сайшаалын дээдийг нөгөөд нь зэмлэл, шийтгэлийн хатууг бий болгодог. Энэ хоёрын дунд, эжийдээ магтуулахаас эхлээд энгэрээ одонгоор цоолуулах хүртэл, аавдаа зэмлүүлэхээс эхлээд гянданд хоригдох хүртэл, өөрөөр хэлбэл бидний зан үйлд нийгмийн зүгээс үзүүлж байдаг сайшаал дэмжлэг хийгээд зэмлэл буруушаалтын бүхий л хэлбэрүүд бас багтмой.

Үнэндээ нийгэм оршин байгаа цагт хүмүүсийн зүгээс үйлддэг яльгүй жижиг хулгайгаас эхлээд асар хөнөөлт үйлдлүүд хүртэлх дэг журамгүйдлийн жагсаалтыг гарган, түүнд харгалдах хамгийн хөнгөнөөс эхлээд хамгийн хүндийг өөртөө агуулах шийтгэлийн нэгэн тохиромжтой жагсаалтыг бий болгохын чухлыг, тэгээд ухаалаг хууль тогтоогч, шүүгч нар яльгүй хулгайч болоод төрөөс төрсөн тэрбумтан хоёрын хүлээвэл зохих ял зэмийг эндуурчихгүй байх нь амин чухал гэдгийг хоёр зуу илүү жилийн тэртээ Ч.Беккариа сургасан юм шүү дээ.

Шагнал ба шийтгэлийн эрүүл тогтолцоо бидний амьдралд яагаад тийм чухал гэж, ер нь бусдын өмнө хийсэн гавъяагүй, тиймээс гавъяатын одон хэрэггүй, басхүү хийсэн хэрэггүй, тиймдээ ч хүлээх ял зэмгүй жирийн иргэд бидэнд энэ асуудал юуны хамаатай юм хэмээн хэн нэгэн хэлж болох юм. Хамгийн их хамаатай. Түүнгүйгээр бид амьдралдаа олж авах, хадгалахыг хүсч байдаг үнэт зүйлсийнхээ (алдар хүнд, мөнгө, авъяас чадвар, бүтээл туурвил, эрх мэдэл болон бусад) төлөө, товчхондоо аз жаргалын төлөө тэмүүлэх эрх, эрх чөлөөгөө алдана. Ингэж тэмүүлэхэд бидний гараа болоод бариа ижил тэгш байх, цаашилбал хэн ч миний тэмүүлэлд саад хийхгүй шударга өрсөлдөх боломжоо алдана гэсэн үг.

Гажуудлын тухай

Өнөөгийн манай нийгмийн амьдралд гажуудал нүүрлэсний нэг талаас томоохон илэрхийлэл, нөгөө талаас тийм гажуудлыг тэтгэгч хүчин зүйл нь шагнал ба шийтгэлийн энэхүү эмгэг тогтолцоо билээ. Өөрөөр хэлбэл төрийн сэнтийд хэн бугай ч байлаа гээд энэ гажиг тогтолцоо ажиллах ба бурууг шагнагч, шагнуулагч, шийтгэгч, шийтгүүлэгчийн зүгээс хайх нь хэзээнээс утгагүй болсон гэсэн үг. Шагнал ба шийтгэлийн эмгэг тогтолцоо бидний амьдралд бүхэлдээ сөрөг чиг үүрэг (дисфүнкц) гүйцэтгэх болжээ. Эл тогтолцооны нийгэм дэх ердийн чиг үүрэг бол хүмүүсийг ариун журамт үйлст өдөөж, харин муу үйлээс зугатах сэдлийг бий болгох явдал юм. Харин манайд тэрээр хүмүүсийг шагнуулвал зохих үйл хэргийн төлөө бус, ямар аргаар хамаагүй шагналыг нь авахын төлөө уралдаанд, ариун журам, шударга хөдөлмөрийн төлөө бус, булхай хэрэг өдөөгөөд ч хамаагүй баяжин хөрөнгөжих хөдөлгөөнд босгожээ.

Беккарийн хэлсэн лугаа шагнал, шийтгэлийн эрүүл бус тогтолцоо нь манайд хууль тогтоолттой сөргөлдөгч ёс суртахууныг олон түмэнд бий болгож, бие биеэ үгүйсгэсэн хууль, тогтоомжууд нэг дор оршиход хүргэж, эрээгүй луйварчдыг эзэн ноёнд өргөмжлөгч, бусдад тарьсан гэмээр өчүүхэн, энгийн дорд нэгнийг хамгийн хатуугаар шийтгэгч хуулийн цуглуулгыг төрүүлэн, гэмт хэрэг ба ариун журмын тухай ойлголтыг үргэлжид тодорхойгүй болгож байна. Энгийнээр хэлбэл энэ нийгэмд сайн муугийн ялгамж алдагдаж, сайн нэрийг зулгуудан олж, муу нэрээс зувчин зугатаж болох болсон төдийгүй ийм тогтоц цаашид удаан орших аваас сайд түшмэдийн юм уу, дээрэмчин рекэтийн үр сад, хамсаатнууд эрхэм нандин бүхнийг цөлмөж, эгэл боргын хүүхдүүд боолчлогдон, хамтын амьдралд хар хүчний хууль үйлчилж, омгийн ёс тогтох болно.

Түүний хүрээнд хэд хэдэн эмгэг, гажиг харагдаж байгаагаас юуны өмнө шагнал, урамшууллын хэр хэмжээ ариун журамт үйлсийн түвшинд, харин шийтгэлийнх нь гэмт үйлдлүүдэд тэнцвэртэй харгалдаж чадахгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй. Саяхныг хүртэл бид гар утасны хулгайч арван жил авч, тэр бумын луйварчид түүнээс доогуур ялтай гарч байхыг хэдэнтээ харж л байсан. Тэгвэл бялдууч, бас сүүхээтэй яльгүй нэгэн нь төрийн одон зүүж, гавъяатгүй алдар гавъяатнууд өлөн даржин амьдарч, зарим нь орох оронгүй хэсүүчилж, архинд орж, зарим нь насны бөгсөнд хөөрхийлөлтэй хорвоог орхиж байгаа талаар мэдээ олонтаа сонсч л байв. Ямар ч нийгэмд аль нэг шагналыг авахын тулд байгуулвал зохих гавъяа, ямар нэг хэрэг үйлдсэн бол эдэлвэл зохих шийтгэлийг заасан үлгэрчлэл буюу шаблончлол гэж байдаг. Үнэндээ манайд шагнал хийгээд шийтгэл эзнээ олохгүй байна гэх улиг гомдол нийгмийн бүх түвшинд нийтлэг ажиглагдаж байгаагийн нэг үндэс нь энэхүү шаблончлолын ухаалаг бус байдалд байгаа гэж боддог юм.

Шагнал хийгээд шийтгэлийн тогтолцоо нь үнэхээр дурдсан шаблонд өртөхүйцийг үйлдсэн тохиолдолд сая ажиллаж эхлэх ёстой болдог. Ухаандаа хэн нэгнийг шагнана, шийтгэнэ гэдэг нь норм биелүүлэх компанит ажил огт биш юм. Тэртээх хэлмэгдүүлэлтийн үед эсэргүү барих төлөвлөгөө гүйцэхгүй болохоор хонь хариулж явсан хүүг хамаад явж байсан гэдэг шиг, энэ нийгэмд өнөөдөр арай ч эрүүгийн компанит ажил явдаггүй байх гэдэгт найдаж байна. 7 сарын нэгний үйл явдлын дараах бөөнөөр хорьсон баривчилгааг шууд ингэж боддоггүй ч, заримдаа үг хэлснийхээ төлөө хоригдох нь бүү хэл буудуулчихаж болох нь байна шүү дээ гэж бодохоор ихээхэн эргэлзээтэй санагддаг. Зүй нь хэн нэгэн хүн ёсноос гадуур муухайгийн дээдийг үйлдэж байж, шүүх түүнийг нь тогтоосон тохиолдолд сая амь насаар нь шийтгэдэг юм байна гэж ойлгосон юм. Харин шагнал урамшууллын хувьд утга холбогдлоо алдаж, нэгэн бодлын тогтмол үйлдэх ёслол, зан үйлийн, нөгөө бодлын төлөвлөгөө биелүүлэх кампанит ажлын өнгө аястай болжээ. “Нөгөө жил болгон болдог шагналд нэр явуулах ээлж одоо болж байгаа гэнэ ээ; өмнөх жил тэдний нэрийг явуулсан, одоо эднийг явуулна; чи ойрд юм аваагүй биз дээ, энэ жил өг өг, зүгээр өгч байгаа юмыг чинь бөглөөд явуулчихдаг байхгүй юу” гэх мэтийн яриа бол төрийн байгууллагын дотор үнэн танил зүйл юм. Энэ ёслолын зан үйлд (уг нь системийн шагнал гэсэн) та багтахын тулд гавъяа байгуулах шаардлагагүй, харин удирдлагаасаа виз авсан л бол өмнөх туршлагатай хүмүүстэй уулзан маягтыг сайн бөглөх ёстой.

Шагнан сайшаам үйлийг үл анзаарсаар эцэст нь шийтгэж дуусгадаг, шийтгэм зүйл яв явсаар шагнан урамшигддаг хачин хандлага бас манай нийгэмд нэг биш тохиолдоод байх шиг. Хэдэн жилийн өмнө хүнсний үйлдвэрлэл явуулж, олон хүнийг ажлын байртай болгон цалинжуулж байсан дунд оврийн үйлдвэрийн эзэн залуу татвар дарагдуулсан хэргээр эрүүд татагдаж, эцэст нь өмч хөрөнгөө хураалган, нарсанд орж, гудманд гарсан талаар өөрийнх нь ярилцлагыг уншиж байсан юм. Тэрээр жилд өдий төдий татвар төлсөөр ирсний дээр, нийтдээ далаад ажилчинтай байсан нь дундажлан бодоход хоёр зуу гаруй хүн тэжээж байж гэсэн үг. Харин тэр жил шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийсэн тул татвараа өмнөхөөс бага өгч, зарлага нөхөх зорилгоор өнөө цагийн монгол хүн л болсон хойно аргалуулах зүйл хийж, тэр нь илэрч татвар дарагдуулсан дээрээ авлигачин болоод явчихаж, ингээд л түүний амьдрал сүйрчээ. Мэдээж илэрхий гэмт хэрэг л дээ, гэхдээ яагаад ч юм надад хэрэв бусдыг тэжээж байгаа хүмүүст өөртөө хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрээ бэхжүүлэхэд нь татвараар харж үздэг бол, хэрэв шийтгэл нь түүнийг өөрөө цаашид илүү олон хүн тэжээж, мөн илүү олон хүнд халамж хүргэх мөнгийг төсөвт хандивлах боломжтой нь үлдээсэн бол гэх мэтийн бодол төрж билээ. Гэтэл нөгөө талд нь нэг хүн ажлын байртай болгох нь бүү хэл, төсвөөр төрөл төрөгсдөө л бордсон, уг зүй нь хатуухан шийтгэл хүлээж байвал зохих нөхдүүд шагналд дэвшин малилзтал инээж, нийгэмд асар их хөнөөл авч ирсэн тэд бие биенээ алдар гавъяанд өргөмжилж, эрх ямба солилцон, улс даяар найр наадам, хөл хөөр болгосоор ирсэн нь саяхных.

Манай шийтгэлийн тогтолцоог голлон зохиогч зарим нэг хууль тогтоогчийн хувийн зан хандлагыг ажиглахаар өрвөлзөөд байвал төрийн төмөр нударгыг амтлуулаад өгнө шүү гэж занах аяс анзаарагддаг. Тиймээс ч түүнд нь эдийн засгийн ямар ч зорилго, агуулга байдаггүй, хориод бай, хориод бай гэсэн зарчим л ноёрхоно. Эрхзүйн институцийн хөгжлийн өнөөгийн хандлага зөрчигдсөн харилцааг хэвэнд нь оруулахад чиглэдэг гэж бодсон чинь, манайд эрүү өдөөснийг нь болье гэхэд, иргэд хоорондын жирийн өгцөө, авцааг эрүүжүүлж, эцэст нь аль аль тал нь сүйрч дуусах юм. Түүнтэй нэгэн адил төрийн нэр бүхий шагнал болох одон медалиуд нь эдийн засгийн агуулга байдаггүйн дээр дотооддоо ихээхэн зөрчилтэй санагддаг. Энэ дашрамд төрийн байгууллагад насаараа зүтгээд эцэст нь угаасаа үнэ хүндгүй болсон төмөр зүүсэндээ ихэд баярлаж, үр хүүхдийн дэмжлэг эсвэл өр зээл болж байж, өрөөлийг цайлж суугаа хөгшчүүлээ хараад өрөвдөх сэтгэл төрдгийг нуух юун. Ер нь илэрхий ийм нөхцөлд төрийн үйлчилгээнд өөрсдийн хувь заяагаа холбосон эмч, багш нар ажилдаа зүрх сэтгэлээ өгч, хүний төлөө чадах бүхнээ зориулна гэж бодоход их л эргэлзмээр санагдаж байна даа. Олимпын аварга болох нь дуусашгүй нэр хүндийн дээр, түүнийг шагнах одоогийн эдийн засгийн өртөг бол монгол хөвгүүд, охид өдгөө дэлхийн хэмжээнд ааглаж, эхнээсээ түүнд хүрч, үгүй гэхэд түүнд яаж ойртож болдгыг харуулахад нөлөө үзүүлсэн нэг хүчин зүйл мөн гэж боддог. Төсвийн жирийн нэг ажилтан зуун жил эцэж цуцалгүй ажиллаж цалингаа үрэлгүй хураан байж бүрдүүлэх мөнгийг олимпын аварга болвол өгөхөөр заасан нь үнэхээр манайдаа ханатал үнэлсэн өртөг шүү. Энд би тив дэлхийн спорт урлагийн талбарт эх орноо сурталчилж буй хөвгүүд, охидын алдар гавъяаг үнэлж буйг буруутгах гээгүй, харин бага байхад аймагт маань одонт хэмээн егөө нэр зүүсэн, улсын нэг биш удаагийн аварга эмч өвгөн нар сар гэрэлтсэн банзан байшинд нүд аньж, одонтын ганц охин өрөвдөлтэй амьдралд үлдсэнийг бодохоор төрийн шагнал, урамшууллын өртөгт хэзээнээс нэг гомдол төрөөд байдаг юм. Мань мэтийн олон нусгайг хүн болгосондоо хөөрхий. Аливаа шагнал нэр хүнд болон эдийн засгийн өртөг гэсэн хоёр зүйлийг дагуулж байж сая бусдын үйл хэргийг үнэлсэн шиг үнэлнэ, дараагийн үед нөлөөлсөн шиг нөлөөлнө. Бидний татварт төлсөн мөнгө эсвэл нийтэд хамаатай баялгаас нэгэнт шагналаар хуваарилж байгаа бол шударга бас өндөр өртөгтэй байхыг дэмжиж байна. Манай төрийн шагналууд нэр хүндийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч агуулгагүй болжээ.

Шагнал ба шийтгэлийн тогтолцоо гажиг дээрээ түүний нийгэмд хэрэгжих баталгаа алдагдаж, худалдагдсан (авлигжсан) гэдгийг бид мэднэ. Үндэсний түвшиндээ тэрээр улс төрийн нөлөөлөлд орж, нэг талаас олигархын суганд хавчуулагдах нь гэмтэй ч гэмгүй гэсэн пайз зүүн гудманд алхах, нөгөө талаас дээдсийн улс төрийн тааламжид нийцэх нь гавъяагүй ч гавъяатан дүрээр ихэмсэг аашлах боломжийг олгож байна. Тиймээс ч ирээдүйд ямар ч үйл хийсэн шийтгэгдэхээс хамгаалуулах, шагнал өргөмжлөлд хурдан дэвших их үүд гэж ойлгогдох тул улс төржих нь монгол залуусын мөрөөдлийн жишиг болжээ. Харин аль нэг салбарын түвшинд бол энэ нь удирдлагын хүрээллийн хүмүүсийн үзэмжээр шийдэгдэх ба төрийн байгууллагын ямар ч салбар, аль ч түвшинд ажиллагсад дотоод дахь шагнал, урмшуулал, зэмлэл буруушаалтийн арга хэмжээнд сэтгэл ханамж тун доогуур байгааг та олж харж болно.

Энэ бүхний дүнд мэдээжийн хэрэг шагнал ба шийтгэлийн тогтолцоо олон нийтийн санал бодлоор огт хүлээн зөвшөөрөгдөхөө больжээ. Ямартаа ч төрийн зүгээс өгч буй алдрыг хуурамч гэж үзэн, жинхэнэ ард түмний гавъяатнуудыг төрүүлэх арга хэмжээг хүртэл хүмүүс санаачлан явуулж байхав дээ. Түүнчлэн сэхээтнүүдийн дунд төрийн дээд шагналаас татгалздаг үзэгдэл бий болсон нь мөнөөх олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагийн тусгал мөн.

Цаашид хэрхэхийн учир

Шагнал ба шийтгэлийн эрүүл саруул тогтолцоог төлөвшүүлэх тухай эргэцүүлэл нь нэг битгий хэл нэлээд хэдэн нийтлэлийг элээх зүйл билээ. Тиймээс энэ хэсэгт зөвхөн шагналын эргэн тойронд зарим нэг санал хачирлахыг хүсч байна.

Төрийн шагнал ба үндэсний бахархал. Ер нь шагналын тогтолцоог төрийн бус иргэний нийгмийн зүгээс жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх чадамжтай гэж үзэх судлаачид байдаг. Үнэндээ энэ нь иргэншсэн ертөнцийн хөгжлийн зүй ёсны нэг үр дүн болж гарч ирсэн үзэгдэл билээ. Гэвч энд би төрийн шагнал байхыг туйлчлан үгүйсгэх гээгүй. Төр ёсны уламжлалтай манай орны хувьд төр ганц эрхэм дээд шагналтай, тэр хэрээрээ үнэ цэнэтэй, жинхэнэ ариун журмын дээд түвшинг үнэлэх хэлбэр байж яагаад болохгүй гэж. Энд хоёр асуудал гарч ирнэ. Эхнийх нь XXI зууны монгол хүний ариун журмын дээд хэлбэрүүд юу байх ёстойг хамтаараа тодорхойлох, улмаар гагцхүү тэр тохиолдлыг л төр шагнадаг байх. Энэ үед төрийн шагнал бөөндөхийн зовлонгүй, тэнгэрт гялалзах алтан гадас лугаа ховор зүйл, тэр хэрээр иргэний нэр төрийн хэрэг болно. Миний бодлоор энд төрийн эрхэм дээд шагнал гурван тохиолдолд байх хэрэгтэй болов уу. Үүнд нэгдүгээрт сод авъяасаа харуулж, гоцолсон хүмүүс, хоёрдугаарт хөдөлмөрийн бүтээмжээрээ илэрхий цойлсон хүмүүс, гуравдугаарт хүний төлөө аугаа суртахуунлаг үйлсийг хийсэн хүмүүс гэх мэт юм. Жишээлэхэд дэлхийн соёлын болон оюуны санд монгол хүн хувь нэмэр оруулсан бол, өөрийн хөдөлмөрөөр эх орон нэгт монголчуудынхаа болон хүн төрөлхтөний сайн сайхан байдалд оюуны хийгээд бодит өөрчлөлт авч ирсэн бол, эрдэнэт хүний амь насыг аварсан бол гэх мэт. Шагнан урамшуулвал зохих үүнээс түвшин доогуур бусад олон тохиолдлыг институц, байгууллага, орон нутаг, гэр бүлд нь үлдээе. Ингээд төрийн эрхэм дээд шагнал нь үндэсний бахархал байх ба түүнийг тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэсний соёлын бэлэгдэл болгом санагддаг.

Олон түмнээр хүлээн зөвшөөрөгдөх. Төрийн шагналын олон нийтээр хүлээн зөвшөөрөгдөх талыг хангах нэг үндэс нь төрийн эрхэм дээд шагнал өөрөө олон нийтийн санал бодолд тулгуурлаж байх буюу түүнийг нэг гол шалгуур болгох нь зүйтэй мэт.

Иргэний нийгмийн оролцоог хангах. Шагнах үйл явцад иргэний нийгмийн хяналт, оролцоо хэдий чинээ өндөр байна, төдий чинээ шударга байх магадлалтай. Төрийн эрхэм дээд шагналтанг тодруулах нь салбар бүрийн төлөөллийг оролцуулсан зөвлөлийн ажил байх ба иргэний нийгмийн оролцоо зонхилсон төрийн шагналын зөвлөлийг байгуулах хэрэгтэй.

Эдийн засгийн өндөр өртөгтэй болгох. Ер нь шагналын хэр хэмжээг яг тийм байх ёстой гэж заах боломжгүй ч, нэгэнт төр гэгч нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэгчийн зүгээс олгож буй тохиолдолд төрийн шагналын олон янз, их бага, энд тэнд байдлыг хумиж нэг гольдрилд оруулан, цөөхөн бөгөөтөл нэр хүндийнхээ зэрэгцээ эдийн засгийн хувьд үлэмж өртөгтэй байлгавал зохино.

No comments: