Социологийн ШУ-ны тухай залуу судлаачын бодол-2

Социологич: Оросын социологич Ж.Тощенкогийн хэлдгээр “манай эх оронд түүхийн социологи үүсэж хөгжсэн нь шинэ мөртлөө хуучин асуудал юм” хэмээсэн нь бидэнд ч мөн хамаатай. Социологи ардчилсан засаглалтай Монгол улсын хувьд цоо шинэ хирнээ хуучин шинжлэх ухаан, нийгмийн танин мэдэх арга юм. 1990 оноос өмнө ЗХУ-ын социологийн сургуулийн школоос хүмүүжсэн ахмад социологичдын судалгааны ажил, цөөн хэдэн ном зохиол, өгүүлэлээр би социологийг төсөөлж ирсэн.Философийн хүрээнд ойлгож хөрөнгөтний шинжлэх ухаан хэмээн шүүмжлүүлж асан цаг үед социологи нь хэзээ ч олон нийтийн санал бодол, хандлагыг хангалттай судалж чадахгүй. Иймээс 1992 оноос эл ухаан дахин төрсөн гэж хэлж болно. Өдгөө Монголын боловсролын сургалтаар мэргэжилтэн социологич болсон нийт 1000 гаруй бий. Тэд өдгөө эх орондоо болон хилийн чанад, бусад улсуудад мэргэжил дээшлүүлж туршлага судалж байна. “Нийгмийн бодит байдал, хүмүүн хоорондын харилцааг шинжлэх ухааны арга зүй аргачлалаар ёс зүй, мэргэшлийн итгэл үнэмшилээр үнэн зөв судалж дүгнэлт хийдэг экспертийг” би СОЦИОЛОГИЧ гэж ойлгож явдаг.
Социологийн судлаачид эмзэг салбарт ажилладгийн хувьд мэдрэмжтэй, ёс зүйтэй байх шаардлагатайг энэ ухаан өндөр хөгжсөн орнууд эрхэм болгож олон нийтийнхээ үзэл бодолыг хүндэтгэдэг. Бид энэ чанар дутагддаг нь үнэн. Социологийн мэргэжлийн байгууллагууд, судлаачид судалгааны дүнг зөвхөн танилцуулах, хийгээд өнгөрөх хэмжээнд биш урьдчилсан прогноз дэвшүүлж, харьцуулсан шинжилгээ хийн үүгээрээ ч сонирхогчдоос, сайн дурынхнаас ялгарах ёстой болов уу /Судлаач Д.Ганхуяг Ц.Болд МОНГОЛ ДАХЬ ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДЛЫН СУДАЛГАА БА ПСЕПОЛОГИ/ Судалгаа хийхийн тулд судалгаа хийдэг явдлаа болих хэрэгтэй. Сайн, мууг ялгадаг ёс зүйн код монгол социологичдын хувьд үгүй нь гол асуудал мөн.
Социологичдын чанаржуулах, мэдлэгжүүлэх асуудал урган гарч ирж байна. Огтын сонирхолгүй хирнээ магистрийн зэрэг авчихаад явж байгаа социологичийг би мэднэ. Тун сайн, ШУ-ны арга аргачлал, онол зүйг мэддэг хирнээ өөр мэргэжлээр сураад явж байгаа, эсвэл тэс өөр чиглэлээр ажиллаж байгаа мөн олон социологичдыг мэднэ. Социологичдыг нэгтгдэг, санал бодолоо солилцдог байгууллага, институттай болох хэрэгтэй бид. Нэгдсэн бүртгэл, мэдээллийн сүлжээ, хамтын ажиллагааг богино хугацаанд хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд яваад байж болохгүй.
Респондент: Монголд социологийн судалгааг шинжлэх ухааны түвшинд явуулж эхэлсэн 70-аад оноос 90-ээд оныг хүртэл олон нийт судалгаанд их идэвхтэй оролцдог байсныг ахмад социологичид ярьдаг. Өнөөдөр мэргэжилтэй мэргэжилгүй, дуртай болгон нь, программгүй, дур зоргын түүвэрлэлттэй, болсон болоогүй анкет барьж дан ганц анкетийн аргыг ашиглан судалгаа явуулж байгаагаас болж социологийн шинжлэх ухааны нэр хүнд буурч, респондентууд залхах үзэгдэл шинээр бий боллоо. Респондентууд залхахын зэрэгцээ судлаачдаас судалгааны үр дүнг шаардах болов. Баахан юм асууж шалгааж тэмдэглэж аваад явдаг, ямар дүн гарсан нь мэдэгдэхгүй таг чиг болдгоос социологичдод, социологийн судалгаанд итгэх тэдний итгэл үнэмшил буурдаг ч байж болох юм. Нэн ялангуяа хот суурин газрын, орон сууцанд амьдардаг иргэд судалгаанд оролцохоос татгалзах явдал нэлээд элбэгшжээ. Харин хөдөөд судалгаанд оролцохоос татгалзах явдал төдийлөн тохиолддоггүй.
Үүний зэрэгцээгээр респондентийг урамшуулах асуудал товойн гарч ирлээ. 90 оноос өмнө судалгааны мэдээлэл цуглуулахаар явахдаа чихэр, боов, тамхи гэх мэт хэрэглээний зүйлүүдийг авч явдаг байжээ. Харин өдгөө респондентод ямар нэгэн мөнгөн урамшуулал, үнэ цэнэтэй зүйл өгөхгүй бол судалгаанд оролцоно гэдэг гонжийн жоо. Сант Марал сан судалгааны анхдагч мэдээлэл цуглуулалтанд тун их анхаардаг бөгөөд мөнгө өгдөг болоод нэлээд удаж байна. Мөн зах зээлийн болон маркетингийн, бүтээгдэхүүний судалгаанд тухайн бүтээгдэхүүнийг өгөх, амсуулах, эрх олгох зэргээр хийгддэг байна.
Цаашид бид бодитой, үнэ цэнэтэй мэдээлэл цуглуулахад “респондентийн урамшуулал” гэдэг зүйлийг зайлшгүй бий болгох, тогтмолжуулах хэрэгтэй байгаа болно. Нэг талаар энэ бол том дэвшил ч байж мэднэ.

No comments: