
Сэтгэлгээний түүх: “Монголын социологийн сэтгэлгээ шинжлэх ухааны маягаар хэлбэржсэн нь 1960-70-аад оны үетэй давхцана. 1980-аад оны төгсгөл үе гэхэд Монголын социологийн сэтгэлгээ нь онол, арга зүй, социологийн тодорхой салбарууд, социологийн тодорхой судалгаа, практик хэрэглээ гэсэн нарийн нийлмэл бүтэцтэй бүхэл бүтэн цогц систем болон төлөвшиж чадсан гэж үзэж болно. Монголын социологийн сэтгэлгээний хөгжлийн 1990-ээд оноос хойшхи үеийг нухацтай судалж үзээгүй, тийм захиалга, хэрэгцээ гараагүй учраас тоймтой юм хэлэхэд ихээхэн бэрхшээлтэй байна” /Социологи сэтгүүл №2 С.Дашдаваа “Монголын социологийн сэтгэлгээний хөгжил”/ хэмээн доктор С.Дашдаваа дүгнэжээ. Энэ нь Монголын социологийн сэтгэлгээг урт удаан жилтэй түүхтэй болохыг нотолж чаддаг. Харин зарим судлаачид Монголын социологи ардчилалтай нас чацуу, 10 гаруй жилийн настай хэмээн үзэж олон нийт, иргэдийн санаа бодол хандлагыг нээлттэй нийгэм, зах зээлийн харилцааны нөхцөлд л судлах боломжтой хэмээн маргадаг. Энэ асуудал нээлттэй байсаар байна.
Монголын социологийн сэтгэлгээний түүх баян болохыг бид мэддэг байх хэрэгтэй. Социологийн армийн түүхийг арван жилээр хязгаарлаж болохгүйг олон ахмад социологичид онцолдог. Үүнийг 1972 онд ФСЭХ, 1974 онд МУИС-ийн философийн тэнхимд Социологийн лаборатори байгуулагдсан, “Социологийн тодорхой судалгааны арга техник” гэсэн доктор, профессор Н.Хавхын социологийн анхны сурах бичиг 1974 онд хэвлэгдсэн зэргээр төвөггүйхэн баталж байна.
No comments:
Post a Comment