НИЙГМИЙН ЗӨРЧИЛДӨӨНИЙ ОНОЛ


•Зөрчилдөөн ба нийгэм
•Левис Козер (Lewis Coser), (Ralf Darendorf) нарын зөрчилдөөний талаарх үзэл баримтлал

Зөрчилдөөн ба нийгэм
Зөрчилдөөний үзэл баримтлал нь нийгмийн баримт сэлтийн парадигмын тулгуур онолын нэг юм. Онцолж тэмдэглэхэд дээр дурьдсан парадигмын өөр нэгэн тулгуур онол болох бүтэц функционализмаас эл онол ялгаатай, зарим зүйл дээр эсрэг тэсрэг шинжтэй авч олон талаар ижил төсөөтэйг бид өмнө нь дурдаж байсан билээ. Нийгмийн тогтвортой байдал, эмхлэгдэн журамлагдсан социаль бүтцийг эрхэмлэсэн бүтэц функциональ баримтлалыг бодвол зөрчилдөөний онол нь нийгмийн бодит байдалд илүү шүүмжлэлт байр сууринаас ханддаг байна.
Зөрчилдөөн, тэмцэл бол нийгмийн амьдралын нэгэн зайлшгүй бүрэлдхүүн хэсэг болохын хувьд социологийн шинжлэх ухааны түүхэн хөгжлийн явцад К.Марк, М.Вебер хийгээд Ж.Симмел зэрэг олон сэтгэгчдийн онол сургаалд судлагдан тусгагдсан буй. Тухайлбал, Г.Спенсер зөрчилдөөнийг нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлс, хүн төрөлхтөний түүхийн зайлшгүй үзэгдэл мөн гэж үзээд амьдралын төлөө тэмцэл гэсэн ойлголтоор дамжуулан тайлбарлажээ. Тэрбээр бие хүний эрх чөлөө, өрсөлдөөн, нөхцөл байдалд илүү дасан зохицсон нь сайхан амьдрах гэх зэрэг зарчмууд нийгмйин хөгжлийн хөдөлгөгч хүчнийг тодорхойлдог гэж баталж байжээ. Амьдралын төлөө тэмцэл нь зөвхөн хүмүүс хоорондын харилцааг бус нийгэм ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг мөн л зохицуулдаг байна. /Спенсер. Г (1998) Опыты научные, политические и филосовские. Пер с анг. Мн:Современный литератор./
М.Вебер засаглал, эрх мэдэл гэсэн ойлголтын хүрээнд зөрчилдөөны асуудлыг хөндөн үзсэн юм. Тэрээр эрх мэдэл, засаглал гэдгийн дор нэг буюу бүлэг хүмүүс аливаа хамтын үйлдлийн явцад өөрсдийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх (уг үйлдэлд хамтран оролцогчдын эсэргүүцлийг үл хайхран, няц дарах замаар) боломжийг ойлгож байлаа.
Ф.Тённис “антипати, симпати” гэсэн ойлголтын тусламжтайгаар зөрчилдөөний асуудлыг авч судалсан бол Ж.Симмел зөрчилдөөнийг эдийн засаг зэрэг тодорхой асуудлын үр дагавар бус соёлын хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байлаа. Тэрээр эдийн засгийн хүчин зүйлс хөгжлийн гол хөдөлгөгч хүчин төдийгүй нийгмийн хямрал тэмцлийн шалтгаан хэмээн үзсэн Марксын үзлийг энэ бүхэн нь эцсийн дүндээ соёл хэмээх том зүйлийн нэгээхэн хэсэг юм гэж шүүмжилж байлаа..
Бүтэц үүргийн онолын үзэл баримтлалыг шүүмжилж, түүнийг сөрөн зогсож чадахуйц альтернатив онол гэсэн утгаараа Зөрчилдөөний онол бүрэлдэн тогтсон юм. Гэсэн хэдий ч эл онол нь Бүтэц-Функционал үзэл баримтлалаас өрх тусгаарлан салж чадаагүй агаад олон талаар түүний нөлөөн дор байлаа. (G.Ritzer.p-265)
Зөрчилдөөний онолын судалгаа Б-Ф-змын нэгэн адил нийгмийн бүтэц, нийгмийн институтыг судлахад чиглэгддэг агаад нийгмийн эмх цэгц, статик тогтовортой байдал гэсэн ойлголтоос зөрчилдөөнийг чухалчлан үздэг юм.
Эл онолын гол утга санаа нь бүтцийн элементүүд өөр хоорондоо ялгагдан диффренциацид орох тусам нийгмийн систем дэх зөрчилдөөний түвшин өндөрсөх боловч энэ процесстой зэрэгцэн нийгмийн институтуудын уян хатан байдал өсөн нэмэгдэж зөрчилдөөн, түүний үр дагаврыг эерэгээр зохицуулах чадвар нь нэмэгддэг гэж үздэг.
Бүтэц Функциональ болон Зөрчилдөөны онол үзэл баримтлалыг үндсэн шинжээр нь харьцуулан үзүүлэх аваас дараах дүр зураг харагдана.
ЗӨРЧИЛДӨӨН
• Нийгмийн амьдралын үндэс суурь бол ашиг сонирхол
• Нийгмийн амьдрал нь сөргөлдөөн дайсагналыг төрүүлнэ.
• Нийгмийн амьдрал нь бүтцийн зөрчилдөөнийг төрүүлнэ.
• Нийгмийн амьдрал нь нийгмийн хурцадмал байдлаас үүдсэн албадлагыг агуулна.
• Нийгмийн амьдрал бүлгүүдийн хооронд сонирхлын мөргөлдөөнийг төрүүлнэ.
• Нийгмийн системүүд зөрчлөөр дүүрэн
• Нийгмийн систем өөрчлөлт рүү тэмүүлнэ.

БҮТЭЦ-ФУНКЦИОНАЛИЗМ
• Нийгмийн амьдрал нь үндэс нь хэм хэмжээ, үнэт зүйлс
• Нийгмийн амьдрал эв нэгдлээс шууд хамаарна.
• Нийгмийн амьдрал нь харилцан үйлдэл хамтын ажиллагаанд нь суурилна.
• Нийгмийн амьдрал зайлшгүй нийгмийн хяналтын үүргийг агуулна.
• Нийгмийн амьдрал нь зөвшил дээр суурилна.
• Нийгмийн амьдрал интеграчлагдсан.
• Нийгмийн систем нь тогтвортой байдал руу тэмүүлнэ.

Левис Козер (Lewis Coser)-ын зөрчилдөөний талаарх үзэл баримтлал
Дээр дурдсан үндэслэлд тулгуурлан Америкийн социологич Л.Козер өөрийн функционал зөрчилдөөний онолыг боловсруулсан байна. Козер зөрчилдөөнийг нийгмийн харилцан үйлдлийн нэгэн элемент гэж үзсэн бөгөөд нийгэмд /бүтцийн элементүүд нь илүү өндөр зохион байгуулалттай, уян хатан шинжтэй/ эерэг функц гүйцэтгэж чадна гэжээ.
Зөрчилдөөнийг Козер үзэл суртлын үзэгдэл гэж үзсэн бөгөөд засаглал, статусаа өөрчлөх, орлогыг дахин хуваах, үнэт зүйлсийг өөрчлөлт гэх мэт бодит, зорилгод хүрэхийг эрмэлзэн тэмцэлдэж буй социал бүлэг, бие хүмүүсийн эрмэлзлэл, хүслийн тусгал аж. Дээр дурдсаныг Л.Козер «Анги бүлэг,бие хүмүүсийн засгийн эрх, нийгмийн статусаа өөрчлөх, орлогыг дахин хуваах үнэт зүйлсийн баримтлалаа өөрчлөхийн төлөө тэмцэл, эрмэлзлийг илэрхийлэгч үзэл суртлын үзэгдэл мөн» хэмээжээ.
Аливаа нийгэм бүр өөртөө, зөрчил тэмцлийн элементийг агуулдаг бөгөөд энэ элемент нийгмийн уялдаа холбоог бэхжүүлэх юмуу устгаж байдаг байна. Л.Козерын 1956 онд бичсэн «Нийгмийн зөрчилдөөний функц» бүтээлдээ нийгмийн тогтолцооны тухай болон түүнд гүйцэтгэх зөрчилдөөний функцийг тодорхой авч үзсэн байна.
Түүний «Нийгмийн систем болоод зөрчилдөөний функцийн» тухай төсөөллийг дараах байдлаар багцалж болно. Үүнд
• Социаль ертөнц нь харилцан уялдан холбоо бүхий олон тооны бүтэц, хэсгүүдээс бүрдэнэ.
• Бүх социаль системүүдэд тэнцвэргүй байдал, хурцадмал байдал, ашиг сонирхлын зөрчилдөөн илэрнэ.
• Системийн хэсгүүдэд явагдаж буй үйл явц нь нийгмийн системийн интеграци, нэгдэлд эерэг ба сөргөөр нөлөөлнө.
• Системийг устгагч гэгддэг «хүчирхийлэл, санал зөрөлдөөн, гажуудал, зөрчилдөөн» гэх зэрэг үйл явцууд системийн интеграцийг бэхжүүлж, дасан зохицох явцад эерэгээр нөлөөлнө.
«Ригид» буюу хаалттай нийгэмд зөрчилдөөн нь нийгмийн дайсагналцсан бүлгүүд юмуу 2 ангид хуваан «нийгмийн зөвшлийн» үндсийг устган тогтсон уялдаа холбоо харилцааг үгүйсгэж хувьсгалт хүчирхийллийн дүнд нийгмийг нөхцөлд хүргэх аюултай гэж Козер тэмдэглэсэн. Тэгвэл «Нээлттэй» буюу плюралист нийгэмд зөрчилдөж буй бүлгүүд, ангиудын зөрчилдөөнийг өөрийн нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээ, соёлын тусламжтайгаар зохицуулан зөвшилд хүргэж байдаг байна.
Yүнээс үүдэн нийгмийн системийн доторхи зөрчилдөөн нь системийн хөшсөн, зогсонги байдлыг эвдэлж өөрчлөлт, шинэчлэлтийн замыг нээж өгдгөөрөө эерэг үүрэг гүйцэтгэнэ гэж Козер бичиж байв.
Нэг нийгэм нь нөгөө нийгэмтэй зөрчилдөн хямралдаж байгаа тохиолдолд зөрчилдөөн нь нийгмийн эв нэгдлийг хангах гол цөм болж чадна хэмээн тэрбээр үзээд Израль, Арабын зөрчил тэмцлийг жишээ болгон татсан нь бий. Тухайлбал, Арабын ертөнцтэй байнгын хурцадмал байдалд байгаа тохиолдол Израйлын нийгмийн дотоод нэгдмэл байдал бат бэх хэвээр байх агаад харин зөрчилдөөн сулармагц дотоодын хямрал ихсэх магадлалтай. Мөн АНУ –Израйлын холбоотны харилцаа Араб Израйлын хямрал сулрахад мөн л даган сулрах гэх мэт.

Ралф Дарендорфын(Ralf Darendorf) зөрчилдөөний үзэл баримтлал

Энэ онолын өрнөд Европын төлөөлөгч бол Ральф Дарендорф юм. /Р.Дарендорф 1929 онд Гамбург хотод мэндэлсэн. 1958-67 онуудад Гамбургийн их сургуулийн профессор 1994 оноос Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн захирал 1982 оноос Фридрих Науманы фондын дарга/
Дарендорф «социологийг» социаль ертөнцийг системчлэгдсэн ажиглалтын тусламжтайгаар ойлгож, тайлбарлахуйц эмпирик шинжлэх ухаан мөн гэж тодорхойлжээ.
Нийгэм бол /Зиммельтэй адил/ аливаа нийгмийн уялдаа холбооны төрөл мөн бөгөөд социологи нь нийгэм ба хувь хүн хоёрын уулзах уулзвар бэлчирт илрэн гарах хүмүүсийн зан үйлийг судлах ёстой гэжээ.
Р.Дарендорф социологийн онол арга зүйг
1. Тэнцвэртэй байдал зөвшлийн онолууд
2. Ноёрхол, зөрчилдөөны онол үзэл баримтлалуудаас бүрдэнэ хэмээн ангилсан байна.
Ральф Дарендорф нийгмийн тэнцвэртэй байдлын онолуудыг /голлон бүтэц-үүргийн системийн/ утопи, өрөөсгөл гэж хурцаар шүүмжлэн тэдгээрт өөрийн нийгмийн зөрчилдөөний баримтлалыг сөргүүлэн тавьжээ. Түүний онолын гол анхаарал нь нийгмийн томоохон бүтцийн шинжилгээнд төвлөрсөн байдаг. Тэрбээр зөрчилдөөнийг эрх мэдэл засаглалын үүднээс албан тушаалтай холбон авч судалсан агаад нийгэм үзүүлэх тэгээрийн нөлөөллийн асуудлыг авч судалжээ.
Нийгэмд хүмүүс тодорхой байр суурь эзэлж тодорхой үүргүүд гүйцэтгэж байдаг агаад тэдгээрийн эзэлж буй албан тушаал нь харилцан адилгүй эрх мэдлээр нөхцөлдсөн байдаг байна. Энэ утгаараа эрх мэдэл засаглал нь толоорхой бие хүнд бус түүний эзэлж буй албан тушаалд өгөгдөнө.
Аливаа засаглал, эрх мэдэл нь
• Захирах (superordination)
• Захирагдах (subordination) гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Нийгэм дэх ноёрхол, захирагдах процесс нь зөрчилдөөний төрүүлнэ.
Зөрчилдөөн нь Р.Дарендорфынхоор –“ бүлэг, институтуудын хүлээлт, хэм хэмжээнд тэрсэлдсэн бүтцийн харилцаа” мөн. Yүнээс үүдэн Дарендорф ангийг «ноёрхолд оролцох эс бөгөөс ноёрхлоос түлхэн гаргахын төлөө харилцан зөрчилдөж байгаа социал бүлгүүд» мөн гэж тодорхойлжээ.
Тэрбээр нийгэм явагдаж буй зөрчилдөөнийг түвшнээр нь дараах байдлаар ангилсан байна. Үүнд:
• Тодорхой нэгэн ролийн төлөө
• Ролиудын хоорондох /нийгмийн бүлгийн доторхи/
• Нийгмийн бүлгүүдийн хоорондох
• Бүхэл нийгмийн түвшин дэх
• Улс орнуудын хоорондох
Түүнчлэн Зөрчилдөөнийг хэв шинжээр нь:
• Зиндааны ижил өрсөлдөгчдийн зөрчилдөөн
• Захирч байгаа болон захирагдаж байгаагийн хоорондох хэв шинжүүд
• Бүхэл ба хэсгийн зөрчилдөөн гэх мэт нийт 15 хэв шинжийг тодорхойлсон байдаг.
Р.Дарендорф нийгмийн мобиль хөдөлгөөн хэдий чинээн хязгаарлагдмал байх тусам зөрчилдөөн төдий чинээн хурц байх болно гэж үзээд нийгмийн мобиль хөдөлгөөн илүү динамик шинжтэй байж зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрч формаль байдлаар зохицуулахыг эрмэлзэх хэрэгтэй гэж бичиж байв.

No comments: