Үндэсний хөгжлийн үзэл баримтлал социализм мөн үү? Ч.Тамир


Уг нь би Монгол орныг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бодлоготой гэвч түүнийгээ хэрэгжүүлдэггүй улс гэж бодож явдаг. Учир нь 1996 онд УИХ 26-р тогтоолоор Үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэсэн бодлогын баримт бичиг баталсан юм. Багагүй цаг гаргаж боловсруулж, сонин хэвлэлээр хэлэлцэж, ихээхэн ач холбогдол өгч байжээ. Үзэл баримтлал нь хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эдийн засаг, төрийн удирдлага, гадаад харилцаа гэсэн дарааллаар бүхий л салбарыг хамарсан монголчуудын хүсдэгээр цогцолбор баримт бичиг юм. Уг баримт бичигт Монгол Улсын ойрын 15-25 жилийн хөгжлийн стратеги нь нийгмийн баримжаатай, байгаль орчиндоо зохицсон, оюуны болон технологийн шинэ суурьт тулгуурласан, экспортын чиглэл бүхий харьцангүй бие даасан эдийн засагтай, ардчилалд үндэслэсэн улстөрийн боловсронгуй тогтолцоотой, соёл оюуны өндөр хөгжилтэй үйлдвэржсэн орон болох явдал мөн гэж тодорхойлжээ. Дэвшүүлсэн зорилго, асуудлыг эрэмбэлсэн байдлаас харахад зүүний чиглэлийн үзэл баримтлалыг суурь болгожээ.

Арван жилийн дараахь өндөрлөгөөс харахад тэр үед бидний хүрэх гэж тодорхойлсон, зүйлсийг учиргүй буруутгахаар зүйл алга. Гэвч дэвшүүлсэн зорилго, зорилт, төсөөлж байсан үр дүн зэргийг өнөөгийн нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлттэй харьцуулж үзхүл бид төлөвлөж байснаасаа яг эсрэгээр нь хөгжсөн мэт сэтгэгдэл төрөхөөр байна. Мөн эл баримт бичгийг хөгжлийн баримт бичиг гэхээсээ илүүтэй бидний хөгжлийн тухай мэддэг зүйлсийн жагсаалт, эс бөгөөс зарим хүмүүсийн хүсэл, мөрөөдлийн жагсаалт гэж нэрлэвэл зохино.

Мөн хөтөлбөрийн хэрэгжих үе шатыг 3 шатанд хуваасан бөгөөд эхний шат нь 1996-2000 онд, 2000-2010 онд дараагийн шат хэрэгжих учиртай аж. Товчоор хэлбэл бид өмнө баталсан хөтөлбөрөө эргэж дүгнэх ёстой. Ингэхгүйгээр дахиад л бүх юмыг эхнээс нь, цоо шинээр, цогцолбороор хийх гэдэг монгол занг ойлгож болох ч дахиад хэн ч тоож үздэггүй цаас баталвал үр дүн гарах уу? Хэрэгжинэ гэсэн баталгаа юу юм вэ? Манайд бодлогын баримт бичиг нь зөвхөн бодлогын судлаачид хайж олж судлахад зориулсан юм шиг л байдаг нууц биш. Ямар боловч энэ нь бидэнд ямар сургамж өгч байгааг бид хэлэлцэх ёстой бөгөөд үүнд дараах саналыг нэмэрлэх хүсэлтэй байна.

Нэгд: Хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг социалист төлөвлөлт шиг хэдэн мундаг ухаантай хүн хийчихнэ гэсэн гэнэн материалист зангаасаа салах хэрэгтэй. Учир нь ямар ч бодлого эцсийн дүндээ оролцогчдоор дамжиж хэрэгждэг, тиймээс хэрвээ бид үндэсний хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг тодорхойлоход доороос бүх салбарынхны бизнес план, төсөөлөл дээр тулгуурлах ёстой. Шуудхан хэлэхэд иргэдийн идэвхтэй оролцоон дээр тулгуурлахгүйгээр тунхаг төдий хийсвэр цаас л үлдэх болно. Чухамдаа өдгөө бодлого хэрэгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан бол энэ.

Хоёрт: Төрийн албыг улстөрийн намын хяналтаас иргэний шууд хяналтад шилжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг хүртэгч иргэний хяналтыг бэхжүүлэх ёстой. Ингэхгүйгээр төрийн албыг зочид буудал болгож байгаа явуулын хүмүүсээс төрийн албыг хамгаалахгүйгээр бодлогын залгамж халаа алдагдана гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тод харагдлаа. Гэхдээ төрийг хяналтгүй болгох нь хамгийн том аюул. Бодлого нь бодлогын бичиг баримт байдлаар хэлбэрждэг. Гэтэл ихэнхи төрийн байгууллагад эл бодлогын баримт бичгийг боловсруулах ажил учир дутагдалтай байдаг нь нууц биш. Үнэн бодитой мэдээлэл багатай, байсан ч замбараагүй, боловсруулалт хийгдээгүй учраас ашиглах боломжгүй, судалгаа тоо баримт муу, тэгээд тэрнийгээ нууцлана, мөн зарим салбарт олон хүн дамжиж ажилласнаас институтийн чадавхи ихээхэн муудсан байдаг.

Гуравт: Сонгууль бүрийн дараа төрийн байгууллагын салбарт шинэчлэл хийх нэрийн дор бүтцийн өөрчлөлт хийдэг. Сүүлийн 15 жилийн туршид сонгууль бүрийн дараа бүтцийн өөрчлөлт нэрээр яамдыг бужигнууллаа. Энэ бол тогтсон бодлого байхгүйг харуулж байгаа нотолгоо мөн. Үнэндээ ийм тогтвортой бус бүтцээр ямар ч бодлогын хэрэгжилт холион бантан болох нь гарцаагүй. Гэтэл ингэж бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртдоггүй, чанар сайжирдаггүй, харин ч эсрэгээрээ авилгал ихэссэн баримт гарсаар байна.

Дөрөвт: Улстөрийн намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагыг бэхжүүлэх шаардлагатай. Учир нь хүссэн хүсээгүй ардчилсан системийг хөдөлгөгч механизм нь сонгууль, түүнд өрсөлддөг улстөрийн намууд юм. Энгийнээр хэлбэл ардчилал бол үзэл санааны өрсөлдөөн. Тиймээс сонгуулийн циклээр хөгжих нь үнэн учраас сонгуульд оролцогч гол субьект намуудын үзэл баримтлал, бодлогыг чадавхжуулахгүйгээр намууд хөгжил дэвшилд ихээхэн саад тотгор болно гэдэг нь энгийн үнэн юм. Өмнөх хөтөлбөр хэрэгжээгүй шалтгаан ч үүнтэй холбоотой. Давтаад хэлэхэд өнөөгийн улстөрийн тогтолцоонд улстөрийн намуудын бодлого боловсруулах ур чадварыг бэхжүүлэх нь хойшлуулшгүй зорилт болоод байна . Үүнд намуудын дэргэдэх бодлогын судалгааны институтыг байгуулах, их сургууль, судалгааны институттай хамтран ажиллах гэсэн олон янзын арга зам байж болно. Өнөөдөр сэхээтнүүд намаас зугтах биш харин эсрэгээрээ хамтарч ажилламаар байна.

Тавд: Үнэн хэрэгтээ бид гадны доноруудын хүссэн зүйлийг хийгээд явж байгаа нь нууц биш. Тиймээс үндэсний хөгжлийн баримт бичгийг боловсруулах гэж байгаа бол гадны доноруудын санаачлагыг зайлшгүй тооцох хэрэгтэй болно. Монголд 1990 оноос хойш баталсан тэр бодлогыг бид биш үнэн хэрэгтээ гадныхан лоббидож батлуулсан юм. Тухайлбал Мянганы хөгжлийн зорилт, Эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг зэргийг дурдаж болно. Хэтэрхий олон бодлого байна гэж шүүмжлэх нь бий. Бодлого олон л байх тусмаа сайн, гагцхүү эдгээр нь эрэмбэлэгдсэн, уялдсан л байх ёстой. Хэрвээ та анзаарсан бол өмнөх баримт бичигт хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааныг тэргүүлэх салбар гэж зарласан боловч энэ нь эдийн засгийн салбарын хөгжилгүйгээр зүгээр л мөрөөдөл болдог юм байна. Дүгнээд хэлбэл үзэл баримтлал бол мөрөөдөл, санал хүсэлтийн жагсаалт биш харин асуудлаа зөв тодорхойлж хүрэх цэгээ оновчтой гаргасан маш товчхон баримт бичиг байх ёстой.

Зарим хүмүүсийн хүсээд байгаа шиг цогцолбор баримт бичиг бид баталж чадах болов уу? Хорин жил ер нь зөв үү? Баталлаа гэхэд хэрэгжих болов уу? Хэрэгжүүлэхээр оролдлоо гэхэд энэ нь ер нь зөв үү? Уучлаарай үүнийг чинь л социализм гэж нэрлэдэг юм биш үү? Бид социализмаасаа салсан боловч социализмын үеийн сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна уу?

*Амарын хүсэлтээр*

2 comments:

amar said...

Баярлалаа.

ЗОРИГТ8 said...

Амар:
Зүгээр, уншигчдын хүсэлт юу юунаас чухал гэж үздэг би