УЛСТӨРЧИД ӨӨ, МИНИЙ НҮДЭЭР АМЬДРАЛЫГ МИНЬ ХАРААЧ Ч.ТАМИР


XX зууны сүүл, XXI зууны эхэн үед Монголд өрнөсөн Зэрлэг капитализмын золиос болсон нэг үеийнхэнд зориулав.
ХӨГШИД САНАА ЗОВЖ БАЙНА
Өдөртөө олдох зүсэм талх, хэрчим махныхаа төлөө санаа зовж, тэд жагсаж байна. Залуу зандан насаа өдөр шөнөгүй хөдөлмөрлөж өнгөрөөчихөөд өнөөдөр 25 мянган төгрөгөөр голоо зогоож байгаа хөгшдийг хэн анхаарч байна, хүн болж төрсөн нь буруутай л биш юм бол дөнгөж төрөнгүүтээ гудамжинд амьдрах хувь тохиож буй хүүхдүүдийн төлөө хэн санаа зовж байна?
Амьдралд ториолдох олон янзын эрсдэл, бэрхшээлийг давж чадахгүй байх нь зөвхөн шударгаар амьдрах зарчмыг баримтлах, эс бөгөөс ядаж тийм байхыг хичээх хүмүүст л хамаатай юм. Сүүлийн 15 жилийн турш тогтмол явуулсан судалгаанаас үзвэл хүмүүсийн санаа зовж байгаа асуудлыг ядуурал, ажилгүйдэл, авилга, боловсрол, эрүүл мэнд, гэмт хэрэг, шилжих хөдөлгөөн (МУИС-Социологийн тэнхим, Социологийн Академи төвийн судалгаа) гээд хүний амьдралын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бүрийнхээ төлөө тэд санаа зовж байна. Гэтэл энэ нь нийгмийн баялгаас луйвардагсдад огтхон ч хамаагүй юм. Гагцхүү олонх болсон борчууд, дундчууд өнөөдөртөө, мөн маргаашдаа санаа зовж байна. Тэдэнд санаа зовохгүй байх ядаж цорын ганц ч зүйлийг олоод хэлээдэх гэж би улстөрчдийг өдөж байна. Үүнийг огтхон ч эргэлзээгүйгээр нэг утгаар илэрхийлж чадах тийм төгс үгийг олж хэлж чадахгүй ч байж болох юм.
АРД ТҮМЭН ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
Улстөрчдийн хэлэх чихэр шиг үг, сайхан амлалт, эрх мэдэлтний үнэн бодит дүр төрх, эдийн засгийн салбарын өсөлт тэдэнд хамаатай эсэхэд, нийгмийн баялгийн хуваарилалт шударгад ард түмэн эргэлзэж байна. Улстөрчид үнэхээр иргэдийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж, авлигатай тэмцэж, ядуурлыг бууруулж, ажлын байрыг бий болгож, ардчиллыг хөгжүүлж байна уу? Чихийг нь алт шиг үгээр дүүргэж болох ч хоосон ходоодыг яах вэ? Гэтэл ард түмэн улстөрчдөөс юу хүсээ вэ? Уул овоо шиг их мөнгө үү? Ус шиг их алт уу? Үгүй, гагцхүү баталгаатай ажлын байр. Хүрэлцэхүйц орлого, чанартай боловсрол, эрүүл аюулгүй амьдрах орчин, хариуцлагатай төр засаг, баталгаат ирээдүй. Ард түмэн ажлын байрныхаа баталгаанд, амьдралынхаа төлөө хариуцлага хүлээж чадна гэдэгтээ эргэлзэж байна.
Гэтэл социализмын үеийн монголчуудын бүтээн байгуулсан бүхнийг 800 (энэ тоог бид дахин нягтлах болно) гаруйхан гэр бүл хуваан эзэмшиж, түүн дээр тодорхой эрх мэдлийг эзэмшиж байгаа 500 хүрэхтэй үгүйтэй гэр бүл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл нийт хүн амын нэг хүрэхгүй хувь нь санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байна (зөвхөн материаллаг утгаараа) гэж хэлбэл Та итгэх үү? Бүр XIX зууны сүүл XX зууны эхэнд монголчуудыг сөнөсөн үндэстэн гэж гаднын жуулчид оношилж байхад ч монголын хүн амын 7,8%-ийг эзэлж байсан нийгмийн дээд давхрааныхан (ноёд, лам нар, язгууртнууд) эрх мэдэлтэнд бүх мал сүргийн 49,5% нь ногдож байхад хүн амын 92,9%-ийг эзэлж байсан ард анги нийт мал сүргийн 50,5%-ийг өмчилж байжээ. (МАХН-ын товч түүх 1967) Бас ч гэж гайгүй байсан байгаа биз? Тэр үеийг манай түүхч Ш.Нацагдорж ард түмний хоосрол ядуурлын гол шалтгаан зуд гачигт бус, харин тэр үеийн тогтнож байсан байгуулалд оршиж байжээ хэмээн бичсэн нь өдгөө ч ач холбогдлоо алдаагүй гэлтэй. (Халхын түүх 1963) чухамдаа тогтнож байсан байгуулал гэж юуг хэлэв? Бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хянадаг бүхий л тогтолцоог, өөрөөр хэлбэл оршин тогтнож байгаа улс төрийн систем, төрийн алдаатай бодлогыг хэлжээ. Зөвхөн ганцхан гаалийн боомтын даргын нэг удаагийн авлигын үйлдэл нийт хөгшдөд өгөх тэтгэврийн зөрүүний зардлаас илүү байгааг юу гэж ойлгох вэ? Ер нь энэ улстөрчид гэж хэн бэ? Тэдний хувьд ард түмэн бол юу ч бичиж болох цагаан цаас, олон түмэн гэдэг бол барималчийн гарт отсон шавар, тэд хүчтэй нь ялж, хүчгүй нь үг дуугүй сөгдөн үгүй болоосой хэмээн хүсдэг хүмүүсийн бөөгнөрөл юм уу?
ИРГЭД ИТГЭЛ АЛДАРЧ БАЙНА
Тэд улс төр гээч зүйл ганц удаа ч болов тэдний амьдралд тусалж, ганц хором боловч үр ашгаа харуулна, сонгуульд оролцох нэг удаа ч гэсэн тэдэнд үр нөлөөгөө өгч, нэг удаа ч гэсэн амьдралд итгэх итгэлийг нь нэмэгдүүлнэ, бодлого боловсруулах үйл явцад оролцоно гэдэг нь тэдний ирээдүйнхээ төлөө хийж чадах цорын ганц зүйл гэдгийг ойлгосон ч итгэл алдарч байна. Энэ тухай алдарт Ж.Руссо “Нийгмийн гэрээ” хэмээх бүтээлдээ бичихдээ “Улс орны ажил иргэдийн гол ажил байхаа больж, хүний төлөө биш, мөнгөний төлөө шунаж эхэлбэл тэр төр улс сүйрлийн ирмэг дээр ирээд байна гэсэн үг. Сайн удирдлагатай улс оронд хүн бүр хурал цуглаандаа оролцохыг яаран тэмүүлж байдаг бол харин муу удирдлагатай газарт бүх нийтийн хүсэл зориг дийлэнх байхаа больж, улс оронд болж байгаа зүйл нь хувь хүмүүст хамаагүй санагдахын сацуу бүх л сэтгэл санаагаа ар гэртээ зориулдаг тул хурал цуглаан дээр яригдаж байгаа зүйл хэнд ч сонин биш тул хэн ч тийшээ очих дуртай байдаггүй аж. Сайн хуулиуд илүү сайныг боловсруулахыг шаарддаг бол муу хуулиуд араасаа мууг дагуулдаг. Хэн нэгэн хүн төр түмний ажил үйлс гэхээр надад ямар хамаа байна гэж хэлж байгаа бол тэр төр улс сүйрч өнгөрчээ гэж үзэж болно” гэсэн буй. (Нийгмийн гэрээ ба улс төрийн эрхийн зарчмууд., 2002.,)
Гэтэл монголчууд ХХ зуунд гурван хувьсгал хийсэн ч гэсэн жирийн иргэдийн амьдрал ахуй яагаад сайжрахгүй байгаа юм бэ? Яагаад өдгөө гараад байгаа иргэдийн зарга зуун жилийн өмнөх Алдаржавын хүү Аюушийн заргатай яг ижилхэн байгаа юм бэ? Газрын будлиан, татвараас зугтах, албан тушаал урвуулах, авлига, хүнд суртал зэрэг зөвхөн эрхтэн дархтантай холбоотой зарга үүсдэг гэдгийг судлаачид нэхэн тогтоогоод байгаа. (Ч.Тамир., Ардын зарга нь монголчуудын улс төрийн оролцооны нэг хэлбэр мөн. МУИС, Түүх, ЭШБ, 2003) Яагаад нийгэм өөрчлөгдөөд байхад жирийн иргэдэд тулгардаг асуудал нь хэвээрээ байгаад байдаг юм бэ?
Бүр тэртээ 1861 онд Жон Стюард Милль “Нэг удаа ч болов , нэг агшин ч болов парламент буюу түүний гишүүдийн хэн нэг нь энэхүү асуудлыг ажилчин буюу түүний нүдээр харсан болов уу? Яг ажилчидтай холбоотой асуудал босоод ирэхлээр түүнийг ажилчин ангийхаас бусад бүх үзэл бодлын үүднээс авч үздэггүй гэж үү” (Р.Даль., Ардчиллын тухай, 1998) хэмээн асууж байсантай адил өнөөдөр УИХ-д хэлэлцэж буй татвар, сонгууль, ашигт малтмал, нийгмийн халамжийн хуулиудыг чухамдаа жирийн иргэдийн нүдээр харж тэдний үзэл бодлыг хуваалцах гишүүд байна уу гэж асуумаар байна. Зурагтаар ард түмний төлөө гэж шоудах амархан, харин ард түмний өмнө УИХ-ын гишүүдийн хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхэд юуг хийх ёстой вэ?
МОНГОЛЧУУД БУХИМДАЖ БАЙНА
Эцэж цуцатлаа хөдөлмөрлөсөн ч харсаар байтал нүдэн дээр нь өдөр ирэх тусам муудаж байгаа амьдралаа хараад цөхөрч байна. Эзэмшсэн боловсрол нь тэдэнд хэрэг болохгүй болохоор тэд бухимдаж байна, эрхэлсэн бизнес нь татварын дарамтад ороод өөдлөхгүй болохоор тэд бухимдаж байна, эмч нар хайртай хүнийг нь харсаар байгаад үхүүлж байгаад бухимдаж байна, эмэгтэйчүүд энгэрээ задгайлахаас буцахгүй болсондоо бухимдаж байна, эхчүүд хүүхдээ өлсгөж байгаадаа бухимдаж байна, эрчүүд гэр бүлээ тэжээж чадахгүй байгаадаа хамгийн их бухимдаж байна. Тэд бүгдээрээ залхуу, тэд бүгдээрээ хичээгээгүй, тэд бүгдээрээ сайхан амьдрах эрхгүй, хувьгүй хүмүүс юм гэж үү? (Ч.Тамир, Монголын ажилчин ангийн байдал., 2002)
Өнгөрсөн жил олон улсын байгууллагын судалгаагаар ядуурал 44 хувьд хүрсэн мэдээ нь бараг хоёр өрхийн нэг нь өлбөрөхийн наагуур байгааг харуулах аж. Гэтэл нөгөө талд нь ямар ч үнэт зүйлс, өөрийн зарчимгүй, хууль бус аргаар баяжсан, хүүхэн сольж, чоно алж, том дээл өмсөн зугаа цэнгэл эрсэн, мөнгөөр бүхнийг худалдаад авчихна гэсэн бодолтой хүмүүсийн бөөгнөрөл.
ЖИРИЙН ИРГЭД АЙЖ БАЙНА
Бусад хүмүүсийн адил хүн бүр ирээдүйгээ улам сайхнаар мөрөөдөж байх эрхээ хасуулан байж тэд дагжин чичирч байна. Өдөр ирэх тусам улам харгис болох гэмт хэрэг, ниймгийн хүчирхийлэл, тэгш бус байдал, улстөрчдийн бохир, заваан шийдвэр, бизнесменүүдийн эрээ цээргүй шунал, төрийн албан хаагчдын явцуу сонирхол, ер нь тэдний хүүхдийн угтаж байгаа там шиг нийгмээс тэд айж байна. Энэ л нийгэмд тэдний хүүхэд ялгаварлагдаж, энэ л нийгэмд ноён долларын өмнө бөхөлзөж, энэ л нийгэмд хамгийн муу бүхнийг хэрэглэсээр амиа зогоох төдий, дөнгөж хорвоогийн тоос хөдөлгөдөг амьд сүг болон хувирах вий гэдгээс айж байна. Энэ л нийгэмд хүүхдүүд минь боловсроогүй боловсролын тогтолцоо, эрүүл бус эмнэлгийн үйлчилгээтэй анх учирдаг. Тэгээд харгис цагдаа, шударга бус шүүх, авлигач түшмэл, ер нь төрийн нийтлэг гэсэн тодотголтой бүх үйлчилгээг дамжин арын хаалгаар нойрсох газраа арай ядан олдог. (Социологийн академи төв, Авилгалын үнэлгээний судалгаа., 2004) Тэд өөрсдөд нь үйлчлэх ёстой төр засгаасаа айж байна, бие биедээ тусалж дэмжих учиртай хүн хүнээсээ айж амьдарч байна, тэд ирээдүйгээсээ бүр илүү айж байна. Гэвч өөрсдөдөө зориулсан бүхнээс айж, ганцаардсан ч хатуу ширүүн амьдралын давалгаанаас нууж, нандигнаж үлдсэн хүн чанараа алдах вий гэхээс хагартлаа айж байна.
ОРШИН СУУГЧИД ЦӨХӨРЧ БАЙНА
Ашгийн төлөө улайрсан гадна дотнын компаниуд, авлигад автагдсан төрийн захиргааны нөгөө талд балчир хүүхдүүд тоглоомын талбайгаа, ахмадууд нарлах газраа алдаж, хүч тэнцвэргүй тулалдаанд татагдан орж, түүндээ цөхөрч байна. Тэдэнтэй тэмцэлдэж дийлэхгүйдээ гутарч байна. Эл цөхрөл нь оршин суугчдыг нэн харгис болгож, хууль бус үйлдэлд турхирч, өнөөдөр тэд машины цонх хагалж, хашаа нурааж, цагдаа нартай мөргөлдөж байна. Харин маргааш цус урсаж, хүний амь нас хохирохгүй гэсэн баталгааг хэн өгөх юм бэ? Энэ тэмцэл өнөөдөр зөвхөн ганц нэгхэн байр, хүнийг хамарч байгаа мэт харагдаж байгаа боловч маргааш гэхэд тантай тохионо гэдэгт Та эргэлзэх хэрэггүй.
ОРОН НУТГИЙНХАН ХОРСОЖ БАЙНА
Хэдэн үеэрээ амьдарч ирсэн уугуул газар нутгаа алдсан тэдний уур хилэн, сэтгэлийн шаналлыг эдийн засгийн 10 хувийн өсөлт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хэмжээ, доноруудын зөвлөхийн тайлан, магтаалаар тайтгаруулж чадах болов уу. Уламжлалт соёл, амьдрах хэв маяг нь устаж, уугуул шүтлэг, орон нутгийн баялгаа цөлмүүлсэн нутгийн өвгөдийн сэтгэлийн шархыг юугаар тайтгаруулахсан билээ. Онгийн гол, Заамарынхан, Бат-Өлзийт зэрэг 10 гаруй газарт түүх соёлын гайхамшигт газрууд сөнөж, харалган бодлого, хоцрогдсон технологийн уршгаар гаднын хөрөнгөтнүүдийн түүхий эд, зэрлэг капитализмын хөгжлийн золиос болж байна.
Монголчууд түүхийн олон шалгуурыг давж ирсэн. Зөвлөлтийн дагуул орон байж үзсэн, Манжийн захиргаанд орсон, Хятадын түрэмгийлэлд ч нэрвэгдсэн. Гэвч өнгөрсөн түүхэндээ ийм их зовлон гамшгийг үзээгүй. Тэд өчигдөр малын бэлчээр сүйтгэж, гол усыг ширгээсэн, тэд өнөөдөр Сүхбаатарын талбай дээр барилга барьж, алтыг нь авахын тулд бүхэл бүтэн сумыг нүүхийг шаардаж байна. Маргааш нүүгээгүйнх нь төлөө тэднийг устгах уу? (Төв аймгийн Заамар сум) Ийм боломжийг бий болгосон улстөрчид тэдний гаргасан шийдвэрт бид баярлаж, үүнийг хамгаалж байгаа ялзарсан шүүхийн шийдвэрт бид итгэж, үүнээс ашиг хүртэж байгаа олигархийн эсрэг тэмцлээ бид зогсоох гэж үү? Газар нутгийнхаа 42,5%-ийг цөөхөн хэдхэн хүмүүс үндсэндээ гадаадынханд түрээсэлчихсэн байна. Алтыг нь авчихсан компанийн эздийн гэр бүл гадаадад тайван амьдарч байхад үүрээ сэндийчүүлсэн шоргоолж лугаа адил болсон орон нутгийн иргэдээс бэлтрэгээ суйлуулсан чононоос өөр соёлтой үйлдэл гарна гэж үү? Араатан амьтан хүртэл оршин тогтнохын тулд зөнгөөрөө эсэргүүцдэг шүү дээ.
ОЛОН НИЙТИЙН ТЭСВЭР АЛДАГДАЖ БАЙНА
Өдөр тутам тэдний эрхэнд бүдүүлгээр халдах төрийн институт, цаг тутамд учирч болзошгүй аюул, түүнээс үүсэх айдас, минут тутамд төрөх эрээ цээргүй хүмүүсээс болгоомжлох бодолд тэд тэсвэр алдаж байна. Өглөө босоод л халаасаа ухуулчих вий, хоолноос хордчих вий, машинтай мөргөлдчих вий, цагдаад луйвардуулчих вий, ажлаа алдчих вий, хүүхэд минь гэмтэж бэртчих вий, өвдчих вий гээд л. Нийгмийн дарамт, нийгмийн стресс, гэмт хэргийг улам харгис болгож, амиа хорлолт шууд түүнээс хамааран ихсэж байна. Энэ бүхнээс олон нийт архи ууж, гэмт хэрэг үйлдэхээс өөрөөр яаж өөрсдийгөө хамгаалах вэ?
Судалгаагаар иргэдийн 73,5% нь хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй байж чадахгүй байна гэж үзсэн. (Социологийн академи төв 2005) Тэдэнд үг хэлэх, жагсаал цуглаан хийх, бодлого боловсруулах үйл явцад оролцох наад захын эрх алга байгаа үед улаан лооль шийдэж, цагдаатай мөргөлдөж, гэмт хэрэг үйлдэж, тэмцлийн хурц арга замыг сонгон авахыг буруу гэж хэн хэлэх вэ? Хүчирхийлэл, хүчирхийллийг төрүүлдэг гэж сургадаг бус уу?
Гэмт хэрэг нарийсч байна, хүндэрч байна, санаатай хүн алах явдал урьд хэзээ ч байгаагүйгээр ихэсч байна. (Статистикийн мэдээ, 2005,) Тиймээс хэдхэн төгрөгний төлөө хүн алж, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон залуучуудыг буруутгаад ч яах вэ? Та нар газар нутгаа буцааж авах хэрэгтэй хэмээн уриалсан улстөрчийг буруутгах хэрэггүй, учир нь хүнийг нийгэм төлөвшүүлж, нийгэм л хүнийг бий болгодог шүү дээ. Францын алдарт социологич Э.Дюркгейм энэ тухай бичихдээ хүнийг төрөхөд түүнээс өмнө бий болгосон нийгмийн хэм хэмжээ, дүрэм журам угтан авдаг бөгөөд хүүхэд тэр л нийгмийн хэм хэмжээнд суралцдаг. Тэгвэл өнөөдөр бидний бий болгоод байгаа нийгэм, нийгмийн институт, үнэт зүйлс, хэм хэмжээ маань биднийг өөрсдийг маань ямар болгон хувиргаж байна вэ?
ТЭД ҮЗЭН ЯДАЖ БАЙНА
Шударга бус явдал, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашиглах, улс төрийн террор хийх, хүчтэй нь хүчгүйгээ улаан цагаан дээрэмдэх байдал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахыг өөгшүүлэгч улстөрчдийг үзэн ядаж байна, ер нь энэ бүхнийг бий болгож байгаа улс төрийн тогтолцоог бүхэлд нь үзэн ядаж байна. Судалгаанаас үзэхэд иргэдийн 76 хувь нь хуулийг эрх мэдэлтнүүд завхруулж байна гэж буруутгажээ. (Социологийн академи төв, 2005)
Тэд ашгийн төлөө хэнийг ч, юуг ч золиослохоос буцахгүй олигархиуд, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа, төрийн албыг зочид буудал болгож байгаа форм өмссөн түшмэдүүд, үймээнийг далимдуулан хүчээ авч байгаа кринималиудыг үзэн ядаж байна. Хэдхэн хүн хууль бусаар баяжиж, хэдхэн хүн үнэн худлыг тогтоож, хэдхэн хүн эрх мэдлийг эзэмшиж байна. Төрийн форм өмссөн цагдаа нарын террор үйл ажиллагаа, төрийн хууль баталж байгаа авлигач улстөрчдийг үзэн ядаж байна. Тэд төрийг, энэ нийгмийг үзэн ядаж байна.
Ер нь энэ нийгэмд хэн жаргалтай вэ? гэсэн асуулт гарна. Саяхан хотын газрын ерөнхий менежер амиа алдав. Хүнд буудуулсан гэсэн таамгийг хэвлэлийнхэн дэвшүүлснээс үзвэл жаргалтай амьдарч байгаа хүн ховор болов уу.
Эцэст нь монгол хүн авилгачдын хохирогч болж байна, гадаадынхны дарлалд байна, капиталистуудын дарлалд байна. Дундад азид хувьсгалын гал дөл дүрэлзэж, Баруун Европт халдварлаж байхад Монголд асах нөхцөл нь бүрдээд байна.
ГЭВЧ БИ ИТГЭЖ БАЙНА
Үнэнч шударгаар амьдрахыг хичээж ажиллаж байгаа хүн бүр өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртдэг тийм нийгэм хэзээ нэгэн цагт бий болно гэдэгт би итгэж байна. Ядаж үр хүүхэд минь сайхан амьдарна гэсэн итгэлийг олж хараад үхэхийг хүсч байгаа ахмадуудын хүсэл хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэж байна. Өөрийнх нь ирээдүй баталгаатай гэсэн итгэлийг нь хүүхдүүдэд үлдээхийг хүсч байна.
Эхийн хэвлийгээсээ устсан мянга мянган хүүхдүүд эргэн төрнө гэдэгт би итгэж байна, эх орондоо амьдрах аргагүй болоод цагаачилж гарсан мянга мянган залуучууд тэдний шоовдорлогдсон хүүхдүүд эргэж ирэх сайхан цаг ирнэ гэдэгт би итгэж байна, эргэлзэх сэтгэлдээ хоргодсоор гадны хүнтэй суусан мянга мянган бүсгүйчүүд эргэж харна гэдэгт би итгэж байна. Эх газраа сүйтгүүлээд зүрх нь хилэгнэн тэнгэрт хальсан хөгшдийн сүнс амрах өдөр ирнэ гэдэгт би итгэнэм.
2005.12.15

4 comments:

amar said...

Би андуураагүй бол энэ хүний блог байдаг шиг санагдах юм. Өөрийнх нь блог дээр байсан бол хэдэн юм асуухсан. Энд 2005 он гэж байна. Сүүлийн үеийн юм байвал уншуулаарай.

ЗОРИГТ8 said...

Amar http://tamir.mn/ Гээд хаяг байгаа... идэвхитэй ажилладаггүй юм...Сүүлд бичсэн нэг нийтлэлийг нь хүсвэл оруулж болно шүү..

баярлалаа

amur said...

Ok. Oruulchikh.

ЗОРИГТ8 said...

Амар:
таны хүсэлтийг хүлээн авлаа..баярлалаа