АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-3


2.3 Бизнес эрхлэгчдийн судалгааны дүн
2.3.1 Бизнес эрхлэгчдийн ерөнхий үзүүлэлтүүд
Бизнес эрхлэгчдийн судалгаанд нийт 21 аймаг болон нийслэлийн, эдийн засгийн үйл ажиллагааны салбар болон үйл ажиллагааны хэмжээ, цар хүрээгээрээ нийт эх олонлогийг төлөөлж чадахуйц бизнесийн нэгжүүдийг төлөөлсөн 345 бизнес эрхлэгчид хамрагдлаа. Бизнес эрхлэгчдийн судалгаанд оролцогчид нас, хүйсний хувьд бүхий л түвшний хүмүүс байгаа бол боловсрол, гэр бүлийн байдлын хувьд дээд боловсролтой, гэрлэсэн, хүүхэдтэй хүмүүс давамгайлжээ.
2.3.2 Бизнесийн үйл ажиллагааны төлөв байдал
Судалгаанд оролцогчдын дийлэнх хэсэг сүүлийн хоёр жилийн хугацаан дахь бизнесийн үйл ажиллагаандаа сайн дүн тавьж, ирээдүйдээ өөдрөг итгэлтэй байна.
Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж, бизнес эрхлэгчид тэр хэмжээгээр банк санхүүгийн байгууллагаас зээл авч бизнесийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулах болжээ.
2.3.3 Төр болон бизнесийн хоорондын харилцаа
Бизнес эрхлэгчдийн зах зээлийн нэг хэсэг төрийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ өндөр байсантай холбоотойгоор улсын нэгдсэн төсвийн орлогын хэмжээ нэмэгдэж, тэр хэмжээгээр улсын төсвийн зарлага, түүний дотор хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн ба “Үдийн цай хөтөлбөр” зэрэг олон төсөл, хөтөлбөрийг улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж ирсэн төрийг томоохон худалдан авагч болгон хувиргасан юм.
Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Монгол улсын Засгийн газраас “40000 орон сууц” хөтөлбөр, “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлтийг үзүүлж, улсын төсөв болон хандивлагч байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр жижиг дунд, үйлдвэрлэлийг хагжүүлэх, ажлын байрны нэмэгдүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээл тусламжуудыг олгож ирсэн. Түүнчлэн УИХ-аас 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” хуулийг, 2008 оны 2 дугаар 6-ны өдөр “Татварын өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.
Бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь нь төрийн албан хаагчдад ямар нэгэн үйлчилгээ үзүүлж, хахууль өгдөг гэж хариулжээ.
Таван бизнес эрхлэгч дутмын хоёр нь улс төрийн нам, улс төрчдөд материаллаг тусламж, хандив үзүүлж байсан гэж хариулжээ. Бизнес эрхлэгчдийн дийлэнх нь төртэй харьцаж хамтран ажиллах сонирхолгүй байдаг нь энэ удаагийн судалгаагаар харагдлаа.
2.3.4 Бизнес эрхлэгчдийн авлигын талаарх төсөөлөл
Бизнес эрхлэгчид авлигыг янз бүрээр тодорхойлж байна.
Бизнес эрхлэгчид ерөнхийдөө Монгол улсад, түүнчлэн улс төрийн болон хууль хяналтын хүрээнд аль алинд нь авлига түгээмэл үзэгдэл гэж үзжээ. Судалгаанд оролцогчдоор тодорхой нэр заасан төрийн байгууллага, институцийн авлигад автсан байдлыг үнэлүүлсэн бөгөөд судалгаанд оролцогчид газрын алба хамгийн их авлигад автсан гэж үнэлсэн бол олон нийтийн байгууллагуудыг харьцангуй бага авлигад автсан гэж үнэлжээ. Бизнес эрхлэгчид авлигыг 1996 оноос хойш хамгийн их тархсан гэж үзжээ.
Бизнес эрхлэгчид шүүхийн үйл ажиллагааны талаар харьцангуй доогуур үнэлгээг өгчээ. Төр бизнес хөгжих таатай орчныг хууль эрхзүйн болон эдийн засгийн хүрээнд бүрдүүлэхгүй байгаа нь авлига үүсэх үндсэн шалтгаан болж байна гэж судалгаанд оролцогчид үзэж байна. Албан тушаалтнууд хахууль өгөх гарцаагүй нөхцөл байдлыг бий болгодог учраас авлига өгөхөд хүрдэг гэж бизнес эрхлэгчдийн харьцангуй олонх хувь нь хариулж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд шударга бус, төрийн албанд дандаа ашиг хайж, баяжихын тулд орж ирдэг гэдэгтэй бизнес эрхлэгчид санал нийлж байна.
Бизнес эрхлэгчид хахууль өгч асуудлыг шийдвэрлэх нь манай амьдралын салшгүй нэг хэсэг гэж үзэж байгаа хэдий ч үүнээс татгалзах хэрэгтэй гэж үзэж байна. Улс төрчид авлигаас ашиг хонжоо олдог учраас улс төрчид, өөрсдөд нь ашигтай учраас том бизнес эрхлэгчид авлигыг устгах хүсэл сонирхол байдаггүй гэж судалгаанд оролцогчдын олонх нь үзжээ.
2.3.5 Бизнесийн орчин
Татвар төлөгчдийн хувьд аль болох бага татвар төлөх сонирхолтой байдаг ч төрөөс бизнесийг хамгаалж, түүнийг хөгжих таатай орчинг бүрдүүлсэн тохиолдолд тэдний татвар төлөх сонирхол нэмэгдэнэ гэдгийг судалгааны дүн харууллаа.
Бизнес эрхлэгчид бүх хууль журмыг мөрдөж шударгаар өрсөлдөх сонирхолтой байдаг хэдий ч хууль журмыг зөрчих, албан тушаалтнуудыг хахуульдах замаар асуудлаа шийдвэрлэхээс татгалзахгүй бизнес эрхлэгчид байдаг. Судалгаанд оролцогчид өнөөгийн нөхцөлд шударгаар өрсөлддөг бизнес эрхлэгчийн амжилтаас шударга бусаар дээрх арга замаар асуудлаа шийдвэрлэдэг бизнес эрхлэгчдийн амжилт илүү байдаг гэж үзжээ.
Өрсөлдөөнд өөрийн байр сууриа хадгалж үлдэх, бизнес эрхлэхэд төрөөс ирж буй дарамт шахалтыг давж гарах гол арга зам нь төрд өөрийн төлөөлөлтэй байж, тэднээр бизнесээ хамгаалуулах явдал юм гэж бизнес эрхлэгчид үзэж байна.
Хувийн хэвшил хөгжихөд төрөөс үзүүлж буй дарамтуудын эхний байранд бизнес эрхлэгчид хяналтын байгууллагуудын хэт их дарамт, төрийн албан хаагчид “өөрийн” аж ахуйн нэгжийг хамгаалах бодлого явуулдаг, орон нутагт төрийн эрх мэдэл том хүчтэй хувийн хэвшлийн компаний эрх ашигт үйлчилж эхэлдэг, шүүх шударгаар ажиллаж чаддаггүй зэргийг нэрлэж байна.
Бизнес эрхлэгчид голчлон орон нутгийн засаг захиргааны, хууль тогтоох, дүрэм журам боловсруулах, орон нутгийн хууль хяналтын байгууллагын шийдвэрт албанбусаар нөлөөлөхийг оролдож байжээ.
2.3.6 Бизнес эрхлэгчдийн итгэл үнэмшил
Ихэнх бизнес эрхлэгчид хүмүүст итгэж болохгүй, болгоомжтой харьцах хэрэгтэй гэдэг байр суурийг баримталдаг байна.
Судалгаанд оролцогчид төрийн үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Хууль сахиулах (26.7%)
2. Иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах (19.9%)
3. Үйлчлэх (15.4%)
4. Хянах (14.0%)
5. Удирдах (10.7%)
6. Хамгаалах (5.9%)
7. Туслах (5.3%)
2.4. Төрийн албан хаагчдын судалгааны дүн
2.4.1. Судалгаанд оролцогчдын ерөнхий үзүүлэлтүүд
Төрийн албан хаагчдын дунд явуулсан Авлигын талаарх төсөөллийн судалгаанд 21 аймаг болон нийслэлийн, төрийн захиргааны, төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны 1297 албан хаагч хамрагдлаа. Судалгаанд хамрагдагсдын 52.2 хувь нь төрийн захиргааны, 31.3 хувь нь төрийн тусгай, 15.4 хувь нь төрийн үйлчилгээний, 1.2 төрийн улс төрийн албан хаагчид байв.
2.4.2. Төрийн албан хаагчдын амьдралын түвшин
Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын ихэнх нь амьдрал хүнд байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Судалгаанд оролцогчдын 65.0 хувь “Олсон орлогоо амьжиргаандаа дөнгөж хүргэж байна”, 15.1 хувь нь “Бүх зүйлээс татгалзаж, зөвхөн хоол хүнсэндээ зарцуулж байна”, 3.7 хувь нь “Заримдаа хоол хүнс хүрэлцэхгүй ядарч байна” гэж хариулсан бол 11.0 хувь нь ”Хангалуун амьдарч байна, гэхдээ маш их хөдөлмөрлөж байна”, 1.6 хувь нь “Юугаар ч дутахгүй хангалуун амьдарч байна” гэж хариулжээ.
Судалгаанаас хоёр хүн бүрийн нэг нь ямар нэгэн сэтгэл зовоох зүйлтэй амьдарч байна гэж хариулжээ. “Сүүлийн үед өөрийн сэтгэл санааг Та ямар байна гэж дүгнэх вэ?” гэсэн асуултад 12.8 хувь нь сэтгэл санаа өөдрөг, өөртэй итгэлтэй байна, 34.5 хувь нь зарим нэг санаа зовох асуудалгүй байгаа ч ерөнхийдөө тайван байна гэсэн өөдрөг хариулт өгсөн бол 39.1 хувь нь зарим нэг юманд санаа зовж байна, 11.5 хувь нь сэтгэл зовж айж байна гэж хариулжээ.
2.4.3. Төрийн албан хаагчдын төрийн албаны талаарх үнэлэмж
Төрийн албан хаагч болохын тулд шалгалт өгсөн байх ёстой гэдэгтэй судалгаанд оролцогчдын 60.5 хувь нь шууд санал нийлж байгаагаа илэрхийлсэн бол 31.1 хувь нь төрийн албан албан хаагчийг сонгон шалгаруулах шалгалт байдаг хэдий ч төрийн албанд өнөөдөр дуртай хүн нь орж байна, 2.7 хувь нь намайг төрийн албанд ажиллаж эхлэхэд тийм зүйл байгаагүй болоод л байсан гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 4.5 хувь төрийн албан хаагч болохын тулд шалгалт өгсөн байх ёстой гэдэгтэй шууд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Судалгаанд оролцсон төрийн албан хаагчид өөрийн байгууллагын ажилтнуудын бараг ихэнх нь ажлын байрыг өөрийн чадвараар олж авсан гэж 45.3 хувь нь үзсэн бол 15.3 хувь нь бараг тал хувь нь, 19.9 хувь нь маш бага хувь нь ажлын байрыг өөрийн чадвараар олж авсан, 10.0 хувь нь ажлыг байрыг өөрийн чадвараар олж авсан хүн огт байхгүй гэж үзжээ. Хэн нэгэн удирдах албан тушаалтны туслалцаа нөлөөлөөгүй гэж 25.2 хувь, ямар нэг нөлөө бүхий хүн туслаагүй гэж 35.5 хувь, улс төрийн албан тушаалтны нөлөө ороогүй гэж 45.4 хувь, хувийн хэвшил компаниудын зүгээс нөлөөлөөгүй гэж 63.0 хувь нь үзсэн байна.
Хэн нэгнийг ажилд ороход нь тусалдаг гол шалтгаанууд нь судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар гэр бүл, хамаатан садангийн холбоотой учир (23.9%), улс төрийн буюу нэг нам, бүлгийн гэсэн утгаар (21.9), танил тал, найз нөхдийн гуйлтаар (20.3%), нэг нутаг, анги, найз нөхдийн холбоотой (15.7%), өөрт нь ашигтай байсан учир (9.1%) зэрэг шалтгаанууд орж байна.
Хүнд суртал, авлигыг үүсгэх шалтгаан нөхцлүүдийн нэг нь мэдээлэл нээлттэй бус байх явдал юм. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 39.3 хувь нь тухайн байгууллагын төсвийн төлөвлөлт, төсвийн хэмжээ, зарцуулалтын талаарх мэдээлэл ажилтнуудад нээлттэй байдаг гэж хариулсан бол 52.5 хувь нь удирдлагын шийдвэр, тухайлбал шагнал, урамшуулал, шийтгэл, аж ахуй, гадаад, дотоодын сургалт гэх зэрэг мэдээлэл нээлттэй байдаг гэж хариулжээ.
Улс төрийн нөхцөл байдал буюу сонгуулийн үр дүн, засгийн газар солигдох зэрэг нь төрийн албаны үйл ажиллагаанд ихээхэн нөлөөтэй гэдэгтэй судалгаанд оролцогчдын 62.9 хувь нь санал нийлж байгаа бол 23.0 хувь нь зарим талаараа нөлөөтэй гэж үзжээ.
Төрийн албан хаагчдын дийлэнх хэсэг буюу нь буюу 78.8 хувь нь өөрийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээнд сэтгэл хангамжтай байдаг байна.
2.4.3. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаан дахь авлигын тохиолдлууд
Авлига, хүнд суртал, ёсзүйгүй байдалтай холбоотой 10 төрлийн асуудлыг нийт төрийн байгууллагууд болон тухайн ажилтны ажилладаг байгууллагад хэр олон тохиолддогийг судалгаанд оролцогчдоос тодруулсан юм. Танил талаа ашиглах буюу арын хаалга нийт төрийн байгууллагад байнга тохиолддог гэж судалгаанд оролцогчдын 39.1 хувь нь үзэж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол харин ялгаварлан гадуурхах байдал байнга тохиолддог гэж 13.6 хувь нь хариулсан нь харьцангуй бага давтамжтай үзэгдэл юм гэж дүгнэж болох юм. Ажлын хариуцлагагүй байдал нийт төрийн байгууллагуудад байнга болон хааяа тохиолддог гэж судалгаанд оролцогчдын 92.2 хувь нь үзсэн бол 91.0 хувь нь харилцааны соёлгүй байдал, 90.4 хувь нь хүнд суртал, 89.4 хувь танил ашиглах байдал, 88.8 хувь нь мэдлэг, чадвар дутмаг албан тушаалтан, 80.0 хувь нь хээл хахууль, 80.5 хувь нь нутгархаж асуудалд хандах, 80.9 хувь нь хууль зөрчсөн үйлдэл, 73.7 хувь нь намын харъяаллаар хэлмэгдүүлэх, 68.5 хувь нь ялгаварлан гадуурхах байдал байнга болон хааяа тохиолддог гэж хариулжээ.
Төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэх явцад нь иргэд үйлчлүүлэгчдийн зүгээс хамгийн их (38.5%) хууль бус санал тавьдаг бол судалгаанд оролцогчдын 30.4 хувь нь найз, нөхдөөс, 22.5 хувь нь дээд албан тушаалтнаас, 15.8 хувь нь улс төрийн нам бүлгийн гишүүдээс, 15.6 хувь нь хамт ажиллагчдаас, 14.7 хувь нь харилцагч байгууллагынхнаас хууль бус санал тавьдаг гэж хариулжээ.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэх явцад нь дээд албан тушаалтны зүгээс хамгийн их (26.5%) дарамт шахалт ирдэг бол судалгаанд оролцогчдын 21.7 хувь нь иргэд үйлчлүүлэгчдийн зүгээс, 15.5 хувь нь улс төрийн нам бүлгийн гишүүдээс, 10.6 хувь нь хамт ажиллагчдаас, 9.6 хувь нь харилцагч байгууллагынхнаас, 9.4 хувь нь найз, нөхдийн зүгээс дарамт шахалт үзүүлдэг гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 36.4 хувь нь төрийн албан тушаалтантай ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар харьцаж ажиллах шаардлага гарахад хуулийн дагуу хөөцөлдөх, 36.0 хувь нь хариуцсан албан тушаалтантай нь нүүр тулж уулзах, 14.8 хувь нь асуудлыг шийдэх эрх бүхий хүмүүст хуулийн дагуу ажиллахыг шаардаж ойлгуулах, 6.7 хувь нь танил хүнийг нь олох, 4.2 хувь нь дээрээс нь даргаар нь нөлөөлүүлэх, 1.9 хувь бусад аргыг хэрэглэнэ гэжээ.
2.4.4. Авлигын тодорхойлолт, цар хүрээ, хэлбэр шалтгааны талаарх төрийн албан хаагчдын төсөөлөл
Энэ удаагийн судалгаагаар бид бүхэн төрийн албан хаагчид авлигыг хэрхэн тодорхойлж байна вэ гэдгийг тодруулах зорилго бүхий асуултыг оруулсан юм. Төрийн албан хаагчид авлигыг хэрхэн ойлгож байна вэ гэдгийг тодорхойлох нь уг үзэгдлийг судлахад болон соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Төрийн албан хаагчдын зүгээс харьцангуй олон санал авсан тодорхойлолтууд нь “Улс төрч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчид нэгдэн нэг бүлэг болж иргэд, улс эх орныхоо төлөө бус зөвхөн өөрсдийн төлөө үйл ажиллагаа явуулах” (16.4%), “Төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид өөрийн албан тушаалыг ашиг хонжоо олох зорилгоор ашиглах” (15.6%), “Өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд том бизнес эрхлэгчид төрийн өндөр албан тушаалтнуудыг өөрийн талд оруулах” (15.5%), “Төрийн албан хаагчид иргэдээс хээл хахууль авах” (10.8%) зэрэг байлаа.
Судалгаанд оролцогчдын 77.4 хувь нь өөрийн ажлын байрыг авлигад өртөмтгий биш гэж үзсэн бол 8.5 хувь нь өртөмтгий, 14.1 хувь байдлаас шалтгаална гэж хариулжээ. Авлигатай холбоотой асуудалд судалгаанд оролцогчдын 55.7 хувь нь авлигатай холбоотой асуудлыг ерөөсөө сонирхдоггүй, 22.3 хувь нь үл тэвчдэг, 7.2 хувь нь тухайн байдлаас болно, 3.6 хувь нь байх л зүйл гэж үзсэн бол 11.2 хувь хариулахад хүндрэлтэй байна гэжээ.
Энэ удаагийн судалгаагаар авлига үүсгэх шалтгаан нөхцөл болж болох 26 асуудлыг тавьж эдгээр нь авлига үүсэх чухал нөлөөтэй эсэхийг тодруулсан юм. Эдгээр асуудлыг чухал гэж үзсэн хүмүүсийн эзлэх хувиар нь эрэмбэлж үзвэл Төрийн албан хаагчдын цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй (79.4%), төрийн хяналтын систем сул (74.8%), томоохон бизнес эрхлэгчид төрд нөлөөлөх (73.9%) зэрэг шалтгаан нөхцлүүд тэргүүлж байгаа бол нөгөө талаар албан тушаалтнуудын үйл ажиллагаа заавар, журмаар муу зохицуулагдсан (46.1%), дэндүү их заавар, дүрэм, журам байдаг (44.4%), түүхэн талаас нь авч үзвэл авлига нь Монголчуудын амьдралын хэв шинжийн нэг хэсэг болж ирсэн (27.7%) зэрэг шалтгаан нөхцлүүд жагсаалтын сүүлийн байруудыг эзэлжээ (Шалтгаан нөхцөл тус бүрээр хариултыг хавсралт хүснэгтээс үзнэ үү).
Авлига авсан албан тушаалтан шүүх хурал дээр өөрийгөө хэрхэн зөвтгөж болох вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 26.4 хувь нь “Манай цалин бага, би гэр бүлээ тэжээх хэрэгтэй байна шүү дээ”, 24.4 хувь нь “Баригдаж мэдэгдсэн нь л би болохоос бүгд авч байгаа шүү дээ”, 7.9 хувь нь “Би өөрийн хүсэлтээр хахууль аваагүй, дарга нарын шахалтаар л хийсэн шүү дээ”, 7.4 хувь нь “Манай удирдлага аваад байхад би яагаад авч болохгүй гэж”, 7.2 хувь нь “Надад маргааш юу болохыг мэдэхгүй. Би ирээдүйн талаар бодох хэрэгтэй”, 4.3 хувь нь “Би их удаан ажиллаж байгаа, мэргэшсэн, гэтэл намайг одоо болтол дэвшүүлэхгүй байна” гэж хэлж болох юм гэж үзжээ.

1 comment:

Google+ said...

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339