АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-4


Бүлэг 3. ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ
3.1 Судалгааны үр дүнгээс хийсэн дүгнэлт
Авлигын ерөнхий төлөв байдлын энэ удаагийн судалгааны зорилго нь иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийн авлигын талаарх төсөөлөл, авлигын цар хүрээ, хэлбэр шалтгаан, тэдгээрийг хэрхэн арилгах талаарх тэдний санаа бодлыг тодруулах, авлигатай холбоотой тэдэнтэй тохиолдож байсан асуудлууд, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг мэдээллийг цуглуулан, нэгтгэн дүгнэж олон нийтэд тархаах, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээлэл болгон ашиглах явдал байсан юм. Нөгөө талаас авлигын индексийн аргачлалыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, энэ чиглэлээр судалгаа явуулах туршлага хуримтлуулахад энэ удаагийн судалгааны зорилго оршиж байсан юм. Авлигын ерөнхий төлөв байдлын 2008 оны судалгааг 21 аймаг, нийслэлийн 2990 иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдыг хамруулан явуулж, үр дүнг нэгтгэн гаргасан нь дээрх зорилгуудыг бүрэн хангаж чадсан үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна.
Авлига, хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын ашиг хонжоо хайсан байдал нь иргэдийн сэтгэлийг зовоож буй асуудлуудын нэг болж байгаа бөгөөд үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийн дараа орж байна. Иймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж, авлигын цар хүрээ, шалтгаан нөхцлийг тодорхойлон судалгаа мэдээлэлтэйгээр, системтэйгээр энэхүү үзэгдэлтэй тэмцэх нь зүйтэй юм.
Авлигын цар хүрээг тодорхойлох явдал нь энэ удаагийн судалгааны эхний зорилго байсан юм. Судалгаанд оролцогчдын төсөөллөөр манай улсад авлига түгээмэл үзэгдэл болоод байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 81.9-87.7 хувь нь манай улсад авлига газар авсан гэж дүгнэжээ. Гэхдээ авлигын цар хүрээний талаарх иргэдийн төсөөлөл нь ихээхэн субъектив шинж чанартай гэж үзэх хандлага байдаг. Судалгаанд оролцсон иргэдийн 81.9 хувь авлига түгээмэл үзэгдэл гэж үзсэн хэдий ч тэдний 57.5 хувь нь өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулжээ.
Олон нийт авлигыг хэрхэн ойлгож байна вэ гэдгийг тодруулах нь уг үзэгдлийг судлахад чухал холбогдолтой юм. Авлигыг иргэд олон янзаар тодорхойлж байгаа хэдий ч төрийн албан тушаалын эрх мэдлээр бизнес хийх гэсэн тодорхойлолт давамгайлж байна. Түүнчлэн авлигыг хээл хахууль өгөх, авах гэдгээр голчлон ойлгож, албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг шамшигдуулах, өөрийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулах зэргийг орхигдуулах хандлага байгааг энд дурьдах нь зүйтэй юм. Үүнтэй холбоотойгоор “авлига өгөх”, “авлига авах” гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд бий болсон байна. Дээр дурьдсан хоёр тооны зөрүүгээр авлига болон хээл хахуулийн хоорондын ялгааг харуулж байна гэж үзэж болох юм.
Иргэдийн зүгээс төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх санаачлага, шалтгаан нь ерөнхийдөө тухайн асуудлыг хээл хахууль өгөхгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн тогтсон үзэл баримтлал байдаг, иргэд өөрсдөө хээл хахуулийг санал болгож өгдөг, төрийн албан хаагчид шаарддаг эсвэл тийм байдалд оруулдаг гэсэн гурван эх үүсвэртэй байдаг байна. Судалгааны дүнгээр иргэд дунджаар 520.9 мянган төгрөгийн хэмжээтэй хээл хахуулийг дунджаар 210 хоногийн хугацааны дотор төрийн албан хаагчдад өгсөн байна. Иргэдийн төрийн албан хаагчдад өгсөн хахуулийн хэмжээ нь тэдний сарын дундаж орлогоос 47.3 хувиар илүү байгаа юм.
Иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын төсөөллөөр авлигад хамгийн их өртсөн институциудээр газрын алба, УИХ-ын гишүүд, гаалийн байгууллага, эмнэлэгүүд, улс төрийн намууд зэргийг нэрлэж байна.
Судалгаанд оролцогчид улс төрчид, төрийн албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал болон төрийн хяналтын систем сул байгаа нь авлигыг бий болгож гол шалтгаан нөхцөл гэж үзэж байна. Харин бусад шалтгаан нөхцлүүдийн хувьд иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид бүр ялгаатай байдлаар тодорхойлж байна. Тухайлбал, авлига үүсэх шалтгаан нөхцөл болж болох 26 асуудлаас иргэд төрийн хяналтын систем сул байгааг, төрийн албан хаагчид төрийн албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцдэггүй байдлыг, бизнес эрхлэгчид төрийн үйл ажиллагаа бизнесийн үйл ажиллагаатай холилдож байгаа зэргийг авлига үүсэхэд чухал нөлөөтэй хүчин зүйл гэж үзэж байна.
Судалгааны дүнгээс авлигыг гол нөхцөл нь улс төрийн тогтолцоо, сонгуулийн системд байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 57.0-68.7 хувь нь улс төрийн намууд, УИХ-ын гишүүдийг авлигад их автсан, 82.5 хувь нь улс төрчид авлигаас ашиг хонжоо олдог учраас авлигатай тэмцэх хүсэл зорилго байдаггүй, 79.3 хувь нь өөрсдөд нь ашигтай байдаг учраас бизнес эрхлэгчид төр засгийн хүрээнд авлигачдыг байлгах сонирхолтой байдаг гэж үзсэн зэрэг үүнийг баталж байгаа юм. Бизнес эрхлэгчид ашиг хонжоо хайж улс төрд, цаашлаад төрийн албанд ордог, түүнчлэн бизнес эрхлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжүүлэхийн тулд улс төрчид, төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлдэг байна. Тэгэхээр улс төрийн намын болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн асуудалд анхаарлаа хандуулж ажиллах цаг нэгэнт болсныг дээрх бүх нөхцөл байдлууд харуулж
байна.
Олон нийт авлигатай тэмцэх үйл ажиллагааны эхлэлийн цэг нь авлига үүсэх нөхцлийг эрхзүйн, эдийн засаг гэх мэт бүх хүрээнд үгүй болгох үйл ажиллагаа байх ёстой гэж үзэж байна.
Олон нийтийн авлигын талаарх мэдээллийг олж авдаг гол хэрэгсэл нь сонин болон телевиз болдог байна. Иймээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх энэ төрлийн мэдээллийг ашиглан хийх нь үр дүнгээ өгөх юм.
3.2 Судалгааны үр дүнд үндэслэн дэвшүүлж буй санал, зөвлөмжүүд
1. Авлигын ерөнхий төлөв байдлын энэ удаагийн судалгааны үр дүнд үндэслэн дараахь санал зөвлөмжүүдийг дэвшүүлж байна. Үүнд:
Авлигын тархацын талаарх олон нийтийн төсөөллийг авлигыг хэмжих хэмжүүр болох Авлигын индексийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэх. Авлигын тархацын талаарх олон нийтийн төсөөлөл нь авилгын цар хүрээг үнэн бодитой харуулж чадахгүй боловч нөгөө талаар урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрсэн үр дүнг үнэлэх нэг шалгуур үзүүлэлт болох юм.
2.Цаашид авлигын ерөнхий төлөв байдлын судалгааны аргачлал арга зүйг сайжруулан тогтмол хугацааны давтамжтайгаар явуулах. Энэ төрлийн судалгаа нь авлигын ерөнхий төлөв байдал, олон нийтийн хандлагыг тодорхойлох нэг гол мэдээллийн эх үүсвэр юм.
3.Авлигын цар хүрээ, хэмжээ, хэлбэр шалтгааны талаар тооцоо судалгаанд үндэслэсэн илүү бодитой мэдээллийг олон нийтэд тархаах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархааж мэдээлэлд үнэлэлт дүгнэлт өгч байх. Авлигын талаарх бодитой бус, тооцоо судалгаанд үндэслээгүй таамаг төдий мэдээлэл нь авлигын талаарх олон нийтийн төсөөлөлд нөлөөлж, энэ байдалд эргээд авлига бол түгээмэл үзэгдэл, хээл хахууль өгөхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн үзэл баримтлалыг олон нийтийн дунд дэлгэрүүлэхэд хүргэж байна.
4. Авлигыг үүсгэж буй шалтгаан нөхцлүүдийг эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд судлан үзэж, тэдгээрийг арилгах талаар системтэй бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Авлигыг үүсгэж буй шалтгаан нөхцлүүдийг салбар, чиглэл тус бүрээр судлан үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ажил нэн тэргүүнд төрийн байгууллагуудын авлигын эрсдлийн үнэлгээгээр хэрэгжих юм гэж үзэж байна.
5.Авлигын эдийн засаг, нийгэмд учруулж буй хор хөнөөлийн талаар таамгийн төдий бус үндэслэл, тооцоотой судалгааг хийж олон нийт, бодлого боловсруулагчдад тархаах. Авлигын хор хөнөөлийн талаар олон төрлийн судалгаа байдаг боловч тэдгээр нь онолын шинж чанартай, таамаг төдий мэдээллүүд байгаад дүгнэлт хийж бодитой тоо мэдээллээр баталгаажуулсан, үндэслэл, тооцоо судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байна.
6.Авлигыг үүсгэж буй голлох шалтгааны нэг нь улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй, ил тод нээлттэй болгох. Сонгуулийн сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд иргэд, бизнес эрхлэгчдээс хандив, дэмжлэг авах, эргээд дэмжлэг үзүүлсэн этгээддээ ашигтай байдал бий болгох нь нийтлэг үзэгдэл болж байна.
7.Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх. Авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигатай холбоотой мэдээллийг олон нийтэд тархаах үйл ажиллагаа нь ямар нэг үзэл баримтлал, бодлогогүй явж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байна. Олон нийтийн төсөөллөөр авлигын түвшин өндөр байгаа нь соён гэгээрүүлэх үйл ажиллагаатай дам холбоотой юм.
8.Авлигын тодорхойлолтыг нэг мөр болгож хэвшүүлэх, хуулийн нэр томъёог энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглах.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, судалгааны мэдээлэл, үр дүн, санал, зөвлөмжийн талаарх асуулт, санал зөвлөмжтэй бол Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албанд дараахь хаягаар хандана уу.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний алба:
Смарт Булдингийн 401 тоот.
Сөүлийн гудамж,
Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс.

Утас: 976-70112565
email: davaasuren@iaac.mn

No comments: