АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-2


Бүлэг 2.СУДАЛГААНЫ ДҮН
2.1 Судалгааны ерөнхий дүн
Авлигын ерөнхий төлөв байдлын 2008 оны судалгаанд 21 аймаг, нийслэлийн 2990 иргэд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид хамрагдлаа. Судалгаанд оролцогчдын 44.6 хувь буюу 1333 нь иргэд, 43.4 хувь буюу 43.4 хувь нь төрийн албан хаагчид, 12.0 хувь буюу 360 нь бизнес эрхлэгчид байлаа. Судалгаанд оролцогчдын 19.4 хувь нь Улаанбаатар хотоос, 18.5 хувь нь баруун бүсээс, 23.2 хувь нь хангайн бүсээс, 29.3 хувь нь төвийн бүсээс хамрагдсан байна. Нэг аймгаас дунджаар 115 хүн судалгаанд оролцжээ.
2.2 Иргэдийн судалгааны дүн
2.2.1 Судалгаанд оролцогчдын ерөнхий үзүүлэлтүүд
Иргэдийн дунд явуулсан Авлигын талаарх төсөөллийн судалгаанд 21 аймаг болон нийслэлийн, 16-82 насны, боловсролын түвшин, орлогын хувьд нийгмийн бүх давхаргыг төлөөлөхүйц 1333 иргэн хамрагдлаа.
2.2.2. Иргэдийн амьдралын түвшин
Судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь амьдрал хүнд байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Судалгаанд оролцогчдын 45.0 хувь “Олсон орлогоо амьжиргаандаа дөнгөж хүргэж байна”, 15.7 хувь нь “Бүх зүйлээс татгалзаж, зөвхөн хоол хүнсэндээ зарцуулж байна”, 7.6 хувь нь “Заримдаа хоол хүнс хүрэлцэхгүй ядарч байна” гэж хариулсан бол 21.9 хувь нь ”Хангалуун амьдарч байна, гэхдээ маш их хөдөлмөрлөж байна”, 5.4 хувь нь “Юугаар ч дутахгүй хангалуун амьдарч байна” гэж хариулжээ.
Үнийн өсөлт (25.3%), ядуурал (17.6%), ажилгүйдэл (14.9%), төрийн албан тушаалтнуудын ашиг хонжоо хайсан байдал, авлига, хүнд суртал (10.3%), архидалт (8.2%) зэрэг нь манай нийгэмд учирч байгаа, иргэдийн сэтгэлийг хамгийн их зовоосон асуудлууд болж байна. Эндээс харахад бидний судалгааны гол зорилго болох авлига, хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын ашиг хонжоо хайсан байдал нь иргэдийн сэтгэлийг зовоож буй асуудлуудын нэг болж байна.
2.2.3. Иргэдийн амьдрал дахь авлигын тохиолдлууд
... Иргэдийн төсөөллөөр хээл хахууль өгөх санаачлага, шалтгаан нь ерөнхийдөө гурван эх үүсвэртэй бөгөөд судалгаанд оролцогчдын 30.3 хувь нь энэ тохиолдолд хээл хахуульгүйгээр асуудлаа шийдвэрлэх боломжгүй гэж урьдаас мэдэж байсан учраас, 24.0 хувь нь албан тушаалтан хээл хахууль өгөхийг шаардаагүй боловч би өгсөн нь найдвартай гэж шийдсэн учраас, 8.7 хувь нь албан тушаалтан надад санал болгосон, шаардсан эсвэл тийм байдалд оруулсан учраас хээл хахууль өгсөн гэж хариулжээ. Эндээс харахад авилга нь хэвшмэл үзэгдэл, тогтсон үнэ ханштай байдаг, нөгөө талаас иргэд өөрсдөө авлигыг бий болгодог гэж үзэж болохоор байна.
Төрийн үйлчилгээ авахдаа хээл хахууль өгч асуудлаа шийдвэрлэсэн иргэдийн хувьд төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийн дундаж хэмжээ 520.9 мянган төгрөг байжээ (жигнэсэн дунджийн аргаар тооцож үзэхэд). Судалгаанд оролцсон, төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан иргэдийн 48.2 хувь нь 10.0-50.0 мянган төгрөгийн, 17.6 хувь нь 50.0-100.0 мянган төгрөгийн, 11.9 хувь нь 100.0-200.0 мянган төгрөгийн, 11.9 хувь нь 200.0-500.0 мянган төгрөгийн, 10.3 хувь нь 500.0 мянга болон түүнээс дээш төгрөгийн хахууль өгсөн гэж хариулжээ.
Иргэдийн зүгээс төрийн албан хаагчдад хахууль өгснөөр төрийн албан хаагчдын асуудлыг шийдвэрлэх хурд, үр ашиг нэмэгдэж, иргэд өөрсөддөө ашигтай байдлаар асуудлаа шийдвэрлүүлж авч чаддаг байна.
Хахууль өгсөн ихэнх хүмүүсийн хувьд авлигад автсан төрийн албан хаагчдыг, төрийн эрх мэдлийг үзэн ядах зэрэг эвгүй сэтгэгдэл төрдөг байна.
2.2.4. Иргэдийн итгэл үнэмшил
Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг 23 төрлийн нийгмийн институциудад итгэх итгэлийг асуух замаар иргэдийн тухайн институцид болон нийгэмд хандах хандлагыг тодорхойлсон юм. Дээр дурьдсан 23 төрлийн институциудаас боловсролын байгууллагууд (бүрэн итгэдэг болон итгэдэг гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь-62.1%), батлан хамгаалах зэвсэгт хүчин (62.0%) зэрэг инститициуд иргэдийн итгэлийг хүлээсэн институциэр шалгарч байгаа бол газрын алба (26.2%), гаалийн байгууллага (25.9), улс төрийн намууд (17.4%) иргэдийн итгэлийг хамгийн бага хүлээдэг байгууллагууд болж байна.
Судалгаанд оролцогчдоос өнөөгийн нийгмийн байдлын талаар зарим нэг асуултуудыг асууж хариулт авсан юм. “Засгийн газрын үүрэг бол хүн болгоныг ажилтай болгох” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 58.6 хувь нь бүрэн болон санал нийлж байна гэж хариулсан бол 33.7 хувь нь санал нийлэхгүй, санал огт нийлэхгүй байна гэж хариулжээ. Иргэдийн гуравны нэг нь ажил эрхэлж амьдралаа залгуулан авч явах тухайн хүний өөрийнх нь үүрэг гэж үзэж байна.
“Би сонгууль өгч байхдаа хэний төлөө санал өгч байгаагаа мэддэггүй” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 27.1 хувь нь санал нийлж байна гэж хариулсан хэдий ч “Ардчилал өрнөснөөр бид өнөөдөр хамгийн шилдэг хүмүүсээ сонгож чадаж байна” гэдэгтэй зөвхөн 23.6 хувь нь л санал нийлж байна гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 77.1 хувь нь “Бид нарын сонгосон гишүүд маш хурдан бидний хүсэн хүлээж буй зүйлийг мартдаг” гэдэгтэй санал нийлж байна гэж хариулжээ. Эндээс харахад иргэд маань сонгуульд саналаа өгөхдөө нэр дэвшигчийн талаарх өнгөцхөн мэдээлэлд үндэслэн санал өгдөг эсвэл нэр дэвшигчдийн амлалт, мөрийн хөтөлбөрт хууртаж сонголтоо хийдэг, сонгуулийн дараа хамгийн сайн хүнийг сонгож чадаагүй болохоо мэддэг, сонгогдсон гишүүд нь иргэд сонгогчидоо маш хурдан мартдаг гэж дүгнэж болох юм.
“Юу ч ярьж байсан мөнгө бол бүхнийг шийднэ” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 55.6 хувь нь санал нийлж байна гэж хариулсан бол “Өнөөдөр хэн ч хуулийг мөрдөхгүй байна. Иймд хууль мөрдөх нь тэнэг ба гэнэн зүйл юм” гэдэгтэй 48.8 хувь нь санал нийлж байна гэжээ. Иргэдийн тэн хагас нь хууль мөнгөтэй хүнд үйлчилж байна, иймд хуулийг мөрдөх шаардлагагүй гэж үзэх болсон нь анхааралдаа авах шаардлагатай мэдээлэл юм.
Түүнчлэн том бизнес эрхлэгчид, банкныхан улс төр, хууль хяналтын хүрээнд нөлөөтэй болж, хууль тэдэнд үйлчилж байна гэж иргэдийн ихэнх нь үзэж байна. “Том бизнес эрхлэгчид, банкныхан эрх мэдэл, нөлөө ихтэй болж байна” гэдэгтэй судалгаанд оролцогчдын 73.8 хувь нь санал нийлж байна, 19.3 хувь нь санал нийлэхгүй байна гэж үзсэн бол 6.9 хувь хариулж мэдэхгүй байна гэжээ.
Үг хэлэх эрх чөлөө нь дур зоргоороо авирлахад хүргэж байна гэдэг дээр иргэдийн санал хуваагдаж байна. Судалгаанд оролцогчдын 51.8 хувь санал нийлж байна, 39.9 хувь нь санал нийлэхгүй байна гэж хариулсан бол 8.4 хувь хариулж мэдэхгүй байна гэжээ. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө гэсэн асуудлууд ардчилсан нийгмийн үед урган гардаг хэдий ч нөгөө талаар хариуцлагатай сэтгүүл зүй, хүнийг эрхийг хүндэтгэх зэрэг асуудлууд эсрэгээр нь гарч ирдэг юм.
Тухайн институцийг маш шударга, шударга, харьцангуй шударга гэж хариулсан иргэдийн эзлэх хувийн жингээр эрэмбэлүүлэн авч үзэхэд шударга байдлын үзүүлэлтээр ерөнхий боловсролын сургуулиуд (76.1%), банкны байгууллага (68.3%) зэрэг байгууллагууд тэргүүлж байгаа бол газрын алба (46.7%), УИХ-ын гишүүд (43.9%), улс төрийн намууд (37.0%) сүүлийн байрыг эзэлжээ.
2.2.5. Авлигын тодорхойлолт, цар хүрээ, хэлбэр шалтгааны талаарх иргэдийн төсөөлөл
Иргэдийн 87.7 хувь нь манай улсад төрийн албан хаагчдын дунд авлига, хээл хахууль газар авсан гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын 59.8 хувь нь албан тушаалтнуудын ихэнх хувь нь авлигад автсан, 27.9 хувь нь бага хувь нь авлигад автсан, 10.6 хариулж мэдэхгүй байна гэж хариулсан бол ердөө 1.7 хувь нь албан тушаалтнууд огт авлигад автаагүй гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 48.2 хувь нь албан тушаалтнууд авлига өгөх гарцаагүй байдлыг бий болгодог, санал болгодог шаарддаг гэж үзсэн бол 22.5 хувь нь бусад хүмүүс авлига өгсөн нь дээр гэж ятгадаг, иргэд өөрсдийн санаачлагаар өгдөг, 18.4 хувь нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд авлига өгөх нь гарцаагүй, өөр арга зам байхгүй гэдэг үүднээс авлига өгдөг гэж үзжээ. Тэгэхээр авлига өгөх санаачлага нь гурван эх үүсвэртэй гэж үзэж болох юм.
Төрийн байгууллагууд, бусад институцийн хувьд авлигад хэр автсныг судалгаанд оролцогчдоор тодорхойлуулан авлигад харьцангуй их автсан, нэлээд автсан гэж үзсэн иргэдийн дүнгээр авч үзэхэд эхний таван байранд УИХ-ын гишүүд (68.7%), газрын алба (64.2%), гаалийн байгууллага (59.7%), улс төрийн намууд (57.0%), эмнэлэгүүд (56.3%) оржээ. Авлигад харьцангуй автаагүй институцээр банкны байгууллага (34.6%), олон нийтийн байгууллагууд (25.8%) орж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд тухайн аймаг, нийслэл, дүүрэгт авлигын түвшин хэрхэн өөрчлөгдсөн талаарх асуултад иргэдийн 41.3 хувь нь өссөн, 20.3 хувь нь өөрчлөгдөөгүй гэж үзсэн бол ердөө 5.8 хувь нь буурсан гэж хариулжээ. Авлигын түвшин хэрхэн өөрчлөгдсөн талаар иргэдийн гуравны нэг нь ямар нэг төсөөлөлгүй байна. Дараагийн гурван жилд хэрхэн өөрчлөгдөх талаарх иргэдийн үзэл бодлыг өмнөх гурван жилийн талаарх төсөөлөлтэй харьцуулахад өснө гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 9.2 пунктээр өссөн гэж үзсэн иргэдийн эзлэх хувиас илүү байна. Иргэдийн 32.1 хувь нь өснө, 21.3 хувь нь өөрчлөгдөхгүй гэж үзсэн бол 12.3 хувь нь буурна гэж үзжээ.
2.2.6. Авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаарх иргэдийн бодол, энэхүү үйл ажиллагаанд хандах хандлага
Төрийн дээд удирдлагуудын зүгээс ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлбэл тэд авлигатай тэмцэх чиглэлээр бодитой ажил хийж эхэлж байна гэж үзэх вэ гэсэн асуултад хамгийн их хувь нь буюу 28.6 хувь нь хахууль авсан, өгсөн талуудад ногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулах гэж хариулсан бол дараа нь 11.7 хувь төрийн дээд удирдлагын дунд авлигатай тууштай тэмцэх, 9.8 хувь төрийн дээд удирдлагууд өөрсдөө шударга үнэнч байх жишээ болох гэж хариулсан нь оржээ.

No comments: