АВЛИГЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН (ХУРААНГУЙ)-1


Бүлэг 1. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.1 Нийтлэг үндэслэл

Монгол улсын Авлигатай тэмцэх газар (АТГ) нь Авлигын эсрэг Монгол улсын хуульд заасны дагуу Авлигын цар хүрээ, цар хүрээ, хэлбэр шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индекс болон төрийн байгууллагын шударга байдлыг түвшинг судлан олон нийтэд мэдээлэх үүргийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2008 оны 3 дугаар сард АТГ-т Судалгаа, шинжилгээ алба (США)-ыг байгуулсан.США байгуулагдснаар үндэсний болон олон түвшинд авлигын чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудын аргачлал, арга зүй, үр дүн, тэдгээрт хийгдсэн дүгнэлт зэргийг судлан үзэж улмаар Авлигын индекс, төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тогтоох судалгааны аргачлал, арга зүйг боловсруулах зэрэг ажлыг хийж ирсэн юм.
Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” гэсэн 24 дүгээр зорилтын хүрээнд дараах 3 үзүүлэлт багтаж байгаа юм. Үүнд:
- Авлигын индекс
- Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл
- Төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагын хүрээн дэх авлигын
талаарх төсөөлөл зэрэг юм.
УИХ-ын 2008 оны 13 тогтоолын дагуу дээрх гурван шалгуур үзүүлэлтийн Авлигын индекс болон улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл гэсэн хоёр төрлийн үзүүлэлтийг АТГ тооцож мэдээлэхээр болсон билээ.
Дээрх үндэслэл, шаардлагын хүрээнд авлигын индексийг тооцох аргачлалыг боловсруулах чиглэлээр олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд уг ажлын суурь мэдээллийг цуглуулах зорилгоор авлигын талаарх төсөөлөл, цар хүрээ, хэлбэр шалтгааныг тодорхойлох зорилготой судалгааг иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид гэсэн гурван чиглэлээр Монгол улсын бүх аймаг, нийслэлийг хамруулан явууллаа.
1.2 Судалгааны зорилго
Энэ удаагийн судалгааны зорилго нь иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийн авлигын талаарх төсөөлөл, авлигын цар хүрээ, хэлбэр шалтгаан, тэдгээрийг хэрхэн арилгах талаарх тэдний санаа бодлыг тодруулах, авлигатай холбоотой тэдэнтэй тохиолдож байсан асуудлууд, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг мэдээллийг цуглуулан, нэгтгэн дүгнэж олон нийтэд тархаах, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээлэл болгон ашиглах явдал юм.
Нөгөө талаас авлигын индексийн аргачлалыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, энэ чиглэлээр судалгаа явуулах туршлага хуримтлуулахад энэ удаагийн судалгааны зорилго оршиж байгаа юм.
1.3 Судалгааны хамрах хүрээ
Авлигын талаарх тандалтын судалгааны хамрах хүрээг гурван бүлэгт авч үзсэн.
Үүнд:
1. Иргэд (Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршиж суугаа иргэд)
2. Төрийн албан хаагчид (“Төрийн албаны тухай” Монгол улсын хуулийн 3.3-д заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид)
3. Бизнес эрхлэгчид (Ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх төрлийн хуулийн этгээдийн захирал, эзэн болон аж ахуйн зохион байгуулалтад ороогүй хувиараа хөдөлмөр эрхлэгчид)
Газар зүйн байршилын хувьд судалгааны хамрах хүрээ нь Монгол улсын бүх газар нутаг байв.
1.4 Судалгааны ерөнхий зарчим, зохион байгуулалт, мэдээлэл цуглуулалт
Авлига бол олон талт нийгмийн үзэгдэл бөгөөд түүнийг цөөн үзүүлэлтээр тодорхойлох боломжгүй юм. Энэ удаагийн судалгааны зорилго нь манай улсад оршиж буй авлигын энэхүү олон талт дүр зургийг тодорхойлох зорилготой бөгөөд авлигыг субъектив болон объектив хоёр талаас авч үзсэн юм. Авлигын субъектив бүрэлдэхүүн хэсэгт дараахь асуудлыг хамруулж үзсэн. Үүнд:
1. Тухайн орон нутаг дахь авлигын түвшин.
2. Авлигад хандах хандлага
3. Авлигын талаарх ойлголт тодорхойлолт
Авлигын объектив бүрэлдэхүүн хэсэгт дараахь асуудлыг хамруулж үзсэн. Үүнд:
1. Судалгаанд оролцогчдын амьдралын хэв маяг
2. Авлигын тархалтын үзүүлэлтүүд
3. Авлигатай холбоотой туршлагын үзүүлэлтүүд
4. Авлигын үр дагавар
Дээрх субъектив болон объектив талын талаарх мэдээллийг цуглуулахад чиглэгдсэн санал асуулгын хуудсыг нийгмийн тодорхой бүлгүүдээр бөглүүлэн авч нэгтгэн дүгнэх замаар судалгааг явуулсан. Судалгааны мэдээллийг санал асуулга гэдэг утгаар сайн дурын үндсэн дээр цуглуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2008 оны 9-11 сард АТГ-аас зохион байгуулсан “Аймаг, сум алслагдсан дүүрэгт зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд гүйцэтгэлээ.
Иргэдийн судалгааны мэдээллийг сонгогдсон багийн Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч нараар нийт өрхүүдэд тараан өгч бөглүүлсэн. Төрийн албан хаагчдын судалгааны мэдээллийг сонгогдсон төрийн байгууллагын албан хаагчдад тараан өгч бөглүүлсэн. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Аймаг, сум, алслагдсан дүүрэгт зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид авлигын эсрэг” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалт, семинарын явцад оролцогчдын дунд энэ чиглэлээр хэлэлцүүлэгийг зохион байгуулж, судалгааны хуудсыг бөглүүлсэн.
1.5 Судалгааны хугацаа
Энэхүү судалгаа нь нэг удаагийн түүвэр судалгаа байсан бөгөөд судалгааны мэдээллийг 2008 оны 9 дугаар сарын 8-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд цуглуулсан.
1.6 Судалгааны түүвэрлэлт
Судалгааны түүвэрлэлтийг хоёр түвшинд хийсэн. Түүвэрлэлтийн эхний шатанд аймаг тус бүрээс судалгаанд хамрагдах сумдыг сонгосон. Энэ аймгийн төвийн сумдыг нэлэнхүй байдлаар бүгдийг нь, бусад сумдаас хүн амын тоо, нягтрал зэргийг харгалзан үзэж сонгосон. Судалгааны түүвэрлэлтийн хоёрдахь шатанд судалгаанд хамрагдах нэгжийг сонгосон.
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь хувь хүн юм. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн судалгааны хувьд ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн төрлийн хуулийн этгээдийн захирал, эзэн болон аж ахуйн зохион байгуулалтад ороогүй хувиараа хөдөлмөр эрхлэгчид байсан бөгөөд тэд бизнесийн нэгжийн болоод хувь хүнийхээ хувьд судалгааны асуулгад хариулж байсан юм.
1.7 Судалгааны асуулгын хуудас
Санал асуулгын хуудасны бүтэц нь судалгаанд оролцогч гурван бүлгээс нийтлэг байдлаар асууж үр дүнг гарган харьцуулах зорилго бүхий ерөнхий хэсэг болон иргэд, төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан юм.
Санал асуулгын ерөнхий хэсэгт дараахи асуудлуудыг агуулж байв. Үүнд:
•Үнэлгээ: ерөнхийд нь авлигын түвшин, авлигад автсан байдлаар нь, авлигын төрлүүдээр нь гэх мэтээр төрөл бүрийн төрийн байгууллагуудын эрх мэдлийн харьцуулалт.
•Ойлголт: авлига болон түүнийг бий болгож буй шалтгаан нөхцлийн талаарх ойлголттой холбоотой бүлэг асуултууд
•Итгэлцэл: “Илтгэх-үл илтгэх” гэсэн төрөлд судалгаанд оролцогчдыг тодорхойлж хамруулах зорилго бүхий бүлэг асуултууд
•Авлигад автах -үл автах байдал: Авлигын хэлэлцээрт оролцоход бэлэн байдал болон авлигын эсрэг байх байдлаар нь хариулагч нарыг тодорхойлох бүлэг асуултууд
•Зан төлөв: хариулагч нарын үйл хөдлөл, үнэлгээнд нөлөөлж болох тэдний нийгэм-сэтгэл зүйн зан төлөвийг олон талаас нь тодорхойлох бүлэг асуултууд
•Авлигын эсрэг арга хэмжээ болон энэхүү төрлийн асуудлуудын талаархи санаа бодол
•Улс төр: хариулагч нарын улс төрийн үзэл бодлыг илэрхийлэх бүлэг асуултууд
•Нийгэм-хүн ам зүйн асуултууд
Судалж буй тухайн асуудлыг шийдвэрлэх бусад асуултууд
Иргэдэд зориулагдсан асуултуудын тусгай хэсэгт дараахь асуултуудыг авч үзсэн. Үүнд:
•Хариулагчдын нийгмийн оролцооны талаархи өөрсдийнх нь үнэлгээ
•Ахуйн хүрээн дэх авлигын хэмжээ, шинж чанарын талаарх ерөнхий үнэлгээ
•Хамгийн сүүлд учирсан авлигын тохиолдлынх нь талаархи асуултууд
•Улсын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний талаарх ерөнхий үнэлгээ
•Улсын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын үйлчилгээнд авлигатай учирсан тохиолдлууд
Бизнес эрхлэгчдийн судалгааны асуулга нь дараахь сэдвийг хамарсан бүлэг асуултуудтай байсан. Үүнд:
•Эрхэлж буй бизнесийн талаархи үзүүлэлтүүд /цар хэмжээ, салбар, өмчлөлийн хэлбэр гэх мэт/
•Бизнесийн үйл ажиллагааны авлигад өртсөн байдал
•Бизнесийн ололт амжилт
•Тендерт оролцох зэрэг бизнесийн төртэй болон шүүхийн байгууллагуудтай харилцах харилцаа
•Бизнесийн төрөөс хамаарах хамаарал
•Төрөөс бизнест үзүүлж буй дарамт шахалт
•Авлига, хээл хахууль болон бусад албан бус арга хэмжээ: туршлага, нөхцөл, үр нөлөө
Төрийн албан хаагчдын судалгааны асуулгын хувьд 1999 онд Голландын хамтын ажиллагааны банкнаас санхүүжүүлэн Бангладеш улсад явуулсан “Төрийн албан хаагчдынавлигынтүвшин,тохиолдлууд”судалгааныасуулгадүндэслэн боловсруулсан.
Төрийн албан хаагчдын судалгааны асуулга нь дараахь хэсгүүдээс бүрдэж байв. Үүнд:
•Төрийн албанд хэрхэн орсон
•Төрийн албаны боломж, давуу тал
•Төрийн албаны үйл ажиллагаан дахь ил тод байдал
•Төрийн албаны үйл ажиллагаан дахь авлигатай холбоотой нөхцөл, тохиолдлууд
•Авлигын талаарх мэдээлэл, мэдлэг

No comments: