Социологийн судалгааны программ хэрхэн боловсруулах вэ?


Социологийн судалгааны программ нь нийгмийн үзэгдлийг судлах логик дэс дараалал, арга зүйн үндэс, аргачлал зэргийг тусгаж судалгааны ерөнхий чиг, агуулга, үр дүнг урьдчилан заана. Программгүй явуулсан судалгаанд зорилт, шийдвэрлэх асуудал бүрхэг болохоос гадна чухам ямар мэдээллийг ямар хэмжээгээр, ямар аргаар авч боловсруулах нь тодорхойгүй байдаг. Программгүйгээр судалгаа явуулах нь тодорхой үр дүнд хүрэхгүй байж болох бөгөөд судалгаанд зарцуулсан цаг, хүч хөдөлмөр үр дүнгүй болж болно. Иймээс бичиглэл сорилын төлөвлөгөөгөөр хийх социологийн судалгааг заавал программтай явуулна. Судалгааны программ нь дараах элементүүдээс бүтнэ.

1 ХЭСЭГ. Программын арга зүй

1/ Судалгааны шийдвэрлэх асуудал, объект , судлах зүйл.

2/ Судалгааны зорилт, зорилго

3/ Үндсэн ойлголтонд хийх тайлбарлал

4/ Судалгааны судлах зүйлийн шинжилгээ

5/ Гипотез

6/ Судалгааны мэдээлэл авах үндсэн чиглэл

2 ХЭСЭГ. Судалгааны аргачлал

1/ Судалгааны объектын түүврийн хэмжээг тогтоох аргачлал
2/ Мэдээлэл авах арга техник
3/ Мэдээлэл боловсруулах арга техник

1. Судалгааны шийдвэрлэх асуудал, судлах зүйл, объект, зорилт, зорилго

Шинжлэх ухааны мэдлэг бий болох гол нөхцөл бол нийгмийн амьдралын практик эрэлт хэрэгцээ юм. Танин мэдэх үйл явцад нэг эрэл хэрэгцээг хангаж, шинэ хэрэгцээ бий болж, түүнийг хангах гэх мэтээр танин мэдэхүйн процесс хязгааргүй үргэлжилдэг. Аливаа үзэгдлийг танин мэдэх эрэлт хэрэгцээ, уг эрэлт хэрэгцээг хангахад шаардагдах танин мэдэхүйн тухайн түвшин дэх мэдлэг хоёр хоорондоо зөрчилтэй байдаг.

Социологийн ямар ч судалгаанд нэг талаас нийгмийн аливаа үзэгдлийг танин мэдэж, өөрчлөх эрэлт хэрэгцээ гарсан, нөгөө талаас тэр хэрэгцээг хангах мэдлэг, арга зам тодорхойгүй ийм нөхцлөөс эхэлнэ. Тийм нөхцлийг шинжлэх ухаанд асуудал шийдэх нөхцөл гэнэ. “Онол практикийн үйл ажиллагааны ямар нэгэн үр дүнд хүрэхийг шаардсан ухамсарлагдсан шаардлага ба уг үйл ажиллагаанд хүрэхэд шаардагдах арга зам, хэрэгсэл, араг барилын талаарх мэдлэгийн түвшин хоёроос гарах зөрчил юм. Энэ зөрчил нь уг үзэгдлийн хуулийн талаарх мэдлэг байхгүйгээс гардаг.

Асуудал шийдэх нөхцөл нь бодит байдлаас дэвшигдсэн эрэлт хэрэгцээг хангахад зайлшгүй шаардагдах мэдлэгийг олох арга замыг илрүүлэн тогтоохыг шаардана. Жишээ нь: ажиллах хүчний хөдөлгөөнийг /ажилдаа тогтвор суурьшилгүй хүмүүсийн тоог/ багасгах хэрэгцээ амьдралаас дэвшигдэн гарсан боловч түүнийг шийдвэрлэх арга зам тодорхойгүй нөхцөл байдлыг асуудал шийдэх нөхцөл гэж хэлж болно. Хэрэгцээ, түүнийг хангахад шаардагдах мэдлэг /мэдлэгийн тухайн түвшин/ хоёрын зөрчил нь объектив, субкектив аль ч хэлбэртэй байж болно.

Нийгмийн хэрэгцээг хангахд зайлшгүй шаардагдах мэдлэг арга зам шинжлэх ухаанд нэгэнт нээгдэж тогтоогдсон боловч тухайн хүн, бүлэг хүмүүс түүнийг олж мэдэж чадаагүй байж болно. Ийм тохиолдолд нийгмийн эрэлт хэрэгцээ хүмүүсийн мэдлэг хоёрын хооронд зөрчил үүсэх бөгөөд үүнийг субъектив зөрчил гэнэ. Энэ бол удалгаагаар шийдвэрлэх шинжлэх ухааны зөрчил хараахан биш. Түүнийг судлаач хүмүүс уг объектын талаар өөрийн мэдлэгийг шинжлэх ухаанд урьд өмнө нээгдсэн ололтоор нэмж баяжуулснаар л шийдвэрлэж болно. Үүний тулд социологич хайгуулын судалгаа явуулж холбогдох ном зохиолын нэрсийг гаргаж судлах хэрэгтэй. Субъектив зөрчлийг шийдвэрлэх зорилгоор объект дээр социологийн судалгаа явуулах нь шинжлэх ухаанд шинэ үри дүн өгөхгүй, зарцуулсан цаг, хүч хөдөлмөр ашиггүй өнгөрнө. Иймд субъектив зөрчлийг объектив зөрчлөөс ядгавал зохино.

Нийгмийн практикаас дэвшигдсэн эрэлт хэрэгцээг хангахад шаардагдах мэдлэг, арга зам шинжлэх ухаанд хараахан бий болоогүй байж болно. Тийм тохиолдолд нийгмийн хэрэгцээ ба уг үзэгдлийн талаарх хүмүүсийн мэдлэгийн түвшний хоорондох зөрчил нь объектив шинжтэй байна. Объектив зөрчил бол шинжлэх ухааны судалгаагаар шийдвэрлэвэл зохих зөрчил юм. Хайгуулын судалгааны эхний шат болох холбогдох ном зохиолтой танилцсанаар зөрчлийг объектив шинжтэй болохыг тогтоогоод судалгааны дараагийн шат болох компотент хүмүүстэй ярилцах, объект дээр урьдчилсан судалгаа хийх зэргээр асуудал шийдвэрлэх нөхцөлд гүнзгийрэн орж түүнд анализ хийж судалдгаагаар шийдвэрлэх асуудлыг тогтооно.

Социлгогийн шинжлэх ухаанд судалгаагаар шийдвэрлэх асуудал гэж шинж чанар, онцлог нь шинжлэх ухааны хөгжлийн утхайн түвшинд мэдэгдээгүй шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг хүмүүс ухамсарлаж ойлгосон нийгмийн тийм зөрчлийг хэлнэ. Жишээ нь: ажиллах хүчний хөдөлгөөн бол нийгмийн зөрчил бүхий үзэгдэл юм. Учир нь уг үзэгдэл дэх ажиллах хүчний тогтвор суурьшилтай болгох нийгмийн сонирхол болох ажилчдын ажлаа солих сонирхлын хооронд зөрчил үүсч болох бөгөөд үүнийг судалгаагаар шийдвэрлэвэл зохих асуудал хэмээн үзэж болно. Нийгмийн үзэгдэл олон талтай тул өдий төдий зөрчилтэй байдаг. Тэдгээрийн дотор шийдвэрлэх арга зам нь нэгэнт тогтоогдсон зөрчил ч бий, бодитойгоор оршдгийг нь хараахан мэдэж чадаагүй зөрчил ч бий. Шийдвэрлэх асуудал нь зөвхөн хүмүүс бодитойгоор оршдогийг нь мэдсэн, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг нь ухамсарласан боловч яаж шийдвэрлэх арга зам нь тодорхойгүй ийм зөрчил юм. Иймт судалгаагаар шийдвэрлэх асуудлыг “танин мэдэхүйн зөрчил”, “мэдэгдээгүй зүйлийн тухай мэдлэг” гэх мэтээр томъёолох явдал ч бий. Асуудал шийдэх нөхцөлд гүнзгий анализ хийж, шийдвэрлэх асуудлыг зөв тогтоон томъёолох нь судалгаа шинжилгээний ажлын чухал хэсэгюм. “Шинжлэх ухааны шийдвэрлэх асуудлыг зөвөөр таньж томъёолох нь түүнийг шийдвэрлэхээс ч багагүй ач холбогдолтой байдаг. Шийдвэрлэх асуудлыг зөвөөр танилаа гэдэг нь уг асуудлаар явуулах судалгааны ажлын хагасаас илүү хувийг хиижээ гэсэн үг.

Шийдвэрлэх асуудлыг тогтоосны дараа судалгааны объект болон хүчин зүйлийг тодорхойлно. Судалгааны объект гэж зөрчил бүхий /шийдвэрлэх асуудлыг агуулсан/ нийгмийн үзэгдэл, үйл явцыг хэлнэ. Тухайн судалгаа бол объектын хүрээнээс хэрхэвч гарч болохгүй гэдгийг заана. Хэрэв объектын хүрээнээс хальж мэдээлэл авах юм бол танин мэдэх гэсэн зөрчлөө шийдвэрлэж чадахгүй. Энэ нь зөрчлийг агуулаагүй үзэгдэлд судалгаа хийсэн хэрэг болно. Объектоос гадна программд судалгааны судлах зүйлийг онцгой тодорхойлно. Судлах зүйл нь судалгааны объектын судалгаанд шууд хамаарагдах тодорхой тал, шинж чанар, элементүүд юм. Объектын бусад тал шинж чанар нь судлах зүйлтэй холбоотой боловч тухайн судалгаанд хамаарагдахгүй. Хэрэв объект нь нийгмийн зөрчил бүхий тодорхой үзэгдэл бол судлах зүйл нь уг зөрчлийг илүү тод илэрхийлэх шинж чанар, тал элементүүд нь юм. Судалгаагаар шийдвэрлэх асуудал нь ажиллах хүчнийг тотвор суурьшилтай болгох нийгмийн сонирхол ба ажилчдын ажлын газраа солих сонирхол хоёрын зөрчил бол ажилдаа тогтвор суурьшилгүй хүмүүс, ажиллах хүчний хөдөлгөөн ихтэй үйлдвэр, албан байгууллага, тасаг цех, бригадыг судалгааны объект болгоно. Харин ажилдаа тогтвор суурьшилгүй хүмүүсийн ажилдаа харьцах харьцаа, ажлаа солих болсон шалтгаан, тэдний ахуй хөдөлмөрийн нөхцөл нь судлах зүйл болно.

Судалгааны объект, судлах зүйлийг тодорхойлсны дараа нь зорилгыг тодорхойлж программд тусгана.

Социологийн судалгаа нь тодорхой онолын асуудлыг боловсруулах, эсвэл нийгмийн зөрчлийг практикийн үүднээс шийдвэрлэхэд чиглэгддэг. Иймд судалгааны зорилгыг онолын ба практикийн гэж ангилдаг. Үүнээс гадна зорилгыг үндсэн ба үндсэн бус, гол ба гол бус гэж ялгаж үздэг.

Практик шинжтэй зорилго бүхий судалгааны программ боловсруулахдаа социологийн түгээмэл, ерөнхий тусгай арга зүйг нэгэн адил удирдлага болгоно.

Практик зорилготой судалгаагаар шийдвэрлэх асуудлыг нийгмийн практикаас үүссэн эрэлт хэрэгцээний дагуу тогтооно. Практикийн шинжтэй зорилгоор явуулах судалгааг удирдлагын шийдвэр, холбогдох баримттай танилцах, судалгааны объектод урьдчилсан хайгуул судалгаа хийх, компотент хүмүүстэй уулзаж ярилцахаас эхэлнэ. Шийдвэрлэх асуудлыг тогтоосны дараа холбогдох ном зохиолтой танилцана.

Судалгаа нь онол практикийн шинжтэй зкорилтыг бас нэгэн зэрэг дэвшүүлж болно. Гэхдээ аль нэг нь үндсэн нөгөө нь үндсэн бус зорилго байна. Онолын зорилгоор явуулах судалгааны ажлыг практикийн шинжтэй асуудал тавихаас эхэлж болохгүй. Гэхдээ судалгааны программыг онолын асуудлыг шийдвэрлэх явцад зарим нэг практик зөвлөмж гаргахаар, практик зорилготой судалгааны программыг практикт зорилт шийдвэрлэх явцад зарим нэг онолын дүгнэлт хийхээр тус тус боловсруулж болно.

Судалгааны зорилгыг үндсэн, үндсэн бус, гол, гол бус хэмээн ангилах нь судалгааны программ боловсруулах арга ажиллагаанд чухал ач холбогдолтой. Үндсэн ба гол зорилго нь шийдвэрлэх асуудлыг өөрөөр хэлбэл объект дахь нийгмийн зөрчлийг шийдвэрлэхэд шууд чиглэнэ. Харин үндсэн бус гол бус зорилго судалгааны үндсэн зорилтыг шийдвэрлэх явцад дагалдан гарах асуултыг шийдвэрлэхэд чиглэнэ. Судалгааны үндсэн зорилтыг ишийдвэрлэхэд уг судалгааны бүхий л арга ажиллагаа чиглэгдэх ёстой. Үндсэн бус гол бус зорилго нь тухайн судалгаагаар төгс биелэгдэхгүй, харин уг зорилтыг биелүүлэхийн тулд өөр программаар судалгааг гүнзгийрүүлэн явуулах шаардлагатай.

2. Судалгааны үндсэн ойлголтод тайлбар хийх нь

Социологи нь аль ч шинжлэх ухааны адил өөрийн ойлголт, категоруудтай. Социологийн ерөнхий ба тусгай онолд нийгэм, нийгмийн нийтлэг бие хүн, нийгмийн харилцаа, нийгмийн бүтэц, нийгмийн үйл ажиллагаа гэх мэт олон тооны ойлголттой. Социологийн тодорхой судалгаа явуулна гэдэг нь ерөнхий ба тусгай онолын ойлголт категороор дамжуулж онолын системд судалгааны объект, судлах зүйлийн эзлэх байр суурийг тодорхойлж онолын тайлбарлал хийнэ гэсэн үг мөн. Социологийн судалгаа нь эцсийн дүндээ программд тодорхойлсон гипотезын үндэслэлийг шалгахад чиглэгдэнэ. Гипотезийн үндэслэлийг эцсийн дүнд бодит баримттай харьцуулахын тулд судалгааны объектын тодорхой шинж чанарыг тэмдэглэсэн гол гол ойлголтонд онолын төдийгүй эмпирик тайлбарлал хийнэ.

Ойлголтонд хийх онолын тайлбарлал нь уг үзэгдлын талаарх онолын бусад элемент ойлголтуудтай холбогдох холбоотой нь илрүүлэн тогтоох замаар судалгааны объектын гол гол талыг тэмдэглэсэн ойлголтын агуулгыг тайлбарлахын нэр юм. Наад зах нь дараах 3 нөхцлөөс болж судалгааны объеътийн тэмдэглэсэн ойлголтонд онолын тайлбарлал хийх зайлшгүй шаардлагатай болдог. Үүнд:

А/ Тухайн судалгааны объектыг ерөнхийд нь агуулдаг ерөнхий онолын зарим нэг ойлголт бүрэн гүйцэд нэг утгаар тодорхойлогдож чадаагүй үед тайлбарлал хийнэ.

Б/ Социологийн ерөнхий онол нь нийгмийг бүрдүүлж байгаа бүхэл бүтэн системийг хийсвэр сэтгэлгээний илүү өндөр түвшинд авч үздэг тул судалгааны объектын өвөрмөц тал онцлогийг тусгаж чаддаггүй. Иймээс социологийн судалгааны объектыг тэмдэглэсэн ойлголтыг онолын үүднээс тайлбарлах зайлшгүй шаардлага гардаг.

В/ Нийгмийн тодорхой үзэгдлийг тусгасан өдий төдий ойлголт нэр томъёоноос уг үзэгдлыг ьэмдэглэсэн шинжлэх ухааны ойлголтыг ялган зааглан тайлбарлах хэрэгтэй болдог. Судалгааны объектыг тэмдэглэсэн гол гол объектонд хийх тайлбарлалыг социологийн ерөнхий онолын уг объектыг тэмдэглэсэн харгалзах ойлголт, нэр томъёоны агуулга, түүний тухайн онолын системд эзлэх байр суурь зэргийг судлахаас эхэлнэ. Эмпирик тайлбарлал гэдэг нь ойлголтын агуулгыг түүнд ерөнхийлөгдөн туссан бодит баримтуудтай харьцуулах замаар хийх тайлбарлалыг хэлнэ. Чухам ямар ойлголтонд тайлбарлал хийхийг судалгааны судлах зүйл болон гипотез заана. Жишээ нь: ажиллах хүчний хөдөлгөөний асуудлаар явуулах судалгааны судлах зүйлийг “Ажилдаа тогтвор суурьшилгүй хүмүүсийн хөдөлмөртэй харьцах харьцаа”, “Ажлаа солих болсон учир шалтгаан” гэж тодорхойлогдсон бол “ажилд харьцаххарьцаа”, ажилдаа тогтвор суурьшилгүй хүмүүс” “ажлаа солих болсон шалтгаан” зэрэг ойлголтын эмпирик шинж тэмдгийг тогтооно.

3, Судалгааны судлах зүйлд анализ хийх

Үндсэн ойлголтонд тайлбарлал хийсний дараа ойлголтуудад объектод урьдчилсан анализ хийнэ. Гэхдээ объектод хийх системийн анализ нь нөлөөлөх хүчин зүйлийн системд авч үзэж энэ талаарх урьд өмнө хуримтлагдсан мэдлэгийг системчлэн нэгтгэж объектын тухай шинэ зүйлийг мэдэх арга замыг улам үндэстэй болгодгоороо ач холбогдолтой.

Объектод системийн анализ хийснээр социологич мэдээлэл авах болон түүнийг урьдчилан боловсруулан тайлбарлах улам илүү чиг баримжаатай болно. Судалгааны объектод анализ хийх гол арга нь судлах зүйлд системийн анализ хийх явдал юм. Ийм анализ хийх нь нийгмийн үзэгдлийг бүхэл систем болгон үзэж түүнийг бүрдүүлэх элэментүүдийг тодруулж элемент тус бүрийн уг системд гүйцэтгэх үүрэг мөн тэдгээрийн харилцан үйлчлэлийг гаргах, бас элемент систем хоёрын хамаарлыг судална гэсэн үг юм.

Объектын чухам ямар элементийг тухайлан судлах шаардлагатай нь судалгаагаар шийдвэрлэх асуудал, түүний зорилгоос шалтгаална. Нийгмийн аливаа тодорхой үзэгдэл, үйл явдал, ерөнхий ба өвөрмөц хүчин зүйлээр тодорхойлдогддог. Ерөнхий хүчин зүйлд нийгмийн байгуулал, ухамсрын түвшин, улс төрийн байгуулал орох бөгөөд сэдгээр нь социологийн судалгааны шууд объект болох бие хүний нийгмийн үйл ажиллагаанд жигд үйлчилдэг түгээмэл шинжтэй. Хамт олон, гэр бүл, албан газар, сургууль олон нийтийн мэдээлэл дамжуулах холбоо зэргийг бие хүний үйл ажиллагаанд шууд нөлөөлөх өвөрмөц хүчин зүйл гэнэ.

Ерөнхий хүчин зүйл нь эдгээр өвөрмөц хүчин зүйлээр дамжиж субъектийн үйл ажиллагааг тодорхойлно.

ДҮГНЭЛТ

Ер нь социологийн судалгаанд онол практик аль аль нь амин чухал билээ. Аль нэгийг нь орхигдуулж болохгүй гэсэн үг. Тиймээс дүгнэлтэндээ социологийн онол болон практикийн ач холбогдлын талаар товч дурдъя.

Баримт судлалын буюу социологичдын нэрлэж заншсанаар эмпирик судалгаа нь үйл явдал хэрхэн явагдаж байгааг шинжлэн дүгнэхтэй холбоотой. Гэвч социологийн зорилт нь хичнээн сонирхолтой, чухал байлаа ч гэсэн зөвхөн баримтуудыг цуглуулах төдийгөөр хязгаарлагддаггүй. Бид тухайн үйл явдал яагаад тохиолдов гэдгийг бас мэдэхийг хүсдэг. Тэгэхээр бид үүний тулд онолын асуудлуудыг тавьж сурах ёстой. Эдгээр нь бидэнд тодорхой судалгааны сэдэв болж буй үйл явдлын учир шалтгааныг хайх явцад баримтуудыг зөв тайлбарлахад тусалдаг. Үйлдвэржилт орчин үеийн нийгмийн төлөвшилтөнд том нөлөө үзүүлснийг бид мэднэ. Гэвч үйлдвэржилтийн эх үүсвэр, угтвар нөхцөл ямар байв, бид яагаад үйлдвэржилтийн үйл явцыг туулсан нийгмүүд өөр хоорондоо ялгаатай байгааг олж харж байна вэ.

Энэ мэт асуудлуудад хариулахын тулд онолын үүднээс хандах нь чухал. Онол нь янз бүрийн эмпирик нөхцөл байдлыг тайлбарлахдаа ажиглалт болон абстракт тайлбаруудыг эмхлэн цэгцэлдэг. Бас баримт судлалын болон онолын асуудлыг нэг нэгнээс нь салган авч үзэж болохгүй нь мэдээж. Онолын арга хандлага нь эмпирик судалгааны арга хэрэгслээр шалгаж болох тийм тохиолдолд үндэслэлтэй болно. Харин практикийг эрхэмлэгчид нь онолыг тийм ч чухалд үздэггүй тал ажиглагддаг. Гэвч практикийн шинжтэй бүх асуудлыг шийдвэрлэх явдал нь мэдээж онолын үндэслэлтэй байх учиртай. Жишээ нь бизнес эрхлэгч хүн онолын тухай хязгаарлагдмал төсөөлөлтэй байж болно. Гэвч ажил хэргийн идэвхжилтийг судлах үед зайлшгүй онолын мэдлэг шаардагддаг. Тухайлбал сайн ажиллах хөшүүрэг нь юуны өмнө авч байгаа цалингийн хэмжээ мөн гэж үзэж болно.

Жич: Дараагийн удаа Гипотез, Мэдээлэл авах үндсэн чиглэл, судалгааны аргалчлал болон бэрхшээл, туршлагийн талаар мэдээлэл нийтлэгдэх болно.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1. “Социологийн судалгааны үндсэн аргууд”, МУИС Социологийн тэнхим, УБ 2005 он
2. “Социологи” Антони Гидденс, УБ 2006 он

2 comments:

Chandmani said...

Номлох нь нэг хэрэг, хийх нь нэг хэрэг. Манайд социологийн судалгааг зөв хийж сурах нь их чухал гэж надад бодогддог. Ямар ч байсан онол бичиж санаа гаргасанд талархаж байна.
Социологи гэдгээ монголчлоод нэрлээд үз дээ.

ЗОРИГТ8 said...

Chandmani:
Би ч гэсэн чамтай чиг шугам нэг байна. Зөв шинжлэх ухаанчаар л хийж сурах хэрэгтэй...
Нийгэм судлал, нийгмийн хүн, түүний харилцааг судалдаг шинжлэх ухаан гэсэн утгатай юм л даа..