Баярлаж талархаж хүндэлж явдаг шүү

Өнөөдөр ажил хэрэг үйлс бүхэн бүтэмжтэй, шаргал наранд төөнөж бүлээн салхи үлээсэн сайхан өдөр байна. Сэтгэл санаа тайван, оюун бодол цэлмэг байгаа тул зарим нэг бурхан шиг хүмүүст үнэхээр их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр санагдлаа.
Социологи хэмээх тодорхой шинжлэх ухааны бүтээгдэхүүн болохынхоо хувьд олон хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдаг билээ миний бие.
1. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшихэд, тэр дундаа социологи хэмээх мэргэжлийг мэддэг ч үгүй байхад зөвлөгөө дэм үзүүлж Конкурсд бэлтгэсэн нийгмийн ухааны аргазүйч багш Аминдаваа болон анги удирдаж асан хайрт багш Даваахүү багш нартаа баярлалаа. Амьдралын замыг минь дардан болгож луужин мэт чиг зүг зааж өгсөн буянт ачийг тань би яахан мартах билээ.
2. Анх удаа эрдэм шинжилгээний илтгэл бичихэд аргазүйн болон аргачлалын туслалцаа дэмжлэг үзүүлж социологийн судалгааг нийгмийн амьдрал, практикт хэрэглэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан номын ах "Монголын Лектор төв"-ийн судалгааны албаны дарга Д.Аюурбунь ахдаа гялайлаа. Оюутан насаны нийгэмшилд онцгой гавъяа байгуулж олсон сурснаа харамгүй хэлж өгсөн танд баярлахгүй байхын аргагүй ээ.
3. Онолын судалгаа хийх, өрнийн социологийн аргазүйг Монголын нийгэмд хэрэглэх, социологийн сэтгэлгээг ойлгох гэх мэт томоохон мэдлэгийг эзэмшихэд хүндтэй үүрэг гүйцэтгэсэн хамгийн дуртай "Соёлын социологи" хичээлийн багш асан Г.Түмэннаст багш таньдаа баярлалаа. Чухал хичээлийг чанартай заагаад зогсоогүй "Мертоны зорилго арга хэрэгслийн аргазүй"-р Монголын нийгмийн тайлбарлах оролдлогыг минь удирдаж ажилласан эрхэм тусыг тань мартахгүй ээ.
4. Социологийн судалгааны арга техник, мэдээлэл боловсруулах арга зүй, статистик аргууд, ялангуяа SPSS программд суралцахад, мөн миний амьдралдаа хийсэн анхын шинжлэх ухааны бүтээл "Дипломын ажил"-ыг удирдаж, аав шиг минь зөвлөгөө өгч амжилттай хамгаалуулж төгсгөсөн насан туршийн минь мэргэн багш Ц.Болд танд баярлалаа. "Инфляцийн социал үр дагавар"-т хийх социологийн шинжилгээг таныхаа удирдлаган дор гүйцэтгэж асан тэр л хавар зүрхэн ойрхон. Багшаараа бахархдаг.
5. Хүний амьдралын мөчлөгийн алтан үе оюутан насны анд найзууд, ангийн нийт хамт олон, хагацашгүй анд МҮОНТ-ын судлаач Ц.Гончиг, Удирдлагын академийн сонсогч Э.Ариунтулга, УТБА-ын социологич, сургагч багш Б.Мөнгөн-Эрдэнэ, "Монгол зөн" нийгмийн эрүүл мэндийн байгууллагын судлаач Д.Баярцолмон, ШУА Социологийн секторын судлаач Г.Мөнхтүвшин, "MMCG" маркетингийн судалгааны компаны судлаач Д.Должинсүрэн, ангийн багш С.Нарантуяа нартаа хамгийн их баярлалаа. Та бүхэн өчүүхэн миний амьдралын чухал нийгэмшлийн агентууд байсан, цаашид ч байх биз. Хамтын ухамсар, хамтын мэдрэмж бидэнд л байсаан.
6. Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн нийт хамт олондоо баярлалаа. Сурах зүйл ч их байна, судлах зүйл ч их байна, бахархах зүйл ч их байна, баярлах зүйл ч олон байна.
7. За тэгээд Зориг сангийн хамт олон, "ЗАЛУУ ЛИДЕР-YI"-гийн хичээнгүй залуучууд, "Өөдрөг амьдрал өөрөөс тань" төслийн хамт олондоо баярлаж явдаг шүү. Бүгдэд нь хайртай.
2009-05-07

No comments: