“Richzone” сонгуулийн үр дүнг урьдчилж хэлжээ

“Rich Zone” судалгааны байгууллага нийслэлийн 12500 сонгогчийн дунд судалгаа явуулжээ. Тэгэхдээ 21 дүгээр тойргоос (Хан-Уул, Багануур, Багахангай) 1500, 22 (Баянзүрх, Налайх), 26 (Сонгинохайрхан) дугаар тойргоос 2500, 23 (Сүхбаатар), 24 (Чингэлтэй), 25 (Баянгол) дугаар тойргуудаас тус бүр 2000 сонгогчийг хамруулжээ. Судалгаанд оролцогсдын тоо ялгаатай байгаа нь тухайн тойргийн мандатын тоотой уялдаатай аж.

Судалгаанд хамрагдагсдын 29.2 хувь нь намыг, 70.8 хувь нь хүнийг харж сонголтоо хийхээр төлөвлөж буй бололтой аж. Нэр дэвшигчдийн өмнөх дугаарыг дугуйлж тэмдэглэсэн (санал өгөхдөө ийн тэмдэглэх ёстой) байдлаар нь авч үзвэл 12.500 хүний 43.6 хувь нь АН-ыг, 37.8 хувь нь МАХН-ыг, 11.4 хувь нь бусад намыг, 7.2 хувь нь бие даагчдыг дэмжсэн байв гэнэ. Ерөнхий дүнгээс үзвэл сонгогчдын дийлэнх нь “том” гэдэг хоёр намаас нэр дэвшигчдэд санал илүү өгөх магадлалтай аж.

Энэхүү судалгааны дүнгээр тойрог тус бүрт 25 хувийн босгоос дээш санал авах магадлалтай хүмүүсийг тодруулжээ. 21 дүгээр тойрогт АН-ын Л.Болд 41, МАХН-ын Д.Идэвхтэн 27, АН-ын Д.Эрдэнэбат 26.2, МАХН-ын Д.Загджав 25.2 хувийн дэмжлэгтэй байжээ. Гэтэл энэ тойрог ердөө хоёр мандаттай. 22 дугаар тойрогт бие даагч З.Алтай 43, МАХН-ын Ц.Батбаяр 34, АН-ын Д.Ганхуяг 31, Ч.Сайханбилэг 28, ИХН-ын Ж.Батзандан 27.5, МАХН-ын Т.Ганди 26 хувийн санал авч магадгүй байгаа юм байна. 41 хүн нэр дэвшсэн энэ тойргоос дөрвөн хүн сонгогдох ёстой. Энэ тойрогт багтдаг Налайхад судалгааг тусад нь хийхэд Эх орон намын С.Отгонбаяр 58, МАХН-ын Ц.Батбаяр 46, бие даагч З.Алтай 37 хувьтай байж.

Гэхдээ Налайх нь 15.000 сонгогчтой бөгөөд энэ нь тус тойргийн сонгогчдын ердөө 10 хувь гэдгийг бодолцох ёстой болно. Ямар ч байсан З.Алтай, Ц.Батбаяр хоёр тойрогтоо тэргүүлж явна. Тэгэхлээр үлдсэн хоёр суудлын төлөө лав таван хүний дунд өрсөлдөөн болж мэднэ.

Сүхбаатар (23 дугаар тойрог) дүүрэгт МАХН-ын С.Баяр 68 хувьтай байгаа аж. Тэрбээр нийслэлд нэр дэвшигчдээс одоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа хүн болж буй юм байна. Түүний араас АН-ын Л.Гантөмөр (38 хувь), МАХН-ын Сү.Батболд (29 хувь), ҮШН-ын М.Энхсайхан (26.8 хувь), АН-ын Д.Баттулга нар “явна”. Гурав дахь суудлын төлөө Сү.Батболд, М.Энхсайхан, Д.Баттулга нар “үзэлцэж” болзошгүй.

24 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүрэг гурван мандаттай. Гэтэл 25-аас дээш хувийн санал авч магадгүй нэр дэвшигч зургаа байгаа аж. Тэдний эхэнд АН-ын Ц.Элбэгдорж (62 хувь) орсон байна. Араас нь мөн намын Г.Баярсайхан (33 хувь), МАХН-ын Д.Очирбат (28 хувь), АН-ын Р.Бурмаа (27 хувь), ИЗН-ын Ц.Ганхуяг (26 хувь), ҮШН-ын Б.Цогтгэрэл (25.2 хувь) нар нэхэж буй. Гурав дахь суудлын төлөө өрсөлдөөнд дөрвөн өөр намын нэр дэвшигчид “тулалдаж” мэдэх нь.

Баянгол (25 дугаар тойрог) дүүрэгт нэр дэвшигчдээс АН-ын Х.Тэмүүжин 42 хувийн үзүүлэлтээр эхний байранд байгаа аж. МАХН-ын Ц.Мөнх-Оргил 39 хувьтай байна. АН-ын С.Эрдэнэ (34 хувь) түүний ард орж. Ногоон намын Д.Энхбат 28 хувиар дөрөвт байна. МАХН-ын Н.Баяртсайхан (27 хувь), АН-ын Б.Батбаатар нар тав, зургаад явж байна.

Сонгинохайрхан дүүрэг (26 дугаар тойрог)-т ИЗН-ын С.Оюун бусдаасаа нэлээн тасарч. Судалгаанд оролцсон 2500 хүний 48 хувь нь түүнийг дэмжиж байгаа аж. АН-ын Д.Батбаяр (Кёкүшюүзан) 43 хувьтай, МАХН-ын Д.Тэрбишдагва, АН-ын Н.Алтанхуяг хоёр ижил 29 хувийн дэмжлэг хүлээж байгаа юм байна. ИХН-ын О.Магнай тав (26 хувь)-д, МАХН-ын Л.Найдан зургаа (25 хувь)-д оржээ. Тус тойрог дөрвөн мандаттай. Энэ судалгаагаар бол О.Магнай, Л.Найдан нар барианд орохгүй нь.

Richzone судалгааны төвийн захирал Амарбаясгалан МСДН-ын угшилтай хүн юм байна. Сүүлдээ АН-д орсон, одоо бол нам бус ажээ. Түүний байгууллагын хийсэн судалгаа урьд өдөр нь “Өдрийн сонинд” нийтлэгдсэн таамагтай бараг зөрөөгүй таарч байна.

Одоо сурталчилгаа долоо хоног үргэлжилнэ. Энэ сурталчилгаа нөлөөлж дээр өгүүлсэн байдлыг өөрчлөх боломж бий. Мэдээж судалгаа, таамаглалыг нэг намын эрх ашгийн үүднээс сурталчилгаа болгож хийгээгүй, тиймээс үр дүн нь бодит байдалд нэлээд дөхсөн байх аваас байдлыг мэдээж эрс өөрчилж чадахгүй байж магадгүй. Түүнээс гадна дөрвөн мандаттай тойрогт гэхэд л “дугуйлах” гурван нэрээ тогтоочихоод дөрөв дэх нь хэн байх вэ хэмээн эргэлзэж буй хүн судалгаанд оролцогчдын 30 хувь нь байна гэсэн. Тэгэхлээр сурталчилгаа нөлөөлөх боломж чамлахааргүй байна гэж үзэж болно. Мөн нэр дэвшигчдийн одоо хашиж буй албан тушаалыг нь бичсэн нөхцөлд судалгааны дүн лав 10 хувиар өөрчлөгдөх магадлалтай гэж үзэж байна лээ. Санал авах хуудсан дээр нэр дэвшигчдийн албан тушаалыг бичихгүй шүү дээ. Тийм учраас тойрогтоо нэр дэвшсэн хүмүүс хэн болохыг сонгогчид сайн таньж мэдэх шаардлага байгаа нь харагдаж байна.

“Сүүлчийн зөн” гэдэг төв бас судалгаа хийснээс үзвэл МАХН 44, АН 25, бусад нам дөрөв, бие даагчид гурван суудал авахаар байна гэсэн байх юм.

No comments: