Олон Түмний Нийгмийн Онол /Mass Society Theory/

Олон Түмний Нийгмийн онол нь XIX зууны сүүлчээр нийгмийн шинэчлэлийн явцад үүсэн гарч иржээ. Хаадын угсааныхан, албан хаагч сэхээтнүүд, дээд ангиллын улс төрчид зэрэг элит бүлгийнхэн эрх мэдлээ алдахдаа өөрсдөдөө тулгарсан нийгмийн асуудлуудыг шийдэхэд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсон юм. Тэдний хувьд олон түмний мэдээллийн хэрэгсэл (Тухайн үед радио, ТВ байгаагүй. Зөвхөн сонин, сэтгүүл л оршин тогтнож байлаа) нь өөрсдийг нь халж өөрчилсөн шинэ нийгмийн болж бүтэхгүй талыг харуулсан гол бэлгэ тэмдэг болж байлаа. Шар сэтгүүл зүйг нэвтрүүлсэн олон зуун сониныг тэд хагас бичиг үсэгтэй уншигчдаа өөгшүүлж, ёс зүйгүй үйл ажиллагаа явуулсан үлэмж хүчтэй, монополь маягийн үйлдвэрлэл гэж үзэж байв. Боловсрол, шашны тэргүүлэгч үзэлтнүүд зохимжгүй, нүгэлтэй, соёлгүй агуулгаараа уншигчдыг татсан хэвлэл мэдээллийн хүч чадалд дүргүйцэж байлаа.

1840-өөд оноос хойш олноор үүсэж бий болсон хэвлэл улс төр, бизнест шууд нөлөө үзүүлж эхэлсэн юм. Улс төрийн намын сонинууд 1840-1850-иад онд пенни пресс буюу нэг центээр зарагддаг сониноор шахагдаж, улмаар 1880-1890 онд шар хэвлэлээр булшлагдсан байна.

Шар хэвлэлийг тэргүүлэгчдийн нэг Уиллиам Рэндольф Хөрст өөрөө ч улс төрд санаархдаг байсан бөгөөд мэргэжлийн улс төрчдийг эвгүй байдалд оруулах замаар нэр хүндээ өргөж нэрд гарч (популист) болж байжээ. Хөрстийн хэвлэн нийтэлдэг сонин, сэтгүүлүүд дуулиан шуугиантай мэдээ материал гаргадаг бусад олон хэвлэлийн хамт бизнест өрсөлдөгч болон засгийн газрыг шүүмжлэгчид рүү хайр найргүй дайрдаг байлаа. Тийм нийтлэл нь уншигчдын зүгээс хүчтэй дэмжлэгийг авч харин шүүмжлэлийн бай болсон хүмүүсийг айлгана. Иймэрхүү өшөө, хорсол, айлган сүрдүүлэлт, дүргүйцэл, бухимдал нь олон түмний нийгмийн онолын үндэс болж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн нийгэм дэх үүрэг болон нийгмийн өөрчлөлт хоёрын хоорондын холбоог тайлбарладаг уг онолын талаар хэд хэдэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэжээ. Тэдгээр таамаглал нь янз бүрийн оронд тодорхой шийдвэр гаргахад хүргэсэн бөгөөд хожмоо няцаагдсан нь ч бий. Үүнд:

1. Хэвлэл мэдээлэл нь нийгмийн доторхи хорсол заналыг агуулсан, хортой хүчнийхэн бөгөөд түүнийг ариутган цэвэрлэх буюу өөрчлөн байгуулах хэрэгтэй.

Энэ нь хуучин элит байсан хүмүүсийг хяналтад авах гэсэн хэвлэл мэдээллийнхнийг эсэргүүцэн хурцаар шүүмжлэгчдийн гаргаж ирсэн таамаг бөгөөд 1920-иод оны Европт эл санаа ялсны үр дүнд өргөн нэвтрүүлгийг засгийн газрын байгууллага хянах болсон билээ. Хамгийн гашуун үр дагавар нь Германд нацист нам засгийн эрхэнд гарснаар илэрч байв. АНУ-д ч эл санааны дагуу сүм хийд, сургууль боловсролын болон төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийг хянах хувилбарууд гарч байгаад сүүлдээ өргөн нэвтрүүлгийг ажиглах эрхийг Холбооны Харилцааны Комисс (FCC буюу Federal Communications Comittee) гэдэг засгийн газрын агентлагийн мэдэлд өгчээ.

2. Хэвлэл мэдээлэл нь дундаж хүмүүсийн оюун санаанд шууд нөлөөлөх хүчин чадалтай.

Уг таамаглал хэвлэл мэдээллийн үр нөлөөний онолтой ижил бөгөөд ялгаатай нь дундаж хүмүүсийн тухай ойлголтыг оруулж ирсэн юм. Хэвлэл мэдээллийн агуулгын өмнө хүчгүй сул гэдгээ мэдэрч, муу үр нөлөөг нь өөртөө шууд тусгаж авдаг нийгмийн гишүүдийг дундаж хүмүүс гэж нэрлэжээ. Хэвлэл мэдээллийн үр нөлөө дундаж хүмүүст эмзэг тусдаг талаар 1940-өөд оноос хойш хэлэлцэн маргаж байгаа бөгөөд аливаа нийтэлж нэвтрүүлсэн зүйлийн агуулга хүнд шууд нөлөөлөхгүй, нөлөөлсөн гэж үзвэл бусад хүчин зүйлсээр дэмжигдсэн байдгийг эрдэмтэд баталсаар байгаа билээ.

3. Хэвлэл мэдээлэл нь хүмүүсийн оюун санааг нэгэнт эзэмдсэний дараа удаан хугацааны алив муу үр дагаврууд үүсч хувь хүмүүсийн амьдралыг бусниулаад зогсохгүй өргөн хэмжээний нийгмийн асуудлыг бий болгодог.

Энэ шүүмжлэлд зарим нэг үнэний хувь байвч онолын талаас батлагдаж чадаагүй юм. Биеэ үнэлэх, гэмт хэрэг хийх, мансуурах бодис хэрэглэх гээд нийгэмд үүссэн олон асуудалд хэвлэл мэдээллийг буруутгадаг боловч тэдгээрт адал явдалт ном, алаан хядаантай кино, хэрэглээг ташуурдсан зар сурталчилгаа ч нөлөөлсөн байж болох талтай. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл нь орчин цагийн нийгмийн доторхи зөвхөн нэг институци нь билээ.

4. Урьд нь өөрсдийг нь элдэв муу нөлөөнөөс хамгаалж байсан нийгмийн уламжлалт институцээс тусгаарлагдаж холдсон дундаж хүмүүс хэвлэл мэдээллийн нөлөөнд автахдаа тун эмзэг.

Үүнийг гаргаж ирсэн олон түмний нийгмийн эртний онолчид дундад зууны үеийн Европын тосгоны амьдралыг хэт дэврүүн сэтгэлээр гоёчлон дүрсэлж байжээ. Гэтэл тэр нийгэм нь хувь хүний хөгжил, бүтээлч байдлыг хязгаарлаж байсан билээ. Хувь хүний эрх чөлөө ч тэнд чухал биш зүйл байсан. АНУ-д энэ санааг дэмждэг зарим хүмүүс телевиз үүсэж бий болохын өмнөх Америк орны уламжлалт соёлыг санагалзан дурдаж байдаг. Гэтэл тэр үед нь олонхи эмэгтэйчүүд гэрийн ажилтай, элитүүд нь л их дээд сургуульд сурдаг, үндэстний цөөнхөө хавчдаг байсан байна. Гэр орон, садан төрөл, нутаг уснаасаа холдсон хүмүүсийн хувьд мэдээллийн гол эх сурвалж буюу бараг найз нөхөр нь болсон хэвлэл мэдээлэл нь хөдөө гэртээ сонсдог байсан үлгэрийг нь зугаа цэнгээний нэвтрүүлгээр орлуулж байгаа хэдий ч нийгмийн бусад байгууллагуудтай харьцуулахад ноёлох нөлөө үзүүлдэггүй аж.

5. Хэвлэл мэдээллийн бий болгосон нийгэм дэх эмх замбараагүй байдлыг нийгмийн тоталитар дэглэмээр шийдвэрлэнэ.

1930-аад онд дэвшүүлсэн энэ таамаглал 1950-иад онд хүчээ авсан байна. Олон түмний нийгмийн тоталитар дэглэмтэй болгосон хамгийн тод жишээ бол Германд Гитлер мандан бадарч байсан үе юм. Тэр үеийн хоосон сүржигнэгчид нь дундаж хүмүүсийг улс төрийн туйлширсан экстремист хөдөлгөөнд хамруулснаар нийгмийн асуудлыг нь шийднэ гэж амлаж байв. Дундаж хүмүүсийн дэмжлэгийг авахын тулд ч тэд хэвлэл мэдээллийг ашигласан юм. Хөдөлгөөн нь бэхжихийн сацуу уламжлалт элит бүлгийнхэнд улс төрийн шахалт дарамт үзүүлсээр сөрөг хүчингүй болж, эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлж тоталитар улсыг бий болгожээ. Одоо үед тоталитар дэглэм бол ардчилал, хувь хүнийг дээдэлдэг хүн бүрийн гол айдас юм. Учир нь тийм нийгэмд хувь хүний өөрийгөө илэрхийлсэн болгоныг хууль бус гэж тооцож, бүх төрлийн харилцааг засгийн газраас хязгаарлан хянаж байдаг. ХХ зууны эхэн хагаст тоталитар дэглэмтэй улс Европ, Латин Америк, Азид олноор бий болсон юм. АНУ ч дархлаатай байж чадаагүй. 1950-иад оны үед Бүгд Найрамдах намыг төлөөлж Висконсин мужаас сонгогдсон сенатч Жосеф Маккарти Америкт коммунизм дэлгэрүүлэхгүйн тулд тийм үзэлтэй гэж сэжиглэсэн хүмүүсийг засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагаас зайлуулах ажил зохион байгуулсан байна. Түүний гаргасан урт жагсаалтад улс төрийн системийг нь устгах гэж санаархсан гэх хүмүүсийн нэрс байсан бөгөөд сонинууд эхний нүүртээ хэвлэдэг байлаа. Олонхи сэтгүүлчид өөрсдөө тэр жагсаалтад орчихгүйн тулд Маккартийн өөдөөс сөргөхөөс эмээдэг байв. 1950-иад оны телевизийн нэрт сэтгүүлч Эдвард Мөрроу түүний ажлын арга ажиллагааг шүүмжлэх хүртэл энэ байдал үргэлжилжээ.

6. Хэвлэл мэдээлэл соёлын өндөр хэлбэрүүдийг устгаж, соёл иргэншлийг ерөнхийд нь бууруулна.

Энэ шүүмжлэлийг ойлгохын тулд сүүлийн хоёр зууны барууны соёлын элитүүдийн үзэл бодлыг мэдэх хэрэгтэй болдог. XVIII зуунд Европын сэргэн мандлын үеийн элитүүд өөрийн орны төдийгүй дэлхийн хүмүүсийг гэгээрүүлж хүмүүжүүлэхийг өөрсдийн үүрэг хариуцлага гэж үзээд соёлын өндөр хэлбэрүүдийг бий болгож байсан юм. Англи-саксон гаралтай, протестант уран зохиолтой, цагаан арьст тэдгээр эрэгтэйчүүд дэлхийн харанхуй бүдүүлэг нөгөө хэсэгт соёл иргэншил болон өндөр соёлыг түгээх нь өөрсдийнх нь үүрэг хэмээн итгэж байжээ. Гэтэл одоо үеийнхэн Кристофер Колумб анх Америк тивд хөл тавиад 500 гаруй жил өнгөрсөн хойно түүнийг болон бусад нээлт хийгчдийг нутгийн уугуул хүмүүсийн соёлыг устгасан гэж шүүмжилж байгаа. Өндөр соёлыг хамгаалагчдын зүгээс хэвлэл мэдээллийг шүүмжлэхдээ үр нөлөөтэй байдлаа ашиглан шалихгүй санаа, утгагүй үйл явдлыг хэтэрхий өсгөн дэвэргэдэг гэж үздэг байна. Тэд хүмүүст хэрэгтэй шаардлагатай зүйлийг нь өгөхийн оронд яагаад хүсэж байгааг нь өгөөд байгаа юм бэ гэж асуудаг. Мөн соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтнүүдийн оронд яагаад хулгайч дээрэмчдийг үзүүлж харуулаад байгаа юм бэ гэж асуудаг. Тэд бас өндөр соёлын бүтээлийн оронд яагаад шог зураг тавиад байгаа талаар асуудаг. Англид засгийн газар нь өндөр соёлын төлөөх хариуцлагыг үүрч, хэвлэл мэдээллийг шууд ба шууд бусаар хянаж байхын тулд Би Би Си (BBC буюу British Broadcasting Corporation)-г байгуулсан юм. Олон түмнээ гэгээрүүлэхийн тулд симфони концерт, Шекспирийн жүжгийг нэвтрүүлдэг Би Би Си-д бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Нагац эгч Бииб” гэдэг нэр өгсөн байдаг.

Олон түмний нийгмийн онолчид ба хэвлэл мэдээллийн үйлдвэрлэгчид хоорондоо XX зууны турш маргасан бөгөөд уг маргааныг 1961 онд Америкийн эрдэмтэн Бернард Берелсон “Соёлын ардчиллын талаархи аугаа маргаан” гэж нэрлэсэн байдаг. Берелсоны үзсэнээр маргаанд гурван бүлэг хүмүүс оролцжээ. Нэгдүгээр бүлэгт Practicus буюу хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсад, хоёр дахид нь Academicus буюу олон түмний нийгмийн онолчид, гуравдугаарт нь Empiricus буюу олон түмний харилцааг нийгмийн шинжлэх ухааны туршилт ба ажиглалтын аргаар судалдаг хүмүүс орж байв. Нэг ба хоёрдугаар бүлгийнхэн маргааны хоёр туйлыг барьж гурав дахь бүлгийнхэн маргаанаас төрсөн асуултад тохирох хариуг хайж байв. Өөрөөр хэлбэл, тухайн салбарын гол үйлдвэрлэгчид хэвлэл мэдээллийн шууд үр нөлөөг бууруулах буюу үгүйсгэж байхад, уламжлалт элит бүлгийнхнийг багтаасан хоёр дахь бүлгийнхэн хэвлэл мэдээллийн үр нөлөөг аугаа их гэж үзэж байв. Судлаачид хэвлэл мэдээллийн үр нөлөө хязгаартай байдгийг тухайн үед шинжлэх ухааны аргаар баталж харуулсан хэдий ч түүнийг нь 20 жилийн хойно л нийтээр хүлээн зөвшөөрсөн аж. Олон түмний нийгмийн онолын талаархи маргааныг Германы нийгэм судлаач Фердинанд Тонниес, Францын нийгэм судлаач Эмиль Дюркхэйм нар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Орчин үед энэ онол хичнээн хөгжиж байгаа ч хэвлэл мэдээлэл нь арчаагүй дорой уншигч, үзэгч, сонсогчдоо уруу татаж ялзралд оруулж байгаа гэх үндсэн таамаг нь алга бололгүй хэвээр байсаар л байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрх мэдлээ дэмжүүлсэн элитүүд давамгайлах байр суурьтай үед “дундаж буюу жирийн хүмүүс”, “уламжлалт үнэлэмж”-ийн тухай яриа ихэсдэг. Одоо үед Интернет болон World Wide Web дундаж хүмүүст асар их хурдтайгаар нөлөөлж тархийг нь эргүүлж байгаа тухай ид ярилцаж байна. Сонин сэтгүүл, радио, телевизүүд технологийн компаниудтай нэгдэж улам хүчирхэгжиж байгаа нь уг ярилцлагын гол сэдэв боллоо.

Олон түмний нийгмийн онолын давуу тал
-Чухал үр нөлөөг өсгөдөг
-Орчин цагийн соёлын маргаантай асуудал ба бүтцийн чухал өөрчлөлтийг тодотгож өгнө
-Хэвлэл, мэдээллийн харьяалал ба ёс зүйн асуудалд анхаарал хандуулдаг.

Олон түмний нийгмийн онолын сул тал
-Шинжлэх ухаанч биш
-Зүй тогтолгүй (Системгүй)
-Эрх мэдлээ хадгалж үлдэх эзмэлзэлтэй элит бүлгээр түгээгддэг.
-Сэхээтнүүд болон “дундаж хүмүүс”-ийг доогуур үнэлдэг.
-Хэвлэл, мэдээллийн нөлөөг дөвийлгөхдөө хувь хүний, нийгмийн болон соёлын саад бэрхшээлийг тооцож үздэггүй.

А.Оюунгэрэл

No comments: