УЛС ТӨРИЙН НАМ, УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨӨН, СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ

Монголын судлаач дундаа СИСТЕМийн анализ хийдэг цөөхөн хэдэн социологичдын нэг Д.Ганхуяг багшийнхаа 2004 онд бичсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна. Систестэй анализ, цогц байдлаар авч үзэх гэдгийг бодитоор харуулсан энэхүү гайхамшигт өгүүлэл нь судлаач, нийгэм улс төр сонирхогч, залуучууд та бүхний заавал унших баримт юм. Өнөөгийн Монголын социаль болон улс төрийн, соёлын харилцааг тодорхой факттай өгүүлсэн энэ бүтээлээс хойш ийм системийн анализ гараагүй гэдэгт итгэлтэй байна. Уншаад өөрийгөө хичнээн голвоо. Тэгээд Ганхуяг багшийгаа Социологич гээд стигматизацилцан шүү.

Д.ГАНХУЯГ
Социологич
Улс төрийн өрсөлдөөн нь хувь хүн, нийгмийн янз бүрийн бүлэг, давхраа, анги үзэл бодол, эрх ашгаа чөлөөтэй, эрх тэгш илэрхийлэх, хамгаалах үндсэн нөхцөл, боломж, хэрэгсэл болдгоороо ардчилалд амин чухал ач холбогдолтой. Орчин үеийн нийгэмд улс төрийн өрсөлдөөн нь улс төрийн намаар дамжин, чөлөөт, ардчилсан сонгуульд оролцож, засгийн эрх мэдэл барихтай холбоотой хэрэгждэг учраас түүний орчин, нөхцөл болон тэгш, шударга байдлыг хангах нь ардчилын чухал хэмжүүр болдог учиртай. Энэхүү илтгэлд Монгол дахь улс төрийн өрсөлдөөний төлөв байдал, намууд шударгаар өрсөлдөхөд саад болж буй нөхцөл, хүчин зүйлс болон тулгамдаж буй асуудлыг тодруулахад голлон анхаарсан болно. Улс төрийн өрсөлдөөн, намуудын төлөвшил, сонгуулийн үйл явцад монголын нийгмийн онцлог, монгол хүний менталитет, соёл, зан үйлийн үзүүлэх нөлөөллийг зайлшгүй харгалзан үзэх ёстой юм. Энэ тухай илтгэлийн эхний хэсэгт өгүүлэв. Дараах
хэсгүүдэд монголын улс төрийн намуудын төлөвшил, улс төр, эдийн засаг дахь өөрчлөлтийн харилцан нөлөөлөл болон чөлөөт, шударга сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зарим асуудлыг авч үзэв.

Монголын нийгмийн трансформаци, монгол менталитет

ХХ зуунд монголын нийгэм хоёр том их өөрчлөлтийг туулсан юм. Үүний нэг дэх нь уламжлалт нүүдлийн нийгэм социалист нийгэмд буюу зөвлөлт маягийн байгуулалд шилжсэн явдал болно. Удаах нь ардчилал, зах зээлд шилжсэн өөрчлөлт болно. Энэ хоёр их өөрчлөлт угаасаа ихээхэн онцлогтой байсан монголын нийгмийг дэвшилд хөтлөхийн хамт нэн ээдрээтэй нөхцөл байдалд оруулсан байдаг.
Уламжлалт, социалист, капиталист гурван хэв маяг хүний амьдралын гурваас дөрөвхөн үеийн дотор солигдсон нь монгол хүний менталитет, тухайлбал үнэт зүйлс, эрхэмлэл, зан араншинг ихээхэн зөрчилтэй, тодорхойгүй, чиг баримжаагүй болгож, нийгмийн харилцааг үлэмж зөрчилтэй бөгөөд ихээхэн онцлогтой болгож байгаа юм. Монгол болон социалист ойлголтоор өмч болон өмчтөн гэсэн ойлголт нь ихээхэн муу зүйл мэт үзэгдэнэ. Учир нь олон мянган жилийн турш монголын малчид өмч хөрөнгийг орлого буюу ашиг олдог капитал гэж хэзээ ч үзэж байгаагүй, харин амин зуулгын хэрэгсэл, төрийн өмнө хүлээх дарамт (татвар) гэж үзэж ирсэн бололтой. Ийм сэтгэл зүй нь Хариуцлагын мэдрэмжийг үлэмж сул болгодог байна. Одоо ч гэсэн монгол хүн хариуцлага хүлээх тун дургүй, түүнээс үүдсэн ёс суртахууны сэдэл болох буруугаа хүлээх чадвар бараг байхгүй юм. Хүй элгэний харилцаанд тулгуурласан нийтийн шинж чанартай хөдөлмөр нь мэргэжлийн ур чадварыг үлэмж бууруулдаг байна. Монголд ажилч, малч олон хүн байсан нь эргэлзээгүй боловч энэ нь нийт нийгмийг өөд нь татах бүтээлч хүчин болж байгаагүй юм. өрх гэрийн аж ахуй нь “олон салбарын” шинж чанартай байсан нь түүнийг харьцангүй бие даасан шинжтэй болгож, хэрэглээний бараг тогтмол хэмжээг бий болгодог байна. Социализмын үед ч үүнтэй нэг адил байсан. Иймээс эдийн засгийн өрсөлдөөн гэсэн чухал үнэт зүйл монголд угаасаа байсангүй. Монголын нийгмийг бүхэлд нь хамарч байсан хот айл, саахалт айлын систем нь ямар нэг албадлагагүйгээр жам ёсоор бий болсон нүүдэлчин хүмүүсийн нийтлэгийн анхдагч хэлбэр байжээ. Энэхүү Хүй элгэний түвшинд бол монгол хүн Хамаатансаг, Ах дүүсэг, Шударга ёс, Тэгш эрх, Эв нэгдэл, Уламжлалыг хүндэтгэх үнэт зүйлстэй байна. Хүй элгэний хүрээнээс гадагш бол Нутгархах үзэл буюу жалга довны үзэл бараг хэтэртлээ хөгжсөн. Иймээс монголын нийгмийн харилцааны үндсэн бөгөөд голлох суваг нь ах дүү, хамаатан садан, овгийн харилцаа, нутгархах үзэл, нэг ангийн болон мэргэжлийн харилцаа болдог ба энэ нь одоо ч амь бөхтэй хадгалагдсаар байна. Энэхүү харилцааг бүхэлд нь танил талын хэмээн нэрлэж болно. Хүн амын тоо цөөнөөс шалтгаалан нийгмийн макро ба микро түвшин хэт ойрхон, ихэд холилдсон учраас энэхүү танил талын сүлжээ нь улс төрийн ба эдийн засгийн өрсөлдөөнт болон орчин үеийн иргэншсэн тогтолцоог ажиллуулахад учирдаг суурь бэрхшээл нь болно. Бүдүүн тоймоор дүрслэн хэлбэл монголчууд нь ардчилал хэмээх орчин үеийн байшинд амьдрахаар шийдсэн нүүдэлчдийн өвөрмөц нийтлэг бөгөөд
ингэснээрээ ардчиллын шинэ байшингаа ч эвдэж, өөрсдийгөө ч эвдэж байгаа нийгэм болж байна.
Монголчууд сэтгэлгээний салбарт шинжлэх ухааны рациональ мэдлэгийг үл ойшоох ба ертөнцийг үзэх үзэл нь шашин болон аливаа үзэл санаа, үзэл сурталд мухар сүсгээр, хэт догматик байдлаар ханддагаар илэрхийлэгдэнэ. Иймээс сэтгэлгээ нь нэг хэвийн, хамгийн хялбар, цорын ганц, зөв, үнэн, ганц амьсгаагаар хийх шийдлийг эрэлхийлдэг. Мэдлэгийн салбарын аливаа зүйлийг хэт бүдүүвчилж, загварчлан ойлгодог. Гаднаас харахад тодорхой үзэл санааг хялбархан хүлээн авч буй мэт боловч түүнийгээ нэн өнгөц байдлаар хялбарчлан үздэг. Энэ нь монгол хүнийг туйлшралд байнга оруулж байдаг. Иймээс түүхийг болон нийгмийг цоо шинээр гадаадыг дууриан байгуулах хүсэлтэй. Үүнээс улбаалан монгол хүний сэтгэхүй “буян - нүгэл”, “сайн - муу”, “хар - цагаан”, “үнэн - худал”, “буруу - зөв”, “нөхөр - дайсан”, “өөрийн - хүний”, “бурхан - чөтгөр” гэсэн хоёр туйлтай байх нь элбэг .
Төр нь монгол хүний хувьд цорын ганц, тэнгэрлэг, туйлын үнэн болох бөгөөд түүнд үг дуугүй захирагдах нь түүний ертөнцийг үзэх үзлийн гол үнэт зүйл болно. Одоо ч гэсэн монголчуудын 80,2 хувь нь “төрийн сүлд өршөө” гэж ямар нэг байдлаар ханддаг нь дээрх ойлголт амь бөхтэй хэвээрээ байгааг харуулж байна.
Манай олонхи эрдэмтдийн хэлдэг Монгол нь төрт ёсны арвин баялаг уламжлалтай гэдэг үндэслэл нь харьцангүй юм. “Манжийн дарангуйллын үед Монгол өөрийн хаангүй, өөрийн засгийн газаргүй, өөрийн төр улсын нийслэлгүй болж, төрийн дээд бүх эрх мэдэл Манж хаан, түүний төв засгийн хатуу хяналт, хууль зүйлийн үндсэн дээр ажиллах орон нутгийн засаглал л оршин байх болжээ” гэж М. Санждорж абугайн дүгнэснийг туйлын зөв гэж үзнэ. Эл нөхцөл байдал нь 220 гаруй жил үргэлжилсэн учраас монгол хүнд нөлөөлөхгүй
байхын аргагүй юм.
Уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм. Үүнд :
1. Төвлөрсөн, авторитар шинж
2. Нэг шашин буюу нэг үзэл суртал
3. Нэг хүнийг шүтэх буюу харизматик шинж
4. Төрийн хүчирхийлэл
5. Нийгмийг бүхэлд нь хянах хатуу хяналт
6. Хувь хүний идэвхи санаачлага, бие даасан байдлыг үл ойшоох зэрэг болно.
Монгол хүн харизматик удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хүнийг төртэй адилтган үздэг. Энэ нь тухайн хувь хүнийг бусдаас үлэмж илүү, жирийн бус гэж үздэг явдал болно. Иймээс жир бус хүн буюу дарга болох туйлын дуртай. Тэгсэн атлаа өөрийнх нь хувь заяаг өөрөө биш, төр шийднэ гэдэгт итгэлтэй байдаг учраас төрийн бодлогод нөлөөлөх оролдлогыг бараг илүүц зүйл мэт ойлгоно. Иймээс өөрөөсөө дээш хүнийг дагалдаж амьдрахыг илүүд үзнэ.Дээд албан тушаалтанд гомдлоо мэдүүлэх, өргөдөл бичих, зарга хийх
хэлбэрээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх дуртай. Энэ нь албан тушаалтныг аялдах, ойртох, хүлцэнгүй байх, долигнох, бялдуучлах сэтгэл зүйг бий болгодог. Тэдгээр нь ч дураараа дургих дуртай бөгөөд нэр алдар, цол хэргэмийн төлөө байнга өрсөлдөнө. Дарга л бол бүхнийг мэдэгч болон хувирна. Манайд нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл удаа дараа гарсан нь санамсаргүй явдал огтхон ч биш юм. Иймээс “дээрээс”, “төрийн бодлогоор”, “нэг шугамаар”, “нэг төлөвлөгөөгөөр” хийж буй зүйлд тун хүлцэнгүй ханддаг, ийм зүйлийг хүлээдэг, бараг дуртай гэж хэлж болно. Эндээс төрийн нэрээр далайлгах, сүржигнэх, албархах, мэдэмхийрэх, бусдаас дээр, илүү гэдгээ харуулах, эрх ямба хүндлэл шаардах тансаглах, дээдсийг дуурайх зэрэг зан үйл
үүсдэг. Ард олон ч гэсэн төрийн хүнийг хүндлэн дээдлэх, бишрэх, аяыг нь тааруулах, анхааран сонсох, шийдвэрийг нь үг дуугүй биелүүлэх зан үйл гаргадаг.
“Зүүн Азийн Барометр” судалгааны дүнгээс харахад өнөөгийн монголын иргэдийн ихэнх нь ардчиллыг дэглэмийнх нь хувьд дэмждэг боловч авторитар хэм хэмжээ, үйл явцыг ардчиллаас илүүд үздэг, хатуу чанга удирдагч, удирдлагын ардчисан бус хэв маяг, арга барилыг дэмжиж байна.3 өөрөөр хэлбэл дундаж монгол хүн тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй хүн юм.
1990 оны өөрчлөлт шинэчлэлтээр уламжлалт болон социалист үнэлэмжийг орвонгоор нь өөрчилсөн нь монгол хүн, монголын нийгмийн бүхий л харилцааг огт өөр чиглэл, үнэлэмжид оруулсан нь өнөөгийн суурь зөрчлийг төрүүлж байгаа юм.

Улс төрийн нам.

Манай улс төрийн намыг судалсан суурьтай бүтээл ховор юм. Гэсэн хэдий ч намуудын талаар зарим дүгнэлт хийх бололцоотой юм.
Намуудын интеграци ба дифференциаци
Шинэ Үндсэн Хууль батлагдсаны дараа улс төрийн намууд асар олноороо байгуулагдаж нэг үе тоо нь 40 шахаж байсан юм. Хэдий ийм боловч арав гаруй жилийн хугацаанд улс төрийн бодит эрх мэдлийг МАХН ба Ардчилсан намуудын эвсэл гэсэн хоёр хүчин үндсэндээ барьж, бусад нь дээрх хоёрыг хавсарсан байдалтай байж, аль нэгэнд нь дөхүү, хамтран ажиллаж байжээ. МАХН тогтвортой электораттай, сонгуульд байнга оролцдог, боловсон хүчин ямагт хангалттай байсан. Харин сөрөг хүчин буюу ард түмний хэлээр Ардчилсан гэж нэрлэдэг хүчин нь улс төрийн янз бүрийн хүчнүүдийн нийлбэр байсан юм.
Сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын сонгуулийн ажиглаж байхад МАХН-аас бусад намууд эвссэн үедээ тодорхой амжилтад хүрдэг гэдэг нь 1996 он ба 2004 онд эвсэл байгуулан сонгуульд орж ялалт байгуулснаар батлагдсан бол тэд сонгуульд дан дангаараа оролцвол өрсөлдөгч нь үнэмлэхүй ялалт байгуулдаг гэдгийг 1992 ба 2000 оны сонгуулиудын дүн харуулж байна.
Монгол дахь ардчиллын арав гаруй жилд улс төрийн гуравдагч хүчин цөөн суудал парламентад авлаа ч гэсэн дээрх хоёрын аль нэгнийг дагалдаж байсан зүй тогтлыг хялбархан харж болно. Өнгөрсөн хугацаанд манай улс төрийн амьдралд улс төрийн гуравдагч хүчин байсан тохиолдол байгаа боловч тэд өөрийн зохион байгуулалтын сүлжээтэй, тодорхой тогтвортой электораттай нам гэхээсээ цөөн лидер дагасан харьцангуй бага хэмжээний бүлэглэл байсан, одоо ч байгаа билээ. Эл байдалд монголын нийгмийн сэтгэл зүй, харилцаа, улс төрийн туршлага, соёл ихээхэн нөлөөлсөн нь гарцаагүй юм.
МАХН-Ардчилсан эвсэл гэсэн үндсэн хоёр хүчин, тэдгээрийн аль нэгийг баримжаалсан гуравдагч хүчин гэсэн бүдүүвч нь монголын улс төрийн амьдралын томоохон онцлог болно
Ардчилсан эвслүүд нь зөвхөн МАХН-тай өрсөлдөх зорилгоор байгуулагдаж байсан нь тэдгээрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлсөн юм. Боловсон хүчний нөөц муутай, улс төрийн удирдлагын дадлага туршлага муутай, механикаар нэгдсэн эвсэл эрх мэдэл авмагцаа эхлээд дотоод зөрчлөөсөө, дараа нь МАХН-ын хүчтэй нөлөөгөөр маш хурдан задарч байсан. Ардчилсан хүчин нь улс төрийн өрсөлдөөний явцад зохион байгуулалтын хувьд төвлөрөлд шилжиж, гишүүд дэмжигчдээсээ хөндийрч, улс төр-эдийн засгийн томоохон эрх ашгийг төлөөлөх болсон юм. Жишээлбэл, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны 196 гишүүдийн ихэнхи хэсэг нь эдийн засгийн томоохон бүлэглэлийн төлөөлөгчид байгаагаар энэ нь нотлогдоно.
Ингэснээр зонхилох хүчтэй нам, зохион байгуулалт, эв нэгдэл муутай сөрөг эвсэл, дагалдах намууд гэсэн дэс дараалал нь намуудын дээд хэсэг нэгдэн нийлж, эвсэн тохирох өргөн боломжийг бий болгожээ. Энэ талаар полиархи ардчиллын тэргүүлэх онолч Роберт Даль хэлэхдээ: “ардчилсан институт маань улс төрийн болон хүнд суртлын дээдсүүд хоорондоо наймаа хийх гэсэн ардчилсан бус үйл явц үүсгэдэг”2 гэж тэмдэглэжээ. Эдүгээ энэхүү байдал үлэмж гүнзгийрсэн нь намуудыг болон төрийн байгууллагуудын үр нөлөөг ихээхэн бууруулж, улмаар монгол дахь ардчиллыг үлэмж эргэлзээтэй болгож байна.
Олон намт тогтолцоо гэдэг нь улсын бүртгэлд хэдэн нам байгаагаараа хэмжигддэггүй. Иймээс зонхилох намын эрх мэдэл ихээхэн нэмэгдэх нь зүй тогтлын шинжтэй болж, олон намын тогтолцоо ор нэрийн төдий болж, нэг намын ноёрхол тогтож байна.
Эндээс Монголд улс төрийн шинэчлэлийн нэг шинэ үе эхэлж байна гэж дүгнэх бүрэн боломжтой.
Нам ба үзэл санаа.
Монголд аливаа үзэл санааны өрсөлдөөн бараг байгаагүй, өөр үзэл санаатныг уламжлалт нийгэмд буруу номтон, социалист нийгэмд тэрс үзэлтэн гэж мөрдөн мөшгөж адладаг байсан. 1992 оны Үндсэн хуулиар олон ургальч үзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тунхагласан боловч энэ нь практикт бүрэн хэрэгжиж чадаагүй байна. Улс төрийн олон ургальч үзэл нь улс төрийн үзэл санааны тогтолцоо, итгэл үнэмшилийн хэлбэртэй байгаа тохиолдолд л нийгэмд хэрэгжих боломжтой юм. Монголын намууд ардчилсан социалист, либерал, консерватив гэх мэтийн улс төрийн аль нэг үзэл санааг тунхагладаг. Гэвч намуудыг тунхаглан зарласан үзэл санаагаар нь ангилан үзэх нь ихээхэн учир дутагдалтай болно. Тунхагласан үзэл санаа нь улс төрийн лоозон төдий бөгөөд намуудын хувьд тэр нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой байдаг. Энэ нь намууд үзэл санааны үндсэн урсгалуудыг хүлээн авч тунхаглаад удаагүй байгаа, онолын болон практикын хувьд мөн чанарыг нь таньж мэдээгүй, мөн нийгмийн практикт тохируулан буулгаж хэрэглэх туршлага хомс байгаатай холбоотой. Үүний улмаас монголын аль ч нам үзэл санаагаа хэрэгжүүлэх ажил хийдэггүй бөгөөд намуудын үзэл санаа, зарчим нь үйл ажлаасаа ямагт зөрж байдгаар энэ нь нотлогдоно.
Нэгэнт үзэл санааны өрсөлдөөн байхгүй тохиолдолд түүний ёс суртахуун, ёс зүйн үндсийн талаар ярих боломжгүй бөгөөд үзэл санааны өрсөлдөөнийг орлох үндсэн хэлбэр нь эрх мэдэл, эд баялгийн төлөөх дүрэмгүй тоглолт болон хувирчээ. Энэ тохиолдолд намуудын мөн чанар ихээхэн гажих нь зүйн хэрэг мөн.

Нам ба бюрократ анги.

Монголын улс төрийн намуудын удирдах болон дунд хэсэг социализмын үед үүсэн бий болсон номенклатур ангиас гаралтай юм. Номенклатур ангийг доктор Х.Гүндсамбуу “зөвхөн МАХН-ын доторхи бус, түүнийг нэвт сүлжсэн, нийгмийг бүхэлд нь нөмөрсөн үзэгдэл, нарийндаа бол нийгмийн давхраа төдийгүй нийгмийн ангитай эн зэрэгцэгч, түүгээр ч зогсохгүй монголын нийгмийн ноёрхогч анги”4 гэж тодорхойлсон нь тун оновчтой болсон
юм. Монголын нийгэм дэх намуудын үүсэл хөгжлийг олон арван жил оршин тогтнож буй намаас болон тухайн үеийн түүхэн нөхцөл байдлаас үүссэн номеклатур ангиас, одоогийн нэр томъёогоор бол бюрократ ангиас салангид үзэх боломжгүй юм.
Ардчилсан өөрчлөлт эрхэлмэгц шинэ тутам байгуулагдсан Ардчилсан намуудын боловсон хүчний дийлэнхи олонхи нь номенклатур ангид хамаарч, МАХН-ын дунд шатны боловсон хүчний нөөцөд багтаж байсан юм.1990 онд болсон өөрчлөлт шинэчлэл нь ардчилсан, үймсэн олны, номенклатур ангийн гурамсан хувьсгалын сүлжил байжээ.5 өнөөдөр бид бүхэн 1990 оны үйл явдлыг ардчилсан хувьсгал гэж нийтээр нэрлэдэг боловч номенклатур ангийн хувьсгалын шинж нь илүү давамгайлж байсан гэж үзэх бүрэн үндэс бий.
Үндсэн Хууль баталж олон намт тогтолцоог тунхагламагц улс төрийн намууд мэргэжлийн болон тухайн үед байсан болон шинээр бий болж буй нийгмийн бүлгийн шинжээр байгуулагдсан юм. Жишээ болгож хөрөнгөтний нам, малчин, тариачны нам, ажилчны нам, хөдөөгийн нам зэргийг дурдаж болно.
Нам ба зохион байгуулалт, дотоод ардчилал
Олон нам байгуулагдсан нь улс төрийн хөгжлийн ололт болсон хэдий ч намууд хуучны хатуу зохион байгуулалтыг хуулбарлан дуурайсан, загвар болгосон хэвээр байна. Энэ нь манай бүх намуудын зохион байгуулалт болон удирдлага босоо бөгөөд төвлөрсөн шинжтэй байгааг харуулж байна. Намуудын удирдах байгууллага нь хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байж, дунд шатны байгууллагууд нь төр, засгийн албан тушаалтан, томоохон бизнесменүүдээс зонхилон бүрдэх болов. Жишээ болгож МАХНын Бага Хурлын бүрэлдэхүүнийг авч үзье. 1997 оноос хойш хугацаанд МАХН-ын Бага Хурлын бүрэлдэхүүн дэх төрийн дээд
албан тушаалтны тоо 2,6 дахин өссөн байна. Энэ нь тус намд улс төрийн хүчирхэг нөөц бий болж, хүнд сурталжих болон төвлөрсөн удирдлагад шилжих үйл явц эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Энэ хүснэгтээс бизнесменүүдийн тоо цөөрсөн мэт харагдаж байгаа боловч дурдаж буй хугацаанд олон бизнесмен төрийн албан тушаал хаших болсноос ийнхүү цөөрсөн болно. Энэ нь МАХН төр, бизнес, намын боловсон хүчний нөөцийг нэгэн дор зангидсан хүчирхэг эрх мэдлийн нам болсныг харуулж байна. Бусад намууд, тухайлбал, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүн дээрхтэй адилхан бөгөөд харин албан ёсоор мөнгө төлж энэ байгууллагад ордог дүрмийн заалттай юм. Намуудын удирдагч дээд хэсэг нь намуудаа төвлөрөлд шилжүүлж, эдийн засгийн болон эрх мэдлийн хатуу хяналт тогтоогоод байна.Зонхилох намтай бусад намуудын зарим хэсэг болон удирдагчид эхлээд далдуур, эдүгээ илтэд хамтран ажиллах болсон нь нэг намт тогтолцоог улам бэхжүүлж байна.
Намын дотоод ардчиллыг дүрмийн өөрчлөлтөөр хязгаарлах үйл явц аль ч намд ажиглагдаж байна. Жишээлбэл, намын шат шатны байгууллагууд намын дүрмээр олгосон өөрийн бүрэн эрхийг дээш дээш нь шатлан шилжүүлэх гаж практик хэвшээд удаж байна. Энэ нь намууд нэг хүн буюу бүлгийн дур зоргийн эрх мэдэлд орх боломж, нөхцлийг бүрдүүлж байна.
Намуудын үзэл суртал, зохион байгуулалт, гишүүнчлэл, удирдлагын арга барил, парламентад суугаа гишүүдээ хянах чадвар зэрэг олон шинжүүдийг шинжлэн үзвээс тэдгээр нь монголын нийгмийн ядуурал, хоцрогдол, ёс суртахууны доройтол зэргийн бодит тусгал болж байна. Намуудад зөрчилтэй хоёр үйл явц явагдаж байна. Нэг талаар намуудыг олон нийтийн нам болгох гэж удирдагчид нь хичээж байна. Манай намуудын зарлаж буй гишүүд дэмжигчдийн тоо сонгогч иргэдийн тоотой бараг дүйцэж байгаа нь үүнийг гэрчилнэ. Нөгөө талаар намууд гишүүд дэмжигчдээсээ тасарч, удирдлага нь төвлөрч, дотоод ардчилал нь
хумигдан олигархи цөөнхийн мэдэлд ороод байна. Энэ зөрчлийг намуудыг сул гишүүнчдэдтэй болгох, олон нам бий болох нөхлийг хангах замаар шийдвэрлэж болох юм.
Намууд олон түмний саналыг татах үзвэр үзүүлэн маягтай зүйл болон хувирчээ. 2004 - 2005 оны сонгуулиудын дараах үйл явцын үр дүнгээс үзэхэд Монгол Улсад олон намын бодит байдал үнэн хэрэг дээрээ алга болж, сөрөг хүчний институт бараг устаад байна. Энэ нь төрийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөж, улс төрийн ужиг хямрал, тодорхойгүй байдалд хүргэж байна.

Нам ба төр

Монголчууд намуудыг сонголтын үндсэн хүчин зүйл болгож сэтгэдэг ба намыг дээдлэн үздэг заншилтай. Намын боловсон хүчний бодлого нь төрийн боловсон хүчний бодлогод шууд тусгалаа олж, түүнийг тогтворгүй болгосон нь улс төрийн өрсөлдөөнийг боомилогч хүчин зүйлсийн нэг болж байна. 2000-2004 онд УИХ-д 72 суудалтай ганц намын бүлэг байсан бөгөөд энэ бүлэг УИХ-аар хэлэлцсэн бараг бүх асуудлаар бүлгийн хуралдаан хийж байсан нь парламентын ёсыг гажуудуулах, намыг төрөөр орлуулах хандлагыг бий
болгосон. Төрийн алба нь сонгуулиар байнга өөрчлөгддөг бүтцийн өөрчлөлтийн талбар болсон бөгөөд энэ улс төрийн албан тушаалтнуудын дураараа авирлах нэг гол арга болж байна. Ийм нөхцөлд төрийн албан тушаалтан намуудыг буюу намын албан ташаалтаны үгийг дагахаас өөр арга байхгүй юм. Энэ нь монголын төрийг дөрөв дөрвөн жилээр ээлжлэн амьдардаг “зочид буудал” шиг болгож байна. Yүнээс улбаалан төрийн ой санамж, боловсон хүчний уламжлал залгамжлал гэсэн чухал хүчин зүйл алга болжээ.

Нам ба гишүүд, сонгогчид

Намуудыг олон янзаар ангилж болох боловч сонгогч олны хувьд намуудыг МАХН ба Ардчилсан хүчин гэж хуваадаг нь олон удаагийн судалгаагаар нотлогдсон юм. Намуудын дийлэнх олонхи нь нийгмийг дайчлагч үүргээ биелүүлдэггүй бөгөөд сонгуулийн үеэр гишүүд, дэмжигчдийг хөлслөн ажиллуулдаг болсон нь нууц биш юм. Энэ нь сонгуулийн үед мөнгө олох таатай боломжийг бүрдүүлдэг ба энд намын харъяалал чухал биш болдог. 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийсэн судалгаагаар монголын сонгогчдыг дараах хэв маягуудад хувааж болох байна. Улс төрийн намуудын хатуу дамжигчид 60 хувь, хаашаа ч хөлбөрч болох “хөвдөг” сонгогчид 28 орчим хувь, сонгуульд огт оролцдоггүй “идэвхгүй” иргэд 12 хувь, насанд хүрч сонгууль өгөх болсон “шинэ сонгогчид” 5 хувь орчим байгаагаас гадна гадаадад ажиллаж амьдардаг олон хүн сонгууль өгөх боломжгүйгээс түүнд оролцож чаддаггүй байна.
Одоо энэ байдал нэлээд өөрчлөгдөж, намуудын хатуу дэмжигчид эрс буурах хандлага ихэсч байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиглагдсан юм. Энэ үеэр аль ч намд итгэлгүй гэж үзэж хүмүүс электоратын бараг 35-40 хувь хүрсэн байлаа.9 Хэрэв улс төрийн болон намуудын байдал энэ байдлаар үргэлжилбэл энэ хандлага бүр лавшрана биз ээ. Хүн ам ядуурсны улмаас төрийн нөлөөлөлд автаж саналаа өгөх явдал түгээмэл болж байна.

Ардчилал ба зах зээл, өмч хувьчлал ба улс төр

Монгол орныг ардчилал болон зах зээлийн эдийн засагт нэгэн зэрэг амжилттай шилжсэн орон гэж гадаадад ч, дотоодод ч үздэг. Гэхдээ ардчилал, зах зээл хоёрыг нийгэмд хэр ашигтайгаар хослуулж, зөрчил болон нийцлийг хэр зэрэг зохицуулсан бэ гэдэг асуудлыг бараг ярьдаггүй. Ардчилалд шилжих нь хүний эрх, эрх чөлөөг хангах, сонгууль, ардчилсан институтуудыг байгуулах зэргээр хэрэгжсэн бол зах зээлийн эдийн засагт шилжих нь юуны өмнө өмч хувьчлалтай холбоотой байв.
Тухайн үед оршин байсан нийгмийн давхраажлын оройд байсан нам төрийн удирдах болон дунд тушаалын түшмэд өмч хувьчлалд илт давуу байр суурь эзэлж, шинэ хөрөнгөтний давхрааг бүрдүүлсэн юм. Өмч хувьчлалын үндсэн бүдүүвч нь банкны зээл байсан бөгөөд түүнийг үндсэндээ төрийн болон төсөвт байгууллага, банкныхан авч байжээ.2000 онд хийсэн судалгаагаар манай бизнесийн анхдагчдын 44 хувь нь дунд тушаалын албаны дарга, 24 хувь нь жирийн гүйцэтгэх сэхээтэн, 20 хувь нь удирдах ажилтан байжээ.11 Энэ нь төр засгийн байгууллагын ажилтнууд өмч хувьчлалд шууд оролцож, хувь хүртэж байсныг гэрчилнэ.
Зах зээлд шилжсэний үр дүнд нийгмийн давхраажлын шинэ пирамид тогтов. Эдийн засгийн эрх мэдэл авсан нийгмийн бүлэг улс төрийн эрх мэдэл авах үйл явц эхэлжээ. Энэ үед эдийн засгийн шилжилт, улс төрийн шилжилт хоёр ихээхэн зөрчилтэй бөгөөд нэгдэлтэй хэрэгжиж эхэлжээ.
Нийгмийн баялагаас өмч хувьчлалаар дамжуулан хүртэх үйл ажиллагаа хэвээр үлдэхийн хамт байгалийн баялагаас хувь хүртэх үйл ажиллагаа шинээр бий болов. Эдийн засгийн хүрээнд гарсан энэ өөрчлөлт, хандлага нь төрийн эрх мэдлээр дамжуулан үүнийгээ хэрэгжүүлэх сувагтай болсон байна.
Эрх мэдэл нь нийгмийн баялагаас илүү хүртэх боломжийг олгож байгаа нь шинэ тутам төрсөн баячуудыг төрд орох эрмэлзлийг төрүүлжээ. Төр засагт орж ажиллах гол суваг нь улс төрийн намууд байсан юм. Иймээс намуудаар дамжин төр засгийн албанд орж, эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хөдөлгөөн үүссэн байна. Энэ нь авилгал, далд улс төрийг бий болгож, төрийн албыг гажуудуулах болсон байна. Авилгалын индекс нь 75 хувьд хүрээд байна.
Ингэснээр өмч хувьчлал болон нийгмийн баялгийг хуваарилахтай холбоотой эдийн засгийн өрсөлдөөн улс төртэй шууд хутгалдан сүлэлдэх болж, намууд эдийн засгийн сонирхлын бүлгүүдийг шууд төлөөлөх болов. Иймээс аль ч намын дээд удирдлагад эдийн засаг-улс төрийн хүчирхэг бүлэглэлүүд өрсөлдөх болж байна. Энэ өрсөлдөөн нь улс төрийн халхавчтай дүрэм бус, хууль бус тоглолтын шинжтэй болжээ. Улс төрчдийн мэргэжлийн хийгээд залгамжлах үйл явц удаан байна. Хөрөнгө мөнгөөр улс төрд орж ирэх хандлага, боломж нээлттэй болов.13 Намуудын ардчилсан шинж арилж, улс төрийн бодлого зорилго чиглэлгүй, системгүй болж, үндэсний шинжээ алдаж, гэнэтийн, шинжлэх ухааны үндэслэл тооцоогүй шийдвэр гаргах нь түгээмэл болов.
Өнөөдөр намууд, тэдгээрийн дотоодод болон орчинд нь явагдаж буй эмх цэгцгүй өрсөлдөөний улмаас нийгмийн хөгжлийн гол чөдөр, улс төрийн хямралыг өдөөгч үндсэн хүчин болоод байна. Ард түмний намуудад итгэх итгэл, улмаар төрд итгэх итгэл үлэмж буурсан нь бүх төрлийн судалгаагаар харагдаж байна.
Ардчиллын эхэн үе буюу 1992 баталсан “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг 2005 онд шинэчлэн найруулсан бөгөөд энэ хууль нэг намт тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн, дотоод ардчиллыг хумисан, өөр нам шинээр бий болох бололцоог хаасан шинжтэй болсон юм. Улс төрийн намуудын харилцааг зохицуулж буй эрх зүйн орчин нь хүний үндсэн эрхийг суурь үндсээ болгох учиртай. Ялангуяа улс төрийн намууд хоорондоо эрх тэгш, чөлөөтэй, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх нь нэн чухал юм. Эс тэгвээс хүсэл сонирхлоо
илэрхийлэх, эрх баригчдад хариуцлага тооцох иргэдийн эрхийг хязгаарлах болно гэж үздэг.15 Иймээс улс төрийн шударга бөгөөд чөлөөт өрсөлдөөний орчин нөхцлийг бий болгохын тулд улс төрийн намуудын болон сонгуулийн хуулийг монголын нийгмийн онцлогийг харгалзан өөрчилж, намын дотоод ардчиллын хэм хэмжээг нэн даруй хуульчлан тогтоох шаардлагатай.
Тухайлбал, намуудын хатуу төвлөрлийг сааруулах, олон ургальч үзлийг дэмжих, бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, гишүүд, дэмжигчдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, нам болон төрийн гэгээрүүлэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр эрс шийдмэг арга хэмжээ авах ёстой.
Монголын улс төрийн хямралт байдал, зөрчлийг арилгах түлхүүр нь улс төрийн намуудыг ардчилах, шинэчлэх, олон намт тогтолцоог тэтгэх, өрсөлдөөний тэгш бөгөөд шударга байдлыг хангах, ийм нөхцөл бололцоог дахин бүрдүүлэх явдал болох нь манай бодит байдлаас тодорхой байна.

Сонгуулийн үйл явц

Сонгууль нь ардчилсан шударга өрсөлдөөний чухал суурь үзүүлэлт юм. Монгол Улс ардчиллын жилүүдэд УИХ-ын 4, Ерөнхийлөгчийн 4, орон нутгийн 4, нийт 16 сонгууль явуулжээ. Энэ хугацаанд монголчуудад ардчилсан сонгууль явуулах туршлага ямар нэг хэмжээгээр бий болсон гэж үзэж болохоор байна.
Анхны сонгуулиуд сонгогч олны өндөр идэвхи, оролцоо, итгэл үнэмшил дээр явагддаг байсан билээ. Гэтэл 2004 оноос эхлэн Монгол Улсад болсон сонгуулиуд нь бүх нийтийн, тэгш, шууд, шударга, чөлөөт зарчмууд алдагдаж, сонгогчдын хүсэл эрмэлзлэлээс үлэмж гажиж байжээ. Тухайлбал, Улс төрийн боловсролын Академиас 1994 онд явуулсан судалгаа, Сонгогчдын боловсрол төвөөс 2002 онд Харе, Нимайерийн аргачлалаар тооцсон судалгаа, 2004 онд МУИС-ийн Социологийн тэнхимээс Бернуллын аргачлалаар тооцсон судалгаа зэргийг дурдаж болох бөгөөд эдгээр бүх судалгаа нь мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг ихээхэн гажуудуулж байгааг нотолсон юм.
Сонгуулийн зохион байгуулалтын булхай, луйвар газар авч, ардчиллын суурь зарчмуудыг ихээхэн зөрчих болж байна. Сонгуулийн талаар ХЭYК-ын “Сонгох, сонгогдох эрхийн төлөв байдал” судалгаа, Глоб интернейшнл, Сонгогчдын боловсрол төвийн явуулсан судалгаагаар тодорхой харуулсан юм.16 Сонгуультай холбогдсон олон асуудлыг бүгдийг нь хамарч амжихгүй ч гол гэж үзсэн зарим асуудлыг авч үзье.
1996 оноос хойш явагдсан бүх сонгуулиудын оролцоог харуулсан хүснэгтийг авч үзье.
Монгол Улсад УИХ-ын сонгууль 5 буюу 6 дугаар сар, орон нутгийн сонгууль үүний дараа 10 буюу 11 дүгээр сард явагддаг. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль үүнээс нэг жилийн дараа мөн л энэ үед явагддаг. Гэтэл 2,5 сая хүн амтай, 1 сая гаруй сонгогчтой Монгол Улсын хүн ам 4- 5 сарын дотор УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хооронд сонгогчдын нэрсийн жагсаалт 1996 онд 85.508 хүнээр, 2000 онд 178.887 хүнээр, 2004 онд 194 741 хүнээр тус тус хэлбэлзжээ. 2004 он гэхэд л сонгогч иргэдийн тоо хоёр сонгуулийн хооронд 15,2 хувиар цөөрчээ. Хүн ам хэтэрхий цөөн Монгол Улсад сонгогчдын тоо 200 орчим мянгаар буурсан нь анхаарал татах асуудал болж байна.
Эндээс дараах дүгнэлтүүдийг хийж болно. Үүнд:
1. Хүн амын бүртгэл мэдээлэл нь зөрчилтэй байна.
2. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг орон нутгийн засаг захиргааны нэгжийн ажилтнууд
санаатайгаар болон санамсаргүйгээр будлиулан олон янзаар гаргаж байна.
3. Сонгогчдын нэрсийн жагсаалтын зөрчил нь сонгуулийг будлиантуулах болоцоог
олгож байна.
Гадаадад явсан, ажилласан, суралцсан хүмүүс, хөдөөгөөс хот руу шилжин ирсэн, бүртгэлд орсон ороогүй хүмүүс хүн амын тодорхой хувийг эзэлдэг. Энэ бүлэг албан бус мэдээгээр 100.000 орчим гэх боловч бодит байдал нь тодорхой биш байна. Орон сууц, хашаа байшингаа зарж, сольж, түрээсэлсний улмаас бүртгэлд ихээхэн гажиг гардаг. Түүнчлэн амьдрал ядуугаас бохир, цэвэр усны мөнгөө хэмнэх гэж ам бүлийнхээ
данснаас хасуулж бүртгэлээс санаатайгаар хийдэх, цэргийн дүйцүүлэх албаны мөнгө төлөхөөс зугтах гэж голдуу залуу эрчүүд бүртгэлээс завсардан гээгдэх гэх мэтийн шалтгаанаар бүртгэлд ороогүй хийдсэн гэсэн ангилалд орох хүн амын тоо ихээхэн өссөн байж болзошгүй юм. Энэ нь түүвэр судалгаагаар нийт хүн амын 15-30 орчим хувь болж байна.
Дээрх болон бусад олон шалтгааны улмаас нэг хүн хоёр газар бүртгэлтэй, эсвэл огт бүртгэлгүй гэхчлэн “амьгүй албат”-ын томоохон бүлгүүд бий болжээ. Үүнээс шалтгаалан хүн амын анхан шатны бүртгэл, улмаар сонгогчдын нэрсийн жагсаалт илт замбараагүй болж байна. Иймд зөрчилтэй бүртгэлтэй тохиолдолд сонгуулийн үр дүнг будлиантуулах боломж нээлттэй байгаа бөгөөд үүнийг улс төрийн намууд ашиглах боломжтой байна.
Судалгаа хийсний үндсэн дээр зарим сонгогчдод сонгуулийн үнэмлэх үл олгох, хүн дутсан тохиолдолд найдвартай хүмүүсээр энэ жагсаалтыг дүүргэх, эсвэл бөөнөөр нь хасах явдал ажиглагдах болжээ.

Сонгуулийн байгууллагууд, түүнд үзүүлэх төр, захиргааны нөлөөлөл

Улс төрийн намууд болон аливаа сонирхлын бүлгээс хараат бус, бие даасан байгууллага сонгуулийг эрхлэн явуулдаг байх нь сонгууль шударга явагдах чухал нөхцөл бөгөөд ардчиллын тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм.19 Гэвч Сонгуулийн Ерөнхий Хороо иргэдийн сонгох, сонгогдох улс төрийн эрхийг хамгаалах, баталгаажуулах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Сонгуулийн Ерөнхий Хороог иргэдийн сонгох, сонгогдох эрхийн болон сонгуулийн хуулийн хэрэгжилт, сонгуулийн кампанийн
санхүүжилтэд хяналт тавих чадамж бүхий, хараат бус байгууллага болгон өөрчлөх шаардлагатай байна.
Сүүлийн үеийн сонгуулиудаар төр засгийн нөөцийг сонгуульд шууд ашиглах явдал түгээмэл болж байна. Тухайлбал мэдээллийн хэрэгслээр бүрэлдэхүүн нь бараг гардаггүй хэсгийн хороодыг авч үзье. Хэсгийн хороодын бүрэлдэхүүн болон үйл ажиллагааны арга барилыг судалсан тохиолдол үгүйлэгдэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улсын хэмжээнд 1631 хэсгийн хороо ажилласан юм. Үүнээс 64 хэсгийн хорооны 551 хүнийг хот, хөдөөгийн байдлыг нь харгалзан түүвэрлэж бүрэлдэхүүнийг нь “бичиг баримтын шинжилгээ” хэмээх социологийн аргыг ашиглан шинжилж үзлээ.
Сонгуулийн хэсгүүдийг хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарыг харъяалах дүүргийн хэлтэс, албадын дарга, ажилтан, сургуулийн захирал, эмнэлгийн дарга нар үндсэндээ удирддаг байна. Энэ бүлэг хэсгийн хороодын нийт ажилтнуудын 5,8 хувийг, баг, хорооны засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгч гэх мэтийн анхан шатны дарга нар 12,7 хувийг, хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан зэрэг техник ажилтнууд 7,8 хувийг болж байна. Төрийн захиргааны нөөц болох эдгээр хүмүүс хэсгийн хороодын бүрэлдэхүүний 26,3 хувийг эзэлж байна. Хэсгийн хороодыг бүрдүүлж байгаа дараагийн түгээмэл бүлэг нь багш нар 13,4 хувь, эмч нар 6,7 хувь, нийлээд 20,1 хувь болж байна. Энд төрийн удирдлагын зарим онцлог шинжүүдийг авч үзэх шаардлагатай. МАХН-ын дүрэмээр намын хорооны дарга нь Засаг дарга буюу ИТХ-ын даргын аль нэгэнд нэр дэвшдэг бөгөөд улсын хэмжээнд орон нутгийн 695 мандатын 552 -ыг буюу 79,4 хувь нь тус намын хяналтад байдаг.Ийнхүү төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнууд нь хэсгийн хороодын бүрэлдэхүүний 57,8 хувь болж байна. Энэ бүлэг нь сонгуулийн үйл ажиллагааг голчлон гүйцэтгэнэ. Мөн энд ажилгүйчүүд 12, 2 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 14,3 хувь, компанийн захирал, ажилтнууд 6,3 хувь болж байна. Ажилгүй мөртлөө сонгуульд оролцож байдаг хүмүүсийг нарийвчлан авч үзэхэд ихэнхи нь дээд боловсролтой эмч, багш, улс төрийн ажилтан зэрэг хүмүүс байна. Мөн аль нэг улс төрийн намын гишүүд ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх зэргээр бүртгүүлээд энэ ангилалд орсон тохиолдол байна. Төрийн захиргаанаас шууд хамааралтай энэ бүлэг хэсгийн хороодын бүрэлдэхүүний 32,8 хувь болж байна.
Эдгээрийг өмнөх бүлгүүдтэй нийлүүлбэл төрийн захиргааны болон түүнээс шууд хамааралтай бүлэг сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүний 90.6 хувь болж байна. Хэсгийн хороодын түгээмэл бөгөөд дундаж зураглал дараах байдалтай байна. Хэсгийн хороодын дарга нь дүүргийн ажилтан буюу засаг дарга, гишүүд нь захирал, эмнэлгийн дарга, түүний мэдлийн 2 - 3 эмч, багш, дүүрэг, хорооны ажилтнууд 3- 4 , бусад гишүүн буюу ажиглагчаар тухайн сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн эцэг эх байгаа тохиолдол нэлээд
байна.
Нэрсийн жагсаалтыг 15-30 хүртэлх хувиар дураараа хөдөлгөх боломжтой, хэсгийн хороодын гишүүдийн 90 гаруй хувь нь нэг намаас бүрдэх төрийн байгууллагаас хамааралтай байгаа нөхцөлд шударга сонгууль явуулах боломжгүй юм.
Намуудын санхүүжилтийн асуудал гарцаагүй сөхөгдөх ёстой гэж үзэж байна. Эдийн засгийн институтууд тогтворжоогүй, хяналтын механизм сул байхад намуудын санхүүжилтийг хянах нь түвэгтэй асуудал юм. Намуудын санхүүжилтийг хянахын тулд эхлээд хувь хүн, компаниудаас авдаг далд хандивийг зогсоох, сонгуулийн байгууллага нь дансаар дамжуулан хянадаг тогтолцоо бий болгох ёстой.

Сонгуулийн системийн тухай

Манайд эдүгээ үйлчилж буй сонгуулийн систем нь “ЯЛСАН НЬ БYХНИЙГ АВНА” гэдэг зарчим үйлчилдэг можаритар систем болно. 1992 оны анхны ардчилсан сонгуулиас хойш олон удаа олон байгууллага сонгууль дахь саналын гажилт болон хэмжээг үнэлэлт дүгнэлт гаргасан байдаг.22 Гэтэл сонгуулийн системийг өөрчлөх талаар бодит ажил огт хийгдээгүй байна. Одоо л сонгуулийн холимог хувилбарыг авах талаар яригдаж байна.
Монголын нийгмийн онцлог, ардчиллын жилүүдийн туршлагыг эрэгцүүлэн үзвээс улс төрийн олон намыг бий болгох, олон ургальч үзлийг дэлгэрүүлэх, нийгмийн янз бүрийн бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэх, тэнцвэржүүлэх амин чухал бодит шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ нөхцөл, шаардлагыг хангах сонгуулийн систем нь хувь тэнцүүлсэн хувилбар болно.
Улс төрийн өрсөлдөөний үндсэн бөгөөд гол шинж болсон сонгуулийг шударга явуулахын тулд сонгуулийн байгууллагуудын бие даасан байдлыг хангаж, удирдлагыг үл хамаат, босоо шинжтэй болгож, төрийн байгууллагын нөлөөллийг хязгаарлаж, ажилтнуудыг нь мэргэшүүлэх, олон нам, сонирхогч этгээдийн тэгш бөгөөд ил тод хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.

No comments: