“Социологийн судалгааны дүн цэвэр сурталчилгаа болоод байна”


“Социологийн судалгааны дүн цэвэр сурталчилгаа болоод байна” хэмээн Ерөнхий сайд С.Баяр 2006 оны хавар мэдээллийн хэрэгсэлээр ярьж суусан нь саяхан. Үүнд МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ц.Болд хариу болгож энэхүү жижиг шүүмжийг бичжээ. Та бүхэнд сонирхуулж байна.

2000 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн, тухайн үеийн ерөнхий сайд асан С.Амаржаргал, Социологийн судалгаа гэж нэг хэнд ч хэрэггүй юм байдаг болтой юм яриад, Монголд Олон улсын түвшинд нийцсэн социологийн судалгааг явуулдаг байгууллагууд бий болтол 10 жилийн зай бий хэмээж байсан нь саяхан. Адилхан ч юм уу даа цаг үе гэж. Адилхан ч юм уу даа улс төрчид гэж. Өнөөдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр мөн түүнтэй адилхан мэдэгдэл хийгээд сууж байнаа.

Түүнийг бид боловсролтой, чадалтай, тулхтай улс төрч гэж үнэлдэг боловч түүний хэлсэн “социологийн гол судалгаа чинь сонгууль шүү дээ” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй нээ. Тэрээр бас “социологийн судалгааны дүн цэвэр сурталчилгаа болоод байна. Социологийн “сайн” судалгааны алдааны магадлал гэхэд л 3-5 хувь байдаг.” хэмээн мэдэмхийрчээ. Социологийн шинжлэх ухааны анхны мэдэгдэхүүнгүй хүнд хандаж хэлэхэд “Социологи бол зөвхөн хувь процентоор хөөцөлддөг шинжлэх ухаан биш” гэдгийг мэдтүгэй. Социологи бол түүнээс хамаагүй өргөн хүрээтэй, тэр хэрээр суурь шинжтэй, нарийн шинжлэх ухаан гэдгийг хэлэх байна. Улс төрийн албан тушаалтных нь хувьд түүний арьсаа өмгөөлсөн мэдэгдлийг ойлгож болно л доо. Өөрөөр ойлгох боломжгүй юм. Хэдийгээр тэрээр энэхүү судалгаануудын дүнд эргэлзэж итгэхгүй байгаа дүр үзүүлж байгаа боловч, үүнээс ямар нэгэн цочрол авсан болох нь, үүний мөрөөр арга хэмжээ авч эхэлж байгаа нь мэдрэгдэж байна. Ингэхгүй бол тэрээр улс төрч биш билээ.

“Социологийн судалгааны дүн цэвэр сурталчилгаа болоод байна” гэсэн түүний шүүмжлэлд хариу барья. МУИС -ийн Социологийн тэнхим, “Социологийн академи” төвөөс эрхлэн өргөн хүрээтэй, олон чиглэлийн судалгаа шинжилгээний ажил явуулдгийн дотор улс төрийн судалгаа, сонгуулийн судалгаанууд зохих хувийг эзэлдэг. Энэхүү судалгааныхаа дүнд бид огтхон ч эргэлздэггүй боловч үр дүнг зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ашигладаг байсан учраас олон нийтэд тэр бүр зарлаж, сурталчилж байгаагүй юм. Бидний хийсэн зарим судалгааны дүнгүүд С.Баяр танд хүрч байсан учраас үнэн гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа. Бусад судалгааны төвүүдээс ялгагдах бидний давуу тал бол онолын болон хавсарга судалгааг албан ёсоор эрхэлдэг, мэдээллийн олон жилийн бааз суурьтай, мэргэжлийн бөгөөд улс төрд огт хамаагүй байдаг, орчин үеийн шинжлэх ухааны арга зүйг харьцуулах боломжтой, нийгмийн үзэгдлийн учир шалтгааныг олж таних гэсэн шинжлэх ухааны чин хүсэлд байдаг юм. Иймээс таны шүүмжлэл, “таны мэдэх” зөвхөн тэр л судалгааны байгууллагуудад хамаатай болов уу. Ер нь бол судалгааг хэн дуртай нь биш, аль нэг намын төлөөлөл биш, жинхэнэ мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг нь дэлхийн практикаар нотлогдсон зүйл. Улс төрчид, “Сант Марал Төв”-ийн судалгаа хэмээн ам амандаа ярьдаг мөртөө өөртөө таалагдахгүй дүн гарангуут мөнөөх Сант Марал руугаа дайрдгийг ойлгох аргагүй. Сант Марал төв тогтвортой, давталттай судалгаануудыг тасралтгүй явуулж ирсэн нь тэдний гол давуу тал. Бид зарим үед судалгаа явуулж амждаггүй нь голдуу хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг бөгөөд энэ байдал нь МУИС – ийн мэргэжлийн тэнхим судалгаа явуулж чадахгүй гэсэн үг огтхон ч биш юм. Бид бусад судалгааны байгууллагуудын судалгааны дүн мэдээллийг хүндэтгэн үзэж, харьцуулан шинжилдэг бөгөөд Харин “Прогноз”, “3өгий” зэрэг судалгаануудын дүнд бол илүү болгоомжтой хандахаас аргагүй. Сонгууль дөхсөн үед ямар нэг судалгааны дүн байтугай, бодлогогүй хэлсэн үг, хийсэн нэг алхам ч сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй байдаг. Харин сонгуулийн сураг дуулдаагүй байхад хийгдсэн судалгааны дүнд эргэлзэх бодит шалтгаан бараг байхгүй. Байвал улс төрийн шалтгаан л байж болох юм биз.

2006 оны 5-р сарын 24 Ц.БОЛД /МУИС-ийн Социологийн тэнхмийн багш/

No comments: