Ард нийтийн санал асуулгын хуулийг өөрчлөх тухайд


МУИС-ийн Социологийн тэнхмийн багш, бодлогын судлаач Ч. Тамир

МУ-д 400 гаруй хууль эрх зүйн акт УИХ-аар батлагдан нийгмийн амьдралд хэрэгжиж байна. 1995 онд батлагдсан “Ард нийтийн санал асуулгын тухай хууль” нь батлагдсан цагаасаа ганц удаа ч хэрэгжиж байгаагүй хуулиудын нэг юм. Хуулийн нэрнээсээ эхлээд л иргэн Д.Ламжавт шүүмжлүүлж, бодлогын судлаач Ч.Тамирын санаачлагаар өөрчлөх талаар яригдаж асан боловч эрх зүйн баримт сэлт гэдэг утгаараа оршсоор байна. Дээрх хуулийг өөрчлөх талаар бичигдсэн энэхүү нийтлэл нэн сонирхолтой тул толилуулж байна.

Барууны орнуудад сүүлийн үед хийгдэж байгаа судалгаагаар сонгуульд бүхнийг найдаж орхих нь ардчиллыг бэхжүүлэхэд учир дутагдалтай байна гэсэн шүүмжлэл өрнөж сонгуулиас бусад үед бодлого боловсруулах үйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог хөхүүлэн дэмжих нь төрийн үүрэг гэж үзэх болжээ. Ингэж шууд ардчиллын элементийг сонгуулийн ардчилалтай хослуулснаар төр бэхжиж, төр иргэн хоёрын хооронд түншийн холбоо тогтдог, үүсээд байгаа ардчиллын хомсдлыг арилгадаг аж. Иргэн төр хоёрыг холбох олон янзын арга хэрэгсэл байдгийн хамгийн чухал нь ард нийтийн санал асуулга юм. Ард нийтийн санал асуулгыг 1945 онд Монголчууд бид гадны шахалтаар анх удаа тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан, мөн 1991 онд шинэ үндсэн хууль батлахын өмнө өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж байсан нь түүхийн баримт болж үлджээ.

Монгол бол сонгуульчлагдсан ардчилсан төртэй улс. Тиймээс бодлого боловсруулах үйл явцад иргэдийн шууд, идэвхтэй оролцоог дээшлүүлэх асуудал ихээхэн чухлаар тавигдаж байгаа. Уг нь 1995 онд Ард нийтийн санал асуулга явуулах хуулийг баталсан ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа, тэр бүү хэл 1999-2000 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ хүртэл хэрэглээгүй юм. Үүнийг маш олон учир шалтгаанаар тайлбарлаж болох юм.

Хэн санаачлах вэ? Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээдэд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь хамтарч, санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй, иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд уламжлана гэж заажээ. Мэдээж санал асуулга явуулах нь зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрхийн нэг учир иргэд өөрсдийн саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо, холбогдох бусад баримт бичгийг хавсаргах учиртай. Энэ заалт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг бид сайн мэднэ. Өөрөөр хэлбэл нийгмийн эрх ашиг хөндөж буй асуудлаар санал асуулга явуулах санаачлагыг дээрх субьектууд нэг ч удаа гаргаагүй. Швейцар улсад хэсэг иргэдийн санаачлагаар санал асуулга явуулах санаачлагыг гаргадаг. Тиймээс цаашид уг хуулийг өөрчлөхдөө тодорхой тооны иргэд нэгдэж гарын үсэг цуглуулснаар санал асуулга явуулах санаачлагыг гаргах боломжийг бий болгох шаардлагатай болов уу.

Санал асуулга явуулахыг хэн шийдвэрлэх вэ? Хэрвээ санал асуулга явуулах санаачилга гарвал УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ гэж заасан нь ихээхэн өндөр хэмжээ юм. Эндээс парламент жирийн хуулийг олонхиор баталдаг мөртлөө асуудлыг шийдвэрлэх эрхийг ард түмэнд шилжүүлэхдээ яагаад ийм өндөр хоригийг давах ёстой вэ, яагаад ард түмэнд асуудлыг шийдэх эрхийг өгөхөөс татгалзаж байна вэ гэсэн асуулт гарна. Мэдээж хэн ч гэсэн өөрийн эрх мэдлийг бусдад шилжүүлэх дургүй. Тийм ч учраас санал асуулга явуулах эсэхийг олонхийн саналаар шийддэг болох нь өнөөгийн нөхцөлд байж болох хувилбар болов уу.

Хэрхэн зохион байгуулдаг вэ? Ард нийтийн санал асуулга зохион байгуулах ажлыг 1992 онд баталсан сонгуулийн хууль дээр тулгуурласан. Санал асуулгын хуулийн 19-ийн 4-д хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай УИХ-ын шийдвэрийг үндэслэн Засгийн газар энэ ажлыг зохион байгуулж, дүнг нэгтгэн парламентын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхэд танилцуулна. Хуулийн 19-н 5-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХТэргүүлэгчид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад заасны дагуу хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулна гэж заажээ. Ингэж санал асуулгыг сонгуультай хамт явуулна гэж заасан нь зардлыг багасгах гэсэн оролдлого мөн боловч сонгуулиас бусад үед санал асуулга зохион байгуулвал сонгуультай яг ижил нүсэр зардал чирэгдэлтэй болгож санал асуулга явуулах практик боломжийг хаажээ. Чухамдаа олон хүн ард нийтийн санал асуулга гэхээр ихээхэн төвөгшөөнгүй хандах нь элбэг.

Хэрхэн хэлэлцүүлэх вэ? Санал асуулгын хуульд аливаа асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэхдээ дараахь хүрээнд хэлэлцүүлж болно. Үүнд 19-ийн 3.1-д нийт ард түмнээр, 19-ийн 3.2-д нийгмийн тодорхой бүлэг, ажил мэргэжлийн хүрээнд, 19-ийн 3.3-д тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд гэж заажээ. Ингэж хуульд санал асуулгыг тодорхой нутаг дэвсгэр, ажил мэргэжлийн, нийгмийн тодорхой бүлгийн гэх мэтээр олон янзын хэлбэрээр явуулж болохыг заасан нь ихээхэн өргөн хүрээг хамарсан гэвч хэрэгжүүлэх талаар тодорхой зүйл үгүй.

Ямар асуудлаар санал асуулга явуулах вэ? Хуульд шинжилгээ хийж үзвэл хуулийн 4-р хэсгийн 1-д санал асуулгыг төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлохтой холбогдсон асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд явуулна, 2-т Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно, 3-т нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулна, 19-1-д шаардлагатай гэж үзвэл хууль санаачлагч нь нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахаар санаачилсан хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай саналаа парламентад оруулж болно гэж заасан. Үүнд шинжилгээ хийж үзвэл санал асуулга хийх асуудлын хүрээг өргөсгөж өгсөн боловч ямар тохиолдолд шаардлага гарсан, гараагүй гэж үзэх, ямар асуудлыг нэн чухал гэж үзэх зэрэг нь тодорхойгүй байна. Өмнө өгүүлсэнчлэн үндсэн хууль лав нэн чухал асуудал юм уу, төрийн бодлогын асуудал биш гэсэн дүгнэлт гарах уу?

Санал асуулгаар шийдсэн асуудал хэрхдэг вэ? Юуны өмнө гишүүдийн хувьд хамгийн их болгоомжлол төрүүлдэг заалт бол ард нийтийн санал асуулгаар шийдсэн шийдвэрийг цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэх юм. Энэ хувь хэмжээг ч гэсэн гуравны хоёр болгож багасгаж болно, учир нь сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа. Мөн санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар 5 жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар парламентын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш 2 жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй гэсэн заалт бий. Эдгээр заалтыг ч гэсэн эргэж харах шаардлагатай. Ард нийтийн санал асуулга нь тухайн цаг үеийн нөхцөл байдалд үүргээ гүйцэтгэдэгээс бус санал асуулгаар шийдсэн л бол хэзээ ч хөдөлшгүй гэж ойлгох нь хэтэрхий механик, догматик болно.

Уг нь манай үндсэн хууль чухал асуудлаар нийгмийн хүрээнд зөвшилдөх боломжийг хангасан хуульд тооцогддог. Үүнийг үндсэн хуульд байгаа ард нийтийн санал асуулгын заалтаас харж болно. Гэвч бид ард түмнийхээ сонголтын үнэ цэнийг дээшлүүлэх, ард нийтийн санал асуулгын хуулийг хүчтэй болгох гээд гээд хэтэрхий догматик заалтууд оруулсан нь уг хууль өөрөө эргээд хэзээ ч хэрэглэгдэхгүй идеаль хууль болчихжээ. Нийгмийн зөрчил гүнзгийрсэн, сонголт хийх шаардлагатай олон асуулт нэхэл шаардаж байгаа, иргэдийн төрд итгэх итгэл багассан, иргэд өөрсдийн ашиг сонирхлоо хурцаар илэрхийлэх болсон өнөө үед ард нийтийн санал асуулгыг явуулаад хэвшчихвэл иргэдэд ч их хурлын эрхэм гишүүдэд ч цаашилбал манай орны хөгжил дэвшилд ихээхэн хэрэгтэй юм. Хэрвээ бид бодит амьдрал дээр нэг ч удаа хэрэглэхгүй юм бол ийм сайхан хуулиар яах ч юм билээ, музейд тавих саналыг хэн нэгэн хүн гаргавал түүнийг дэмжмээр байна. Хэрвээ бид ардчиллын өөрийнх нь бий болгосон арга хэрэгслийг ашиглах бололцоог иргэддээ гаргаж өгөхгүй бол тэднээс төмөр зам зогсоох, татвараа төлөхгүй байх, цагдаатай мөргөлдөх, төрийн ордны цонх хагалахыг ёс суртахууны хувьд буруутгахад хэцүү л юм даа.

No comments: