Тэд юу өгүүлнэ вэ?...

-Б.Дэлгэрмаа /АЭХ-ны тэргүүн, улс төр судлаач/:
Сонгогчдын дунд нэр хүнд нь ямар байна, мөрийн хөтөлбөр, явуулж буй үйл ажиллагаа нь тэдний санаанд нийцэж байна уу, цаашид яах хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлохын тулд улс төрийн намууд дэргэдээ социологийн судалгааны төвтэй байх ёстой. Олон нийтийн сэтгэл зүй тэдний үйл ажиллагааны гол шалгуур болж, судалгааны үр дүнд түшиглэн ажиллах учиртай. Олон улсад ч ийм жишиг бий. Гэхдээ тэд энэ үр дүнгээ зөвхөн дотооддоо ашигладаг. Германы томоохон намуудын дэргэдэх судалгааны төвүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, гарсан үр дүн нь сонгуулийн дүнтэй нийцдэг. Ердөө л нэг хувийн зөрүүтэй хэлбэлздэг бодит судалгаа хийдгээрээ тэд их бахархдаг юм билээ.

Манайд ийм биш байна. Монголд бие даасан, социологийн судалгааг жинхэнэ утгаар нь хийдэг байгууллага байхгүй гэж би үздэг. Бүгд л аль нэг нам, лидерийн захиалгад орсон. Тиймээс гаргасан үр дүнд нь итгэдэггүй. Намын дэргэдэх төвүүд өөрийн эрх ашигт нийцүүлж, дүн дээрээ хувь нэмдэг нь ажиглагддаг. Ялангуяа сонгууль дөхсөн үед ийм байдал илүү гардаг.

-Д.Ганболд /Улс төр судлаач/:

Дэргэдээ судалгааны төвтэй байх эсэх нь тухайн намын асуудал. Ер нь аливаа судалгааны гол нь аргачлал байдаг. Ямар аргачлалаар судалгаа хийснээ манай социологийн төвүүд ил мэдээлдэггүй учраас элдэв хардлага гарахад хүргэдэг. Аргачлалыг нь мэдэж байж л үр дүн нь бодит эсэхийг тодорхойлно. Сүүлийн үед социологийн төвүүдээс гаргасан судалгаатай танилцаагүй учраас бодитой эсэхэд дүгнэлт өгч мэдэхгүй нь. Аргачлалынхаа тайлбарыг оруулбал илүү итгэл үнэмшилтэй болно.

-Ц.Шаравдорж /УИХ-ын Тамгын Газрын дарга/:

Улс төрийн намууд үйл ажиллагааныхаа бодлогыг тодорхойлох, зөв арга хэмжээ явуулж буй эсэхээ мэдэхэд социологийн судалгаа өндөр үүрэгтэй. Бодит зөв мэдээлэл хэрэгтэй шүү дээ. Тиймээс намуудын дэргэд судалгааны төв байх хэрэгтэй. Манай МАХН-ын дэргэдэх “Прогноз” төвийн хувьд Удирдах зөвлөл, удирдлагууддаа таалагдах гэсэн дүн гаргаж, бодит мэдээллээс холдуулдаг дутагдал байсан. Одоо тус төвийг мэргэжлийн хүн удирдаж буй учраас үйл ажиллагаа нь шинэ шатанд гарч байна. Удирдлагуудын санаанд нийцэхгүй, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч бодит, зөв мэдээлэл гаргах нь чухал. Социологийн төвүүд энэ чиглэлийг барьж ажиллах ёстой.

-Л.Алтанцэцэг /МЛН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/:

Би намынхаа дэргэдэх социологийн судалгааны төвийг ахалдаг. Манай төвөөс хийсэн хамгийн сүүлийн судалгааны хувьд сэтгэл зүйн арга ашигласан юм. МЛН-ыг иргэд төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс ард нь эрх чөлөөг хамгаалан дэмжигч нам гэсэн тайлбар хийж өгсөн нь парламентад суудалгүй намууд дотроосоо тэргүүлэхэд хүргэсэн. Ер нь намуудын дэргэд судалгааны төв байх нь зөв. Гэхдээ үүнийгээ ашиглаад шоу хийх, өөрийгөө сурталчлах байдал зарим тохиолдолд ажиглагддаг. Социологийн судалгааг мэргэжлийн боловсон хүчинтэйгээр шударга, нээлттэй явуулж, бодит мэдээлэл өгөх учиртай. Манай нам энэ зарчмыг барьдаг.

No comments: