Ард түмний санал асуулга ба мэдээллийн террор

Ард түмний санал асуулга гэдэг зүйл сүүлийн үед их моодонд орлоо. Арга ч үгүй биз. Улс төрчдөд одоо ард түмний санаа бодлыг мэдэх нь юу юунаас чухал. 3 жил өөр хоорондынхоо санаа бодлыг судалж ажилласан тэд гэнэт ард түмний санаа бодлыг мэдэх хэрэгтэй болсон аж. Шалтгааныг нь хэлээд илүүц биз. Ард түмэн биднийхээ юу санаж бодож явааг мэдэхийг эрмэлзэж байгаа нь их сайшаалтай хэрэг боловч ард түмний санал асуулга нэрийн дор өөрийн хүслээ тулган хүлээлгэх нь түлхүү байгаа нь тун ч харамсалтай.

Ардчилал ба олон нийтийн санал асуулга

Ардчилал бол олонхийн засаглал. Өөрөөр хэлбэл олонхийн санаа бодол нь ардчиллын үндэс байдаг. Тиймээс олонхийн санаа бодлыг мэдэх нь ардчиллын нэг салшгүй хэсэг. Олонхийн санаа бодлыг хэрхэн тусгаж байгаагаар нь ардчиллыг бас үнэлж ч болно. Ардчилсан Грекүүд анх хотынхоо төв талбай дээр цуглан аливаа асуудлаар ард түмнийхээ санал асуулгыг “шууд эфир”-т явуулчихдаг байсан бол хүн ам, газар нутаг тэлэхийн хэрээр энэ нь огт боломжгүй зүйл болов. Энэ зах зээл дээр янз бүрийн зурхайч, мэргэч төлөгч нар нилээн олон жил монополь байсан ч тэд социологи хэмээх ШУ-д аажмаар байраа тавьж өгсөн юм. Социологичид хэрхэн бүх иргэдтэйгээ очиж уулзалгүйгээр гэхдээ бас зоос чулуу таталгүйгээр хямд, үр дүнтэй аргаар тэдний санаа бодлыг үнэн зөвөөр илрүүлэх вэ гэсэн хүнд бодлогын ард нилээн хэдэн жил суув. Хамгийн зөв хариултыг америкийн улс төр судлаач Гэллап хэмээгч 1936 онд Рузвельтийн ялалтыг 5000-хан хүний асуулгаар /тухайн үед Литерари дайжест сэтгүүл 2 сая хүнээс судалгаа аваад ч сонгуулийн дүнг зөв хэлж чадаагүй юм/ үнэн хэлснээр өгсөн билээ. Тэрээр хамгийн гол нь судалгааны түүвэр буюу судалгаанд оролцогчдыг зөв сонгох арга зүйг олж гаргаж чадсан юм. Түүнээс хойш дэлхий нийтэд олон нийтийн санаа бодлын судалгаа түүний арга зүйгээр явж байна. Гэллапын үндэслэсэн олон нийтийн санаа бодлыг судалдаг байгууллага олон оронд салбартай, дэлхий нийтийн санаа бодлыг судалдаг асар том байгууллага болжээ. Одоо аль ч ардчилсан улсад 1000-2000 хүнийг түүвэрлэж аваад л ямарч асуудлаарх олон нийтийн санаа бодлыг +-1-5%-ийн зөрөөтэйгээр хэлж чаддаг болсон. Ардчилал ч тэр хэрээр бэхжиж байна. Харин Монголд ингэж чадаж байна уу??

Сахил хүртээд шал дордов

Эзэн Чингис хаан олон нийтийн санаа бодлыг мэдэхийн чухлыг айхтар ухамсарлаж байсан нь түүний янз бүрийн нийгмийн давхарга, бүлгийн хүмүүстэй уулзаж тэднээр чөлөөтэй яриулдаг байснаас харагдана. Захын нэг өнчин хүүгээс хүртэл томчуудын архидалтын талаарх саналыг нь авч байсан баримт бий. Тэр үнэнийг хэлсэнд нь талархаж байснаас миний сонсохыг хүссэн зүйлийг хэлсэнгүй хэмээн шийтгэж байсангүй бололтой. За тэгээд төрөл бүрийн шадар зөвлөхүүд нь аливаа асуудлаарх олон нийтийн санаа бодол ямар байгааг болон хэрхэн имиж, PR-аа хийх талаар зөвлөж байсан нь маргаангүй биз. Аливаа овог аймгийн олон нийтийн дотор түүний лидерийнх нь рейтинг унах эгзэгийг сайн тааруулж довтолж байсан нь түүний амжилтын нэг үндэс байж болно.

Энэ эртний систем социализмтай хамт өөрчлөгдөв. Монголд социологийн ШУ үүсэв. Гэхдээ социализмийн нөхцөлд социологи олон нийтийн санаа бодлыг үнэн зөвөөр судлах нь боломжгүй зүйл байв. Тоталитар дэглэм нь аливаа асуудлаар эрх баригч намаас өөр санаа бодолтой байгаа хүмүүсийг шууд шийтгэн, олноос тусгаарладаг байсан учир хэн ч бодож байгаагаа үнэнээр хэлж эрсдэлд орохыг хүсэхгүй. Та нөхөр Цэдэнбалын үйл ажиллагааг юу гэж үзэж байна вэ гэж асуувал тухайн хүний даралт нь ихсэж, нүд нь харанхуйлах байсан биз. Ерөнхийдөө олон нийтийн санаа бодлыг социологичид гэхээсээ тагнуулууд л сайн судалж, дээшээ айлтгаж байв. 90 он гарч монгол улс маань ардчилсан болсноор социологийн хүлээс тайлагдаж олон нийтийн санаа бодлыг жинхэнэ утгаар нь судлах боломж бий болов. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгч болов. Олон нийтийн санаа бодлын судалгаа нь олон нийтэд санаа бодлоо тулган хүлээлгэх сайхан зэвсэг болов. Олон нийт байтугай 5 хүнээс ч асуулгүйгээр ард түмэн ингэж бодож байна, тэгж үзэж байна хэмээн өөрийн хүссэн санаа бодлоо тулган рекламдах нь ердийн үзэгдэл болоод байна. Иймэрхүү ард түмний панаал асуулгын дүнд жирийн иргэд нь оюун санааны террорт өртөж, хиймлээр үзэл бодлоо өөрчилж, нийгмийн талаар буруу ойлголттой болж үлдэж байна. Энэ нь сонгуулийн өмнө улам гаарч улс төрчид, тэдний мөнгийг салгах гэсэн хүмүүс нийлээд бүр абсурд болно. Сүүлдээ бүр түүндээ өөрсдөө үнэмшиж орхих ба түүнийгээ бодитой гэж харуулахын тулд хүн үнэмшмээргүй зүйл ярих болж. Тэр бүхэнд үнэмших юм бол монголд ард түмний санал асуулгад оролцоогүй хүн бараг үлдээгүй юм байна. Дээр нь бидний ихэнх нь буюу олон нийт нь олон нийтээсээ тэс ондоо бодол санаатай болох нь. Хамгийн харамсалтай нь ардчиллын төлөө хамгийн их тэмцэгч, ард түмнээ оюуны боолчлолоос гаргасан, нийгэмд шударга үнэнийг тогтоохыг эрхэм зорилгоо болгосон хүмүүс энэ луйварт бусдаасаа илүү оролцож байх юм. Тэгээд үүндээ монголын хамгийн цэвэр үлдсэн байсан мэдээллийн орчин болох интернетийг ашиглаж байх юм.

Ард түмний панаал асуулгыг Оллоо

Хэрвээ та Оллоо сайтын ард түмний элч-2008-ыг үзвэл миний хэлээд байгааг төвөггүй олж харна. Тэд ард түмнийхээ элчийг “зөв” тодруулах үүднээс монголын 29460 хүнээс судалгаа авсан юм байх. Энэ бол монголын социологийн түүхэнд рекорд болох тоо. Хүн ам багатай жижиг орноо байг гэхэд АНУ, ОХУ-д олон нийтийн санаа бодлын судалгааг 1000-1500 хүнээс авдаг юм. Тэндхийн судалгааны байгууллагууд манай тэр байгууллагаас хамаагүй бодит бус судалгаа авдаг байх нь. Эсвэл хамаагүй ядуу, хүн хүч муутай болж таарч байна. 29460 хүнийг нэгхэн сарын дотор судалсан нь бас л дахиад рекорд болж таарна. Миний мэдэхийн манайдаа хамгийн сайн бүтэц, судлаачидтай УТБА-аас Зүүн Азийн Барометр хэмээх ОУ-ын судалгааг нийт 1200 хүнээс авахад зөвхөн судалгаагаа гардан авахад хугацаа нь 20 хоног болж байлаа. “Сант Марал” Сан бас 1100 орчим хүнээс авахад тэр хавьцаа болдог гэсэн. Судалгаа хийж байсан хүний хувьд багцаалахад 29460 хүний судалгааг нэгхэн сарын дотор аваад дүнг нь гаргахад дор хаяж 2000-4000 мэргэжлийн хүн, түүнд тохирсон судалгааны зардал орох ёстой. Үнэмшихгүй байх нэг шалтгаан нь энэ. Нөгөөх нь судалгааных нь дүн. Топ 10 улс төрчид, тэдний авсан саналыг харахад хангалттай. Оллоо сайтыг худалдан авсан гэх /ташаа мэдээлсэн бол хүлцэл өчье/ Ц.Элбэгдорж 32301 хүн, С.Оюун 26820, С.Баяр 18627, Х.Баттулга 17861, Ө.Энхтүвшин 16634, Э.Бат-Үүл 17714, С.Баярцогт 17181, Д.Ганхуяг 15505, С.Батболд 16468, А.Мурат 16361 хүний санал авжээ.

Гутранги төгсгөл

Үнэмших үгүй нь уншигч Таны хэрэг. Гэхдээ таныг ингээд өөрөө үнэмших үгүйгээ мэд гээд орхихоос өөр юу ч хийх боломжгүйдээ харамсаж байна. Учир нь иймэрхүү санал асуулгыг нягталдаг, мэргэжлийн дүгнэлт өгдөг, шалгадаг газар байхгүй. Хэрвээ Та хэн нэгэнд хуурамч бичиг баримт үзүүлсэн бол таныг хуулийн дагуу шийтгэнэ, гэтэл танд хуурамч дүн үзүүлж байгаа хүн, байгууллагыг хэн ч шийтгэхгүй. Яагаад гэвэл энэ харилцааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Ойрын үед буй болохгүй биз. Өөр зөндөө Ард түмний санал асуулга явагдана, судалгаа авах хүний тоо нь 50, 100 мянга болох байх гэж айж байна. Таны таньдаггүй мэддэггүй зөндөө шинэ топ улс төрчид Таны саналаар буй болно гэж айж байна….

1995 онд УИХ-аас сайшаагдан баталсан “Ард нийтийн санал асуулгын тухай хууль” нэртэй баримтыг нэг ч удаа хэрэглээгүй нь Монголын нийгмийн бухимдлыг үүсгэсэн бол нэг удаа хэрэглээд үзчихвэл олон нийтэд таалагдаж магад. Тэгээд ч ардчилалын амин сүнс нь иргэдийн оролцоо байдаг. Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцооны сонгодог хэлбэр мөн.

/Судлаач: Энхтөр/

2 comments:

Anonymous said...

Сайн уу? нүүлгэсэн нь сайхан харагдаж байна. Гэвч өмнөхсэтгэгдэл нь цуг нүүдэггүй юм уу?

ЗОРИГТ8 said...

Мөнгөөд: Сайн уу андаа. Дэлхий нэт-ийн хэд хэдэн дутагдалтай зүйлээс болж нүүсэн юм.
Сэтгэгдэлүүд цуг нүүдэггүй нь харамсалтай..
Чиний нэг гоё нийтлэл тавигдсан шүү. Уншаарай..