Монголын нийгэм системийн хямралаас сүйрэл рүү

За энэ удаа Монголын социологийн гигантуудын нэг, философийн ухааны доктор(PhD) С.Дашдаваагийн 2004 онд бичиж нэлээд олон ном сэтгүүл, сонинд хэвлүүлж байсан гайхамшигтай системийн аналитик өгүүллийг бүрэн эхээр нь блогоороо дамжуулан социологичид, судлаачиддаа хүргэж байна. Энэ хүү нийтлэлийг уншаад зогсохгүй үг бүрчлэн цээжилэх хэрэгтэй. Өнөөгийн Монголын нийгмийн 5 хүрээг хамарч бичсэн “Монголын нийгэм системийн хямралаас СҮЙРЭЛ рүү” өгүүлэл нь тухайн үедээ нэг их анхаарал татаагүй ч ӨДГӨӨ бол оюуны алт болтлоо үнэлэгддэг ажгуу.

Монголчууд, бид 1980-аад оны дунд үеэс өөрчлөн байгуулалт, дараа нь 1990-ээд оноос ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ил тод байдал, зах зээлийн эдийн засгийн тухай ярьсаар өнөөтэй золгов.

Арав гаруй жил өнгөрчээ. Түүхийн хугацаатай харьцуулбал амьдралын хувьд багагүй, тэр ч атугай нэг бүхэл бүтэн үе шинээр бий болж, үе үеийнхэн 1980-аад оны дунд үеийн хорин настнууд өнөөгийн дөчтөнүүд буюу залуу үеэсээ мултарч эрийн цээнд хүрсэн хүмүүс болцгоосон байх жишээтэй. Эрин, мянган солигдох зааг дээрч ирэв. Төр, засагч хэд хэдэн удаа солигдов. Сүүлийн арав гаруй жилд хүн хэрхэн өөрчлөгдөв, өнөөгийн шинж, төлөв нь ямар болчихоод байгаа вэ гэх мэт олон асуудлыг тунгаан бодож, дүгнэлт өгч, цаашдаа яах нь зүйтэй вэ? гэсэн асуултад хариулт өгөх талаар өөрийн санал бодлоо хуваалцья гэж бодсон юм.
Чингэхдээ нийгэм болоод хүний асуудлыг ямар хандлагын үүднээс, өөрөөр хэлбэл, ямар нүдээр харах гэж оролдсоноо тодотгох нь зүйтэй гэж үзэв. Энэ нь аливаа буруу зөрүү ойлголт, тайлбар бий болохоос болгоомжилж буй хэрэг.

НИЙГМИЙГ ШИНЖИЖ БУЙ ӨНӨӨГИЙН
ХАНДЛАГЫН ПАРАДОКСУУД
Нийгмийн шинжлэхүйн олон хандлага бий. Тэдгээрийн дотроос монголын нийгмийн шинжлэх ухаануудад уламжлал болсон нь нийгмийн биеэ даасан хүрээнүүдэд хуваан үздэг хандлага юм. Энэ зарчмаараа цааш нь хүрээнүүдээ бүрэлдэхүүн хэсгүүдэд хувааж, тухайлан судалж шинжилж заншсан. Энэ хандлагыг нилээд болзмол байдлаар функциональ хандлага гэж нэрлэж болно. Энэ хандлага өнөөгийн нийгмийг шинжлэхэд танин мэдэхүйн хувьд ч, практикийн хувьд ч «ажиллах чадвар» муутай болжээ.
Шинэ нийгэм байгуулна гээд бүх юмаа халж сольж, эвдэж сүйтгээд шинээр байгуулж эхэлсэн. Энэ үйл явцын хүрээнд хийж буй бүх зүйлийг хэсэг бусгаар нь ойлгоход туйлын бэрхшээлтэй болоод байгаа юм. Ямар ч байсан тэгдэг гэнэ, ингэдэг гэнэ, тийм ч юм байх ёстой гэсээр өдий төдий зүйл эхэлчихсэн. Тэдгээр нь нийлбэр дүнгээрээ дүрс хэлбэр, доторхи агуулгыг нь нарийн тодорхойлоход төвөгтэй нэг л том юмны араг ясархуу юм бий болгочихоод байх шиг. Энэхүү учир нь сайн ойгогдохгүй «том араг ясыг» бүхэлд нь харж, тал бүрээс нь шинжих. Улмаар ямар юм бий болчихоод байгааг тодорхойлох, түүнийг тэр чигт нь мах булчин, цустай болгоод байх юм уу? аль эсвэл оройтоогүй дээр нь засаж залруулах хэрэгтэй байна уу? гэдгийг тогтоох хэрэгтэй юм. Энд хэсэгчлэн үзэх функциональ хандлага хүчин мөхөсдөнө. Гэтэл энэ хандлагаар нийгмээ шинжих гэж оролдсон хэвээр байгаа учраас хүчин мөхөсдөх явдал гарч байна. Үүнийг судлаачид гүнзгий мэдэрч чадахгүй байх шиг. Энэ бол нийгмийг шинжиж буй өнөөгийн хандлагын нэгдэх үндсэн парадокс юм. Системийн хандлагаар хандаж шинжих гарцаагүй шаардлага бий болоод байна.
Хоёрт, өнөөгийн шинжилгээнүүдийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Тэр ч атугай бие биенээ үгүйсгэсэн байх нь нийтлэг байна. Жишээ нь: нэг хэсэг нь «монголын нийгэмд ардчилал, зах зээлийн эдийн засаг бодит зүйл боллоо. Хүний эрх, эрх чөлөө хангагдлаа» гэж байхад, нөгөөдүүл нь ардчилал бус, анархизм тогтлоо. Эрх, эрх чөлөө газар сайгүй зөрчигдөж байгаа гэх аж. Энэчилэн «нийгэм тогтвортой боллоо. Цааш явах зам чөлөөтэй» гэж байхад сөргөцүүлэн «хямралтай байна, ойрын үед сайжрахгүй байх» гэцгээнэ. Энэ мэтчилэн жишээнээс харахад өнөөгийн монголын нийгэм чухам ямар байдалд байгаа талаар нэгдсэн ойлголт, дүгнэлтгүй, нийгмээ зөв тоймтой оношилж чадаагүй байгаа нь илт. Оношоо тодруулахгүйгээр зөв эмчилгээ хийнэ гэж үгүй байлгүй. Зөв оношилгоог нийгмийн хамтын ухаанаар л хийж чадах байх.
Гуравт, өнөөгийн байдлыг үнэлж дүгнэхдээ нэгж, тусгай баримтуудад түшиглэн түүгээр нийгмийг бүхэлд нь үнэлэх хандлага газар авчээ. Жишээ нь: Экспорт нэмэгдлээ, инфляци буурав, тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэгдлээ, цагт нь олгов, хүн машинтай болсон, чөлөөтэй зорчих болсон гэх мэт. Ийм хэсэг бусаг үзүүллэлтийн цаана амьдралд явагдаж буй үйл явц, үзэгдлийн жинхэнэ мөн чанар бүрхэгдэн хоцорч байна.
Дөрөвт, нийгэмд явагдаж буй үйл явц, үзэгдэлд чанарын шинжилгээ хийхгүй байна. Тийм тийм салбарт хувийн өмч төдөн хувийг эзлэх болов, энэ бол зарчмын том алхам гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн газар төчнөөн ам.долларын зээл олгохоор болов гэцгээх аж. Гэтэл үүний цаана, гүнд нь эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, оюун санааны ямар өөрчлөлт гарав, эерэг болон сөрөг үр дагавар юу байна? Энэ нь улс үндэстний хувь заяанд ямар нөлөө үзүүлэх бол гэдгийн талаар судалгаа, шинжилгээ хийгдэхгүй байна.
Тавд, нийгмийн төлөв байдал, цаашдын хандлага, тохиолдож буй болон болзошгүй бэрхшээл, хазайлтын талаар үнэлэлт дүгнэлт өгдөг гол субъект нь сэтгүүлчид, «улс төрчид» болжээ. Тэд олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлж байна.
Дээр дурьдсан зүйл дээр өөр бусад олон парадоксыг нэмж болно. Энэ асуудал нээлттэй.
Бид монголын нийгмийн өнөөгийн шинж, төлөв байдлыг үйл ажиллагаа-системийн хандлагын үүднээс тоймлон авч үзэхийг оролдсон юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА-СИСТЕМИЙН ХАНДЛАГЫН
ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧ

Ертөнцийн бүх юмс, үзэгдэл, үйл явц системлэг шинжтэй. Тэдгээрийг нарийн нийлмэл байдал, зохион байгуулалт, зохицуулалт, удирдлагат байдал гэх зэргээр нь эрэмбэлвээс дээд түвшинд нь нийгэм, хүн орших билээ.
Ерөнхий утгаараа «систем гэдэг нь хоорондоо харилцан үйлчлэл, харилцаанд орж эмхлэгдэн тусгаар байх үед нь өөрсдөд нь байгаагүй шинэ шинж чанар бүхий бүхэллэг зүйлийг үүсгэдэг элементүүдийн нийлбэр цогц» юм. Харин нийгэм, хүний тухайд дээрх ойлголтыг зарчмын нилээд өөр байдлаар тодотгох шаардлага тавигддаг. Энд хүний мөн чанарыг илэрхийлдэг тэр гол зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Мөн түүнчлэн нийгэм төлөвших үйл явцын онцлогийг агуулгад нь багтаах шаардлагатай. Тэгвэл хүний мөн чанарын хамгийн гол, үндсэн зүйл нь тэрбээр үйлч амьтан байдагт оршино. Үйл ажиллагаа бол хүний оршин байх арга. Хүн үйл ажиллагаа явуулж байж л нийгмийнхээ ч, өөрийнхөө ч оршин тогтнох үндсийг бий болгоно. Хүн үйл ажиллагааныхаа ачаар л өөрөө хөгжиж, өөрийгөө бүтээгч субъект болгож, хувь заяаныхаа эзэн, өөрийн түүхийн зохиогч болдог аж.
Тиймээс оршихуйн аргынх нь ямар шинж давамгайлж байгаагаар, өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь бүтээлч, эсвэл энгийн дасан зохицох, аль эсвэл сүйтгэх шинжтэй байна уу? гэдгээр нийгмийн ч, түүний үр дүн хийгээд бүтээгч нь болж байдаг хүнийг нь шинжин тодорхойлж болно.
Нийгэм хийгээд Хүн гэдэг системийг бүхэллэг зүйл болгон зангиддаг хүчин зүйл юу байх ёстой вэ? гэдэг асуулт үйл ажиллагаа-системийн хандлагынхны дунд нэг мөр шийдэгдээгүй, нээлттэй байгаа. Бид нийгмийн тусгаар элементүүдийг нийгэм хэмээх бүхэллэг зүйл болгодог хүчин зүйл нь ашигт үр дүн гэж үздэг үзлийг баримталж байгаа юм.
Нийгмийн хүрээ, салбар, эд эс бүр нэг л гол ашигт үр дүнд хүрэхийн тулд эмхлэгдэн зохион байгуулагдаж, харилцан үйлчлэлд орж, хамтын үйл ажиллагаа явуулж байвал сая тэрбээр системийн шинжийг олж чадсан хэрэг. Тэгвэл нийгмийн системийн тэр ашигт үр дүн нь юу вэ? Энэ нь хүн бөлгөө. Нийгмийг бүтээгч хүн. Хүн бол нийгмийн объект ч, субъект ч мөн. Аливаа нийгмийн хөгжлийн түвшинг Хүн нь ямар байна вэ? гэдгээр л хэмжих нь зүйтэй. Чухамдаа энэ байдлыг хүн төрөлхтөн гүнзгий ухаарч нийгмийн хөгжлийг эдийн засгийн өсөлт, хүний материаллаг хэрэглээний хангамж, техник, технологийн ололт амжилт зэргээр хэмждэг хандлагаасаа татгалзаж буй хэрэг.
Хүн төрөлхтөн бүх асуудлын гол шалгуур, нийгмийн хөгжлийн хэмжүүр болгон хүний хөгжлийг авах болжээ. Монгол улс ч мөн энэ хандлагыг баримтлахыг хичээж байна.
Хүн хэмээх системийг үүсгэгч хүчин зүйл нь мөн л ашигт үр дүн байх учиртай гэсэн логик гарч ирж байгаа биз. Энэхүү ашигт үр дүн гэдгийг агуулгажуулж авч үзвээс, хүнийг бүхэллэг систем шинжтэй болгодог ашигт үр дүн нь эцсийн дүндээ Хүн нь ямар хэмжээгээр өөрийгөө бүтээгч болгож хувиргаа вэ? гэдгээр тодорхойлогдох болно. Товчоор хэлэхэд нийгэм хүнээ бүх талаар хөгжих, хүн нь өөрийгөө бүтээгч субъект болж хувирах нөхцөл бололцоог бүрдүүлж байна уу?, аль эсвэл хүнээ задалж, сарниаж байна уу гэдгээр хэмжигдэнэ гэсэн үг.
Тэгэхлээр нийгмийн тухайн үеийн шинж, төлөв байдлыг тодорхойлохын тулд юуны өмнө нийгмийн амьдралын үндсэн хүрээнүүдийг «Хүн»-ий асуудалтай холбон авч үзэх хэрэгтэй юм.

ХҮН БА СОЦИАЛЬ ХҮРЭЭ

Нийгмийн социаль хүрээ нь К.Маркс гэдэг аугаа сэтгэгчийн тодорхойлсноор: « Хүний амьдрахад юуны өмнө хоол унд, орон сууц, хувцас хунар зэрэг бас бус зүйлүүд хэрэгтэй байдаг» гэдэгт багтах бүх асуудлыг хамарна. Энд «бас бус зүйл» гэдэг нь гэр бүл, хань ижил, үр хүүхдийг юуны өмнө илэрхийлж байгаа бөлгөө. К.Марксын анд нөхөр Ф.Энгельс гэж бас нэг суут хүн хэлэхдээ: «Нүгэлт ходоод л гэхэд өөртөө юу хэрэгтэйг ухамсраар хэлүүлэлтгүй өөрөө мэдэж байдаг» гэсэн нь бий.
Нийгмийн харилцааны талаас аваад үзвэл социаль хүрээ нь хүний нийгэмших үйл явц явагддаг гол орчин. Энэ хүрээнд нийгмийн нөөцийн хуваарилалтын шударга, эсэх нь тод харагддаг (шударга ёс). Энэ хүрээнд бас нийгмийн тэгш байдлын зарчмын хэрэгжилт тод харагдах болой. Энэ хүрээний шинж чанар, зохион байгуулалт, хөгжлийн түвшингээс, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан байгаа нийгмийнх нь хүмүүнлэг, иргэнлэг шинж бүрэлдэх явдал шууд хамаарна. Ер нь энэ хүрээ хүн, нийгмийн амьтан болоход тэргүүлэх үүрэгтэй. Тиймээс ч социаль, тэр дундаа хүний өөрийнх нь асуудал дэлхий нийтийн хөгжлийн зангилаа асуудал, зангилаа ашигт үр дүн бож хувирч буй хэрэг.
Манай улс эдийн засаг, улс төрийн гэх мэт бүх бодлогын төвд хүнээ тавина, хүн төвтэй тогтолцоо бий болгоно гэж тунхагласаар арван жилийг ардаа орхив. Гэтэл эдгээр асуудлын шийдэл нааштай ашигт үр дүнд хүрээгүй хэвээр, харин ч улам хурц, эмзэг болсоор байна. Энэ байдлыг 1990 оноос хойшхи хэд хэдэн удаагийн «Хүний хөгжлийн илтгэл»-ээс бэлхнээ харж болно. Амьжиргааны наад захын нөхцөл, амьд явах баталгаа, хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэх зэрэг олон социаль асуудал ямар байдалтай байгаа талаар хүний сэтгэл хэрдхийлгэмээр тоо баримт сонин хэвлэл, статистикийн эмхтгэлээр дүүрэн байгаа. Хүний амьдрал ахуйн наад захын хэрэгцээг хангах талаар явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хүнийг хөгжүүлэх ашигт үр дүнд хүргэхгүй байгаа. Тэр бүү хэл, бүр эсрэгээр, хүнийхээ бие организм, сэтгэл санаа, сэтгэхүй ухааныг сулдуулах үр дүнд хүргэж байна. Энд хүнсний хортой бүтээгдэхүүн, хортой будаг, материал бүхий хэврэг болхи хувцас хунар, эрүүл мэндийн өндөр төлбөртэй чанаргүй үйлчилгээ, амьд явах баталгаагүй айдас хүйдэст орчин, өсвөр болон өтөл үе нь тодорхойгүй байдал, гутранги үзлээр дүүрэн болсон гэх мэтийг тоочиж эс барах бөлгөө. Энэ бүх асуудал ёстой л нуруугаа элээтэл яригдаж байгаа учраас энд давтан нуршиж, тоо баримт жагсаахаас аль болохоор зайлсхийхийг хичээв. Харин социологийн шинжлэх ухааны үүднээс социаль асуудлыг авч үзэхдээ юуны түрүүнд анхаарлаа хандуулдаг хэдэн том зангилаа асуудал байдаг. Эдгээр асуудлыг сүүлийн арван жилд орхигдуулж ирсэн. Эдгээрийн талаар цөөн хэдэн зүйл хэлье гэж бодсон юм.
Энд юуны өмнө социализмын үед «нийгмийн бүтэц» гэж нэрлэгддэг байсан бүлэг асуудлын тухай ярьж байна. Сүүлийн үед энэ бүлэг асуудлыг тун оновчтойгоор «нийгмийн хүмүүн бүтэц» гэж томъёолж сонирхолтой санаанууд дэвшүүлсэн нь философич Б.Даш-Ёндон болой. ШУА-ийн социологчид зарим судалгааг эхлээд байгаа. Зарим хүн хэсэгчлэн хөндсөн асуудлууд бий, тухайлбал, ядуус, тэтгэвэрийнхэн, эмэгтэйчүүдийн асуудал гэх мэт. Гэвч уг асуудлыг системлэг байдлаар авч үзсэн, тэдгээрийн эдийн засаг, нийгэм, улс төр, оюун санааны ач холбогдол, агуулгыг хөндөж тавьсан нь туйлын хомс. Эдгээр асуудлын сүлжээ, тэдгээрийн зүй зохистой шийдэл, гарсан ашигт үр дүн нь нийгмийг хүмүүн бүтцээр бүхэллэг шинжтэй болгоход чухал үүрэгтэй. Ер нь нийгмийн хүмүүн бүтэц нь социаль асуудлуудыг эмхэлж, цэгцлэн шинжлэх ухааны үндэстэй ялгавартай бодлого явуулах үндэс болж өгдөг. Мөн түүнчлэн улс төрийн бодлогыг ихэд тодорхой болгож, эдийн засгийн болон төрийн шинж төрхийг илтгэн харуулна.
Сүүлийн арван жилд нийгмийн уламжлалт бүтэц бүх аспектаараа задарсан, тэдгээрийг орлох бүтэц бий болж амжаагүй, энэ талаар тухайлсан бодлого явуулалгүй өнөөг хүрлээ. Анги давхраа, тэдгээрийн дотоод бүтцийн задралын үр дүнд үүссэн «хоосон» орон зай нь элдэв урсгал хэсэг бүлэг, бөөн хүмүүсээр дүүрч, энэ нь нийгмийн жолоодлогогүй урсгал байдалтай болгогч нэг гол хүчин зүйл болон хувирсан юм.
Хүний нийгэмших үйл явц нь тухайн хүн нийгмийн аль нэг бүлэг, давхрааны гишүүн (төлөөлөгч) байгаа үед бүрэн утгаар явагдаж чадна.
Нийгэмд амьдрах атлаа бусад хүмүүстэй, тодорхой харилцаа холбоогүй, хамтын үйл ажиллагаагаар холбогдоогүй үед хүн нь хүмүүсийн дундах тусгаар хүн. Нийгэм нь тусгаар хувь хүмүүсийн механик бөөгнөрөл л байх болно. Нийгмийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийн үе нь цаашлаад нөгөө шинэ нийгмийнх нь гол хөдөлгөгч хүч (гол субъект) нь хэн байх вэ? гэдэг нь аль ч талаас авч үзлээ гэхэд зарчмын асуудал. Энэ бол улс төрийн хамгийн гол, зангилаа асуудлын нэг мөнөөс мөн.
Нийгмийн «нөлөө» бүхий хэсэг, бүлгийн зүгээс улс орныг «баячууд», «элит» л авч явж чадна гэх нь сонгогдох болсоор нилээд удаж байна. Гэтэл «баячууд», «элит» нь нийгмээ аваад явчих социаль болон улс төрийн субъектийн хэмжээнд хүрсэн юм уу? Ер нь эд хэн бэ? … тэд өөрсдийгөө өргөмжилсөөр ийм үзэл бодлыг олон нийтэд хэвшүүлчих гээд байгаа юм уу? Аль эсвэл хөгжлийн өндөр түвшинд хүрсэн тэр орнуудад яригддаг тэр хэмжээнд хүрчихсэн юм болов уу?
«Баячууд»-ын бүлэг гэдэг нь зөвхөн хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийн бөөгнөрөл бус байх.
«Элит» гэдэг нь зөвхөн боловсролын түвшин, хэлний мэдлэгээр хэмжигдэх бүлэг бус байх.
Бидний дуурайхыг оролдож байгаа тэр орнуудад нийгмийнхээ ачааны хүндийг үүрүүлэх давхрааг юуны өмнө чиглэсэн бодлогоор төлөвшүүлдэг бололтой юм билээ. Тэнд нэрлэж заншсанаар тэднийг «дунд давхраа», бас «дунд анги» ч гэж нэрлэдэг бололтой. Нилээд болзмол байдлаар нийгмээ гурван том давхраанд: Дээд, Дунд, Доод гэж хуваадаг. Тэдгээрийн тус бүрийнх нь тухайд тухайлсан социаль бодлого явуулдаг аж.
Манай улсын тухайд гэвэл «Баячууд», «Дундчууд», «Ядуус» гэсэн дотроо олон дэд бүлэгт хуваагдах хэсгүүд бий болж эхэлж байна. Ялангуяа Баян, Ядуу-гийн ялгаа маш тод харагдах боллоо гэх үзэл тогтоод байна. Засгийн газрын судалгаагаар хүн амын 16 хувь нь л амьдралын чадавхи сайтай гэнэ.
Эдгээрээс хэд нь Баян гэж тооцогдох юм бол? Янз бүрийн аргаар бодоод үзэхэд Баян гэгдэх хүмүүс хөдөлмөрийн насны хүн амын таван хувиас яагаад ч хэтрэхгүй байгаа юм. Тэдний жилийн орлогын хэмжээ ядуучуудынхаас наад зах нь 30-50 дахин илүү гэж хэлж болно. Эдгээр бүлгийн талаар нарийвчилсан судалгаа байхгүй ч гэсэн энэ нь олны зүгээс хүлээн зөвшөөрсөн баримт болоод байна. Тэгвэл энэ байдлыг харгалзан социаль бодлого явуулах хэрэгтэй. Наад зах нь л гэхэд,
« Баячууд » нь бусаддаа аль болохоор тусла!
« Дундчууд » өөрсдийгөө найдвартай авч яв, нийгмийнхээ гол ачааг үүр!
« Ядуус » өөрсдийгөө л аргацаа!
аль болохоор нийгэмдээ бага ачаа үүрүүл! гэдэг утгаар нийгмийн (төрийн) зүгээс хандаж болохгүй гэж үү?
Ийм маягийн ялгавартай бодлогыг ухаалгаар явуулж чадвал нийгмийн социаль бүтэц богино хугацаанд төлөвшиж, олон нийтийн санал бодол, сэтгэлгээнд зарчмын том өөрчлөлт орох биз ээ. Одоог хүртэл явуулж ирсэн социаль бодлого нэг л тодорхойгүй, социализмын үеийн нийгмийн бүтцийг, тэгш байлгах гэсэн үзэл хандлагыг далд байдлаар агуулсаар байна. Ийм байдлаас зоригтой салахгүйгээр шударга ёс болон бусад социаль үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилт хэрэгжих нь эргэлзээтэй.
Өөр нэг том бүлэг социаль асуудал бол үе үеийнхний хоорондын холбоог, залгамж чанарыг хангах үйл явцтай холбоотой байдаг. Ерөөс хүмүүн төрөлхтний түүхийг үе үеийнхний солигдолтын үйл явц мөн хэмээн үзэж болно. Хүн төрөлхтөн «мөнхөд» оршихуйн учир нь өчигдөр, өнөөдөр, маргаашийн хүмүүсийн тасралтгүй гинжин хэлхээс, тэдгээрийн бие биенээ нөхөн гүйцээх залгамж чанарт л орших болой. Энэ хэлхээний аль нэг цагираг тасарваас тэр үндэстэнд мөхөх аюул нүүрлэдэг аж. Монголын өнөөгийн нийгэмд энэхүү гинжин хэлхээс туйлын сул болж зарим хэсэгтээ хариугүй тасрахад тулаад байна гэж хэлж болохоор.
Насанд хүрэгсдээ «хөгшин», «залуу» гэж хуваан, ахмад үеээ хоцрогдсон, «тээг садаа бологсод» хэмээн нүд үзүүрлэх болсоор удаж байна. Ахмад үеийнхний бүтээсэн зүйлийг эвдэн сүйтгэж, тэдний хуримтлуулсан ажил, амьдралын баялаг туршлага, үйл ажиллагааны арга, дүй, нийгэм амьдралыг бүхэлд нь системлэг харж цэгнэдэг нарийн ухаан зэргийг шинэ нөхцөл байдалд тохирохгүй хэмээн үзэх болсон. Гэтэл ахмад үеийнхэн нийгмээр зүгээр нэг ивээн тэтгүүлж, асруулдаг хэсэг бус. Тэд нийгэм, үндэстний түүхийн амьд гэрч, «хуудас» нь, тээгч нар. Тэдэнд агуулагдаж буй бүх «сайныг» нь өвлөн авч, тэдэнтэй хамт, тэднийхээ мөрийг түшиж урагшилж байх учиртай. Ер нь хүссэн хүсээгүй түүх ийм л замаар явдаг. Хачирхалтай нь монголын нийгэмд энэ үнэн баримтыг үл ойшоох явдал газар авчээ. Нэг үгээр хэлэхэд монголын нийгэм насаар ялгаварлан гадуурхах үзэлд автсан нийгэм болой.
Бас нэг том бүлэг социаль асуудал бол хөдөлмөр юм. Хөдөлмөрийн талаар ихэд яригддаг тул бага хөндөгддөг зарим зүйлийг нь онцлов. Хүний үйл ажиллагааны хамгийн гол үндсэн төрөл нь хөдөлмөр. Шилжилтийн энэ үеийн хөдөлмөр нь хэлбэр төрлийн хувьд хувийн бөгөөд шинж чанарын хувьд «мөлжлөгийн» гэж болохоор. Амьдрах гол эх үүсвэр нь ийм байхад хүмүүнлэг, тэр тусмаа иргэний ардчилсан нийгэмд «хүрэх» гэдэг нь мөн ч холын хэрэг байх биз. Өнөөдрийн хөдөлмөрийн агуулга нь туйлын ядуу, явцуу, энгийн гар болон механик үйлдлүүд зонхилсон. Жишээ нь гэхэд газар сайгүй компьютерийнхээ дагавар хэрэгсэл, товч дарагч л байгаа шүү дээ. Гэтэл тэдний дунд дээд боловсролтой мэргэжилтэн хичнээн олон байгаа билээ.
Урьд нь ажиллаж байсан өдий төдий үйлдвэр, аж ахуйн газрыг хоцрогдсон, хувьчилж авсан хүн нь юмаа мэднэ энээ тэрээ гэсээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нь хаягдал төмөр гэх мэтээр зарж үрчихсэн. Оронд нь орчин үеийн сүрхий сайн гэхээр юм оруулж ирээгүй. Ийм устгалын үр дүнд өдий төдий болгож, ядуусын эгнээнд оруулсан. Оюуны хөдөлмөрийн нэр хүнд үнэлэмж буурсан, оронд нь ганзагын наймаа, мөнгө санхүүгийн гэх мэт цааснаас цаас үйлдвэрлэгч ажлын нэр, нөлөө ихэд өссөн зэргийн тухай нурших илүүц биз ээ. Ер нь «Үндсэн хуулиндаа» хөдөлмөрийг иргэний журамт үүрэг хэмээн ичингүйрэнхэн тусгасан. Хөдөлмөр, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, ажлын байрыг нь «булааж» авчихаад хувийн өмчтэй болцгоо, өөрсдийнхөө төлөө ажилла, хөдөлмөрлө гээд хаячихсан. Үүний үр дүнд юу ч үгүй болцгоосон хүмүүс нь урьд үеийнхнийхээ бүтээсэн зүйлсийг эвдэн сүйтгэж, хувьдаа юмтай болох гэсэн их сүйрлийн аян ч эхэлсэн.
Хөдөлмөрийн хүрээнд туйлын харуусал төрүүлэхүйц болсон нэг хэсэг асуудал бол монголын ажиллах хүчний бүрдэн бий болсон асар их потенциал үрэн таран болсон явдал юм. Муу нэрт социализмын үед бүх мэргэжлээр шат шатанд нь дүйцсэн ажилчин мэргэжилтэнг дотоод гадаадад олон жилийн турш шургуу бэлдсэн. Үүний ачаар бүх салбарт мэргэжилтэй ажилчид, техникчид, инженерүүд, эмч, багш, соёл, шинжлэх ухааны зэрэг бүхэл бүтэн отрядууд бий болсон. Энэ бүхэн үрэн таран болж монгол орон мэргэжилтэй ажиллах хүчний нөөцийн хомсдолд орсон. Боловсон хүчний хуучин нөөц шинэ нөхцөлд тохирч тэнцэхгүй гэх байх л даа. Гэтэл наад зах нь зохих бэлтгэлтэй болсон боловсон хүчний «хөрвөх» чадвар гэж бий. Өнөөдөр «манаач- инженер, жижүүр-багш, нярав-удирдах ажилтан» гэдэг шинэ ажилтнууд их болжээ. Гэтэл мэргэжилтний «хөрвөх» чадварыг ийм байдлаар ашиглаж байгааг ойлгоход бэрх юм. Энэ мэтчилэн хөдөлмөрийг тойрсон өдий төдий асуудлыг шийдэх цэгцтэй, ухаалаг системлэг бодлого хэрэгжүүлмээр санагддаг.

ХҮН БА ЭДИЙН ЗАСАГ
Шинэ нийгэм, шинэ хүн төлөвшүүлэхэд эдийн засгийн хүрээ чухал ач холбогдолтой байдгийг «шилжилтийн» гэж нэрлэгдэж байгаа өнөө үе бүр ч тод харуулж байна. Монголын өнөөгийн нийгмийн социаль болон эдийн засгийн байдал, тэдгээрийн нөлөөллийг ангилах тутам аргагүй л «ахуй анхдагч» хэмээгч материалист сургаал үнэн юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй дахин дахин орж ирээд байдаг. Өнөөгийн эдийн засгийн туйлын сул дорой, олон гажигтай байгаа. Тэр хэмжээгээрээ хүнээ төлөвшүүлж буй. Ядуу эдийн засаг өндөр ёс суртахуунтай хүн төвөлших хөрс болж чадахгүй. Хөрс нь ямар байна, ургамал нь тийм л байх нь мэдээж. Өнөөгийн эдийн засгийн систем нь янз бүрийн хог ургамал ургах таатай нөхцлийг бүрдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гээд яах ч билээ. Хар амиа бодох, авилгал хээл хахууль, залилан, хулгай дээрэм, луйвар, эрх мэдэлдээ эрдэх, хүнийг ялгаварлан үзэх гээд л өдий төдий гаж үзэгдэл бүгд л эдийн засгийн үндэстэй, эдийн засгийн агуулгатай байгаа юм.
Зах зээлийн эдийн засгийг «авралын од» түүний «далд гар» бүхнийг зохицуулна хэмээн тунхаглаж түүнд шилжих үйл явцын удирдлагыг гартаа авагсад маань энэ талын онолын ч, практикийн ч мэдлэг туршлага хомс байсан. Энэ ч мэдээж хэрэг. Тиймээс эхнээсээ л гадны янз бүрийн мэргэжилтнүүдийг урьж дэргэдээ ажиллуулах, эсвэл алсаас байнгын зөвлөлгөө авч ирсэн. Гаднын зөвлөгчид нь монгол улсын түүхэн уламжлал, хүн амын сэтгэл зүйн онцлог, газар нутаг, эдийн засаг, нийгэм, улс төрийн төрх байдал зэрэг олон зүйлийн талаар бараг харанхуй шахуу байсан.
Монголын шавь нар нь ч улс орон, ард түмнийхээ онцлог байдлын талаар гадаадын багш нараасаа нэг их ялгарахгүй байсан. Тиймээс ч тэд гадаадын багш нараа тоть шиг даган «цочир эмчилгээ» хэрэгтэй гэнэ. Тэр ч байтугай «элгээр нь хэвтүүлэх», «усанд чулуудчих нь зөв, хэн чадах нь сэлээд гарна биз» гэх зэргээр номчирхож, улайрч байв. Энэ номлол нь ч зохих ёсоор хэрэгжиж өнөөдөр монголчууд бид ёстой л элгээрээ хэвтчихсэн хүн амын 60 гаруй хувь нь усан дотроо амь наана там цаана тийчигнэцгээж байна.
«Шинэчлэгчдийн» хувьд зах зээл гэдэг нь «эрэлт-нийлүүлэлтийн» систем, эсвэл дамын наймаагаар «мөнгө хийх» санхүүгийн бүтэц мэтээр ойлгогдож байв.
Гэтэл зах зээл гэдэг нь эдийн засгийн болон эдийн засгийн бус олон зүйлийг нэгтгэсэн маш нарийн нийлмэл үзэгдэл байдаг аж. Тохиолдсон бэрхшээлийг улс төржүүлэн, үнэн байдлыг бүрхэгдүүлэн, бүх зүйл номын ёсоор явагдаж байгаа мэт сурталчилсаар өнөөдөртэй золгоод байна.
Хувьчилчихвал бүх юм сайхан болох мэтээр номлож, түүнийг хэрэгжүүлэх хамгийн болхи бүдүүлэг аргыг сонгосон. Гэтэл хувьчлал нь үйлдвэрлэлийн үр ашгийг ч дээшлүүлсэнгүй, санхүүгийн эрүүлжилтийг ч хангасангүй, хүн амын үйлчилгээг ч сайжруулсангүй, элитийг ч төрүүлсэнгүй, олон түмэнд өөрийн хүч, ирээдүйдээ итгэх итгэлийг ч төрүүлж чадсангүй.
Хувьчлал нь нийгмийг задалсан, ёс суртахууны доройтолд оруулсан, авилгал үүсгэсэн, эрүүгийн шинжит эдийн засаг үүсгэв.
Хувьчлалын үр дүнд бас улс төрийн тодорхой байр суурьтай, эдийн засгийн эрх мэдэлтэй, санхүүгийн чадавхитай, хуучин далд байсан хэсэг ил гарч ирсэн. Харин тэд нийгмийн баримжаатай зах зээлийн үзэл баримтлалыг ойлгох, хүлээн авах чадваргүй, хүсэл ч үгүй байсан аж.
Хувьчлал нь хүн амын ихэнх хэсгийг хоосруулахын зэрэгцээ, иргэдийн «Эрхийн бичгийг» залилах замаар цуглуулан авч луйврын аж ахуйн байгууллагууд үүсэхэд төрийн зүгээс түлхэц үзүүлсэн үйл явц болж хувирсан юм. Тиймээс төрийн байгууллагууд өөрсдөө бий болгосон эдгээр байгууллагынхаа төлөө хариуцлага хүлээх явдлаас эргээд эднийхээ тусламжтайгаар өөрийгөө чөлөөлсөн юм.
Шинэ «хувийн өмчтөнгүүд» нь улс, нийгмийн өмнө хүлээх үүрэг, ахархан хугацаанд тэдний гарт орсон баялгыг ашиглаж байгаагийнхаа төлөө хүлээх хариуцлагын мэдрэмж, ухамсаргүй байв. Зах зээл рүү алхаж эхэлсэн эхний үед тэдний дийлэнх олонхийн хувьд «капиталын анхны хуримтлал» бий болгох гэсэн цорын ганц л хүсэл, мөрөөдөл байв. Үүнд ямар ч арга, хэрэгслийг ашиглахаас буцахгүй байлаа. Ийм байдал өнөөдөрч үргэлжилсээр л …
Уг нь монголчууд шинэ «Үндсэн хуульдаа», … «өөрийн орны онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна» гэж тунхагласан билээ. Гэтэл өмчийг ялгаварлах, төрийн өмчийг нүд үзүүрлэх, үүнд нь төр өөрөө манлайлан оролцож ирсэн.
«Төрсөн нь үнэн», «Үхэх нь үнэн» гэдэг дээр «Татвар төлөх нь үнэн» гэж тунхаглан Үндсэн хуулиараа баталгаажуулж мөрдөх болсон. Гэтэл татвар нь хүн амын дийлэнх болсон «дундчууд», «ядуулаг» хэсэгт хүнд дарамт болчихоод байна. Арай ядан цуглуулсан хэдэн төгрөгийг нь эрх мэдэл бүхий явцуу бүлэг хуваагаад «цохичихдог» болов. Энэ мэтээр эдийн засгийн аргаар луйвар хийдэг, жирийн олон түмнээ ил болон далдуур мөлжих өргөн боломж бий болсон. Ийм боломжийг хууль олгоод байна уу? эдийн засгийн тогтолцоо, түүний механизмууд олгоод байна уу? эсвэл энэ салбарын гол өндөрлөг, ашигтай цэгүүдэд луйварчин сэтгэлгээ бүхий хүмүүс олшроод байна уу? гэдгийг судалж, тодорхойлох хэрэгтэй. Олон түмний хувьд бол ийм байдал байгаа гэдгийг хэлэх, засаж залруулахыг шаардах л эрх байлаа.
Үүнээс цааш хөдлөх боломж хязгаарлагдмал. Гэлээ ч гэсэн олон түмний хүсэл, шаардлага байхад л тэр нь түшмэдүүдийн хувьд зайлшгүй биелүүлэх ёстой «зарлиг» болж байх учиртай. Хэрэв үнэхээр л нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг бий болгох гэж зорьж байгаа бол хамгийн гол хэрэглэгч-олон түмэн хаан байх ёстой билээ.
Бий болгосон санхүү-зээлийн систем гэдэг нь ёстой л шударга ёс гэдгийг уг үндсээр нь устгах чиглэлээр үйлчилсээр ирсэн, одоо ч тэр хэвээрээ л байна. Энэ салбарт ёстой л хэд дахин «хувьсгал» хийх хэрэгтэй. Энэ бол дахиад олон түмний хүсэл зоригийн шаардлага.
Банк нь дампуурсан нэрээр хамгийн хэрэгцээтэй үедээ зарцуулъя гэж нөөцөлж байсан хэдэн бор төгрөгийг нь залгиад өдий төдий хүний амьдралын баталгааг алдагдуулж, гутранги үзлийг төлөвшүүлэх нэг гол хүчин зүйл болсон. Зээл гэдэг нь албан тушаал, танил тал, хээл хахуулийн сүлжээ бий болгогч институт болж хувирсан.
Өнгөрсөн арван жилийн туршлагаас үзвэл монгол оронд «чөлөөт зах зээл» гэгч өөрөөр хэлбэл неолиберализмын монеторист онол тохирохгүй нь, нөгөө «далд гар»-ны үлгэр гэдэг нь тодорхой болов. Энэ арван жил бас олон зүйлийг ойлгуулав. Зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц нь дэс дараалсан, цаг хугацааны хувьд алгуур, удаан үргэлжлэх өөрчлөлтүүдийг агуулдаг юм байна. Юуны өмнө холимог эдийн засаг, зах зээлийн дэд бүтцийг бодитойгоор бий болгох, мөн түүнчлэн бусад оронтой таваарын солилцоо, технологийн солилцооны харилцаа тогтоох, ажил эрхлэлтийг өндөр түвшинд байлгах, орлого болон өмчийг шударга хуваарилах гэх мэт олон зүйлийг нухацтай хэрэгжүүлэх байжээ.

ХҮН БА УЛС ТӨРИЙН ХҮРЭЭ
Шилжилтийн энэ зурвас үед төрийн зүйлс шинэ хэв маягтай бие хүн төлөвших үйл явцын чиг хандлага, ерөнхий төлөв байдлыг голлон тодорхойлж ирлээ. Энэ хугацаанд нийгэмд явагдаж буй үйл явц, бий болж буй харилцаа, үзэгдлүүд бүгд л улс төрийн өнгө аясыг агуулж байв. Улс төржилтийн түвшин, шинж чанараараа л ялгаатай байв. Нийгмийн эд, эсүүдээр аваад үзвэл ийм байдал гэр бүлээс авахуулаад хулгай луйварчдын үйл хөдлөлийг хүртэл хамрах болсон байна.
Монголын нийгэмд төлөвшиж буй улс төрийн тогтолцооны бүх эд эсүүд нь бүхэллэг, чанарлаг бие хүн төлөвших үйл явцыг дэмжих бус, харин түүнийг «задгай», «урсгал» шинжтэй, маш их зөрчилтэй болгох хүчин зүйл маягаар үйлчилж иржээ. Наад зах нь гэхэд сүүлийн арван жилд баталсан 300 гаруй хууль, тогтоомжууд хоорондоо зөрчилтэй. Ихэнх нь гаднаас хуулбарласан, монгол хөрсөнд ургахгүй. Цоорхой ихтэй, урт насгүй хуулиуд бий болсон гэдгийг бүгд л ярьж байгаа шүү дээ!
Төрийг улс төрийн «тогтолцооны» гол цөм болгоно гэж тунхаглаад яваандаа түүнийг нийгмийн бүхий л амьдралын гол цөм хэмээн ташаатай үзэх үзэл нэгэнт тогтжээ. Улс төрийн «тогтолцоо» нь нийгмийн нэг л том бүрэлдэхүүн хэсэг. Өнөөгийн байдлаар энэ тогтолцооны цөм-төр нь хямралтай байгаа. Түүнийг хямралаас гаргахаар төрийн эрх авсан МАХН зорьж байгаа. Ингэхэд төр яагаад хямарчихав, хямрал нь хэзээ эхэлсэн бэ? гэдэг асуултад шинжлэх ухааны үүднээс ул суурьтай хариулт өгөх цаг аль хэдийн болчихсон. Энэ талаар мэргэжилтнүүдийн нэгдсэн үнэлэлт дүгнэлт шаардагдаж байна.
Үйл ажиллагаа-системийн хандлагаар авч үзвэл, төрийн хямрал нь нийгэм хэмээх том системийн хямралын тусгал юм. Нийгмийн хямралын бүх сөрөг зүйл төрийн тогтолцоонд шууд нэвчин орж, эрх мэдлийн харилцааны хүчээр дэмжигдээд улам ч тод хурц болгосон байх. Төрийн байгууллагуудын харилцан үйлчлэл, хоорондын харилцаа нэг чиглэлд тохируулагдаж, зангидаагүй. Заримдаа бүр эсрэг чиглэлтэй болж зөрчилдөөнт байдал үүсгэсээр ирэв. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байгаа билээ.
Төрийн хямрал 1980-аад оны дунд үеэс эхэлж, 1990-ээд оноос намжих эсвэл хурцдах гэх мэтээр ээлжилж ирсэн гэж хэлж болох юм. Төр иргэддээ үйлчилдэггүй, харин тэднийг социализмын үеийнхнээс ч илүү хүчтэйгээр төрийн машины эрэг шураг болгож байна. Үүний наад захын илрэл бол өнөөгийн түшмэд. Өнөөгийн түшмэд урьд урьдынхаас хавьгүй хүчирхэг болжээ. Тэдэнд эрх мэдэл ч, өмч хөрөнгө ч албан тушаалаараа бизнес хийх өргөн боломж ч байгаа юм. Үүнийг бүр өргөн, гүн утгаар илэрхийлье гэвэл, төрийн өндөрлөгүүдийн хоорондын харилцаа, харилцан үйлчлэлийн зохицолдохгүй байгаа байдал. Энд бас төрийн нэр хүндийн огцом уналтыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Үүний тод, хамгийн шинэ сэргэг илрэл нь 2000 оны сонгууль. Хэн дуртай нь сонгуульд нэрээ дэвшүүлэх гэх болжээ. Өнөөдөр бид иргэдийн эрхийг эдлүүлэх чадваргүй, үүргээ биелүүлдэггүй төртэй байна. Ёстой л олон түмэн өөртөө тохирсон төртэй байдаг. Төр нь ямар байна, иргэд нь тийм л байдаг юм байна.
Өнөөгийн төр нь эрхэжсэн мөртлөө үүрэгжээгүй, өөрөөр хэлбэл эрх, үүрэг нь тэнцвэржээгүй төр. Тэрбээр хүнийссэн төр. Бас өөрөө зөрчилдөөний нэг их үүсвэр болж хувирсан төр. Ийм төр нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах, түүнийг бий болгох шинэ хэв маягийн бие хүн төлөвшүүлэх үйл явцын жолоодогчийн үүрэг гүйцэтгэж чадах нь юу л бол?
Сүүлийн арван жилийн монголын төрийн бас нэг гаж шинж нь тэрбээр хувьчлагдсан төр болж хувирсан. Тухайлбал, тэр намын, энэ намын төр гэх. Бүр цаашлаад Жасрайн, Энхсайханы, Элбэгдоржийн, Наранцацралтын, Амаржаргалын Засгийн газар гэж байснаа одоо Энхбаярын Засгийн газар гэж байна. Одоо ч энэ байдал үргэлжлэх бололтой. Эдгээр байдлыг хотол олноор шүүн хэлэлцэж, ухааран ойлгож, хамтын хүчээр зөв зам руу зүтгэх цаг болоод байна. Чухам ийм хөдөлгөөнийг өрнүүлж, жолоодох нь өнөөгийн төрийн хойшлуулашгүй зорилт болон тавигдаад байна.
Монголын нийгэмд болон улс төрийн системд намуудын гүйцэтгэх үүрэг туйлын ойлгомжгүй байсаар ирсэн, одоо тэр хэвээрээ л байна. Намуудын мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлнэ гэх бодлого, ярьж сурталчилж буй зүйлийг харьцуулаад үзэхэд жирийн иргэд байтугай мэргэжлийн хүмүүс ч ялгаагий нь олж харахад төвөгтэй, ижил төстэй. Тэгвэл яагаад ийм олон нам үүсээд байна вэ? Үүний нэг гол учир шалтгаан нь төр нь хүн амынхаа хэсэг бүлгүүдийн эрх ашиг, сонирхлыг нэгтгэн зангидаж чадахгүй байгаатай холбоотой байх. Улс төрийн намуудад нийтлэг зүйл ажиглагддаг. Үүнд: Нэгд, мөрийн хөтөлбөр нь төстэй, хоёрт, явцуухан хэсэг бүлгийн байгууллагын шинжтэй, гуравт, төрийн эрх аваагүй намууд нь эрх авсан нам болон төрийн сөрөг хүчин болж байдаг, дөрөвт, олон түмнийг нэгтгэх бус, тал тал тийш нь чангааж задлах үйл ажиллагааг зонхилдог, тавд, намуудын удирдах хэсэг нь намын олон түмнээсээ саланги тасархай гэх мэт.
Ер нь нам төвтэй улс төрийн системийг төр цөмтэй болгосон гэцгээдэг. Харин сүүлийн жилүүдэд эргээд нам цөмтэй болж хувирах үйл явц явагдаж байна. Өөр нэгэн зүйл бол улс төрийн жолоодлого, төрийн удирдлага хоёрт ялгаа байдаг эсэх талаар ойлгомжгүй байдал бий болчихоод байгаа явдал юм. Социализмын үеийн ном, бүтээлд ялгаатай л гэдэг байсан. Эдгээр асуудлын талаар намуудын онолчид, үзэл сурталчид, улс төрчдийн дуу хоолойг сонсмоор байдаг.
Улс төрийн системийн нэг давхраа нь олон нийтийн байгууллагууд (Үйлдвэрчний, залуучуудын, ахмадын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн г.м) Эдгээр байгууллага дотроо олон хэсгүүдтэй, нэгдмэл үйл ажиллагаагүй байх жишээтэй.
Энэ байдал эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын тухайд мөн адил. Монголын залуус, ахмадууд, хүүхэд, эмэгтэйчүүд бие биенээсээ ялгаа бүхий эрх ашиг, сонирхол бүхий өдий төдий хэсэгт бүлэгт хуваагдчихсан юм болов уу? эсвэл хэсэг, бүлэгхэн хүмүүс өөрсдөө нийгэмд ямар нэг байр суурьтай, ажилтай байхын тулд зохиомол зүйл үүсгээд байгаа юм болов уу? гэдэг асуулт нарийн судалгаа шинжилгээнд тулгуурласан хариултгүй, нээлттэй хэвээр байсаар байна. Ер нь олон нийтийн болон сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагууд 800 гаруй байдаг гэдэг. Эдгээр нь иргэний нийгмийн үндэс цухуйж байгааг харуулж буй хэрэг л дээ. Эдгээрийн дээрээс нутгийн зөвлөлүүдийг нэмчихье. Бас «үндэсний» болон гадны шашны байгууллагууд нэмчихье. Мөн ч хачин зураг харагдахаар байгаа биз. Харин энэ олон үүсгэлүүдийн хоорондын харилцаа, харилцан үйлчлэл бүр цаашдын хамтын үйл ажиллагаа нь ямар байдаг. Тэдэнтэй төр болон улс төрийн намууд нь ямар харилцаатай байдаг. Иймэрхүү асуулт тавиад хариулт олог гэж оролдвол нэгэн бодлоор амархан, нөгөө бодлоор бүтэшгүй мэт.
Үндсэн хуулиндаа «…иргэний нийгэм байгуулна» гээд тунхаглачихсан байдаг. Гэтэл өнгөрөгч арваад жилд « иргэний нийгэм » гэж нөгөө дуурайх гээд байгаа улсуудад нь юуг хэлдэг, бид өөрсдөө энэ талаар огт ярилцалгүй өнөөг хүрсэн гэж хэлж болох байх. Тэгсэн атлаа энэ нэр томъёог өргөн хэрэглэх болсныг, ялангуяа улс төрчид түүнд дуртайг яана. Улс төрийн системийн нэг бүрдвэр нь улс төрийн ухамсар, улс төрийн үзэл суртал, улс төрийн соёл байх учиртай. Ялангуяа үзэл суртал гэдэг үгнээс цэрвэдэг болсноор удаж байна. Тиймээс ч төрийн үзэл сурталгүйгээр өдгөөг хүрэв. Ийм байдлаар цаашид хол явахгүй нь. Уг нь төрийн эрх барих болсон нам (намууд) өөрсдийн үзэл суртлаа төрийнх гэж тулгаад байхгүй, аль ч намын үед мөрдөгдөж байхуйц төрийн үзэл суртлыг боловсруулж мөрдмөөр. Энэ бодомжийн араас «хар», «алтан» хайрцагны бодлого гээч яригдах ёстой л доо. Эдгүйгээр улс төрийн систем хуурмаг, агуулгагүй зүйл болж хувирна. Дээр дурьдагдсан байгууллагууд нь улс төрийн системийн араг яс гэвээс улс төрийн ухамсар, улс төрийн үзэл суртал, улс төрийн соёл нь тэдгээрийг холбогч мах булчин, цус юм. Ийнхүү бодхул монголын улс төрийн өнөөгийн «систем» араг ясыг санагдуулахуйц байгаа мэт. Иймэрхүү улс төрийн систем нь ямар хүн төлөвшүүлэхийг төсөөлөхөд нэг их төвөгтэй биш болов уу. Ямар ч л байсан улс төрийн системийн өнөөгийн шинж, төлөв байдал нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулахуйц бие хүн төлөвшүүлэх хэрэгсэл, орчин болж чадахгүй дэгээ.


ХҮН БА ОЮУНЫ ХҮРЭЭ
Хүн-ухаант амьтан гэж нэрлэгдэх болсоор олон мянган жилийг үджээ. Улам ухаажиж, амьдрал үйл ажиллагааны хэлбэрүүдийнх нь оюунжих үйл явц улам бүр эрчимжиж байна гэдэг бөлгөө.

Гэтэл энэ үйл явц нэг чиглэлээр, улам баялаг агуулгатай, олон талтай зөвхөн л дэвжиж дээшлэх замаар л үргэлж явагдаад байдаггүй. Бас ухралтанд ордог, урууддагч бололтой. Үүний тод жишээ болгон монголын хүн амын сүүлчийн арван жилийн оюуны амьдралыг авч болох юм. Наад зах нь гэхэд хүн амын боловсролын түвшин ихээхэн буурч, тэр ч атугай бичиг үсэг үл мэдэгсдийн хүрээ өргөжиж байгаа. Оюуны суурь үнэт зүйлсийн тогтолцоо нь эвдэгдэж, тэс өөр агуулга, шинж чанартай болж байна. Өнөөгийн монгол хүний оюун ухаан, сэтгэлгээг нь зангидаад бүхэллэг зүйл баримтлал, ертөнц, нийгэм, хүний тухай тодорхой ойлголт үгүйлэгдэж байна. Өнөөгийнхөн, нийгэм нь ямар болчихоод байна вэ?, ер нь хаашаа явж байгаа?, юуг зориод байна вэ? гэдэг талаар баримжаагүй. Өнөө маргаашийн амин зуулганы асуудалдаа хөтлөгдсөн, ирээдүйнхээ талаар бодож эрэгцүүлэх завгүй яваа хүмүүс болчихоод байна. Ер нь өнөөгийн хүний оюуны ертөнц ихээхэн хязгаарлагдмал. Бүх юмыг Л.Түдэв гуайн хэлсэнчлэн Маршал мөнгөний үүднээс хардаг. Соёлын үнэт зүйлстэй харилцахдаа голчлон зугаацах, цэнгэх зорилгыг урьтал болгодог, үүсч буй нийгмийн шинэ харилцаанд дасан зохицох сэтгэхүйн чадвар сул байна. Амьдрал үйл ажиллагаанд нь хүчирхийллийн философи давамгайлах болж байгаа. Боловсрол, мэргэжил эзэмшихдээ түүний хэрэглээний талыг л голлодог болж байна. Энэ нь байж болох, буруутгахад ч хэцүү зүйл л дээ. Гэхдээ л боловсрол, мэргэжлээ, өөрийгөө удирдах, өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл болгон ашиглах чадвар, боловсорсон, гэгээрсэн байдал, мэргэшил, мэргэжлийн өндөр ур чадварыг өөрийнхөө шинж чанарын нэг бүрэлдэхүүн хэсэг болгож баймааж. Home-sapiens гэдэг нэрийг жинхэнэ утгаар нь хүлээдэг гэдгийг үргэлж бодож явдаг болвол их л ашигтайсан. Монголчууд бидний бий болгоно гээд «Үндсэн хууль»-даа тунхаглачихсан нийгэм байгаа. Харин энэ нийгэм нь урьд нь тунхаглаж, байгуулна гэж зорьж байсан социализм, коммунизм гэдгээс юугаараа ялгагдах? Тэрхүү шинэ нийгэмдээ ямар замаар, яаж хүрэх вэ? зэрэг олон асуудлын талаар туйлын бүрхэг ойлголт, төсөөлөлтэй байгаа билээ. Ийнхүү зорилго, явах зам, ашиглах арга хэрэгслийн тодорхойгүй байдал нь хүний алдаа онооны замаар тэмтчин явахад хүргэж байгаа болой. Нийгмийн шинэ төлөв байдалд хүрэх үйл явцыг хүнээ боловсруулах үйл явцтай нягт уялдуулах, чингэхдээ бие хүний шинэ хэв маягийг төлөвшүүлэх үйл явцыг нийгмийн бусад бүх үйл явцаас түрүүлүүлэн, хавьгүй илүү хурдтай, эрчимтэй явуулах хэрэгтэй. Энэ үйл явцад нийгмийн бүх хүчин зүйлс, эд эсийг татан оруулах шаардлагатай. Ялангуяа оюуны хүчин зүйлсийн «хүн бүтээгч» чадавхыг дээд зэргээр хөгжүүлж ашиглах нь чухал юм. Тухайлбал, урлаг, уран сайхан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зугаацуулах цэнгээх, мэдээлэх үүргээс илүүтэйгээр тэдгээрийн танин мэдэхүйн хийгээд нийгмийн эерэг байдлаар зохион байгуулах, нэгтгэн зангиддаг үүргийг нь хүчтэй болгоход анхаарвал илүү ашиг үр дүнд хүрэх биз. Энэчилэн соёлын үнэт зүйлс, байгууллагуудыг хүний эрч хүч, чадавхийг сүйтгэх бус, бүтээх чиглэлтэй болгоход чиглүүлэх хэрэгтэй юм л даа. Хүн ба оюуны хүрээний асуудлыг хөндөж буй хэн боловч шашны тухай ярихгүй өнгөрч болохгүй. Өнөөдөр манай улсад дэлхийн том том шашнууд, тэдгээрийн доторх янз бүрийн урсгал чиглэлүүд чөлөөтэй нэвтрэх боллоо. Хүний эрхийн асуудал болон дэлхий дахин глобальчлагдаж буй талаас нь аваад үзвэл энэ нь зайлшгүй гарах ёстой үзэгдэл мэт. Гэтэл хүний эрхийн ч, глобальчлалын ч асуудал нь харьцангуй шинжтэй. Маш нарийн диалектиктай, ихээхэн зөрчлийг агуулж байдгийг мартаж болохгүй. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт шашны зөрчилдөөнөөс үүдэлтэй дайн дажин, аллага хядлага гээд есөн шидийн муу муухай зүйл гарсаар л байна. Шашны зөрчилдөөнөөс болоод улс үндэстэн задарч бутрахад хүрч байсан, одоо ч энэ байдал оршсон хэвээр байна. Цөөхөн монголчууд бид нийгмийн хөгжлийн үзэл баримтлал, шашин шүтлэг, нам, нутаг усаараа ялгараад толхилцоод байвал юунд хүрэх билээ. Өнөөдөр улс, үндэстнийг зангидаад явчих үндэсний томоохон цэгцтэй үзэл баримтлал илт үгүйлэгдэж байна. 1990-ээд оны эхээр үндэсний уламжлал, ёс заншлаа сэргээж монгол үндэстэн гэдгээрээ бахархдаг болох чиг барих нь уу? гэж бодогдож байсан. Чингис хаан ч гэх шиг, төрөө хүндэлдэг, уул овоогоо шүтдэг тахидаг, бурхан шашнаа сэргээнэ ч гэх шиг. Энэ мэтчилэн шуугиж байгаад чимээгүй болчихсон. Арваад жил ардчилал, эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, хувийн өмч гэж ярьсаар ирэв. Энэ бүхэн эхлээд ихэд чанга сонсогдож байгаад одоо бүдгэрчихээд, харин ч сөрөг өнгө аястай болж хувирч байна. Эх орон, үндэстэн, шударга хөдөлмөр, хүнлэг санааны суурь, үнэт зүйлс нь хэдийн бүдгэрчээ. Монгол ахуй, сэтгэлгээнд тохирохгүй шашин шүтлэгийг амьдрахын эрхээр тэнэж яваа хүмүүсээр номлуулан, шагнал урамшуулал аван байж хүлээн авах юм уу? аль эсвэл дэлхийн олон улс, үндэстний аль соргог зүйлсийг өөрийнхтэйгөө хослон шингээж авах юм уу? өөрсдийнхөө хүч, нөөц бололцоо, оюун ухаанаа дайчлан үндэс угсаа, улс орноо өөрсдийгөө авч явах уу? гэдгээ шийдэх цаг нэгэнт тулчихаад байна. Ойд төөрсөн сармагчин бус, уужим талдаа эргэн тойрноо бүхэлд нь харан, алсын замаа олж харчихсан хүн болохын төлөө зүтгэх нь юм биш үү. Аливаа соёлд нийт хүн төрөлхтөн, тухайн үндэстний практикийн үр дүн, түүхэн үеүдэд байсан хүний мөн чанарын хүч шингээсэн байдаг. Соёлын үнэт зүйлсээс эдгээрийг «суллан» гаргаж тухайн үеийнхний хүртээл болгон эзэмшүүлэх хэрэгтэй. Ингэж чадаваас хүний оюун ухаан авъяас чадвар, үр дүнгий нь тэлэн хөгжүүлэх боломжтой болно. Соёлын үнэт зүйлсийг эзэмших, түүгээр дамнан өөрийгөө хөгжүүлэх үйл явц нь зөвхөн ямарваа нэг үзэл санаа, баримтлал, онол сургаалыг ойлгож мэдэж авах, оюун ухаан-логикийн ажилбаруудыг хийж сурахаас гадна энэ бүхнийг өөрийн бие сэтгэлээр мэдэрч амсаж туулах хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд соёлын үнэт зүйлс нь оюунжиж, хүний дотоод ертөнцийн бүрэлдэхүүн хэсэг болж чадсан цагт л тэдгээр нь сая хүнийг төлөвшүүлэгч хүчин зүйл болж хувирна. Тэгвэл өнөөгийн нийгэмд соёлын үнэт зүйлсийн хүн төлөвшүүлэх, бүтээх үүргийг зөв ашиглаж чадахгүй, энэ үүргийг нь хэрэгжүүлэх нөхцөл бололцоо, цэгцтэй бодлого байхгүй. Дээр хэлсэлчлэн соёлын зөвхөн зугаацуулах, цэнгээх үүргийн талыг голлож байна. Нөгөөтэйгүүр олон түмэнд соёлын шинэ хэрэгцээг зорилго чиглэлтэй төлөвшүүлэх чиглэсэн бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдэж байна. Бид зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа. Тэгвэл зах зээлийн үед аж ахуй эрхлэх соёл, бизнесийн ёс зүй, үйл ажиллагааны боловсронгуй арга барил, ажил төрөлд шинээр хандах хандлага төлөвшүүлэх. Наад зах нь наймаа хийх соёлд сургах хэрэгтэй юм. Энэчилэн зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн улс, ард түмний туршлага, соёлоос дэс дараатай, эмх цэгцтэй суралцах ажлыг өргөн зохиох зэрэг асуудлууд хоцрогдож байна. Улс төрийн салбарт улс төрийн шинэ сэтгэлгээ, социаль салбарт, аж төрөх шинэ хэв маяг төлөвшүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй цогцолбор бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ мэт арга хэмжээг хэрэгжүүлээгүй нөхцөлд хүмүүс шинэ нөхцөл байдалд хуучин нөөц, арга барилаараа дасан зохицох гэж оролдохоос өөр аргагүй. Энэ нь олон янзын зөрчил үүсгэж, тэдгээр нь хуримтлагдаж улмаар соёлын амьдралыг хямралд оруулна. Өнөөдөр манай нийгэмд соёлын хямрал ил тод ажиглагдаж байгаа. Хэрвээ соёлыг гол үндсэн бүрдэл хэсгүүдээр нь боловсрол, урлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх зэрэг, түүнчлэн бүтцийн хэсэг, үйлдвэрлэлийн соёл, соёл гэх мэтээр тухайлан задлан шинжилгээ хийвээс соёлын системийн хямрал улам тод харагдах болно. Социализмын үед сурч боловсрох, ажил хөдөлмөр, мэдлэг чадвараараа өөрийгөө харуулах, үнэлүүлэх, өөрийгөө цаг үргэлж боловсруулах зэрэг дээд эрэмбийн хэрэгцээ хангагдаж байсан. Энд ямар дутагдал, доголдол байсан нь гол биш. Гэтэл сүүлийн арван жилд энэ бүх хэрэгцээг хангах нөхцөл бололцоо хумигдаж хүн амын дийлэнх нь хоол хүнс, өмсөж зүүх, амь амьдрал, эрүүл мэндээ хамгаалах зэрэг өдөр тутмын доод эрэмбийн хэрэгцээгээ хангах гэж л бүх хүч, оюун ухаанаа зарцуулж байна. Энэ тал дээр манай улс том ухралтанд орсон. Гэтэл энэ тал дээр өрөөсгөл хандлага ажиглагдах болсоор удаж байна. Энэ нь юу гэвэл: манайхан зах зээлийн эдийн засагт, эрх, эрх чөлөөт, ардчилалт, иргэншсэн хүмүүнлэг нийгмийн (хэрэв ийм төгс нийгэм байдаг бол) үед шаардагдах мэргэжил, мэргэшил, чадвар, ур дүй, арга барилд суралцахаас илүүтэйгээр тэднийг эзэмших, эзэмшүүлэхэд туслах хэрэгслүүдийг шүтэж, эдгээрийг аливаа юмны шалгуур болгох болжээ. Наад зах нь гэхэд, компьютер, аливаа хэлний боловсрол бол хэрэгслүүд төдий зүйлс билээ.

ХҮМҮҮН ХООРОНДЫН ХАРИЛЦАА

Францын нэрт зохиолч Сент Экзюпри «Хүмүүн хоорондын харилцаа шиг нандин баялаг зүйл» байхгүй хэмээсэн нь бий. Суут сэтгэгчид бүгдээрээ л хүмүүн хоорондын харилцааны чухлыг онцлон тэмдэглэж байжээ. Үнэхээр ч хүн гэдэг амьтан өөр хоорондоо харилцаанд орж, харилцан үйчлэгдэж, хамтын үйл ажиллагаанд оролцож, бие биенээ ойлгож, хүндэлж, хайрлах, эсвэл бие биеэ эс ойлгон үзэн ядаж дайсагналцан алалдан тэмцэлдэх үедээ өөрийгөө ямар хүн бэ гэдгээ хурцаар мэдэрдэг аж. Хүмүүсийн хоорондын хамтын үйл ажиллагаа, харилцаанууд хэлбэрийн хувьд ч, шинж чанарын хувьд ч туйлын олон янз. Хувь хүмүүсийн хоорондын харилцаа нь нийгмийн харилцаанаас ялгаатай. Эдийн засгийн, улс төрийн, социаль, оюун санааны гэх мэт. Харилцаа нь эзэн биегүй, үүрэг ролийн харилцаа байдаг. Тэгвэл хүмүүн хоорондын харилцаа нь тухайн хүмүүс нийгэмд эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг, хөрөнгө чинээ, эрх мэдлээсээ үл хамааран адилхан л хүн шүү дээ гэдэг үүднээс, ердийн хэллэгээр сайн хүн, муу хүн, хүнлэг сэтгэлтэй, хүйтэн цэвдэг гэх мэтээр хүний мөс, зан чанар, мэдлэг боловсрол, соёлын түвшнийхээ үүднээс хоорондоо харилцан үйлчлэлд орох үйл явц байдаг. Тэгвэл өнөөгийн нийгэм дэх хувь хүмүүсийн хоорондын харилцаа нь хүмүүнлэг шинжээ алдсан байна. Сайд, даргын суудал дээр «хонь ч», «чоно ч», «жинхэнэ хүн ч» сууж байсан ялгаагүй сайдаа, даргаа гэж бөхөлзөх, албан тушаал, эрх мэдэл доогуур хүнтэй тоож харилцахгүй байх явдал нийтлэг зан төлөв болон хувирч байна. Амин хувиа хичээж, өөрөө л болж байвал, өрөөл бусад юу ч болж байсан хамаагүй байдлаар харилцах болжээ. Үүний тод илрэл нь ашиг хонжоо, мөнгөний төлөө хууран мэхлэх, унаж тустал нь залилах явдал ердийн хэм хэмжээ болчихоод байгаа явдал мөн. Эх эцгээ, ах дүү, төрөл саднаа, найз нөхдөө, хамт ажиллагсдаа, таньж мэдэх хүнээ, ер нь хэнийг л бол хэнийг хуурч мэхлээд өөрийн хэрэгцээ, сонирхлоо гүйцэлдүүлэхийг хичээгсэд нэн олширчээ. Нэг үгээр хэлэхэд хувь хүмүүсийн хоорондын харилцаанд ёс суртахууны хамгийн энгийн хэм хэмжээ мөрдөгдөхөө байжээ. Хүмүүн хоорондын харилцааны нэг тал нь хувь хүмүүс бие биеэ ойлголцох явдал юм. Өнөөгийн хүмүүс бие биедээ хүлээцтэй хандаж, нэг нь нөгөөгөө ойлгож сэтгэл санаа, үзэл бодлыг нь хуваалцахыг төдийлөн эрхэмлэхээ больсон мэт. Өөрийгөө л ойлгуулах, өөрт л туслуулах, өөрийгөө л харж үзүүлэх гэхээс өрөөлийг анхаарах нь бага болоод байх шиг. Бодвоос энэ хувь хүн эрх, эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг юм байлгүй. Хүмүүсийн хоорондын харилцааны хүмүүнлэг шинж алдагдаж байгаа учраас олныхоо дунд, тэдэнтэйгээ харилцаанд орж байгаа мөртлөө ганцаардах сэтгэлд автах үзэгдэл бий болж байна. «Олны дунд ганцаардаагүй» гэдэг үзэгдэл бодит зүйл болжээ. Хүн хүнтэйгээ харилцаж, түүнд өөрийгөө толинд харж буй мэт харж байж өөрийгөө зөв ойлгож, зөв дүгнэж чадна. Гэтэл нөгөө хүмүүс мөн л өөртэй нь адил хуурмаг харилцаа, дүр төрхтэй болчихсон байгаа үед өөрийнхөө хуурмаг байдлыг зөв зүйтэй байна гэж түүндээ итгэл төгс байхаас яахав. Хүмүүний харилцаанд эх эцэг, үр хүүхэд, төрөл төрөгсдийн харилцаа хамгийн нандин зүйл байдаг. Энэ нь монголчуудын хувьд бүр онцгой учир холбогдолтой байсаар ирсэн. Шилжилтийн үеийн булингарт давалгаа нь энэ харилцааг танигдахын аргагүй болгож байна. Эцэг эхээ шүтэн хүндлэх, тэднийхээ алтан сургаалыг сонсох, ах захын ёсыг чандлан сахих, удам судрынхаа нэр төрлийг хамгаалах зэрэг олон сайхан ёс заншлыг хуучны юм, зах зээл, хүний эрх, эрх чөлөө, ардчилалд тохирохгүй хэмээн үзэх үзэл газар аваад байна. Эцэг эх, төрөл төрөгсдөө албан тушаал, хөрөнгө мөнгөний байдлаар нь ялгаварлан хандах. Эрх мэдэлгүй, хөрөнгө чинээгүй бол эцэг эхээсээ ч ичиж зовох, тэднийгээ өөрсдийн хөнгөн хийсвэр амьдралыг хангах хэрэгсэл болгон ашиглах хүсэлтэй болсон аж. Тэр ч атугай эцэг эх үр хүүхдээ, үр хүүхэд нь эцэг эхээ хөнөөх явдал элбэгшлээ. Ийнхүү хүмүүн хоорондын харилцаа бүр гүнээсээ, хамгийн нарийн нандин хэсгээсээ «муудаж» эхэлж байгаагийн хор уршиг ямар байдлаар илрэн гарахыг таахад бэрх. Магадгүй, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, ардчилал хөгжсөн улсад ийм байдаг ч юм бил үү. Тэр замаар нь манайх явж эхэлж байгаа ч юм бил үү. Ер нь энэ асуудлаар дорвитой судалгаа, санал солилцоо явуулбал зохилтой санагдана.

ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН БИЕ ХҮНИЙ ХЭВ МАЯГ

Дээр яригдсан бүх асуудлын зангилаа (төвлөрсөн) ашигт үр дүн нь хүн байх учиртай. Чухамдаа нийгэм хэмээх системээ үүсгэгч гол субъект нь ямар байгаагаас нийгэм тухайн үе шатанд ямар байх нь шууд хамаарах бөлгөө. Нөгөөтэйгүүр тухайн үеийн нийгэм нь ямар байнав, хүн нь мөн л тийм байх бөлгөө. Тэгвэл өнөөгийн хүнээ тодорхойлж чадвал нийгэм нь өнөөгийн шатанд ямар шуу төлөв байдалтай байгааг ойлгох боломжтой болно. Социализмын үед нам, төр, үйлдвэрлэлийн эрэг шураг болсон, биеэ даасан байдалгүй хүний хэв маяг зонхилж байсан гэх үзэл бодол нэгэнт хэвшсэн. Үнэхээр ийм байсан бол тэр нь ямар «хэмжээтэй» байсан бэ гэдэг нь нарийн судалгаа шаардах нээлттэй байгаа асуудал. Өнгөрсөн арав гаруй жилд монголчууд бид маш их өөрчлөгдсөн. Ертөнц, нийгмийг үзэх суурь үзлээсээ эхлээд, хэрэгцээ, сонирхол, үнэт зүйлсийн тогтолцоо, амьдралын хэв маяг, амьдралын төлөвлөгөө зэрэг бүгд л өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлт яаж явагдаж байна вэ? хаашаа «ямар» чиглэлтэй байна вэ? гэх мэт олон асуултанд хариу өгөх шаардлага бий болоод байна. Эдгээр болон бусад олон асуултанд хариулахын тулд юуны өмнө өнөөгийн монгол хүн гэж хэн бэ? гэдгийг тойм төдий ч болохноо зураглах хэрэгтэй. Хүний асуудал нь олон шинжлэх ухааны хамтын хүчээр цогцолбороор судлагдах зүйл. Гэлээ ч гэсэн сүүлийн арван жилд явуулсан социологийн судалгаа, эрдэмтэн судлаачид, улс төрчид, сэтгүүлчид, олон түмний санал бодлын талаар хэвлэн нийтлэгдсэн материал, хувийн ажиглалтандаа үндэслэн өнөөгийн монгол бие хүний талаар өөрийн эрэгцүүлэл, бодомжийг илэрхийлье.

Өнөөгийн монгол хүний үндсэн төрхийг нийгмийн амьдрал-үйл ажиллагааны үндсэн хүрээнүүдтэй шүтэлцүүлэн авч үзвээс:

Нэгд, эдийн засгийн салбарт: Хүн нь жинхэнэ хувийн өмчтөн болж чадаагүй, ийм болохын өмнөх шатанд байна. Малчид нь малаа хувьдаа, хувьчлагдсан үйлдвэр аж ахуйн газарт ажиллагсад хувьцаа эзэмшигч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэсэн нэртэй болжээ. Гэхдээ тэд жинхэнэ хувийн өмчтөний сэтгэлгээтэй, үйл ажиллагаа, зан үйл нь өмчтөний шинж чанартай болоогүй. Ёс суртахуун нь хувийн өмчтөний хэм хэмжээ, төлөв байдалтай болоогүй. Нэг үгээр хэлэхэд амины өмчийн эзэн л болж. Тэд хувийн өмчтөн бие хүн болж хувирах яагаа ч үгүй байна. Зах зээлийн эдийн засагт зохицсон шинэ маягийн үйлдвэрлэгч болж чадаагүй байна. Үүний наад захын илрэл бол өнөөгийн үйлдвэрлэгчид нь хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхлыг харгалзаж, түүгээр баримжаа хийж чадахгүй (ийм ойлголт ч төлөвшөөгүй) байгаа явдал юм. Товчоор хэлбэл « Home economics » болох замын дөнгөж эхэнд л байгаа хэрэг.

Хоёрт, социаль салбарт: Хүн нь өнөө маргаашаа л өнгөрөөгч, нийгмийн тодорхой бүлэг, давхрааны (эдгээр нь төлөвшөөгүй) төлөөлөгч бус, бүх хувь заяа нь өөрт нь даатгагдсан ганцаардмал «робинзон». Хүн хоорондын харилцаа нь хуурмаг. Зөвхөн өөрийгөө, хар амиа хичээсэн. Амьдрал-үйл ажиллагааны систем нь хаалттай, зөвхөн өөртөө, сайндаа л гэр бүлийн хүрээндээ явцуурсан. Амьдралын хэрэглэгч хэв маяг зонхилсон бодгаль шинж нь давамгайлсан тусгаар хувь хүний төлөв байдалтай байна.

Гуравт, улс төрийн салбарт: Хүн нь төрийн машины эрэг шураг. Улс төрийн гутрангуй үзэл, тогтворгүй байдлын потенциал зөөгч. Улс төрийн суурь үзэл баримтлалгүй.

Дөрөвт, Оюун санааны салбарт: Хүн нь ертөнц нийгмийг үзэх тогтсон үзэл баримтлалгүй, үнэт зүйлсийн тогтолцоонд нь доод эрэмбийн үнэт зүйлс зонхилсон. Мэдлэг, боловсрол, мэргэжил эзэмших боломж хомс. Соёл, урлагийн зүйлээс зугаа, цэнгэл хангах төрлүүдийг эрхэмлэдэг. Өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, чадвар султай. Хүчирхийллийн философид дасан зохицож байгаа. Үндэстэн, улс эх орон гэсэн дээд эрэмбийн үнэт зүйлс бүдгэрсэн. Хөгжилтэй гэгдэх орнуудын аж төрөх ёсны хэв маягийг дууриах сэтгэлгээтэй. Ерөнхийдөө «ойд төөрсөн сармагчин» лугаа төстэй байгаа болой.

Эцэст нь өнөөгийн монгол хүний интеграль зураглалыг гаргахыг оролдъё. Тэгвэл өнөөгийн монгол хүнийг шинж чанараас нь хамааруулан хэд хэдэн хэв маягт хуваан үзэж болох мэт. Үүнд:

1. Бүтээлч хэв маягийн бие хүн

2. Хэрэглэгч хэв маягийн бие хүн

3. Сүйтгэгч хэв маягийн бие хүн

Энэхүү ангилал нь болзмол байдалтай, шинжлэх ухааны таамаглалын шинжтэйг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Эдгээр хэв маяг тус бүрийг нарийвчлан судалж, бүрэн хэмжээний зураглалыг гаргах шаардлагатай. Өнөөгийн шатанд эдгээрээс «хэрэглэгч», «сүйтгэгч» хэв маягийн хүн зонхилж байна гэж хэлж болно. Зонхилон ийм хэв маягийн хүн төрүүлж байгаа нийгмийг хэвийн гэж тэр тусмаа ардчилсан, хүмүүнлэг иргэний нийгмийн шинжтэй гэж хэлж болохгүй нь. Ер нь монгол хүний цогцолбор судалгаа урьд нь ч хомс байсан, одоо ч хэвээр байгаа. XXI зууныг «Хүний зуун» гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Монголын төр, улс төрийн бүх хүчин хүний төлөө л гэдэг. Тиймээс хүндээ бүх талаар анхаарал тавьж, ялангуяа түүнийг судлан шинжлэхэд онцгой анхаарах цаг болжээ. Оройтож байна. Тэгвэл өнөөгийн Монголын нийгэм ямар нийгэм бэ? Энд «гаж нийгэм» гэхээс өөрөөр нэрлэхэд хэцүү юм. Монголын өнөөгийн нийгэм нь хямралт нийгэм, хямрал нь системлэг шинжийг нь аль хэдийн олсон. Хэрэв цаг алдалгүй «анагаах» арга хэмжээ авахгүй бол сүйрлийн ирмэг дээр тулж ирчихээд байна. Сүүлийн арван жилийн нийгмийн туршилт нэг зүйлийг тун сүрхий ойлгуулав. Нийгмийн нэг байдлаас чанарын өөр нөгөө байдалд шилжих шилжилтийг туйлын ухаалаг хийхгүй бол ихээхэн хохирол үздэг юм байна. Жишээ нь гэхэд 70 жилийн туршид ард түмний алдах болон бачимдах хослон бүтээсэн зүйлийг аравхан жил үндсэнд нь сүйтгэчихэж болдгийг амсаж тууллаа. Энд эвдэж сүйтгэх хүч бүтээн байгуулах хүчнээс даруй долоо дахин илүү хүчтэй үйлчилсэн гэсэн үг. Хаанахын ямар амьтны ямар эрхтэн эд эс цуглуулаад ямар юм босгомоор болчихов гэдгээ мэдэж авахгүй бол нэг л «эрэмдэг» юм бий болчихоод байх шиг. Хууль нь ихэвчлэн эх газрынх, зах зээлийн эдийн засгийн онол нь америк маягийн. За тэгээд Япон л гэнэ, Солонгос л гэнэ, Англи л гэх мэт. Нийгмээ либерал эсвэл ардчилсан социалист үзэл баримтлалаар хөгжүүлнэ гэх … Монголын өнөөгийн нийгэм нь шинэ төлөв байдалд шилжих шилжилтийн эхэнд байгаа. Зах зээлийн эдийн засаг, эрх зүйт төр, чөлөөт иргэн, оюун санааны бүтээлч уур амьсгал бий болгох бүрдэл хэсгүүд хэсэг бусгаараа бий болж эхэлсэн. Бүтцийн хувьд гэвэл шинээр бий болж буй бүрдэл хэсгүүдийн харилцан үйлчлэл, хоорондын харилцаа туйлийн сул, хамтын үйл ажиллагаа явуулах чадвар суугаагүй, нэг үгээр хэлэхэд бүтэцжээгүй. Шинж чанарын хувьд жолоодлого, чиглэлгүй, ухралт, уналтанд орсон. Эрсдэл өндөртэй, гэмт хэргийн хэв шинжийн нийгэм болчихоод байна. Бүхэлдээ Монгол орон системийн хямралын тойргоос хальтирч нийгмийн ухралтанд орсон. Одоо цаана нь сүйрлийн амьдрал харагдах боллоо.

2004 оны 8 сарын 24.

С.Дашдаваа
Шинжээч XXI судалгааны төвийн захирал
философийн ухааны доктор (PhD)

No comments: