“Бизнес эрхлэхүй 2009″ судалгаа

Дэлхийн банкнаас жил тутамд олон улын хүрээнд явуулдаг “Бизнес эрхлэхүй” судалгааны үр дүнг саяхан МУ-ын ЗГ болон ОУБ-ууд, хувийн хэвшлийнхэн хамтран олон нийтэд танилцуулав. 181 оронд хийсэн “Бизнес эрхлэхүй 2009″ судалгааны тайлан нь ЭДИЙН ЗАСГИЙН СОЦИОЛОГИЙН судалгааны аргазүйгээр мэргэжлийн түвшинд хийгддэг хэмээн судлаачид үздэг юм байна. Энэ судалгааны үнэлгээгээр Монгол улс Азийн бусад улсуудтай харьцуулахад өндөр байр эзэлж байгаа ч өнгөрсөн оныхоос (45 дугаар байрнаас) 13-аар ухарч 2009 оны байдлаар 58 дугаарт бичигджээ. Энэ үзүүлэлт нь Монгол Улсад худалдаа наймаа эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүй, зохицуулалт болон бусад орчин таагүй байгааг илтгэж байгаа юм.
Судалгааг хийхдээ нийтлэг аргачлал ашигладаг. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн байдал, тухайн улсад хуулийн ямар заалт бизнөс эрхлэхэд хялбар болгож байна, хөрөнгийн бүртгэл, зээл авах, бизнесийг хаах зэрэг үндсэн 10 үзүүлэлтээр жагсаадаг аж. Судалгааны тэргүүн байрыг Сингапур улс хадгалсаар

байгаа бол 2009 онд бизнес эрхлэхэд хялбар орон буюу “Топ-30″-д Латви, Литва улс багтсан байна. Бельги, Малайз, Сингапур улс бизнес эрхлэхэд гарч байгаа зардлыг бууруулах, аль болох хялбар болгохыг анхаарснаар байр сууриа алдахгүй байгаа аж. Өнгөрсөн таван жилд зарим орон эерэг шинэчлэл хийж эхэлжээ. Тухайлбал, Саудын Араб компанийн тухай хуулиа шинэчилсэн байна. Зүүн Ази, Номхон далайн 16 орон 2005-2009 онд бизнес эхлэхэд шинэчлэл хийсэн бол, зээл авахад 15, гадаад худалдаа эрхлэхэд 13, хөрөнгө оруулагчдыг хамгаалахад 10 орон зохицуулалт хийжээ. Манай улс зөвшөөрөл авах үзүүлэлтээр 103 дугаарт орсон байна. Мөн зээлийн хүртээмж муутай байснаар энэ үзүүлэлтээр ухрахад хүрчээ. “Монгол Улс зээлийн мэдээллийн товчоо байгуулснаар мэдээллийг хүртээмжтэй болгох боломжтой юм” хэмээн Дэлхийн Банкны мэргэжилтнүүд үзжээ.

No comments: