Миний бага нас



Сайн байцгаана уу эрхэм блогчидоо. ӨӨрийн блогтоо бичлэг хийгээгүй удах шахаж шүү. Энэ удаа бага балчир нас, гэнэн томоогүй үеийнх талаар хэдэн зүйл өгүүлсүү.
Бага нас минь Төв аймгийн Зуунмод болон Бүрэн, Баян өнжүүл сум гэсэн БРИМУДын гурвалжин шиг 3 газар хөндлөн гулд эрх дураараа өнгөрсөнийг би ярих дуртай. Богд уулын өмнөд аманд миний төрсөн нутаг Зуунмод орших агаад тэр л амнаас эх аван урсах зуунмод голын ариун усанд сэтгэлийн хирээ угааж биеийн бохироо цэвэрлэж өссөөн би. Номтын амны жимсийг уралдан түүж уралдан идсэн тэр л алтан хором миний гэгээн дурсамж. Зүүн дэлгэр, дэнжийн дэггүй аалуудтай чулуун байлдаан хийж иргэний дайныг эхлүүлж асан үеэ би огт мартдаггүй. Баянхошууны аймшгийн цохио хад, түүний урдхан орших сүнстэй гэгдэх ганц байшинг андын бүлгээрээ амралт болгоноороо зорин сэтгэхүйн аялал хийх нь бидний хувьд тухайн үед адал явдалтай байсан ч одоо бодоход арьсны үс босмоор ч юм шиг. Хөрш айлын авъяаслаг Боогийтой нийлэн зохион бүтээгчээс эхлээд бяцхан тамирчин хүртэл болж үзсээн. Бөглөө шүүрэх, тэвэг тоглоход гарамгай мэргэшиж, /хэрвээ тэр үед тэмцээн болсон бол яах аргагүй амжилт үзүүлэх байсан байх/ морталь тоглож хорооны аварга болсон минь түүхийн шар хуудсанд бичээстэй. Тэрэг нийлүүлж өөрөө явагч зохион бүтээх, орны төмрөөр цасны чарга хийх, хаягдал банзаар NBA-ийн самбар урлах гэхчлэн балчир инженерийн гар уран дарханы дайтай хөгжсөн байлаа. /Одоо бол би юу ч хийж чадахгүй байха. хэ хэ хэ/ Хорооны сагсан бөмбөгийн талбайг өдөржин эзэгнэхдээ охидын харцанд өртөж хайрын балыг мэдэрч явлаа. Хорооны Жордан хэмээн үеийн нөхдийн дунд хэлэгдээд их л баясан хөөрч явсан минь насны баясгалан байсныг одоо л ухааржина. Гутал гурав хонодогггүй, хувцас цэвэр явдаггүй хулгиан жаал байжээ би.
Гурван улирлын турш хичээл гэдгийг хийх нь битгий хэл хардаг ч үгүй байлаа. Муу сурлагатан, нойлын ногоон тэг хэмээн багшдаа загнуулдаг байсан ч нийгмийн идэвхээрээ хэнийг дагуулдаггүй байсаан. 5-р ангидаа Жонон хонгорын магтаалыг дуэтээр уншиж, 6-р ангидаа дэнжийн ногоог хамтлагаар дуулсанаа бодоход бас зүгээргүй байжээ.
6 сар гарангуут эмээ өвөө рүүгээ өөрийн эрхгүй тэмүүлэн ангир уургандаа яарсан янзага шиг л очдог байлаа, Шархайн хөндийг туулан Туул голыг уруудан очиход миний өвөөгийнх Зоргол Хайрханы энгэр бэл, эргэн тойроноор нутагланхан амар амгалан монгол аялгуунд зуны цагийг элээдэгсэн. Хонины морь ноолон, хотны нохой уурлуулан хондын цэцэг тасчин жинхэнэ Монгол эрх чөлөөг мэдэрч Монгол хүний нийгэмшлээр тохнисон юмаа би. Энэ бол хайртай хүмүүсийн минь нэг С.Оргодол хэмээх өнжүүлийн хүчит арслангийн зээ хүүгийн монгол бахархал билээ. Эндээ тэгээд тогтдоггүй байсан. Цаашаа Улхын цэнхэр булан-Цагаан Дэрс, Ааруулын хадны зүг сэтгэл зулранаа. Тэнд миний өвөө "Социализмийн материал техникийн бааз" хэмээн нүсэр зүйлийг бүтээх гэж насаараа зовсон өвөө минь, эмээ минь байдаг байлаа. Энэ 2 минь Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн Одоогийн ТӨв аймгийн Бүрэн сумын нутагт насаараа нүүдэллэн оршсон бурхан буурлууд. Тэднийхээ цайнд дэвтээсэн ааруулыг хүлхэж ширгээсэн ээзгийг идэж асан миний 2-7 хүртэлх нас бол уламжлалт нүүдлийн хөдөөний айлын хүмүүжил юм. Тэр 2 минь нийгэмшлийн хамгийн сайн агентууд, багш байсан. Байсаар ч байгаа. Би хоёр өвөөдөө, хоёр эмээдээ хязгааргүй хайртай. Яагаад гэвэл миний бага нас тэдний гараар дамжсан. Би дамжигдан ирсэн бүтээгдэхүүн нь.







No comments: