ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА БА АРГА ЗҮЙН ШҮҮМЖ, О.БААСАНТОГТОХ

Төрийн аливаа шийдвэр, шийдлийг “олон нийтийн санал” асуулгад тулгуурлаж шийдэх нь ардчилсан зарчимд нийцэх боловч судалгааны арга зүйг оновчтой боловсруулаагүй, мөн судлаачийн мэргэжлийн ур чадвар дутаж, эсвэл ёс зүйн зарчмыг баримталж ажиллаагүйгээс болж олон нийт, улс орны ирээдүйд эрсдэл учруулахуйц, өөрчилж боломгүй үр дүн авч ирж болзошгүй. Эхний баримтыг ийм хандлагад үндэслэж, хоёр дахь баримтыг нийгмийн анхаарлыг татаж буй гол асуудлуудын нэг болоод байгаа учир тус бүрд нь мэргэжлийн үүднээс тайлбарлахыг зорилоо.

Баримт-1. 2016 оны 1 дүгээр сард Засгийн газраас, бүр тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Монгол улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” [1] гэсэн мессеж илгээж “олон нийт”-ийн байр суурь гэсэн тодотголыг ашиглаж шийдвэр гаргаж байсан. Тухайн үед сэтгүүлч, нийтлэлчид, улс төрчид,  төрийн шийдвэрийг ингэж гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй, эрх зүйн хувьд учир дутагдалтай гэх мэтээр  олон талаас нь шүүмжилж байсан. Харин шүүмжлэлийн дунд социологичдын дуу хоолой дутаж байсан юм.
Энэхүү баримтыг социологийн шинжлэх ухааны үүднээс шинжлэхэд хэд хэдэн анхаарч үзвэл зохих зүйл ажиглагдав. Нэгд, нь төр түшилцэж буй эрхмээс эхлээд дурын хүн бүр социологийн шинжлэх ухаан, судалгаа гэдгийг болсон болоогүй асуултын хэлхээс мэт ойлгодог болсныг харуулна. Гэвч МУ-ын Засгийн газар судалгааг хамгийн сайнаар мэдэж, ойлгодог гэдэгт эргэлзэх зүйлгүй байлтай. Хоёрт, асуулгад оролцогчдын буруу байхгүй боловч өөрсдийн болон үр хүүхдийнхээ ирээдүйд хамааралтай маш чухал асуудлыг “судалгаа гэх” тодотголтой хоёрхон мессежид багтаан шийдэхэд оролцсон нь Монголчуудын эмгэнэл болсон. Гуравт, тухайн үеийн Засгийн газар мэргэжлийн судлаач, эрдэмтдээс санал аваагүй, тодорхой шинжлэх ухаанд хэрэглэгддэг арга зүйг ашиглахын оронд “олон нийтийн мэдлэг, мэдээлэлгүй”,  байдлыг шийдвэр гаргахдаа маш чадварлаг ашигласан юм.

Социологийн шинжлэх ухаанд ямар ч судалгаа хийсэн арга зүй, аргачлалынх нь хувьд анхаарах шаардлагатай зүйл олон байдаг. Хэрэв, ядаж нийтлэг шаардлагыг баримтлаагүй бол тухайн судалгааны үр дүнд итгэхгүй байх бүрэн боломжтой. Тухайн үеийн Засгийн газар арга зүйн хувьд ийм л асуулга явуулж, шийд гаргахдаа ашиглаж байсан. Үүнд:
Нэгдүгээрт. Улс орныг хамарсан санал асуулга, ялангуяа бодлого шийдвэртэй холбоотой асуудлаар олон нийтийн байр суурийг сонсох, үр дүнг нь шийдвэр гаргах хэмжээнд ашиглах гэж байгаа тохиолдолд судалгааны аргын хувьд “мессеж” ашигласан нь оновчгүй сонголт юм. Учир нь мессеж судалгаанд оролцох сонирхол, идэвх бага, судалгаанд оролцогч бүрийг нас болон нийгэмшил, сэтгэл зүйн хувьд төлөвшсөн гэж үзэх боломж бүрэн хангагддаггүй. Энэ хэрээр худал мэдээлэл өгөх магадлал өндөр байдаг. Мөн манай улсад нам, улс төрийн харъяаллаар хүчтэй хуваагддаг тул намын гишүүдийн нөлөөлөл орсон байх магадлал маш өндөр.
Хоёрдугаарт. Асуулт болон хариултын хувилбарыг судлаач хүн боловсруулсан бол маш том алдаа гаргасан гэж үзэж болно. Учир нь ямар ч судалгааны асуултыг боловсруулахдаа судалгаанд оролцогчдод “сонголт хийх, байр сууриа бодитой илэрхийлэх, зарим талаар хамгаалах” боломж олгож, үзэгдэл - үйл явцыг олон талаас нь үнэлж, дүгнэхийг чухалчилдаг. Гэтэл уг асуулга нь шууд тулгасан буюу захиалагчийн эрх ашигт нийцсэн үр дүн гаргахын төлөө ажилласан мэт харагдана. Үүнийг санаатайгаар ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж болно. Өөр тохиолдолд, судлаач мэдлэг, чадвар маш нимгэн, мэдрэмжгүй, эсвэл социологийн судалгааны талаар анхан шатны ойлголтгүй мэргэжлийн бус хүн байж гэж дүгнэж болно.
Гуравдугаарт. Хөгжил, ханш гэх ойлголтууд нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг, өргөн хүрээний агуулгатай. Энэ утгаар нэг удаагийн мессеж байтугай онолын суурь судалгааны хүрээнд гаргалгаа хийхэд бэрхшээлтэй. 1) Зөвхөн “хөгжил” гэх ойлголтын хүрээнд түүний олон хувилбарт шинж, хүрэх арга зам, нөөц бололцоо, гарц гаргалгаа зэрэг олон хүчин зүйлийг тооцож болох ба эдгээр нь тус бүрдээ өөр өөр шалгуураар хэмжигдэнэ. 2) Хөгжлийн “зам” гэдгийг “мэдлэг, технологи, үйлдвэрлэлд суурилсан” гэх мэтээр ялгаж үздэг ч эдгээр хувилбараас алийг нь ч тусгаагүй. Зарим эрдэмтэд уул уурхайгаас хичнээн их түүхий эд олборлоод ч хөгждөггүй, бүр эсрэгээрээ эдийн засгийн уналтад ордог тухай ярьж хэлдэг. Үүнтэй холбоотой “баялгийн хараал” гэх ойлголтыг дэлхий нийтэд хэрэглэж байгаа. 3) “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх, Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах” тухай санааг дангаар нь хөгжлийн зам гэж ойлгох боломжгүй бөгөөд эдгээр нь хөгжилд хүрэхэд шаардлагатай орцуудын зөвхөн нэг хэсэг юм. Хэрэв хөгжилд хүрэх арга замаа тодорхойлох шаардлагатай гэж тухайн үед үзэж байсан бол эдгээрийн адил хөгжилд хүрэх боломжтой олон хувилбар бүхий арга замуудаас санал болгож, сонголт хийлгэх боломжтой байсан. Гэвч үүнийг хайхарч үзэлгүй, магадгүй хүсээгүй орхисон болох нь үүнээс харагдана. 4) “ханш тогтоох” тухай санааг мөн энд оруулж өгсөн боловч уг ойлголт нь хөгжлийн гарц, зам гэхээсээ илүүтэй хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлт болгож ашиглах нь их байдаг. Энэ бүхнээс харахад, судалгааны асуулт боловсруулсан байдал нь арга зүйн шаардлага хангаагүйгээс үүдэлтэй асуулт, хариулт, тэнд өгөгдсөн ойлголтуудыг ямар утгаар ойлгож, тайлбарлах нь эргэлзээтэй болж байгаа юм.
Дөрөвдүгээрт. Асуултын тавилт буруу. Дээр дурдсанчлан асуултын агуулга, хариултын хэлбэр хоорондоо авцалдахгүй буюу “ханш тогтоох” гэдэг нь эдийн засгийг тогтворжуулах ойрын хугацааны зорилт байж болох ч урт хугацаанд дангаараа хөгжлийг тодорхойлж чадахгүй. Харин өөрөөр, асуултыг тавихдаа “ханш тогтооход аль нь чухал нөлөөтэй вэ?” гээд дурдан буй шийдлийн хувилбараас сонголт хийлгэх боломж байсан. Эсвэл дурдан буй хоёр сонголтын хувилбарыг “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх нь ханш тогтворжуулахад чухал?”, “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах нь ханш тогтооход чухал нөлөөтэй юу?” гээд тус тусад нь асуулт болгож, хариултуудыг жишээ нь “чухал, одоогоор чухал биш, чухал биш” гэсэн сонголттой оруулсан бол асуултын тавилт, хариултын хувилбар оновчтой буюу зөв хэмжилт хийх бололцоотой байв. Эсвэл “хөгжил”-д хүрэхийн тулд юунд илүү анхаарах шаардлагатай вэ гээд өмнө дурдсанчлан хариултын өөр өөр хувилбаруудыг санал болгож болохоор байсан. Өөрөөр хэлбэл, хэмжилт хийх арга зүйн шаардлагыг баримтлаагүй.
Тавдугаарт. Техникийн шаардлага хангаагүй. Хамгийн эхний шаардлага буюу мессеж хүлээн авсан бүх хүн латин галигаар мессеж уншиж чадах уу гэдгээс арга зүйн шүүмжлэлийг эхлүүлж. Гэхдээ энэ асуудлыг ингээд орхъё. Социологийн судалгааны мэдээллийг цаасаар цуглуулж байгаа тохиолдолд асуулт болон хариултын хувилбарууд нэг хуудсанд багтсан байх, харин “мессеж судалгаа”-ны үед нэг мессежид бүрэн багтсан байх шаардлагыг тавьдаг. Гэтэл энэ баримтад асуулт болон хариултыг хоёр тусдаа мессеж болгож илгээсэн байдаг. Асуулт болон хариултын утга тасарсан тохиолдолд судалгаанд оролцогчид асуултын хамт нэг мессежид багтсан хариултуудаас сонголт хийх магадлал нэмэгдэж, “тасарсан хариултууд”-аас сонголт хийх нь бага байдаг. Тэгэхлээр эндээс судалгаа хийлгэж буй хүн өөрт ашигтай үр дүнг гаргах гэсэн явцуу санаагаар, эсвэл социологийн судалгаа, тэр дундаа мессеж судалгааны арга зүйн талаар мэддэггүй, эсвэл монгол хэлний найруулгын чадвар багатай судлаач санамсаргүй байдлаар асуултыг тасласан байх талтай.

Баримт-2. МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр АТГ-ын дарга, дэд даргыг солих асуудлыг “олон нийт”-ийн дунд санал асуулга явуулж шийдэх тухай мэдэгдсэн. Асуулгад оролцох хугацааг 7 хоногоор хязгаарлаж, 4 дүгээр сарын 25-ны өдрөөс https://president.mn/ цахим хаягаар онлайн асуулга авч эхэлсэн. Өмнөх баримтаас судлаж-хөндөж буй асуудлын хувьд олон нийтийн хэрэгцээнд нийцсэн, зөв асуудал мөн. Гэвч онлайнаар судалгаа хийх нь өөрийн гэсэн давуу тал олгодог ч дутагдалтай тал бас цөөнгүй бий. Тодруулбал,
Нэгдүгээрт. Сүлжээн дэх хэрэглэгчдийн нас болон нийгмийн бүтэц “тэнцвэртэй биш”. Идэвхтэй хэрэглэгчдийн ихэнх нь залуучууд, дээд боловсролтой хүмүүс, хотын оршин суугчид байдаг. Магадгүй асуулгад оролцож, саналаа өгөхийг үнэхээр хүсэж байгаа ч интернет хэрэглэж үзээгүй, хэрхэн хариулах талаар мэдэхгүй, бүр интернетэд холбогдох боломжгүй газар амьдардаг хүмүүс санал өгөх боломжгүй болно. Тэгэхлээр энэ нь нас болон статусын хувьд ялгаатай бүлгүүд, газар зүйн байршлын хувьд төв суурингаас алслагдмал газар амьдарч буй хүмүүсийн саналыг тэнцвэртэй илэрхийлэх боломжгүйг харуулж байна.
Хоёрдугаарт. Оролцогчдын нас, хүйс, нийгмийн “байр суурь болон үүрэг”-ийг үнэн зөв гэж итгэх, тодруулах боломж хязгаарлагдмал байдаг.
Гуравдугаарт. Онлайнаар судалгаа хийх үед судалгаанд оролцогчид нээлттэй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх боломж олгодог ч бусдыг хуурах, ташаа мэдээлэл өгөх эрсдэлийг давхар агуулдаг. Энэ нь бас төлөөлөх чадварыг бууруулах эрсдлийг бий болгодог. Жишээлбэл, нэг удаагийн судалгаанд нэг респондент өөр өөр нэрээр оролцсоноор судалгаанд итгэх итгэл, төлөөлөх чадварыг бууруулдаг. Энэ удаагийн асуулгад гэхэд оролцогчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ажлын газрын мэдээлэл, засаг захиргааны харъяалал, интернет хамгаалалт (CAPTCHA) оруулж өгсөн ч нэг эх үүсвэрээс хэдэн ч хүн санал өгч болохоор байна. Магадгүй “хувь хүний дэлгэрэнгүй бүртгэлтэй ойр ажилладаг” банк санхүүгийн байгууллагын ажилтан, нам эвсэл, нутгийн удирдлагын байгууллагуудад ажиллаж буй мэргэжилтэн г.м төлөөллүүд үүнийг буруугаар ашиглаж, бусдын өмнөөс санал өгөх бүрэн боломжтой. Эдгээр онцлогоос үүдэн судалгааны үр дүнг “олон нийтийн байр суурь гэж зарлах” нь тохиромжтой биш байх талтай.
Дөрөвдүгээрт. Мэдээлэл нэгтгэх программд гарын тохиргоо (крилл, латин г.м) хийгдээгүй тохиолдолд нэг хүн дор хаяж хоёр удаа санал өгөх боломжтой байгаа нь асуулгын үр дүнд итгэх итгэлийг мөн бууруулна. Технологи ашиглаж асуулга явуулах тохиолдолд том жижиг үсэг, цэг таслал, зай авах гээд маш олон тэмдэгтүүдийг ашиглаж нэг хүн өөр өөрөөр санал өгөх бололцоотой байдаг. Цаашлаад мэдээллийн үр дүнг боловсруулахад цаг хугацаа их шаардагдана. Иймээс санал нэгтгэж буй программд интернетэд холбогдож буй төхөөрөмжийн IP хаягаар, эсвэл гарын тохируулгыг маш тодорхой оруулж өгөх г.м-ээр зарим нэг хязгаарлалтуудыг тавьж өгснөөр зарим нэг алдаа гарахаас сэргийлэх боломжтой.
Тавдугаарт. Судалгаанд нээлттэй асуулт ихээр оруулах нь оролцогчдыг залхаадаг. Үүнээс үүдэн респондент асуулгад бүрэн хариулалгүй орхих, эсвэл асуулгад оролцохоос татгалзах тохиолдол их гардаг.
Зургаадугаарт. Судалгааны үнэн бодит байдлыг хангахын тулд овог, нэр, ажил албан тушаал г.м мэдээллийг оруулах нь илүү үр дүнтэй байж болох ч өмнө дурдсанчлан мөн л асуулгад оролцохоос татгалзах бас нэг шалтгаан болно.
Наймдугаарт. Программчлалын хувьд “мэдээлэл хүлээн авах программ” бүрэн гүйцэд мэдээлэл хүлээн авахаар тооцоологдсон бол оролцогчдын дутуу бөглөсөн мэдээллийг хүлээж авахгүй. Энэ нь асуулгын хамрах хүрээ хумигдах шалтгаан болно.
Есдүгээрт. Судалгааны танилцуулга хэсэг товч тодорхой, ойлгомжтой, нэг талыг баримталсан байхаас зайлсхийдэг атал эдгээр зарчмыг баримтлаагүй байгаа нь арга зүйн хувьд буруу болохоос гадна өөрт хэрэгтэй дэмжлэгийг авахад чиглэсэн мэт дүр зураг ажиглагдаж байна. Мөн судалгаа хэрэгжүүлэгчдийн статус хийгээд мэргэжлийн ёс зүйн хувьд ч шүүмжилж болохоор байна.
Аравдугаарт. Судалгааны үндсэн асуулт болох АТГ-ын дарга, дэд даргыг сонгох асуултад “овог, нэр, албан тушаал”-ыг нь тодруулах нээлттэй асуулт оруулсан нь мөн л тохиромжгүй. Учир нь асуулгад оролцогчид улс төрчдийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх нь бага байдаг тул бүрэн хариулт өгч чадахгүй байх, эсвэл дутуу, ойлгомжгүй, зарим тохиолдолд бүр худал мэдээлэл өгч болох эрсдэлтэй. Цаасаар судалгаа хийх явцад ч ийм тохиолдол олон гардаг. Гэхдээ онлайнаар асуулга явуулж буй энэ тохиолдолд өөрийн санал болгох хүний талаарх мэдээллийг интернетээс хайж үнэн зөв, бүрэн мэдээлэл оруулах бололцоотой тул судалгаанд оролцогчид энэ боломжийг бас ашиглаж болно.

Судлаачийн ур чадвар, мэдрэмж дутаж, эсвэл мэргэжлийн ёс зүйг баримтлаагүйн улмаассудалгаанд оролцогчийн зүгээс “байдаг л асуулга” мэтээр хандаж, ялангуяа төр шийдвэр гаргахын тулд, мөн технологи ашиглаж асуулга явуулж байгаа эдгээр тохиолдолд үл хайхарсан байдлаар хүлээн авч, оролцсон тохиолдолд бидний хүсээгүй үр дүн гарах эрсдэлтэй байдаг. Бүр цаашилбал судалгааны үр дүнд үндэслэн гаргаж буй шийдвэрээс улбаатай гарах эрсдэл нь өргөн цар хүрээтэй байж, үр дагаврыг нь эргэж засах боломж олдохгүй тийм нөхцөлд хүрч болно. Эцэст нь социологийн судалгааны ажилд судлаач судлаж буй асуудал, цаг хугацаа, судалгаанд хэрэглэх арга, хамрах хүрээ зэргийг арга зүйн түвшинд хэрхэн тогтох, судалгаанд оролцогчдын зүгээс ямар зорилготой, ямар асуулттай судалгаанд оролцоод байна вэ гэдэгт маш нухацтай, ач холбогдол өгч хандах шаардлагатай гэдгийг тэмдэглье.

О.Баасантогтох, ШУА-ийн Философийн хүрээлэн, Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын ЭШДэА, Социологич, МУИС-ийн докторант
Утас: 95343716, E-mail: oyu_baasan@yahoo.com

No comments: