СУДАЛГАА: Иргэд ирэх дөрвөн жилд төр засгаас юу хүсэж байна вэ?

Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ Засгийн Газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандалт судалгааны үр дүнг тус судалгааны багийнхан танилцууллаа.

Энэхүү судалгааны мэдээлэл цуглуулалтыг Чисапик Бийч Консалтинг компани болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн 2016 оны наймдугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд гүйцэтгэж, 2016 оны гуравдугаар сарын 1-нээс 15-нд хийсэн судалгааны мэдээллийг харьцуулан дүгнэлт гаргажээ.

Энэ талаар Монгол Улс дахь суурин Төлөөлөгч Ашлэй Вэйлэн “Манай байгууллага Монголчуудын үзэл бодол ямар байгааг улс төрийн намууд болоод сонирхол бүхий бүх талуудад нээлттэйгээр мэдүүлэх зорилготой.

Ингэснээр тухайн улс төрийн намууд болон сонирхол бүхий талууд үнэн зөв мэдээллийг ашиглан цаашдын дүн шинжилгээгээ хийж, үйл ажиллагаандаа тусгаж явах боломжтой юм.

Судалгааны эцсийн дүгнэлтээс үзэхэд ард иргэдийн сэтгэлийг зовоож байгаа маш олон асуудал байгаа боловч эцсийн дүндээ иргэд сонгуулийн үйл явцад итгэлтэй, ардчилалыг дэмждэг, тэгш оролцоог дэмждэг байгаа нь Монгол Улсын хөгжил зөв чиглэлд явж байгаа гэдгийг илэрхийлж байна” хэмээн тайлбарлалаа.

Судалгаанд хамрагдсан иргэдтэй гэрт нь ганцаарчилсан ярилцлага авах замаар мэдээллийг цуглуулсан бөгөөд Улаанбаатар хот болон 13 аймгийн 18-аас дээш насны сонгууль өгөх чадамжтай нийт 5,000 иргэнийг хамруулжээ.

13 аймгийг судалгаанд хамруулахдаа аймаг тус бүрээс гурван сумыг санамсаргүйгээр сонгон 2,800 иргэнээс судалгаа авсан бол Улаанбаатар хотын бүх дүүргийн 2,200 иргэнээс судалгаа авчээ.

Тус судалгааны үр дүнг олон улсын стандарт, зах зээлийн болон нийгмийн судалгааны аргачлалын дагуу боловсруулсан байна.

Тухайлбал ирэх дөрвөн жил УИХ-аас анхаарал хандуулан ажиллах хамгийн чухал асуудлыг авч үзэхэд:
                                 

ӨНӨӨГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫГ ТУН МУУ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Мөн судалгаанд хамрагдсан иргэдийн 80 хувь нь зургаадугаар сарын 29-ний өдөр өгсөн саналаа дахин өгөхөд бэлэн гэж хариулсан бөгөөд үүнээс үзэхэд Улсын Их Хурлын өнгөрсөн сонгуулийн дүнд иргэд сэтгэл ханамжтай байгааг харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү хувь нь шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийг өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хариулжээ. 

Харин "буруу чиглэлд явж байна" гэж хариулсан иргэдийн 45 хувь нь эдийн засгийн хүндрэл, тогтворгүй байдлыг шалтгаан нь болохыг нэрлэсэн бөгөөд нийт оролцогчдын 80 хувь нь өнөөгийн эдийн засгийн байдлыг муу буюу тун муу байна гэж дүгнэжээ.

Эх сурвалж: www.ikon.mn

No comments: