АРДЧИЛАЛГҮЙ ЭДИЙН ЗАСАГ

2013 оны 3 сарын 5-ны өдөр Монголын Эдийн засгийн форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том компаниуд хурдхан олон нийтийн болох чиглэлд явах хэрэгтэй. Хорин хувиа хувьцаа болгоод бирж дээр зараад үз. Эсвэл тийм хувийг ажилчиддаа өгөөд бүгд л хариуцлага хүлээгээд урагшаа явах хэрэгтэй. Ингэж байж баялаг бүтээх ёстой. Том компаниуд гээд л байдаг. Гэр бүлийн гишүүдээсээ цааш гараагүй л байна шүү дээ. Олгархи, ойрын хүрээллээсээгараагүй л явж байна шүү дээ” хэмээн учирласан нь Монголд цөөн гэр бүлийн эдийн засаг бий болсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Эдийн засгийн ардчиллын зорилго, агуулгад нийцэх энэ уриалга ардаа үлэмж чухал хэлэлцүүлгийн сэдвийг тээж буй юм. Монголын эдийн засаг бол ардчилалгүй эдийн засаг. Энгийнээр хэлвэл цөөхөн гэр бүлийн эдийн засаг юм. Судлаач би бээр капитализмын түүхийг, түүний алдаа оноог судалж явдгын хувьд ардчилалгүй эдийн засгийн бүтцийг өөрчлөх дуу хоолой түрлэг хэрэгтэй байгаад таны анхаарлыг хандуулахын учир үүнийг тэрлэв.

-ЭДИЙН ЗАСГИЙН АРДЧИЛЛЫН ТУХАЙ-
Эдийн засгийн ардчилал нь хүмүүсийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, ингэснээр бизнесийн салбар дахь компанииуд болон жирийн иргэдийн дундах эрх мэдэл, хүчний тэнцвэрийг хадгалахыг эрмэлздэг. Улс төрийн ардчиллын зарчмуудын нэгэн адилзах зээл дээр гарч буй шийдвэрт олонхийн оролцоог хангах, тэдний хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхийг шаарддаг. Цөөнхийн гарт баялгийг хуримтлуулах хандлагатай капиталист эдийн засгийн систем нь хөгжлийн зүй ёсны шаардлагаар эдийн засгийг ардчилах арга замуудыг бүтээж түүхэн сорилт, бэрхшээлийг туулсаар ирсэн юм.Ардчиллын онолч, профессор Даль “Хэрэв ардчилал нь төрийг удирдахзүй ёсны арга зам бол эдийн засгийн салбарыг удирдахад нэгэн адил үндэслэгдэх учиртай” гэжээ. Тухайн нийгэмд баялгийг хэр олон хүн өмчилж хянаж байгаа вэ? гэдэг нь эдийн засгийн ардчиллын гол асуудал юм.Баялгийг зөвхөн төр эсвэл тусгаар гэр бүл өмчилдөг биш, харин хүмүүс хамтаараа өмчилж, түүнд хяналт тавих боломжийг олгох нь түүний амин сүнс гэж болно. Эдийн засгийн ардчиллын зорилго нь, нэг талаас, корпорацуудын өмчлөлийн бүтэц дэх төвлөрлийг задлах, түүний өмч хөрөнгийг илүү олон хүмүүс өмчилж, хяналт тавих тэгш боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг бол нөгөө талаас, корпорацаас гадуур хүмүүс мөнгө хөрөнгө,хөдөлмөрөө хорших замаар баялгийг хамтаараа бүтээж, өмчилж, ардчилсан байдлаар хяналт тавих эдийн засгийн альтернатив (зэрэгцсэн) бүтцийг бүтээхэд оршдог. Эдийн засгийн ардчилал бол улс төрийн аль нэг үзэл сурталд харъяалагдахгүй, түүнийг хөндлөн огтолсон үзэл санаа бас практик агаад зах зээлийн хөгжлийн салшгүй хэсэг байх төрийн бодлогын асуудал билээ.
Эдийн засаг хэр зэрэг ардчилагдсан бэ? гэдэг нь хэр олон хүнэдийн засгийн бодит эрх мэдлийг (power) эзэмшиж байгаагаар хэмжигдэнэ. Эдийн засгийн эрх мэдэл нь эцсийн дүндээ өмчлөлөөр тодорхойлогдоно. Тэгвэл, капитализмын хөгжлийн явцад зах зээл дээр илүү олон хүн өмчлөгч байх боломжийг эдийн засгийн ардчилал олгож өгчээ. Түүний гол шалгуур үзүүлэлтүүдийг зарим асуултуудын хүрээнд тоймлож болох юм.Тухайн улсын топ компаниудын хэдэн хувийголоннийтийн компани (public company) эзэлдэг вэ?, Компаниудын өмчлөлийн бүтцэд хамтын өмчлөл хэдэнхувийг эзэлдэг вэ?, Томоохон компаниудад ажилчдын өмчлөлийн тогтолцоо бий юу?, Хэрэглэгчид, худалдаачид, үйлдвэрлэгчид болон ажилчдын хоршооллууд хэчнээн байна вэ?, тэдгээр нь тухайн салбарынхаа зах зээлийг хэр хэмжээгээр хуваалцдаг вэ? Байгалийн баялгийн болон бусад төрлийн (тэтгэврийн) сан бий юу?, тэдгээрийн сан хөмрөг ямар хэмжээтэй (тухайлбал ДНБ-тэй харьцуулбал) вэ?
-ГАДААД ЕРТӨНЦ БА МОНГОЛ-
Капитализмын хөгжил бол нэг талаас зах зээлийн хөгжил, эдийн засгийн өсөлт, өрсөлдөөн, баялаг бүтээх түүхэн үйл явц байсан бол нөгөө талд нь түүнийг зөвхөн цөөнхөд хүртээлтэй зүйл байлгахгүйн тулд засч залруулах арга замыг эрж хайх, түүнийг улам төгөлдөр болгоххайгуулийн түүх байсан юм.Судлаачдын зүгээс эдийн засгийн ардчиллын анхны оролдлогууд капитализмын хөгжлийн эхэн үед бараг л түүнтэй мөр зэрэгцэн үүссэн гэж тэмдэглэдэг хэдий ч, аж үйлдвэрийн хувьсгалаас хойш зуу гаруй жилийн дараа л эдийн засгийн ардчилал бодит байдал болжээ. Эхлээд хүмүүс мөнгө хөрөнгө, хөдөлмөрөө нийлүүлэн хамтрах эхлэлүүдийг тавьсан нь өнөөгийн хоршоолсон эдийн засгийн аварга бүтцүүд билээ. Харин хожим нь баялаг бүтээгчид компаниа өсгөн томруулсны эцэст хөрөнгийн бирж дээр нийтийн хүртээл болгох болсноор эдийн засгийг ардчилах амин чухал соёл бас тогтоцолцоог нээсэн хэрэг байв. Эгэл жирийн хүмүүсийн (иргэн, хэрэглэгч, ажилчин, жижиг бизнес эрхлэгч) зах зээл дээрх хүч нөлөө тун хомс юм. Иймд хүч нөлөөгүй тэдний хувьдзах зээлийн бүтээж буй үлэмж том бялуунаас хүртэх боломж нь авдаг цалингаар хязгаарлагдах хандлагатай. Капитализмын хөгжлийн арвин туршлага бүхий орнуудад эдийн засгийн ардчиллын ачаар зах зээл дээр компаниудынбүтээсэн бялуунаас олон мянган хүмүүс хүртэж байна.
Хоршоолсон эдийн засгийн үйл ажиллагаа нь өнөөдөр гадаад ертөнцөд хүнс өргөн хэрэглээ, банк санхүү, хөдөө аж ахуй, жижиглэн худалдаа,цахилгаан дулаан, түлш шатахуун болон бусад хүн амын сайн сайхан байдал болон нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн амин чухал салбарт жирийн иргэдэд эдийн засгийн эрх мэдлийг бодитойгоор олгосон байна. Улс орнуудад хүн амынхаа 60 хүртэлх хувийг өмчлөгч, эдийн засгийн эрх мэдэлтэн болгож чадсан нь нэн бахархалтай. Швейцарт хэрэглэгчид хамтран байгуулсан хүнс өргөн хэрэглээний худалдааны хоёр том грүп зах зээлийнхээ 50 гаруй хувийг эзэлэх ба тэдгээр нь 4.5 сая гишүүнийх нь хамтын өмчлөлд байдаг. Хэрэглэгчдийн байгуулсан хоршооллууд хүнс өргөн хэрэглээнийхээ зах зээлийг эзэмшиж буй жишээнүүдийг дурдвал Сингапурт 50, Финляндад 41, Данид 36, Норвегид 24, Шведэд 21 хувийг эзэлж байна.Монголд хоёр гуравхан сүпермаркетийн сүлжээ хүнс өргөн хэрэглээний зах зээлийг үнэмлэхүй хянах ба хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний үнэ болон чанарт зүй ёсны шаардлага тавих боломж огтоос үгүй.Хөдөө аж ахуйн салбартфермерүүдийн хамтын эрх ашиг хэр зэрэг хангагдсаныг харж болно. Швед улсад 8 мянган сүүний фермерүүд нэгдэжевроптоо тэргүүлэх, дэлхийд ест орох аварга груп байгуулсанба тэд өөрийн орны сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 75 хувийг эзэлж байна. Финляндад энэ төрлийн байгууллага нийт 11 мянган фермерийг багтааж, зах зээлийн 82 хувийг хянаж байна. Мөн энэ улсад европт нэгт, дэлхийд аравдугаар байранд орох ойн аж ахуйн аварга груп байх ба 130 мянган фермерийн хамтын өмчлөлд бий. Шведэд 17,400 фермерийг нэгтгэсэн хамтын өмчлөлийн хоршоо нь махны зах зээлийн хүчирхэг тоглогч бөгөөд тус улсын мал сүргийн 58 хувь, гахайн 69 хувь, хонины 70 гаруй хувь нь энэ байгууллагын өмчлөлд байна. Харин Монгол хөдөө аж ахуйн орон хэдий ч малчид сүү сүүн бүтээгдэхүүн, болон махны зах зээлд үзүүлэх нөлөө туйлын бага агаад үнэ ханшийг ченжүүдийн оролцоотойгоор томоохон компаниуд тогтоодог. ХАА-н бүтээгдэхүүний зах зээлийг хэдэн том акул компаниуд хуваан эзэмшдэг. 200 гаруй мянган малчинтай Монголд сүүн сүүн бүтээгдэхүүний зах зээлийг хоёрхон компаний хэд гуравхан гэр бүл хянаж байна.
Дэлхийн улс орнуудад газар тариалангийн салбар өөртөө тариалангийн талбай бүхий газрын өмчлөгч фермерүүдээс үндсэндээ бүрдэг. Газрын хуваарилалт нь фермерүүдэд тэгш байлгахад чиглэсэн бодлогод тулгуурлан хийгдсэн байдаг. Газар тариалангийн аж ахуйн олон зуун жилийн уламжтай европ тивд энэ бодлого бүр илүү хэрэгжсэн байдаг. Газар тариалангын салбар үндсэндээ жижиг газрын эзэд бүхий фермерүүд байх бөгөөд тэдний эзэмшдэг газрынн хэмжээ ойролцоо юм. Тэд хоршоолсон бүтцэд нэгдэн тариалалт, борлуулалтаа зохион байгуулалтай, дэг журамтайгаар хийх ба зах зээлээ хамтран хянадаг. Газар өмчлөлөөр хамгийн эрх чөлөөтэй гэгдэх АНУ-д газар тариалангийн салбарт ажиллагчдын 51 орчим хувь буюу 2,2 сая газрын эзэн фермер байгаа бол 49 орчим хувь нь эдгээр фермерүүдийн гэр бүлийн гишүүн бүхий ажилчид байна. Энэ үзүүлэлт хөрш Канадад ойролцоо байдаг.
Харин манайд газар тариалангийн салбар хөгжиж, өөрийн орны хэрэгцээг хангах хэмжээнд хүртлээ өссөн ч өнөөдөр энэсалбар дундад зууны үеийн хамжлага систем буй болжээ. Хот хүрээ газрын феодалууд (сайд, засаг ноёдуудхэдэн зуун мянган га газрыг эзэмшиж, харин хамжлага ард(тариаланчиднь газар дээр тариаг нь ургуулж өгөөд хөлс, урамшууллаа авах төдий байна. Тухайлбал, улс төр-бизнест үлэмж нөлөөтэй хоёр эрхэмийн эзэмшиж буй тариалангийн газар манай улсын эргэлтэнд байгаа нийт газрын 10 орчим хувийг дангаар эзэмшиж байгаа юм. Эндээс тариалангийн газар хэр зэрэг шударга хувиарлагдсаныг харж болно.
Банк санхүүгийн зах зээл бол эдийн засгийн ардчилалд онцгой шаардлагатай амин чухал салбар билээ. Гадаад ертөнцөд хоршоолсон банкууд эдийн засгийг хэрхэн ардчилж буйг сонирхвол, Франц улсад хамгийн том таван банкны гурав нь 20 гаруй сая хэрэглэгчийнхээ өмчлөлд байж, зах зээлийнхээ 60 хувийг эзэлсэн амжилттай байгаа бол Германд хамгийн том банкуудын нэг нь 17 сая хэрэглэгчийнхээ өмчлөлд байж, зах зээлийн 25 хувийг хянаж байна. Голландын хамгийн том банкийг 2 сая гишүүн нь эзэмшдэг. Монголд банк санхүүгийн салбар хэдхэн гэр бүлийн мэдэлд байна. Хөдөлмөрэрхлэгчдийн 50 хувь нь дунджаар 2О орчим хувийн хүүтэй цалингийн зээлтэй байна. Нийт тэтгэвэр авагчдын  86 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй байна. Малчдын дийлэнхи нь банкны зээлтэй байна. Эх сурвалжаас үзэхэд цалингийн зээлийн үлдэгдэл 1,4 их наяд төгрөг, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 424,7 тэрбум төгрөг болжээ. Иргэдийн банкин дахь хадгаламж өсч байгаа боловч хадгаламжийн нийт дүнгийн 80 хувь нь хадгаламж эзэмшигчдийн 3 хувьд оногдож, мөн нийт дүнгийн 90 хувь нь 1,000 орчим гэр бүлд хамаарч байгаа тооцоо бий. Энэ нөхцөлд хадгаламжийн өндөр хүү нь их хэмжээний хадгаламж эзэмшдэг цөөн тооны хүмүүсийг улам баяжуулах мөлжлөгийн арга хэрэгсэл болохоос хэтэрсэнгүй.
Даатгалын салбарын хувьд өдгөө эдийн засгийн ардчилалын хамгийн үлгэр жишээ болоод байна. Даатгалын салбарт хамтын даатгалын эзлэх хувийг тэргүүлэх 10 орноор эрэмбэлэвэл, Австри 61.4 хувь, Недерланд 49.3 хувь, Словек 47 хувь, Дани 46.6 хувь, Франц 46.3 хувь, Япон 45.3 хувь, Норвеги 45.1 хувь, Герман 43.3 хувь, Унгар 41.4 хувь, Румын 37.2 хувь тус тус байна. Дээрхи улсуудын хамтын даатгалын байгууллагуудыг давхардсан тоогоор Австри 22.8 сая, Недерланд 24.5 сая, Словек 3.9 сая, Дани 7.4 сая, Франц 100.9 сая, Япон 98,8 сая, Норвеги 1.7 сая, Герман 95.1 сая, Унгар 1 сая, Румын 0.6 сая гишүүд хянаж байа. Тухайн улсын хүн амаас их байгааа нь даатгалын үйлчилгээ бүрт нэг гишүүнлэл ноогддогт буй за. Монголын даатгалын салбарт 16 хязгаарлагдмал гэгдэх хувийн компани үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнээс дийлэнхи хувь хэмжээг нь хэдхэн гэр бүл  өмчилжээ.
Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь эгэл жирийн иргэдэд том компаниудын хөрөнгөөс өмчлөгч болох үүд хаалгыг нээж өгсөн ба эдийн засгийн ардчилалыг улс орнуудад бодитой болгоход асар чухал үүргийг гүйцэтгэдэг. Хөрөнгийн зах зээлд гарч хувьцаа гаргасан компанийг баруунд олон нийтийн (public)компани гэж нэрлэдэг. Харин манайд хувьцаат компани хэмээн нэрлэдэг нь цаад утга санааг алдагдуулсан мэт. Өдгөө олон нийтийн компаниудын өмчлөлийн бүтэц нь зах зээл хэр хүртээмжтэй байгааг харуулах чухал үзүүлэлт болжээ. Олон нийтийн компаниудад хамтын хөрөнгө оруулалтын (өмчлөлийн) эзлэх хувь хэмжээ Норвегит 100 хувь, Их Британид 98.1 хувь, Шведэд 93.9 хувь, Данид 79.5 хувь, АНУ-д 78.4 хувь, Италид 69.1 хувь, Францад 68.8 хувь гэсэн судалгаа байна. Харин манайд энэ үзүүлэлт туйлын бага байгаа юм. Хөрөнгийн бирж дээр 237 ХК бүртгэлтэй байгаа бол тэдгээрийн 85 хувь нь хувийн өмчлөлд, 15 хувь нь төрийн өмч зонхилсон эсвэл төрийн өмчлөлд байна. Хувьцааны төвлөрлийн жигнэсэн үзүүлэлтээр хөрөнгийн бирж дээр байгаа компаний хувьцааны 95 хүртэлх хувийг 3-5 гэр бүл, харин таваас бага хувийг 1000 гэр бүл эзэмшиж  байгаа юм.
Эдийн засгийн ардчилал ямар байгааг том компаниудын дунд олон нийтийн компаний эзлэх хувь хэмжээнээс сууриас харж болно. Зарим улс орнуудын топ 100 компаниудын судалгааг үзвэл Их Британид 80 нь, АНУ-д 91 нь, Шведэд 50 нь, Орост 64 нь олон нийтийн компани байна. Харин үлдсэн хэсэг нь хувийн буюу манайхаар ХХК байна.Монголын топ 100 компаний 18 нь хувьцаат компани харин үлдсэн 82 нь ХХК байна.Энэ 18 хувьцаат компаний 13 нь төрийн өмчийнх, 5 нь хувьчлалаар хувьд шилжсэн цөөн гэр бүлийнх байна. Эдгээр 5 хувьцаат компаний өмчлөлийн бүтэц рүү өнгийвөл “Говь” ХК-ий 84.1 хувь дөрвөн гэр бүлд, “Сүү” ХК-ий 93,8 хувь гурван гэр бүлд,  “Талх Чихэр” ХК-ий 71.2 хувь дөрвөн гэр бүлд, “АПУ” ХК-ий 91.6 хувь гурван гэр бүлд, “Материал Импекс” ХК-ий 85.1 хувь дөрвөн гэр бүлдтус тус байна. Энэ тоо баримт нь  эдгээр компаниуд цаасан дээр хувьцаат (нийтийн) хэдий ч, үнэн хэрэгтээ цөөхөн гэр бүлийн компани хэвээр байгааг харуулж байна.
Гадаад ертөнцөд гарч буй нэг эерэг хандлага бол хувийн том компаниудад хамтын өмчлөлийн хувь өсөн нэмэгдэж байгаа явдал юм. Тухайлбал, Их Британий топ 100 хувийн (ХХК) компаний 57-д нь хамтын өмчлөл 10-100% байгаагаас харж болно.Захаас жишээлбэл тус жагсаалтын 2-т орсон Greenergy компаний 35 хувийг хүнсний том сүлжээ болох Tesco–ын ажилчдын тэтгэврийн сан эзэмшиж байна. Жагсаалтын 3-т эрэмбэлэгдэх John Lewis Partnership компанийг ажилчид нь 100 хувь өмчилж байна.
Эдийн засгийн ардчилал ямар байгааг харуулах бас нэг үзүүлэлт бол олон нийтийн компаниудад олонхийн хяналт тавих боломж хэр байгааг индексжүүлэн гаргах явдал юм. Энэ нь компаний засаглалд гэр бүл, төр, олонхигурав ямар оролцоотой байгааг илэрхийлдэг. Компанид хяналт тавих эрх мэдэл олонхид шижлсэн үзүүлэлт Их Британид 1.00, Японд 0.90, АНУ-д 0.80, Австралид 0.65, Канадад 0.60, Швейцарт 0.60, Өмнөд Солонгост 0.55, Францад 0.60, Германд 0.50 гэсэн үзүүлэлттэй байгаа бол Аргентинд 0.00, Мексикт 0.00, Португальд 0.10 байна. Харин гэр бүлийн тавих хяналт Мексикт 1.00, Хонг Конгт 0.70, Аргентинад 0.65, Грект 0.50 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ судлагаанд төрийн хяналт Австрит 0.70, Сингапурт 0.45, Израйлд 0.40, Италид 0.40, Норвегит 0.35 Финляндад мөн 0.35 байна. Харин Монголын тэргүүлэх хувьцаат компаниудын зах зээлд хяналт тавихцар хүрээний индексийг аргачлалынх нь дагуу барагцаалан тооцвол, том хувьцаат компаниудад олон нийтийн тавих хяналт 0.04, цөөн гэр бүлийн тавих хяналт 0.96 үзүүлэлттэй байна. 2015 оны 11 сарын 30 ны өдөр “Хэвлэх үйлдвэр”-ийн хувьчлалын үеэр эдийн засгийн нэгэн чухал санаачлагын эхлэл тавигдсан болов ч, дуудлага худалдааны эзэн Монгол улсын иргэн Абдул Карим гуайн шуугианд дарагдсан юм. ХАС-ын гэж алдаршсан Ганхуяг олон нийтээс хөрөнгө босгож дээрх хувьчлалд оролцох зорилготойгоор цахим хөдөлгөөн өрнүүлжээ. Хоёр гуравхан хоногын дотор 1500 орчим иргэд нэгдэж 2 тэрбум орчим төгрөгийн сан бүрдсэн байна. Тэрээр сошиал медиад “...Хувьчлалыг дандаа хэдэн мөнгө, нөлөөтэй хүний хүрээнд хийдэг гэсэн ойлголтыг бид байхгүй болгож чадна...Тиймээ, өнөөдрийг хүртэл бид эдийн засаг, бизнесийн өрнөл, үйл явдалд зүгээр үзэгчийн байр сууринаас хандаж ирсэн бөгөөд боломжийн үүд хаалгыг нээж чадахгүй байсан юм... Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, телевизээ, банкаа, газраа, уурхайгаа, бүр гадны том компаниудыг хамтдаа эзэмшье. Хэдхэн бизнесментэй биш, 3 сая хөрөнгө оруулагчтай улс болсноо тунхаглая!...” хэмээсэн байв. Энэ нь зах зээл дээрх акул компаниудыг хамтаараа өмчилдөг болох шаардлага олон нийтийн дунд зүй ёсоор бүрэлдсэн байгааг харуулж байна.
-МОНГОЛ ДАХ АРДЧИЛАЛГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН ҮҮСЭЛ БА ЦӨӨН ГЭР БҮЛИЙН НОЁРХОЛ-
Монголд капитализм хөгжлийнхөөнэгэн үеийг магадгүй бүдүүлэг, гажуудлын үеэ туулж байна. Энэ бол ардчилалгүй эдийн засгийн үе юм. Үүнийг дээр дурдсан харьцуулалтууд хөдөлбөргүй нотлон харуулж байна. Ардчилалгүй эдийн засгийн хамгийн гол шинж нь зах зээл хөгжсөөр атал, үндэсний баялаг өссөөр атал түүний үр шим нь ард түмэнд наалдахгүй, харин хүн амын үлэмж цөөн хэсэг нь дэлхийн хэмжээний баячууд болон хөлжиж байгаагаас харж болно.Зах зээлийн институцийг байгуулж орхивол бусад нь шийдэгдэнэ, хувийн ашиг сонирхол чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөнөөр дамжин аандаа л нийгмийн сайн сайхныг цоглооно гэсэн итгэл найдвар эргэлзээнд оров. Энэ бол өнгөрсөн хорин таван жилийн төрийн буруу бодлого, системийн гажуудлын үр дүн бөгөөд Монголд цөөн гэр бүлийн ноёрхол бүхий ардчилалгүй эдийн засаг хэдийнэ бэхжин тогтжээ. Үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн дөрвөн үйл явцыг тоймлон харуулая.
Хуудуутай, бас хулгайтай хувьчлал
Неолиберал шилжилтийн үндсэн хоёр жорын нэг болсон хувьчлалын хөтөлбөрөөр Монголын ард түмний бүтээсэн баялаг тэгш бус гараа, шударга бус нөхцөл, илт тод бус орчинд цөөнхийн гарт богинохон хугацаанд шилжсэн юм.Хувьчлалын эхний давалгаа алгуур нухацтай гэхээсээ огцом гэнэтийн аргад тулгуурласан, олон түмний зах зээлийн ойлголт нимгэн, хөрөнгийн зах зээлийн мэдлэг байхгүй зэргээс шалтгаалан нийгэмд хүртээмжтэй болж чадаагүй юм. Хэдийгээр мал сүргийн, орон сууцны болон газрын хувьчлалаас нийгмийн үлэмж хэсэг өмчтэй болсоныг үгүйсгэж болохгүй ч, төрийн өмчийн 470 том үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн газар, барилга байгууламжууд хувьчлалаар эрх мэдэлтэй, нөлөө бүхий цөөн тооны гэр бүлд шилжсэн гашуун үнэн билээ. Өндөр үнэ цэнэ бүхий хувьчлагдсан эдгээр үйлдвэрүүд нь угтаа эдийн засгийн ардчиллын үндэс суурийг тавих гарааны хангалттай нөхцөл байсан юм. Гэтэл зах зээлд шилжсэн бүх орнууд хувьчлалыг цочир аргаар (shock therapy) явуулаагүй болох нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Дэлхийн Банк зэрэг байгууллагуудын судалгаанаас харагддаг. Тухайлбал хувьчлалыг амжилттай явуулсан гэж үнэлэгддэг Чех, Унгар, Польш зэрэг зүүн европын улс орнуудад хувьчлалын дараа буюу 1999 оны байдлаар том компаниуд дах төрийн өмчлөл 30-50 хувь,  хуучин үйлдвэрийн удирдлага 3-10 хувь, гаднаас гэр бүлүүд 3-8 хувь (Польшид 30 хувь), хамтын өмчлөлийн институцүүд 20-40 хүртэх хувийг эзэмшиж байсан. Энэ үзүүлэлтүүд нь эдгээр орнууд нэгдүгээрт, цочир биш аядуу бодлого барьсан, хоёрдугаарт, олигархууд, тэдний хүрээлэл бага хүртсэн, гуравдугаарт, цөөн гэр бүлийн эдийн засгийг үүсгээгүй, дөрөвдүгээрт, хамтын өмчлөл тодорхой хувиар бий болгосон зэрэгэерэг үзүүлэлтүүдийг харуулж байна. Харин ОХУ-д том үйлдвэрийн газруудад төрийн өмчлөл ердөө 8 хувь, хуучин удирдлагууд 40 хувь, ОХУ-д гэр бүлүүд 40 хувь байсан нь цөөхөн гэр бүлд өмчийн хэт төвлөрөл бий болох том хүчин зүйл болсныг харж болно. Манай улсад дээрхи судалгаатай шууд жиших үр дүн байхгүй ч, Оросын өмч хувьчлалаасдээрдэх нөхцөл байдал байгаагүй. Путины олигархиудтай хийх тэмцэл ч үүнтэй холбоотой бизээ. Монголд өмч хувьчлалын хоёр дахь давалгаа1997-2003 онд өрнөсөн бөгөөд хувьчлалаар төрийн өмчийн 236 үйлдвэр, аж ахуйн нэгж хувьд шилжижээ. Гэсэн ч энэ нь хөрөнгөлөг цөөн гэр бүлийг улам хөрөнгөжүүлснээс бус, олон түмэнд ач тусаа өгсөнгүй. Дээрхи үйлдвэрүүд тухайн үед удирдаж байсан, эрх мэдэлтнүүдийн ойрын хүрээллийн хүмүүст шилжсэн ба өмчийн 15-30 хувийг багцаар нь худалдах, зарим тохиолдолд давуу эрхтэй гэсэн нэрийн доор нэг хоёр хүнд 100 хувь өмчлүүлэх зэргээр хувьчлалыг явуулсан арга хэлбэр нь өөрөө зорилгодоо нийцсэн байв. Төрийн өмчийг луйвардах үндсэн аргууд нь хуйвалдах, үнэгүйдүүлэх, татан буулгах, давуу эрх үүсгэх, ашиггүй, алдагдалтай гэдгээр дампууруулах зэрэг байсан юм. Хувьчлалын хоёр том давалгааны дараа социализмын үеийн төрийн өмчлөлийн бүтэц нь өнөөдөр төрийн болон цөөн гэр бүлийн өмчлөлийн гэсэн хоёр туйлт бүтцээр солигджээ. Судлаач би бээр төр байгаа цагт үндэсний ашиг сонирхлын төлөө өмчилвөл зохих салбар гэж байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй явдаг нэгэн. Авлигагүй газар төр муу менежер байдаггүйг Норвеги, Сингапур, Австри, Хятад зэрэг тэргүүлэгч хөгжилтэй олон улс орнууд харуулсаар байна. Мөн би зах зээлийн хүч, түүний бүтээх гайхамшигт итгэдэг. Гэсэн ч зах зээл нь зөвхөн цөөн тооны олигарахиудад үр шимээ өгдөг, тэднийг баяжуулдаг арга хэрэгсэл биш байгаасай гэж хүснэ. 2016 онд хувьчлалын гурав дахь давалгаа айсуй. Энэ давалгаа хувьчлалын бурангуй  дэглэмийг өөрчилж, мянга мянган жирийн иргэдэд эдийн засгийн бодит эрх мэдэл олгосон, өмч хөрөнгийн тэнгэр газар шиг заагралыг халж хамтын өмчлөлийн суурийг тавьсан үйл явц байгаасай гэж хүснэм.
-БАЯЛАГ ДАГАСАН БАЛАГ-
Монголд бий болсон уул уурхайн салбарын нөхцөл байдлыг шууд баялгийн хараал, Голланд өвчин гэх мэт оноштой холбох гэсэнгүй. Гэвч уул уурхайн салбар манайд цөөн гэр бүлийн эдийн засаг хүчирхэгжиж,баялгийн нэн тэнцвэргүй хуваарилалт бий болоходасар нөлөө үзүүлсэн юм. Уул уурхайн орлогын менежментийн судалгаанд уул уурхайн орлого өсөн нэмэгдэж байсан жилүүдэд Монголын эдийн засаг өндөр өсөлттэй байсан хэдий ч иргэдийн орлогын тэгш бус байдал нэмэгдэж, авлига цэцэглэж, ядуурал буураагүй гэж дүгнэжээ. Энэ бол уул уурхайн баялаг олон түмэнд хэр зэрэг хүртээлтэй байсныг харуулсан дүгнэлт юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20-30 хувь, экспортын орлогын 80-90 хувийг бүрдүүлдэг энэ том мөнгөний урсгал яагаад илүү олон хүнийг орлоготой, өмчтэй болгож чадсангүй вэ? Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголд байлагийн баялгийн төлөөхулс төр-бизнесийн бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж, орд газруудыг цөөн тооны хүмүүс лиценз гэгчээр гартаа авч, тэдгээрийг худалдах, барьцаанд тавих зэргээр цагаандаа гарч, хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх арилжаа наймааны хар зах болж хувираад байлаа. Зөвхөн 2010 онд уул уурхайн 4,000 гаруй лиценз олгогдсон ба үүний 80 хувь нь улс төрчид, тэдний гэр бүл,  хань хамсаатнуудын (компаниуд) нэр дээр байсан гэх тооцоо буй.2015 оны 12 сарын 14-ий өдрийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочин 40 гаруй лицензээр 50 орчим сая доллар босгосон бөгөөд улс төрчид түүнийг түүнийхээ 80 хувийг хүртэл өгөхийг тулгаж байсан тухай ярив. Мөн Япон нөхөртэй гэх хатагтай 240 гаруй лиценз эзэмшдэгийг хэвлэлүүд мэдээлсэн. Лиценз эзэмшигч компаниа гадаадынхөрөнгийн бирж дээр гарган олон арван сая доллар босгон олигархиудын түүх хэдэн арваараа бий. Энэ мэт уул уурхай тойрсон чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэсэн дуулиант мэдээллүүдийг тоочоод барахгүй. Ард түмний баялгаар хагартлаа баяжсан эдгээр хүмүүс(компаниуд) төрийн татварын системээс ангид явж ирсэнийг татварын албаныцахим хуудсаас харж болно. Уул уурхайн салбарт улс төр-бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагаа нь эрх зүйн орчинд ашигтай өөрчлөлт хийх, лиценз олголтоор уул уурхайн ордыг хуваарилах, уул уурхайн компанид харилцан хувь эзэмших, татвараас зайлсхийх, лицензийн наймаа хийх зэрэг цагаан захтны гэмт хэргийн механизмуудаар хэрэгжих болсон байдаг.Уул уурхайн салбар явсаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц “өндөр түвшний” авлигын талбар болж буйг судлаачид дүгнэсэн бол Дэлхийн Банкны эх сурвалжид уул уурхайн төлбөр, хөрөнгийн урсгалын томоохон цар хүрээг хамарсан авлигатай тэмцэхэд илүү анхаарал хандуулах шаардлагатай болохыг манай Засгийн газарт зөвлөж байв. Засаглалын чадамж муу нөхцөлд байгалийн баялаг улс орныг урагшлан хөгжихөд түлхэх бус уруудан доройтуулах вий гэсэн болгоомжлолд хүргэж байна. Уул уурхайн салбараас чухам хэдийн хэмжээний баялаг цөөнхийн гарт урсан орсныг тооцох аргагүй ч олон ил болсон тохиодлуудын мөнгөн дүнгээс  төсөөлж болохоор байна. Энэ бол толгой эргэм аймшигтай том тоо гарах нь ойлгомжтой. Уул уурхайн салбарын цаашдын хөгжил нь хуйвалдаанаар цөөнхийг хөрөнгөжүүлдэг тогтоцоос ил тод, нийгмийн хариуцлагатай, олон түмэнд хүртээмжтэй тогтолцоонд шилжиж чадах эсэхээс нэн чухал хамааралтай бөгөөд манай улсын хувь заяаны хамгийн том асуудалмөн. Судлаач би уул уурхай бол манай хөгжлийн гарааны нөхцөл, томоохон орд гадруудыг ашиглах Мега төслүүд нь улс орны хөгжил цэцэглэлтийн тулгуур гэж боддог. Гагцхүү, уул уурхайн салбар мега, макро, мезо аль ч түвшиндээ хариуцлагатай, ил тод байж, эдийн засгийг ардчилах үндэс байгаасай гэж хүснэм.
-ТЕНДЕР ТҮЙТГЭР БОЛСОН НЬ-
Удтал доноруудын зээл тусламжаас хамааралтай байсан эдийн засаг 2004 оноос өсч өндийх хандлагатай болсон ба удалгүй Монгол улс дэлхийн хэмжээний орд газрын төслийг эхлүүлснээр 2010 онд дэлхийн эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй орон болов. Сүүлийн арван жилд төсөв томрохын хэрээр төрийн худалдан авах ажиллагаа хэдэн зуун саяас хэдэн тэрбум төгрөгийн өртөгт хүрч яам, агентлаг, сум, аймаг, дүүргүүд тендерийн уралдаанд ханцуй шамлан орцгоолоо.  Үр дүнд нь“авлигажсан төсөв” гэх үзэгдэл Монголд гамшиг болов. Тендер хэрэгтэй, хэрэггүй нь хамаагүй гол нь том дүнтэй байхыг дарга нар чухалчлана. Нийтийн түрийвчнээс их хэмжээний мөнгө суйлах энэ тогтолцоо ялангуяа төрийн өндөр дээд эрх мэдлийн түвшин дэх улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн хамтын ажиллагаан дээр суурилдаг. Тендерийг түйтгэр болгох хуйвалдаан нь төрийн худалдан авах ажиллагааг төлөвлөх, шаардагдах төсөв хөрөнгийг батлах, тендерийг шалгаруулах, хэрэгжүүлэх, компаниудын хийсэн ажлыг нь улс хүлээн авах гэсэн бүхэл циклийг хамарсан нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа болсон бөгөөд төрийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг хувийн ашиг сонирхолд нийцүүлдэг бүхэл бүтэн тогтолцоог бий болсон юм. Байгуулагдаагүй байхдаа олон тэрбум төгрөгийн тендерт шалгарчихсан байсан компаний тухай саяхны дуулиант мэдээ үүний нэг тод жишээ юм. Арваад жилийн өмнөулсын хэмжээнд жилд 100 мянга орчим худалдан авалт хийгддэг гэсэн тооцоолол байх ба улсын төсвийн 20-30 орчим хувийг эзэлж ирсэн энэ их мөнгөний урсгал нийгмийн баялгийн гажиг хуваарилалтын суваг болсон юм. Төрийн худалдан авах ажиллагаатай холбогдсон авлигын хэмжээ тухайн бараа үйлчилгээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцдэг гэсэн“Транспэрэнси Интернэйшнл” олон улсын байгууллагын тооцоололд суурилан төсөөлвөл сүүлийн арван жилийн улсын төсвийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө авлигаар дамжин цөөн гэр бүлийн гарт очижээ.
-АВИЛГА, ЦАГААН ЗАХТНЫ ХЭРГҮҮД-
Монголын нийгмийн эдийн засгийн тэгш бус байдал, ядуурал дорвитой буурахгүй өнөөдрийг хүрсэнд өмнө дурдсан хувьчлал, байгалийн баялгийн салбар, тендерийн гажуудлаас гадна авлига, албан тушаалтнуудын бусад гэмт үйлдлүүд үлэмж нөлөөлсөн юм. Татвараас зайлсхийх, төрийн өмчийг шамшигдуулах, мөнгө угаах, газрын луйвар, шахааны бизнес зэрэг эдийн засгийн асар их өртөгтэй, нийгмийн хөгжилд асар хөнөөлтэй цагаан захтны гэмт үйл ажиллагаа өнөөдрийн Монголд бодит зүйл болжээ. Сүүлийн үеийншүүхээр шийтгэгдсэн цагаан захтны хэргүүдээс үзэхүл МИАТ компаний удирдлагуудын мөнгө угаасан хэрэг 10 тэрбум, татварын дунд гарын түшмэлийн мөнгө завшилт 18 тэрбум гэх мэт авилга ямар том дүнтэй болсныг харж болно. Нийслэлийн газрын хуйвалдаан, төрийн өмчийн үйлдвэрийн шахааны бизнес зэрэг улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн хэрэг бас л тэрбумаар хэмжигдэх өртөгтэй болж ирснийг судлаачид тэмдэглэж байна. Ердөө хоёр жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр шахааны бизнесийг хумиснаар нэг жилийн дотор олон сая доллар хэмнэсэн тухай албаны эх сурвалж мэдээлж байсан. Авлига, цагаан захтны хэрэг идээшсэн нийгэмд баялагийг сорогч социаль давхарга амь бөхтэй үлдэж, ядуурал буурахгүй, эдийн засгийн ардчилал хангагдахгүй билээ.
-АРДЧИЛАЛГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХОР УРШИГ, МОНОПОЛЧЛОЛ БА ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨН-
Ардчилалгүй эдийн засагтай улс оронд олигархи бүлэглэлийн монопол компаниуд ноёрхлоо тогтоосоноор бизнесийн орчинг булингартуулж, эрүүл өрсөлдөөнийг үгүй хийдэг. Ингэснээр шинэ бизнес бий болох, шинэ компаниуд зах зээлд орох боломжийг хааж, жижиг дунд бизнес эрхлэгчид монпол компаниудын дарангуйлалд ордог. Судалгааны талбарт “Улс төртэй сүлбэлдсэн цөөн тооны том компаниуд бусдыгаа шахаж байна шүү дээ, үнэндээ олон жил зүтгэлээ компани өсч томрох боломж алга” гэдэг үгийг олон бизнесмений амнаас сонсдог. Эдгээр монополууд улс төрийн эрх мэдэлтэйсүлбэлдэн ашиг сонирхлоо хамгаалах хүчирхэг бүтцийг бий болгожээ. Шударга бус өрсөлдөөний хамгийн том хор уршиг нь алдагдсан боломж бөгөөд энэ нь бизнесүүдбий болж шинэ зах зээл бий болгох байсан, бизнесүүд өсч дэвжин зах зээлээ тэлэх байсан алдагдсан боломжуудийн нийлбэр юм. Эцсийн дүндээ улс үндэстэн илүү их баялаг  бүтээх боломжоо алддаг. Хохирогч нь тухайн улс үндэстэн бүхэлдээ билээ. Төр илүү их хэмжээний татвар авах боломжоо, бизнес эрхлэгчид илүү их орлого олох боломжоо, жирийн иргэд илүү өндөр цалин авах боломжоо алдана.
-САВАЛГААТАЙ ЭДИЙН ЗАСАГ-
Ардчилалгүй эдийн засгийн үед зах зээл илүү савалгаатай байх хандлагатай. “Бага зах зээлийн багалзуур зангилаан дээр ноёрхогч цөөн хэдэн аж ахуйн нэгж байршиж, төрийн бодлогод хүртэл болзлоо тулгаж байгааг уул уурхай, банк, барилга, газрын тосны салбараас харж болно” хэмээн урт хугацааны хөгжлийн судалгааны 2015 оны тайланд дүгнэсэн байна. Зах зээлд хэдхэн том тоглогч өөрсдийн ашгаа  нэмэгдүүлэхийн тулд хуйвалдах замаар хэрэглэгчдэд зохиомол өндөр үнэ тулгаж, тэр нь зах зээл дээр тогтож үлддэг байдал манайд гажуудал болсоор уджээ. Цалин нэмэх сургаар, доллар өссөн шалтгаанаар  гурил, будаа, хүнсний барааны үнийг тэнгэрт хадааж, ард түмнийг туйлдуулж байлаа. Төр монопол компаниудад хяналтаа тавих чадамжгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бэлхнээ харуулж өгсөн билээ. Иргэний хөдөлгөөний гал цогтой тэмцэгч гэгдэх нэгэн шударга бус өрсөлдөөнийг хянах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн төрийн агентлагыг толгойлон  монопол  компаниудын эсрэг сүр дуулиантай дайн зарласан ч төд удалгүй түүний сэлэмний ир мохсон юм. Савалгаатай эдийн засгийн хохирогчид нь савлуулсан цөөн хэдэн этгээдээс бусад бүх иргэд ба улс үндэстэн бүхэлдээ юм. Савлагааны өртөг нь инфляци бөгөөд үүнийг бид 3 саяуулаа төлдөг.
-ХЭВРЭГ ДУНД АНГИ-
Ардчилалгүй эдийн засагт дунд анги хумигддаг. Цалин нь хүрэхгүй, зээл нь барагдахгүй, өмч хөрөнгө нь арвижихгүй, хуримтлал үүсэхгүй, хадгаламжтай болохгүй нөхцөлд нийгмийн дундаж давхаргад хамаарах мянга, мянган эмч, багш, жижиг,дунд бизнесмен, төрийн албан хаагч, жирийн ажилчид, эгэл малчин өрхүүд эдийн засгийн хувьд бэхжиж чадахгүйбайна. Эдийн засгийн ардчиллыг харуулах нэг чухал үзүүлэлт бол дунд анги юм. Хөгжсөн орнуудад дунданги хүн амын олонхийг (50-70 гаруй хувийг) эзэлдэг ба баян чинээлэг, дунд, ядуу бүлгүүдийн харьцааны зураглал нь ромбо хэлбэртэй  байдаг. Харин Монголын нийгэмд дунд ангийн эзлэх хувь хэмжээ (25-35) даруй хоёр дахин бага байх ба нийгмийн бүтэц давхаргын зураглал хорин жилийн тэртээд примад хэлбэртэй байсан одоо ч тийм л байна. Орчин үеийн судалгаанд дунд ангийн жишиг үзүүлэлт нь өөрийн орон байртай байх, машинтай, тэтгэврийн даатгалтай, эрүүл мэндийн үйлчилгээний хөлсийг төлөх чадвартай, хүүхдийнхээ их сургуулийн төлбөрийг төлөх хөрөнгө хуримтлуулсан, гэр бүлээрээ аялах боломжтой байх зэргээр илэрхийлэгддэг. Үүн дээр өрхийн хадгаламж, хувьцааг нэмж тооцдог. Эдгээр үзүүлэлтээр Монголын дунд ангийг шинжих аваас тун ч хэврэг, өнөө маргаашаа аргацаасан өрөвдөлтэй дүр зураг харагдана.
-ХЭРЭГЛЭГЧ ХААН БИШ-
Өнөөдөр даржин орны иргэд бид баян чинээлэг орнуудын хэрэглэгчидтэй адил үнээр хүнс бараагаа худалдан авч байна. Гэтэл тэдгээр баян чинээлэг орнуудын жирийн иргэдийн орлого манайхаас даруй 10 дахин өндөр шүү дээ. Монголтой ойролцоо буюу харьцангуй өндөр орлоготой ойрхоны Хятад, Тайланд, Ветьнам, Малайз зэрэг зүүн өмнөд азийн улс орнуудын хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин хямд байна. Энэхүү мөлжлөгийн системийг далайгаас алслагдсан, тээврийн зардал өндөр гэж тайлбарлах аваас хаяанд орших Эрхүү, Эрээн хотуудад очоод үз. Эрхүүд талх 400-500 төг,тетрапак савлагаатай ариутгасан сүү 1 литр нь 1000 төг, өндөг 150 төг, буузтай жиших банш 1 кг нь 2,600 төг, манайтай адил импортоор авдаг банана 2400 төг , алим 3000 төг, 1.5 литр жүүс 2000 төр, залуу гэр бүлүүдийг хямраадаг Памперс брэндийн живх2.5 дахин хямд буюу 300 төг гэх мэт монгол хэрэглэгч зүүдлэн оромгүй хямд үнийн жагсаалт цааш хөвөрсөөр дуусахгүй. Өнөөгийн худалдааны сүлжээ нь 1900-аад оны эхэн үеийн хятадын доншуур наймаачдаас дээрдэхгүй бөгөөд монгол хэрэглэгчид бид энэхүү мөлжлөгийн системийн хохирогчид юм. Нөгөө талаар бид чанаргүй, баталгаагүй хүнс, бараа бүтээгдэхүүний хохирогчид. Олон олон монгол ахан дүүс, тэдний үр хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог эмгэнэлтэй хувь тавилан биднийх. Монголын гааль, мэргэжлийн хяналт тавих агентлагууд их мөнгөний өмнө толгой бөхийлгөнө.
-НИЙГМИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ-
Баялгийн нэн тэнцвэргүй хуваарилалт нь нийгмийг тогтворгүй байдалд хүргэж болох хамгийн том эрсдлүүдийн нэг юм. Жирийн иргэдийн ярианд “муу сайн луйварчид хагартлаа баяжиж байна”, “ард түмнийг арай дэндүү болгож байна”, “амьдрал өдрөөс өдөрт дордож байна” гэх үгсийг нийтлэг сонсох болжээ. Энэ бол ардчилалгүй эдийн засагтай улсын нийгмийн сэтгэлзүйн хандлага бөгөөд анхааралдаа авахгүй байж болохгүй амин чухал асуудал юм. Амьдрал сайжирна, хангалуун сайхан амьдрах цаг ирнэ, амьдарч буй нийгэм маань улам шударга, хүнлэг болно гэсэнитгэл найдвар одоогийн эдийн засгийн тогтолцооны үед хангагдаж чадахгүй нь илэрхий боллоо.Хүн амын өчүүхэн хэсэгт үлэмж их хэмжээний баялаг хуримтлагдсан ардчилалгүй эдийн засгийн хор уршиг нь эцэстээ нийгмийг цуст мөргөлдөөнд хүргэх онцгой аюултай гэдгийг улс төрчид бүрэн ухамсарлаасай. Нийгмийн тогтворгүй байдлын золиос нь олон хүний амь нас, Монгол улсын минь тусгаар тогтнол байх вий хэмээн судлаач би бээр ихэд эмээж байна.
-ТӨГСГӨЛИЙН ОРОНД-
Манай судлаачид, бодлого боловсруулагчдын дунд сүүлийн үед хэлэлцэгдэх болсон сэдэв бол улс төрийн ардчиллын хямрал юм. Түүнээс дутуугүй анхаарлаа хандуулвал зохих асуудал бол эдийн засгийн ардчилал болжээ. Улс төрийн ардчиллын хямралд ардчилалгүй эдийн засгийн нөлөө асар нарийн сэжмээр холбоотой гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Барууны судлаачдын хэлдэгчлэн эдийн засгийн ардчилал байхгүй газар ерөөс ардчилалбайхгүй нь шинжлэх ухаанд нотлогдсон үнэн юм.
МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст