"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013"-ийн урьдчилсан дүнг танилцууллаа

Үндэсний статистикийн хороо "Статистикийн тухай" Монгол Улсын хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-ыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүн амын сангийн санхүүжилтээр анх удаа амжилттай зохион байгуулж, өнөөдөр буюу 2014 оны 6-р сарын 5-ны өдөр урьдчилсан үр дүнгээ мэдээллээ.
Энэхүү судалгааны зорилго Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийн талаарх статистик тоо мэдээллийг гаргах, Мянганы хөгжлийн зорилт, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “ХДХВ, ДОХ-ын асуудлаарх тусгай чуулган”-ы тунхаглал болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэхэд чиглэгдсэн.
Судалгаа нь өрхөд суурилан хийгддэг “Хүүхэд хөгжил”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүн ам зүй, эрүүл мэнд” гэсэн олон улсын түвшинд тус тусдаа хийгддэг 3 томоохон хэмжээний судалгааг нэгтгэж явуулсан, Монгол Улсын нийт өрхийг төлөөлөхүйц 15500 өрх бүхий улсын хэмжээний хамгийн том түүвэртэй ашигласан, сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох таблетийг статистикийн салбарт анх удаа нэвтрүүлснээрээ онцлогтой юм.

Судалгааны зарим үр дүнг товчхон танилцуулья.
Хүүхдийн хоол тэжээл
Хүүхдийг 2 нас хүртэл насанд нь тохирсон тэжээллэг, чанартай, амин дэмээр баялаг хоол, хүнс өгөхийн зэрэгцээ эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Хоол хүнсээр шимт бодис, бичил тэжээлийг зохих хэмжээнд авснаар хүүхэд бие бялдар, өсөлт хөгжил, оюун санааны хувьд эрүүл өсөн торних эх суурь тавигддаг.
ДЭМБ-аас хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 6 сартайгаа аажмаар зохистой нэмэгдэл хоолонд оруулж, улмаар 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг. Нэмэгдэл хоол өгөх давтамжийг хүүхдийн нас болон эхийн сүүгээр хооллож байгаа эсэхтэй уялдуулан нэмэгдүүлдэг. Тодруулбал, эхийн сүүгээр хооллож байгаа 6-8 сартай хүүхдэд өдөрт хамгийн багадаа 2 удаа, 9-23 сартай хүүхдэд 3 удаа нэмэгдэл хоол өгөхийг, эхийн сүүгээр хооллодоггүй 6-23 сартай хүүхдэд сүү (эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, малын сүү, лаазалсан, савласан эсвэл хуурай сүү, тараг) болон нэмэгдэл хоолыг  4 удаа өгөхийг зөвлөдөг.
Судалгаагаар 0-5 сартай 10 хүүхэд тутмын ердөө 5 нь эхийн сүүгээр дагнан хооллож, 6-8 сартай 10 хүүхэд тутмын 9 нь нэмэгдэл хоолонд зохих хугацаанд орж, 0-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь насандаа тохирсон байдлаар эхийн сүүгээр хооллож байна гэсэн үр дүн гарчээ. Үүнээс гадна хүүхдэд өгч буй нэмэгдэл хоол зохих давтамжиндаа хүрэхгүй тохиолдол маш түгээмэл байгаа нь 0-23 сартай 10 хүүхэд тутмын дөнгөж 3 нь өдөрт идвэл зохих давтамжийн дагуу нэмэгдэл хоол идэж байгаагаас харагдлаа.
Хүүхэд 5 хүртэлх насандаа хоол тэжээлийн эмгэгийн нэг хэлбэр болох уураг илчлэгийн дуталд орох магадлал өндөр байдаг. Хүүхдийн хоол тэжээлийн байдал сайжирч байгаа хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд уураг илчлэгийн дуталд орох явдал манай оронд байсаар байгаа нь 10 хүүхэд тутмын 1 өсөлт хоцролттой буюу насандаа тохирохгүй намхан байгаагаас харагдаж байна.
Хүүхдийн эрүүл мэнд
5 хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн их эрсдэл дагуулдаг аюултай өвчнүүдийн тоонд уушгиний хатгалгаа болон суулгалт өвчнүүд зүй ёсоор ордог. Хүүхдийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд зохих арга хэмжээ авч, зөв үр дүнтэй эмчилгээ хийх нь өвчнийг хүндрүүлэхгүй байх, улмаар эрүүл мэнд, өсөлт хөгжил, амь насанд нь учирч болох эрсдэлийг бууруулахад чухал хүчин зүйл болдог. 
Улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны нийт хүүхдийн 4 хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд уушгиний хатгалгаа өвчнөөр өвдсөн байж болзошгүй байна. Уушгиний хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн 70 хувийнх нь эх мэргэжлийн эмчид хандсан бол 63 хувьд нь антибиотик эмчилгээ хийжээ.
5 хүртэлх насны нийт хүүхдийн 8 хувь нь судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд суулгалт өвчнөөр өвдсөн байна. Суулгалт өвчний үед шингэн сэлбэх эмчилгээний зэрэгцээ хоолыг үргэлжлүүлэн өгөхийг зөвлөдөг бөгөөд шингэн сэлбэх эмчилгээнд үйлдвэрийн аргаар эсвэл гэрийн нөхцөлд бэлтгэсэн шингэн сэлбэх уусмал буюу хоросолыг өгөх эсвэл шингэн зүйлийг ердийн хэмжээнээс илүү өгөхийг ойлгоно. Судалгаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд суулгалт өвчнөөр өвдсөн 5 хүртэлх насны нийт хүүхдийн 44 хувийг зөвлөмжийн дагуу эмчилжээ.
Хүүхдийн хөгжил
Хүүхдийн амьдралын эхний 3-4 жил нь тэдний оюун ухааны хөгжлийн хамгийн оргил үе гэж үздэг. Тиймээс энэ үед аливаа зүйлийг танин мэдэхэд эцэг эх, гэр бүлийн гишүүд дэмжлэг үзүүлдэг байх нь хүүхдийн хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйл болдог.
Монгол улсад 3-4 насны хүүхдийн хөгжлийн индексийг 2010 онд анх удаа Олон улсын арга зүйн дагуу тооцоход 88 хувь гарсан бол энэ удаагийн судалгаагаар 76 гарсан байна.
Төрөлт
Судалгааны үр дүнгээс харахад 15-49 насны эмэгтэйчүүдийн сүүлийн 5 жилийн төрөлтийн түвшин хэвээр хадгалагдана гэж үзвэл нэг эмэгтэй амьдралынхаа хугацаанд дунджаар 3 хүүхэд төрүүлж байна. Харин хөдөөгийн эмэгтэйчүүд дунджаар 4 хүүхэд төрүүлж байна. 15-19 насны 100 охидын 4 нь хүүхэд төрүүлсэн бол 3 нь 18 нас хүрэхээсээ өмнө жирэмсэлж байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь 22 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлжээ.
Гэр бүл төлөвлөлт
Гэр бүл төлөвлөлтийн зохистой аргыг сонгон хэрэглэх нь хэт залуудаа болон хэт орой хүүхэд төрүүлэхээс урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт, төрөлт хоорондын зайг уртасгах, хүссэн тоогоор хүүхэлтэй болох боломж олгодог тул эх, хүүхдийн аль алины эрүүл мэндэд тустай. Хосуудыг хэт эрт, хэт орой, хэт ойрхон олон жирэмслэхээс хамгаалах талаар мэдээлэл, үйлчилгээгээр хангах нь чухал юм.
Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай эмэгтэйчүүдийн 99.6 хувь нь жирэмслэхээс сэргийлэх ямар нэг арга хэрэгслийг мэддэг бол 54.6 хувь нь ямар нэг жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэж байна. Харин гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай, жирэмслэх боломжтой, төрөлт хоорондын зайгаа зохицуулах эсвэл хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаа боловс жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэдэггүй 15-49 насны эмэгтэйчүүдийн хувь 16 хувь байна. Энэ үзүүлэлт хотод (17 хувь) хөдөөтэй (14 хувь)  харьцуулахад илүү байгаа нь сонирхол татаж байна.

Жирэмсний үеийн хяналт
Төрөхийн өмнө жирэмсэн эхчүүдэд үзүүлж буй олон арга хэмжээ тэдний эрүүл мэнд төдийгүй нялхсын эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй.
Судалгаанаас өмнөх 2 жилийн хугацаанд хүүхэд төрүүлсэн 15-49 насны эмэгтэйчүүд 98.7 хувь нь сүүлийн хүүхдээ тээж байхдаа жирэмсний хяналтад орсон боловч 65.5 хувь нь жирэмсний хяналтын бүрэлдэхүүн буюу эхийн эрүүл мэндийг тодорхойлох шинжилгээ, хэмжилтэнд бүрэн хамрагдсан байна.
Төрөх үеийн тусламж
Төрөлтийг эх барих чадвартай эмнэлгийн мэргэжилтэн удирдах, шаардлага гарсан үед эх барихын яаралтай тусламж үзүүлэх боломжтой байдал зэрэг нь эсэн мэнд амаржихуйн үндсэн суурь болдог.
Судалгаанаас өмнөх 2 жилийн хугацаанд хүүхэд төрүүлсэн 15-49 насны эмэгтэйчүүд 98.9 хувь сүүлийн хүүхдээ мэргэжлийн эмчийн хяналтад төрүүлжээ. Харин тэдний 23.4 хувь нь мэс заслын аргаар хүүхдээ төрүүлсэн нь ДЭМБ-аас зөвлөдөг хувиас дээгүүр гарсан байна.  Энэ үзүүлэлт хотод 26.7 гарч байгаа нь анхаарал татаж байна.
Судалгааг төр засгийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагынхан, судлаачдын хэрэгцээнд зориулсан төдийгүй өсвөр насныхан, эцэг эхчүүд хэн боловч анхаарч авч үзсэнээр өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчлөх, зөв мэдлэг мэдээлэл олж авахад анхаарлаа хандуулах мөн өөрт болон ойр дотныхоо буруу хандлага, дадлыг өөрчлөх хэрэгтэй  юм байна гэсэн ойлголт авч  амьдрал ахуйдаа хэрэглэвэл судалгааны үр өгөөж гарах юм.

No comments: