“ХАЛАМЖИТ ТӨРИЙН БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТ БА ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДОЛ”

Удиртгал
Монгол улс  1992 онд баталсан  “Үндсэн хуулиндаа”, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн эх орондоо хүмүүнлэг иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг  эрхэм зорилгоо болгон зарласан билээ. Үүний нэгээхэн хэсэг нь иргэдийн амьдралын наад захын баталгааг хангах асуудал бөгөөд хүн амын сайн сайхан байдлыг хангахад ардчилсан төр үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэх явдал юм. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хүн амын сайн сайхан байдлыг хангах арга зам нь харилцан адилгүй байх бөгөөд энэ нь төрөөс нийгмийн баялгийг хэрхэн хуваарилж байгаатай ихээхэн сэжмээр холбогддог. Англи саксоны ертөнцөд зах зээлийн хүчинд илүү найдаж байхад, эх газрын европт хүн амын эрсдэлийн даатгалаар түлхүүр хийж, харин скандиновын хойгт бүх нийтийн хангамжийг цогцлоож байх жишээтэй. Манай улсад төрөөс иргэдийн сайн сайхан байдлыг хангах, суурь баталгааг бүрдүүлэхдээ хамгаалах гэхээс илүү халамжлах талруугаа хэлбийж, хүн амын дийлэнхи нь ямар нэг байдлаар тэтгэвэр, тэтгэмж, тусламж хүртэж байгаа юм. Гэвч халамжит төрийн аль чиглэлээр хэрхэн замнах гэж буй нь одоогоор бүрхэг байгаа юм.

Монгол оронд нийгмийн хамгааллын салбар сонгуулын өрсөлдөөний талбар болсон нь хэн бүхний мэдэх зүйл. Угтаа засгийн газар нийгмийн халамжийн дэд салбарын урт хугацааны бодлогоо тодорхойлохдоо нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэл нь ...бэлэнчлэх сэтгэлгээг тэтгэсэн тусламжийн хэлбэрийг хувийн хэвшил, иргэний нийгэм, хамт олонд түшиглэсэн, айл өрхийн хөгжлийг дэмжин туслах зорилго бүхий цогц үйлчилгээ болгон өөрчилнө. Үүний тулд халамжийн хөрөнгийг оновчтой хэлбэрээр хүргэх... хэмээн  тодорхойлсон авч өнөөгийн төрөөс үзүүлж буй бүх нийтийн хангамжийн бодлого, тусламжийн арга хэмжээ, төсвийн хуваарилалт зэргээс харахад дээр дэвшүүлсэн зорилгоосоо өөр замаар яваад байх шиг.

Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийг ашиглах их хөдөлгөөн улс төр, оюун санаанд аль аль талдаа өрнөж, хэдийгээр бодит орлогууд ихээхэн хэмжээгээр ороод ирээгүй ч, энэ их баялгийн сургаар төрийн зүгээс халамжин тэтгэх их аянд мордоод байна. Үндсэн хуулиндаа “Монгол улсын газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласан байдаг. Тийм дээ ч хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцолоон хөгжүүлж буй энэ цаг үед нийгмийн баялгийн хуваарилалтын асуудал, мэдээж үлэмж чухал зүйл мөн болов ч, түүний хуваарилалт нь халамжит төрийн буянлаг гарын салаагаар цутгаад өнгөрөх хандлага бодлогын хувьд ч, олон нийтийн санал бодолд ч буй болоод байна. Төрөөс энэхүү баялгийг хуваарилах асуудлаар улс төрийн хүчнүүдийн санал ноёлж байхад, харин нөгөө талд нь нийгмийн баялгийн хуваарилалтад ард олны санал бодол бараг үгүй байна.

Уул уурхайн томоохон ордуудыг ашиглахтай холбоотойгоор манай улсын төсөвт урьд байгаагүйгээр өсөлт гарах нь дамжиггүй байна. Тэрхүү нийгмийн баялгийг хэрхэн яаж, юунд зарцуулах хэрэгтэй, улс орны хөгжлийн ирээдүйд хэрхэн зориулах, ядуурал, ажилгүйдлийг хэрхэн даван туулах, хүн амын нийгмийн суурь баталгааг хэрхэн хангах зэрэг асуудал шийдлээ хүлээсээр байна. Дээрх асуудлыг эргэцүүлэн, энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлдээ тэдгээрийн талаар олон нийтийн санал бодлыг илэрхийлж, түүний мөн чанарыг тодорхойлохыг зорьсон болно.



Судалгааны зорилго

Монгол орон газрын баялгаараа дэлхийг гайхуулаж, түүнийнхээ ашиг, тусыг эхнээс нь хүртэж эхлэх энэ түүхийн зааг үед төрөөс баримталж буй халамжийн бодлого, чиглэл, нийгмийн баялгийн хуваарилалтын арга барил, халамжит төрийн өсөн томролт, өөрчлөлт, хэтийн хандлагын талаар зарим эх сурвалжид тулгуурлан тодорхойлж, нийгмийн баялгийн хуваарилалтын талаар олон нийтийн санал бодлыг тодорхойлон, түүний дотоод мөн чанарт үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино.



Судалгааны асуулт

Монголын өнөөгийн төрийг халамжит төрийн ямар хэв маягт багтааж болох вэ?, Өнөөгийн Монгол дахь халамжит төрийн өсөн томролт, түүний нийгмийн баялгийг хуваарилах чиг хандлага нь олон нийтийн санал бодлоор дэмжигдэж (легитимжиж) чадах уу?.



Судалгааны зорилт

 Дээрх зорилготой уялдан дараах зорилтуудыг шийдвэрлэхийг зорьсон болно.

·      Хилийн чанад дахь халамжит төрийн нийгмийн баялгийн хуваарилалтын чиг хандлагуудтай танилцан, Монголын төрөөс үзүүлж буй хангамж, халамжийн бодлого, түүний чиг хандлагыг харьцуулан тодорхойлох,

·      Төрөөс явуулж буй халамжийн талаар болоод цаашид байгалийн томоохон нөөцүүдийг хэрхэн ашиглахтай холбоотойгоор нийгмийн баялгийг энэхүү хуваарилалтын талаар олон нийтийн санал бодлыг илрүүлэн гаргах,



Таамаглал

·      Монгол дахь төрийн бодлогын чиг хандлага, улс төрийн хүчнүүдээс баримталж буй бодлого, зорилтуудаас харахад бүх нийтийн халамжит төрийн загварт манай улс илүүтэй хамаарна.

·      Төрөө дээдлэх уламжлалт сэтгэлгээ, үндэсний менталь шинжтэй Монгол оронд нийгмийн хамгааллын умардын буюу скандиновын бүх нийтийн хангамжийн тогтолцоо бүхий халамжит төрийн хэв маяг олон нийтийн санал бодлоор илүү их дэмжигдэж (легитимжиж) чадна.



Судалгааны арга зүй ба түүвэр

Энэхүү судалгааны ажилдаа монгол орны баялгийн хуваарилалтын талаарх өнөөгийн төлөв, хандлагын талаарх олон нийтийн санал бодол болон бусад өндөр хөгжсөн улс орнуудын баялгийн хуваарилалтын талаарх үзэл, хандлагыг тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөх үүднээс баримт бичиг судлалын арга болон санал асуулгийн аргуудыг хослуулан хэргэлсэн болно. Энэхүү судалгааны ажлаараа олон нийтийн нийгмийн баялгийн хуваарилалтын талаарх хандлага, санал бодлыг тодорхойлсон болно.  Судалгааг 2009 оны 11 сарын 26-27-ны хооронд нийслэлийн Сонгино-хайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-уул, Чингэлтэй дүүргүүдийн   нийт 150  хүнийг хамруулан явуулсан болно. Судалгаанд оролцогчдын  43.3 хувь эрэгтэй, 56.7 хувь нь  эмэгтэй ба 42,7 хувь нь гэр хороолол, 45,3 хувь нь  орон сууц, 12 хувь нь хувийн тохилог орон сууцанд оршин суудаг.

Тохиолдлоор сонгон авсан  иргэдийн орлогын амьдралд хүрэлцэх байдал нь дийлэнх хувь буюу судалгаанд оролцогчдын  40% нь олсон орлого нь өдөр тутамын хэрэгцээнд нь дөнгөж хүрдэг гэсэн бол,  35.3% нь өдөр тутмын хэрэгцээнээс гадна ойр зуурын хувцас хунар амьдралын наад захын хэрэгцээгээ хангадаг хэмээн гарсан байна  Өнөөдөр манай улс газар доорх баялгаараа  дэлхийд томоохон тооцогдох болжээ. Энэ нь   нэг талаар бидний амьдралыг өөрчлөх авралын од мэт, нөгөө талаар бидэнд асар их хариуцлага, сонголтыг авчирч байна.



1.Халамжит төр ба нийгмийн баялгийн хуваарилалт

Халамжит төр (welfare state) гэдэг нь засгийн газрын зүгээс тэтгэвэр, нийгмийн хамгааллын тэтгэмжүүд, эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ болон бусад чиглэлээр улсын хүн амын нийгэм болон эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, гол үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж буй систем мөн хэмээсэн бол өөр эх сурвалжид төрийн зүгээс тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээ, өвчний болон ажилгүйдлын  тусламжийг хэрэгжүүлэх замаар өөрийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах чиг үүргийг өөртөө хүлээж байгаа олон талт нэгдмэл тогтолцоо гэжээ.





Халамжит төрийн гурван ертөнц ба нийгмийн баялгийг хуваарилах онцлог



Англо саксоны
Эх газрын
Умардын буюу Скандиновын
1
Нийгмийн баялгийн дахин хуваарилалт
Бүхэлдээ бага
Хэвтээ чиглэлд хүчтэй
Төвөөс хүчтэй
2
Нийгмийн баталгааг хангах арга механизм
Эмзэг бүлэгт     анхаарлаа хандуулах
Ажил эрхлэгч хүн ам болон тэдний гэр бүлийг даатгалаар баталгаажуулах
Нийт хүн амыг универсал хангамжийн замаар баталгаажуулах (Улсын иргэний хангамж)
3
Зах зээлээс үл хамаарсан байдлыг хангах
     Бага
Дунд зэрэг, ажилчдын болон гэр бүлийн үл хамаарсан байдлыг хангах
Хүчтэй, тэгшитгэлийн бодлого

Дээрх хүснэгтэд дэлхийн хөгжилтэй улсуудын халамжит төрийн зүгээс хийх баялгийн хуваарилалт, түүний хэлбэр, арга механизмын талаарх гол мөн чанаруудыг авч үзсэн ба энэ удаад Монгол улсын төрөөс нийгмийн халамжийн чиглэлээр явуулж буй бодлого, баритмлал, баялгийн хуваарилалтын арга хандлага нь дэлхийн халамжит төрийн дээрх гурван хэв маягт хэрхэн уялдах, ер нь манай улс аль хэв маягт нь багтаж болох талаар авч үзэхийг хүссэн юм.



Нийгмийн хамгааллын квот (social security quote) хэмээх хэмжигдэхүүн нь тухайн улс оронд нэг талаас баялаг хэрхэн хуваарилагдаж байгааг, нөгөө талаас хүн амын нийгмийн суурь баталгааг хэрхэн хангаж буйг илэрхийлдэг. Үндэсний нийт бүтээгдэхүүнд нийгмийн хамгаалалд зарцуулж байгаа мөнгөний хэмжээг харьцуулан гаргасан хэмжээ бол тухайн улсын нийгмийн хамгааллын квот болдог. Нийгмийн хамгааллын энэхүү үзүүлэлт өнөөгийн монгол оронд ямар байдалтай байгаа, түүнчлэн ойрын жилүүдэд хэрхэн өсөх хандлагатай байгаа нь эргээд халамжит төрийн хөгжлийн нэг дүр зургыг илтгэн харуулах болно.

Монголын улс төрийн намуудын амлалтын тухайд жишээлбэл 2008 оны сонгуульд нэр дэвшсэн намуудаас өөр хоорондоо давхцалгүй 24 төрлийн нийгмийн хамгааллын мөнгөн  шилжүүлгийн арга хэмжээг амласан байна. Эдгээр амлалтуудаас харах аваас Монгол улс нийгмийн бүх бүлэгт ямар нэг хэмжээгээр халамжийн өгөөмөр гараа сунгасан буюу ерөнхийдөө нийгмийн бүлгүүдийн амьдралын суурь баталгааг хангахад бүх талын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын харьцуулсан судлалд сонирхолтой нэгэн талбар болж хувирах бололтой. Гэхдээ нийгмийн бүлгүүдийг насны хувьд авч үзвэл улс төрийн намуудаас баримталж буй нийгмийн хамгааллын зорилгуудыг хүүхэд, залуус, дунд үе, ахмад үе гэсэн ангилалд хамаатуулж үзвэл манай халамжит төрийн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдээс нийгмийн баялгийн дийлэнхи хэсгийг буюу нийт мөнгөний 75 хувийг залуу, ахмад үеийнхэнд хуваарилахаар байна.

Улстөрийн хүчнүүдээс нийгмийн баялгийг хуваарилах нийгмийн хамгааллын хүрээнд дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг сонирхвол дараах байдалтай байна.



  1. Хүүхдийн мөнгө
  2. Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах
  3. Сургалтын төлбөр даах
  4. Орон сууцны санхүүжилт олгох
  5. Зээлийн эрх баталгаажуулах
  6. Сумдад зээлийн сан үүсгэх
  7. Ахмадуудад “Талархлын сан” байгуулах
  8. Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, үйлдвэржилтийг дэмжих
  9. “Эрдэнийн хувь” хүртээх, “Эх орны хишиг” тараах
  10. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг үнэ төлбөргүй хангах
  11. Гадаадын их, дээд сургуулиудад оюутан сургах
  12. Иргэдийн боловсролыг дэмжих
  13. Төрсөн эхэд “цалин” олгох
  14. Өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх
  15. Эмзэг бүлгийнхэнд гэр олгох
  16. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх
  17. Шинээр гэр бүл бологсдод мөнгөн тэтгэмж олгох
  18. Шинэ төрсөн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох
  19. “3 дахь хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох”
  20. “Алдарт эх –II” одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох
  21. “Алдарт эх –I” одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох
  22. “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх
  23. Хязгаар нутгийн иргэдэд нэмэгдэл орлого олгох
  24. Дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох



Эдийн засагч, эконометрийн судлаачдын Монголын улс төрийн намуудын амлалтанд хийсэн эдийн засгийн шинжилгээн тулгуурлан ирэх арван жилийн нийгмийн баялгийн хуваарилалтад шаардагдах мөнгөн хэмжээний үндэсний нийт бүтээгдэхүүнтэй харьцах хэмжээг гаргаж болно. Юуны өмнө тэдний тооцоог сонирхон үзвэл доорх байдалтай байна.



Улс төрийн намуудын амлалтын мөнгөн дүнгийн тооцоолол ба ДНБ


Үзүүлэлтүүд
2009
2010
2011
2012
1
Халамжийн амлалтын нийт дүн, тэрбум.төг
2406.5
5010.1
5512.1
6790.4
2
Дотоодын нийт бүтээгдэхүүн*, оны үнээр, тэрбум.төг
7121.1
8901.4
11126.7
13908.4

(Жич: *Улсын төсвийн зарлага болон *ДНБ-ий үзүүлэлтийг өмнөх 3 жилийн дундаж өсөлтөөр өгсөн тооцоолсон болно.)



Монголын одоогийн энэ хандлагыг халамжит капиталист орнуудын хэв маягуудад дээрх үзүүлэлт сүүлийн гучин жилийн дотор хэрхэн өөрчлөлттэй байсныг харгалзан үзэж прогнозчвол дараах байдалд хүрэх төлөвтэй.



Нийгмийн хамгааллын квот (халамж, хангамж, даатгал)


Швед
Финлянд
Герман
Франц
Англи
АНУ
Монгол
1995
34.6
31.4
28.4
30.3
25.2
15.6

2005
33.5
26.3
30.9
30.2
26.7
18.3

2015
35
28
30.4
30.7
24
17
49.5



Ийнхүү арван жилийн дараа Монгол улс дэлхийн нийгмийн хамгааллын үзүүлэлт хамгийн өндөртэй, халамжит төрийн бүх нийтийн хангамж ноёрхсон Швед улсаас ч дээгүүр гарч, дэлхийн халамжит төрийн магнайнд зогсох ажээ.

Судалгааны дараагийн нэг хөндсөн асуудал бол халамжит төр хийгээд олон нийтийн санал бодлын хоорондын хамаарлын асуудал билээ. Барууны судлаачид дэлхийн халамжит төр, улсууд болон олон түмний санал бодол хоёрын хооронд үлэмж хэмжээний хамаарал байгааг тодорхойлсон байдаг. Энэ удаагийн судалгааны хүрээнд ч бид халамжит төрийн хэв маягуудын шинж чанаруудыг сонгон авч, олон нийтийн санал бодолд тэдгээрийн дэмжигдэх талыг тодорхойлсон юм.



Хүн амын нийгмийн баталгаа ба төрийн чиг үүргийн хамаарлын талаарх олон нийтийн санал бодол



Эзлэх хувь
1
Төр нийт ард түмэндээ эцгийн ёсоор хандаж , хайр ивээлээ үзүүлэх ёстой (C)
10.9%
2
Төр хүн амын амьжиргааны суурь баталгааг хангах ёстой (B)
16.2%
3
Төр бол нийгмийн эмзэг хэсэгт л хайр халамжаа хүргэх
10.2%
4
Төр бол иргэн хүний амьдралд аль болох оролцож, халамжлах хэрэггүй (A)
4.2%
5
Төр бол нийгмийн баялгийг ард түмэндээ байнга хувиарлах ёстой (C)
14.2%
6
Төрийн зорилго бол нийгмийн гишүүдийн амьжиргааны түвшинг тэгш байлгах явдал (C)
12.1%
7
Төр бол хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг дэмжих замаар тэдний болон ар гэрийн амьжиргааны баталгааг хангах ёстой (B)
17.1%
8
Нийгмийн халамж,дэмжлэгийн үйл ажиллагаанд ТББ, хувийн хэвшил онцгой үүрэгтэй байх ёстой (A)
5.5%
9
Төр хайр хишгээ нийтд нь хамааруулах биш харин хүмүүсийн байр суурь, онцлогт тохируулан хуваарилалтыг үзүүлэх (B)
9.4%





Судалгааны дүнгээс харахад манай улс халамж, хамгааллын хэв маяг нь эх газрын европын орнуудын хэв маягтай ойролцоо  ба төрийн иргэдийнхээ сайн сайхан  байдлыг хангах үндэс нь тэдний амьжиргааны суурь баталгааг хангах, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийгээ дэмжих замаар, тэдний болон ар гэрийнх нь амьдралын суурь баталгааг хангах, аливаа эрсдэлээс хамгаалах, даатгах асуудал нь иргэдийгээ халамжлах, идвэхгүй байдалд оруулахаас илүү хэрэгцээтэй байна хэмээн олон нийт үзсэн  байна. Энэ нь нийгмийн хамгаалал, халамж нь бие хүний бие даасан байдлыг хангахад чиглэсэн арга, хэмжээг дэмжихийг гол зорилгоо болгох хэрэгтэй гэсэн үг билээ.

Судалгаанаас харахад 69.7% нь хүн амын сайн сайхан байдлын үндэс нь хувь хүний өөрийнх нь эрх чөлөө, болоод зах зээлийн таатай орчиноос шалтгаална гэж үзсэн бол 21.4% нь хүн амын сайн сайхан байдлын үндэс нь төрийн хайр ивээлээс шалтгаална гэж үзжээ.             Харин одоогын манай төрийн үзүүлж буй хуваарилалтын бодлого нь умардын буюу скандиновын орнуудын хамгааллын хэв маягтай адил байгаа ба хувь хүний эрх чөлөө, авъяас чадвар, түүнчлэн хөдөлмөрийн хүний суурь баталгааг гэхээсээ илүүтэй, төр засгаас баялгийг дахин хуваарилах бодлого үлэмж хүчтэй, бүх нийтийн тэгшитгэлийн зарчмыг баримталж байна.

Нийгмийн хамгааллын судалгаанд байнгын эргэцүүлэл, мэтгэлцээнд дуудаж байдаг, эрдэмтдийн хоорондын онолын маргаанд хүргэж байдаг асуудал бол “Нийгмийн хамгаалал бүх хүн амыг хамрах уу, эсвэл тусламж, дэмжлэг шаардлагатай хэсгээр хязгаарлагдах ёстой юу?” гэх асуулт юм. Нийгмийн хамгаалал нь нийгмийн гишүүдийн оршин тогтнох амьжиргааны доод түвшин, хамгийн наад захын нөхцөлийг хангах баталгаажуулахад чиглэгдэх ёстой байдаг. Нийгмийн халамж, дэмжлэгийг хэрэгцээтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт нь илүү чиглүүлэх хэрэгцээтэй байна хэмээн олон нийтийн санал бодол харуулж байна. Тиймээс эдгээр халамжийн үйлчилгээ  нь хэнд илүү чиглэгдэх хэрэгтэй талаар судалгаанд оролцогчид дараах байдлаар авч үзсэн болно

Судалгаанд оролцогчдын 60% нь нийгмийн халамж, дэмжлэг нь нийт хүн  амыг хамруулан үр дүнгүй хуваарилалт явуулах бус харин нийгмийн эмзэг хэсэгт чиглэгдэх ёстой гэж үзжээ. Эндээс харахад төрийн үүрэг бол зөвхөн өөрийгөө хариуцах чадваргүй, бие даан амьдрах боломжгүй хэсгийг хариуцах явдал юм хэмээх либериаль буюу англи саксоны хэв маягийг илүү тодорхойлж байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, нийгмийн баялгийн хуваарилалт нь ард түмний  амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгаагаар төрөөс үзүүлж буй баялгийн хуваарилалтын үр нөлөөг хэмжиж болох талтай. Тиймээс төрөөс хэрэгжүүлж  буй  баялгийн  хуваарилалтын хэлбэрүүд болох хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинээр гэрлэгчдэд олгох  мөнгөн тусламж, шинээр төрсөн хүүхдэд олгох тэтгэмж  ард түмний амьдралд хэрхэн  нөлөө үзүүлдэг, хэр үр дүнтэй бодлого болох  талаар олон нийтийн үнэлэмжийг тодорхойлох үүднээс судалгаандаа  эл асуудлыг  тусгасан ба үр дүнг нэгтгэн харуулбал:


Үр нөлөө сайтай
Тийм ч онцлох  үр нөлөөгүй
Энэ нь үр нөлөө муутай
Хэлж мэдэхгүй байна
Хүүхдийн мөнгө
60%
20,7%
            13,3%
                 6%
Шинэ төрсөн хүүхдийн мөнгө
45,3%
32%
                         17,3%
              5.3%
Шинэ гэр бүд олгох тэтгэмж
34%
22%
            40%
                 4%



Дээрх хүснэгтээс хархад хүүхдийн мөнгөөр дамжуулан гэр бүлийг дэмжих бодлого, баялгийн хуваарилалт нь нилээд үр дүнтэй байгааг харж болох юм. Бага орлогтой олон айл өрхийн орлогын гол эх үүсвэр нь хүүхдийн мөнгө болох сар бүрийн 3000 болон улиралын 25,000 байдаг бол зарим боломжын орлогтой хэсэгт нь тийм ч нөлөө үзүүлдэггүй байна. Шинээр төрсөн хүүхдэд олгодог мөнгө нь нилээд зөв, зүйтэй бодлого гэж олон нийт үзсэн ба 45,3% нь үр дүнтэй хувиарлалт гэж үзжээ. Харин залуу гэр бүлийг дэмжих мөнгө нь хэр үр нөлөөтэй талаарх асуултанд судалгаанд оролцогчдын хариулсан байдлаас харахад ихэнх хувь нь буюу 40% нь энэ нь үр нөлөө муутай гэж үзсэн байна.  Төрөөс үзүүлж буй баялгийн хуваарилалтанд хандах олон нийтийн үнэлэмжинд иргэдийн эдийн засгийн ялгаатай байдал буюу баян, хоосоны ялгаа нөлөөлж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байлаа.



2. Халамжит төрийн зүгээс уул уурхайн нөөцөөс бүрдэх нийгмийн баялгийг хуваарилахуй

Өмнөх хэсэгт  төр засгаас авч хэрэгжүүлж буй баялгийн  хуваарилалтын талаар авч үзсэн  бол энэ цаг үед уул уурхайн томоохон ордуудаас ирэх мөнгийг олон нийт хэрхэн зарцууласай, зарцуулах хэрэгтэй гэх үзэл, хандлагыг тодорхойлон гаргасан судалгааны дүнгээс авч үзье .



Судалгаанд оролцогчтдын уул уурхайгаас ирэх мөнгийг судалгаанд оролцогчдын  46% нь иргэн бүрт тэгш хувь хүртээх хэрэгтэй гэж үзсэн байна.Гэхдээ бэлэн мөнгөн хэлбэрээр бус бусад хэрэгцээтэй хэлбэрүүдээр зарцуулах нь хэрэгтэй гэж үзсэн (үүнийг олон нийтийн уул уурхайн баялгаас орж ирэх мөнгийг юунд зарцуулах хэрэгтэй талаарх судалгааны дараах дүнгээс харж болно). Харин эрх баригч намуудын сонгуулын шоу болох 1сая, 1.5сая төгрөгийг өгөх хэрэгтэй юу? гэсэн асуултад     

Судалгаанд оролцогчдын хариулсан байдлаас харахад 34,7% нь иргэдэд хэдийгээр бэлэн мөнгөний хэрэгцээ, шаардлага их байгаа хэдий ч  энэ нь иргэдийн амьжиргааг дэшлүүлхэд нөлөөлж чадахгүй гэсэн  бол 20% нь энэ мөнгө нь маш буруу иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд оруулж байна гэж үзжээ. Монголын томоохон намуудын сонгуулын амлалт нь улс орны цаашдын халамж, хамгааллын бодлогын чиглэл нь болж байдаг. Тиймээс намуудын энэхүү томоохон амлалтад олон нийт сөрөг байр суурнаас хандаж байгаа нь дээрх судалгааны дүнгэээс харагдаж байна.  Харин тэрхүү мөнгийг нэн тэргүүнд  юунд зарцуулаасай гэж бодож байна вэ? хэмээх асуултанд хариулсан байдлыг авч үзвэл:

Дээрх графикаас хархад судалгаанд оролцогчдын 15,5% нь эмнэлэгийн тусламж үйлчилгээг өндөрт гаргахад нийгмийн баялгийг чиглүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Уул уурхайн ордуудыг ашиглсанаар монгол улс хөгжинө гэж олонх хүмүүс итгэж найдаж байгаа гэвч уул уурхайгаас ирэх мөнгийг буруугаар ашигласан улс орон цөөнгүй байдаг ба цөөн хүн баяжаад дуусдаг эсвэл иргэдэдээ хувь хүртээх нэрээр үр дүнгүй тараасан олон улсууд байдаг. (Тухайлбал: Нидерланд, Нигер гэх мэт) Тиймээс уул уурхайн монголын хөгжлийн гарц болж чадна гэдэгт хэр итгэлтэй байгаа талаарх олон нитйийн санал бодлыг тодорхойлоход дараахь үр дүн гарчээ.

Судалгаанд оролцогчдын 46% нь уул уурхайгаас ирэх хөрөнгийг хэрхэн зөв хувиарлахаас монголын хөгжил шууд шалтгаална гэж үзсэн бол 26% нь зөв зарцуулна гэж итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Үүнээс үзхэд ард түмний төрд итгэх итгэл алдагдсаныг харж болох ба энэ хариуцлагтай цаг үед төр баялгийн  хуваарлалтын зөв бодлого явуулах хэрэгтэйг олон нийт үзэж байгаа хэрэг юм. 



Дүгнэлт

Нийгмийн хамгаалал бол орчин үеийн нийгмийн системийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хүмүүсийн хамтын амьдралд зайлшгүй чиг үүрэг гүйцэтгэгч дэд салбар билээ. Өөрөөр хэлбэл аль ч нийгэмд ямар ч, онол, үзэл баримтлалаас үл хамааран тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрүүд, халамж, асрамжийн үйл ажиллагаа, нийгмийн дэмжлэгийн тогтолцоо оршин байх нь гарцаагүй. Харин тэр нь хүн амын бүлгүүдийн нийгмийн баталгааг ямар арга, хандлагаар, механизмаар хангаж байна гэдэг нь харилцан адилгүй ойлголт юм. Үүнийг халамжит төрийн дэглэм гэх бөгөөд энэхүү дэглэмээс хамааруулан улс орнуудыг нийгмийн баялгийн хуваарилалтын ялгаатай зарчимд хөтөлдөг. Монгол улсад одоо өрнөж байгаа нийгмийн хамгаалал, халамжийн хөдөлгөөн, хамрах хүрээ, тархац, мөнгөн шилжүүлгийн дүн зэргээс дүгнэвэл иргэний бүх нийтийн хангамжийн тогтолцоо бүхий, умардын халамжит төрийн хэв маягт хамрахад ойрхон байна.

Монгол улс ойрын арван жилд дэлхийн халамжит төр, улсуудын эгнээнд дээгүүр жагсаж, нийгмийн хамгааллын квот, зах зээлээс хүн амын амьжиргааг үл хамааруулах бодлого, шударга ёсны индекс (баялгийг хуваарилах түвшин) зэрэг үзүүлэлтээр магнайд явах бололтой. 2009 оны улсын төсвөөс нийгмийн халамжид 160,376,3 сая төгрөг төсөвлөсөн ба жил бүрийн нийгмийн халамжийн санд төвлөрүүлэх хөрөнгийй хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь манай улс иргэдээ халамжлах индексээрээ дэлхийд дээгүүр ороход ойрхон болжээ. Гэвч энэ нь олон талаасаа ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа юм. Бүх нийтийн хангамжийн тогтолцоо, төвөөс хуваарилах мөнгөний бодлогыг хэвшүүлж чадсан, тэгш байдал, шударга ёсны олон үзүүлэлтийг бүтээж чадсан улс орнуудад эдгээр нь олон жилийн түүхэн уламжлал, зах зээлийн тогтвортой эдийн засаг, аж үйлдвлэржилт, авлигагүй орчин зэргийн үр дүнд, удаан хугацаанд бүрэлдэн төлөвшсөн гэдгийг санах хэрэгтэй.



Аливаа халамжит төрийн дэглэм, хэв маяг нь түүнийг дэмжих олон нийтийн санал бодлоор нөхцөлдөж байдаг. Монголчууд хэдийгээр төрийн сүлд өршөө, төрийн хайр хишиг хэмээн сүслэн байдаг ч, тэр нь шууд утгаараа бүх талаар халамжлан асрах төрийг хүлээж байдаг гэсэн үг биш ажээ. Өөрийн судалгааны дүнгээс үзэхэд нийгмийн сайн сайхан байдлын үндэс нь хувь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт, бие даасан байдал, чөлөөт зах зээлийн жам ёсны хөгжил хэмээн 70 орчим хувь нь хариулсан байна. Олон нийтийн санал бодол дахь энэ хандлага нь судалгаанд хамрагдагсдын амьжиргааны байдлаас харьцангуй үл хамаарсан зүйл байгаа юм. Түүнчлэн нийгмийн халамж, дэмжлэг зөвхөн тусламж, дэмжлэг шаардлагатай хэсэгт л хүрэх ёстой гэж тэдний 60 хувь нь хариулснаас төрийн бүх нийтээр нь халамжлан дэмжих чиг үүрэг олон нийтээс дэмжигдэх зүйл бишийг харж болно.

Гэвч иргэдээ халамжлах, тэдэнд баялгийг хуваарилах төрийн чиг үүргийн талаар олон нийтийн санал бодол дотооддоо ихээхэн зөрчилтэй байна. Олон нийтийн санал бодолд халамжит төрийн ямар дэглэм, хэв маяг илүүтэй дэмжигдэж байгааг харах үүднээс тодорхой шалгууруудын дагуу нарийвчлан үнэлгээг нь авахад, нэг талаас хөдөлмөр хийж буй хүнийг л дэмжих ёстой, ажил хийж буй хүнийг төвд тавьж, түүгээр дамжин нийт нийгмийн баталгааг хангах ёстой, нөгөө талаас төр нийгмийн бүх гишүүдэд баялгийг байнга дахин хуваарилах замаар нийт нийгмийн баталгааг хангах ёстой гэсэн харилцан адилгүй халамжит төрийн хоёр зарчим эзлэх жингийн хувьд адил байна.

Нийгмийн баялгийн хуваарилалтын асуудал дотроо хоёр зарчмын өөр чиглэлд хуваагдах ба эхнийх нь татвар дээр суурилсан төсвийг, удаах нь байгалийн баялгийг хуваарилах асуудал билээ. Эхнийх нь халамж, хамгааллын тогтоцтой, харин удаах нь нийт ард түмний баялгийг хуваарилах, тэгш хуваарилах хоёр зарчмын өөр чиглэл  юм. Гэтэл сүүлийн үед томоохон намуудын засгийн эрх мэдлийг авах гол арга, хэрэгсэл нь нийгмийн халамжийн талаар үзүүлэх амлалт болжээ. Энэ байдлаас болоод ардчилсан нийгмийн үед төрөөс ард иргэддээ үзүүлэх халамж, хамгааллын үйлчилгээ, ард түмний дундын баялгийг хуваарилах шударга ёсны үйл ажиллагаа хоёрыг хооронд нь байнга хольж хутгаж байна. Харин нийгмийн тодорхой хэсэг үүгээр ашиг хонжоо өөрсөддөө хайж байх зуур олон нийтийн санал бодолд үүнд эрүүл саруулаар ялгаатай хандаж байгаа нь сонирхол татаж байна. Төр нийгмийн халамжийг зөвхөн эмзэг хэсэгт чиглүүлэх ёстой гэх үзэл давамгайлж байхад, үүнтэй зэрэгцэн газрийн баялгийг нийт түмэнд тэгш хуваарилах ёстой гэсэн нь олонхи байгаа юм.

Нийгмийн хамгаалал, халамжийн арга хэмжээ нь мөнгөн хуваарилалтаас үйлчилгээнд шилжиж, тэр нь хувь хүн, гэр бүлийн бие даасан байдлыг хангах зарчмыг гол зорилгоо болгож байхад, харин манай улсад улс төрчдөөсөө эхлээд халамжийг бүх нийтийн мөнгөн тэтгэмж гэж ойлгох уламжлалт хандлагыг тунхаглаж байна. Гэтэл олон нийт төрөөс хүн ардаа халамжлан, хамгаалж, тэдний амьдралын баталгааг хангахын тулд уул уурхайн баялгийг оновчтой зарцуулах ёстой гэж үзэж байна. Ингэхдээ тэд бэлэн мөнгөний оронд юуны өмнө эрүүл мэндийн найдвартай тогтолцоо, үйлчилгээг, хоёрт, одоогоор гэртээ амьдарч буй суурин иргэд маань орон байрны хувьд орчин үеийн тохилог сууцыг, гуравт, цэвэр ус, мод ургамал сүйрч буй энэ үед, түүнийгээ нөхөн сэргээхийг, дөрөвт, ажил хийгч хүнээ дэмжин цалинг нэмэхийг, эцэст нь хүүхдийн боловсролын чанар, хүртээмжээ сайжруулах зэргийг чухалчлан үзсэн байна. Монголын халамжит төр уул уурхайгаас орж ирэх баялгаа бэлэн мөнгө болгохоосоо өмнө дурдсан чиглэлүүдийг шийдвэрлэж байж, жинхэнэ ард түмний амьдралын баталгааг хангагч, дэлхийн судлаачдын сонирхлыг татсан Монгол маягийн халамжит төр болох ажээ.

4 comments:

Б.Болдоогийн блог said...

миний дипломын судалгааны ажил байна. нийтэлсэнд баярлалаа

Б.Болдоогийн блог said...

миний дипломын судалгааны ажил байна. нийтэлсэнд баярлалаа

Б.Болдоогийн блог said...
This comment has been removed by the author.
Б.Болдоогийн блог said...
This comment has been removed by the author.