Монголын малчдын амьжиргааны судалгааны тайлан

Монгол орны 1.5 сая км2 нутаг дэвсгэрийн тавны нэгийг эзэлдэг бэлчээрийн газрын төлөв байдал ерөнхийдөө тааруухан байна. Улсын хэмжээний бэлчээрийн доройтлын үнэлгээ янз бүр байгаа боловч саяхны судалгаагаар 70-80 хувь нь доройтсон хэмээн үзжээ. Малын тоо хэт олширч, бэлчээр сэлгэж ашиглах нь багасч, уул уурхайн олборлолт нэмэгдэж, авто замын замбараагүй сүлжээ газар авч, магадгүй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бэлчээр талхлагдан биологийн төрөл зүйл ядуурч, хог ургамал дэлгэрэн хөрс элэгдэж, цөлжилт нүүрлэх болов.


Livelihood study_mon_last_WEB -
Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал цаашид ч доройтох эрсдэл илт байгаа нь сэтгэл түгшээж буй бөгөөд энэ нь ойрын ирээдүйд мал сүргийг хүрэлцэхүйц тэжээлээр хангахад улам хүндрэл учруулах юм. Монголын Засгийн газар, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг (ШХА) энэ аюулыг харгалзан үзээд “Ногоон алт” Бэлчээрийн экосистемийн удирдлага хөтөлбөрийг 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөр эхний үе шатандаа бэлчээрийг өнжөөж амраах, улирлаар сэлгэж ашиглах зэрэг менежментийн өөрчлөлт хийхэд бага зэрэг доройтсон бэлчээр эргэн сэргэх нь сайн байгааг нотлон харуулав. Түүнчлэн хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх ажил өнөөгийн уур амьсгалын нөхцөлд маш бэрхшээлтэй, өртөг зардал өндөртэй болохыг тогтоосон юм.

Төслийн 3 дахь үе шатны ажил эхлэхээс өмнө ШХА санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн хамт Монголын малчдын тогтвортой амьжиргааны талаар судалгаа хийн, үнэлгээ өгөх эрхийг Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоонд олгосон юм. Монголын малчдын тогтвортой амьжиргааг хэрхэн хангах вэ? гэдэг асуулт энэ судалгааны тайланд хөндсөн гол асуудал болно.

Судалгааны тайланд экологи, түүх, эдийн засгийн үндэс суурийг гаргаж, бэлчээрийн эрүүл мэнд, бүтээмж, цөлжилтийн чиг хандлагыг нэгтгэн дүгнэж, малчдын үйл ажиллагааны эдийн засгийн, эдийн засгийн бус, бодлогын тодорхойлогч хүчин зүйлүүдийг судлан тогтоож, бэлчээрийн доройтол болон цөлжилтийг бууруулах технологийн шийдлүүдийг шинжлэн, малчдын хамтын үйл ажиллагааг өрнүүлэхэд шаардлагатай малчны байгууллагуудыг судалж, малчны өөрийгөө удирдах байгууллагыг байгуулах нутаг дэвсгэрийн зарчмыг тодорхойлж, бэлчээртэй холбоотой өнөөгийн хууль, тогтоомжуудыг шүүн тунгааж, төв, орон нутгийн засаг захиргааны үүргийг тодорхойлж, мал аж ахуйн тогтвортой системийг хөгжүүлэхэд учирч байгаа зах зээл, бүтээгдэхүүн борлуулалтын бэрхшээлийг шинжилж, малчдын тогтвортой амьжиргааг хангах, бэлчээрийн менежментийг сайжруулах нэмэлт хөшүүрэг механизмуудын боломж, сул талыг гаргасан болно.

Энэ судалгаагаар хийсэн үнэлгээ Монголын малчдын амьжиргааны байдал болон гарч буй өөрчлөлтөд малчид хэрхэн дасан зохицож байгаа талаар илүү сайн ойлгох боломж олгож байна. Ингэснээр “Ногоон алт” төслийн дараагийн үндсэн үе шатны ажлыг төлөвлөх, бодлогын чанартай хэлэлцүүлэг хийх, хандивлагчдын хүчин чармайлтыг мал аж ахуйн салбарт зангидан чиглүүлэхэд чухал мэдээллээр хангаж байна.

Эх сурвалж: www.msrm.mn

No comments: