Эмэгтэй улстөрчдийг үгүйлж байна

Сонгуулийн хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэх энэ үед эмэгтэйчүүдийн хууль тогтоох болон шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаар иргэдийн санал бодлыг судлах зорилго бүхий судалгааг Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны захиалгаар Нийгмийн үүрэг хариуцлагын төлөө төвийн судлаачид хийж гүйцэтгээд байна. Уг судалгаанд Увс, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймаг болон Нийслэлийн Багануур, Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн хүн ам хамрагджээ. Судалгаанд асуулга, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын аргуудыг ашигласан байна.

Судалгааны үр дүнд олон нийтийн дунд хууль тогтоох болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоонд хандах эерэг хандлага давамгайлж байгаа нь илэрлээ. Учир нь хууль тогтоох болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг сонгогдох, ажиллах аливаа шийдвэр, санаачлагыг эрс эсэргүүцэхгүй, улмаар дэмжих, гэхдээ санаа бодол нь тогтоогүй “Төвийг сахигч” нар (60%) зонхилж байгаагийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг тууштай дэмжигчдийн хувийн жин (27%) эрс үгүйсгэгчдийнхээс (13%) даруй хоёр дахин илүү байна. Ийнхүү олон нийтийн дунд эмэгтэйчүүдийг дэмжих таатай хөрс суурь бүрэлдсэний зэрэгцээ тэд эмэгтэй улстөрчдийг үгүйлж байна.

Судалгааны дүнгээс ажиглагдаж буй нэгэн зүйл бол эмэгтэйчүүд эмэгтэй улстөрчөө илүүтэй дэмжиж байсан явдал. Түүнчлэн олон нийт эмэгтэй улс төрчдөд энэрэнгүй, хүмүүнлэг, ажилч хичээнгүй, үнэнч шударга гэсэн эерэг шинжүүд, харин эрэгтэй улстөрчдийн тухайд сөрөг шинжүүд болох эрх мэдэлдээ барддаг, авлигад өртөмхий шинжүүдтэй хэмээн дүгнэж байгаагаас харахад олон нийтийн дунд эмэгтэй улс төрчид илүү эерэг үнэлгээ, дүр төрхтэйгээр тодорхойлж байна.

Сонгогч олон нийтийн дийлэнхи нь эмэгтэй улстөрчдийг дэмжих хандлагатай юм бол хууль тогтоох, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад доогуур байна вэ? Энэ нь улс төрийн хүчин зүйлээс хамаарч байгаа нь судалгаанаас басхүү ажиглагдлаа. Тодруулбал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо бага байгаагийн шалтгааныг тайлбарлахдаа “нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн тоо бага байгаа явдал” хэмээн судалгаанд оролцогчдын 44 хувь нь үзжээ. Ийнхүү эрэгтэйчүүд хэт давамгайлсан, тэдний улс төрийн хүсэл зоригоос хамаарсан манай орны хувьд сонгуулийн тогтолцоог шинэчлэх, эмэгтэйчүүдийн оролцооны босго тогтоох зэрэг арга механизмуудыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн төлөөллөө нэмэгдүүлж чадах бөгөөд сонгогч
олон түмний зүгээс чих тавин ажиглан хүлээж байна.

Монголд өнөөдөр эмэгтэй хүнд шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдийг сонгох эрх нь хангагдсанаас бус сонгогдох эрх нь хязгаарлагдсан хэвээр байна. 1950-1990 онд АИХ-ын депутатуудын 23 хувь нь (дунджаар) эмэгтэйчүүд байсан бол 1990 оноос хойш сонгуулиас сонгуульд шилжих тусам эмэгтэйчүүдийн УИХ дахь төлөөллийн хувийн жин буурчээ. 2010 оны байдлаар Олон улсын парламентын холбоонд мэдээллээ бүрэн өгсөн 133 орноос Монгол улс 125-д орж байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм. Энэ нь нийгэм, соёл, эдийн засгийн олон хүчин зүйлсээс хамаарч байгаа ч өнөөгийн улс төрийн тогтолцоо, улстөрчдийн хүсэл зоригоос ихээхэн шалтгаалж байгааг анхаарахгүй орхиж боломгүй болжээ. Ардчилал хөгжсөн орнуудад улс төрийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс янз бүрийн арга, механизмыг хэрэглэдэг ба тэдгээрээс хамгийн нийтлэг ашиглагддаг арга болох “Сонгуулийн босго” буюу квот хэмээх механизмыг манайд өнөө хэр хуульчлаагүй хэвээр байна. Судлаачид эмэгтэйчүүдийг хууль тогтоох байгууллагад сонгогдоход сонгуулийн тогтолцооны хувилбаруудаас “Хувь тэнцүүлэх” тогтолцоо нь эергээр нөлөөлдөг болохыг тогтоосон. Гэтэл манайд сонгуулийн санал авах, суудал хуваарилах одоогийн тогтолцоог улстөрчид хийгээд судлаачид шүүмжлэн хэлэлцдэг ч, оновчтой хувилбарыг нутагшуулахаар улс төрийн зориг гарган шийдэлд хүрч чадаагүй л байсаар. 1992 оны сонгуулийн дараагаар олон мандаттай мажоритари тогтолцоог ихээхэн шүүмжилж байсан ч 2008 онд уг хувилбарыг дахин хэрэглэх болсон билээ. Энэхүү тогтолцоог сонгосны үр нөлөө эмэгтэйчүүдэд илүү хатуухан тусаж, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 3.9 хувь болтлоо буурчээ.

Эх сурвалж: www.news.mn

No comments: