НЭГ СУМААР ГУРВАН ТУУЛАЙ БУУДЬЯ

2011 оны төсвийн төсөл УИХ-р өргөн батлагдсантай холбогдуулан “Шинэ мөчлөг” ТББ-ийн зүгээс доорх саналыг ард олонтойгоо хуваалцахаар хэлэлцүүлж байна.

В.ОДПҮРЭВ Шинэ мөчлөг ТББ-ын тэргүүн

Ирэх оны төсвөөс харахад манай улс уул уурхайн баялаг, түүнээс орж ирэх орлогод хэт бардсандаа бус сонгуулийн үеэр ямар ч үнээр хамаагүй гарч ирэхийн тулд биднийг сонговол иргэн бүрт 1.000.000 төгрөг, 1.500.000 төгрөг өгнө гэсэн тооцоо судалгаагүй популист амлалтандаа хүрэх гэж хэт улайрч байх шиг.
Энэ онд иргэн бүрт 120.000 төгрөг тараасан бол ирэх онд “Хүний хөгжил сан”-гаас 252.000 төгрөг буюу нийт 805 тэрбум төгрөгийг тараахаар шийдвэрлэн, төсөвт суулгасан нь төсвийн алдагдалыг ДНБ-ийн 9.8 хувьд хүргэж огцом өсгөжээ. Энэ хэвээр баталбал ирэх онд инфляци одоо байгаа 11 хувиас 25 хувьд хүртэл өсч улмаар эдийн засагт хүнд дарамт үүсгэнэ гэдгийг Монгол банк болон Дэлхийн банкнаас анхааруулсан. Ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл болон бусад экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэгчдэд илүү хүнд тусахаар байна. Төсөвт тусгасан 805 тэрбум төгрөгийн 16.7 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгал, сургалтын зардалд, үлдэх 87.3 хувь буюу 705 тэрбум төгрөгийг иргэн бүрт сард 21000 төгрөг тараах байдлаар зарцуулах аж.
Хүн бүрт 120.000 төгрөгийг олгосоноор 1 дүгээр сард 4.5 хувь байсан инфляци одоогийн байдлаар 11 хувь болжээ. Бэлэн мөнгөний нийлүүлэлтийг ирэх оны төсөвт суулгасан хэвээр нэмснээр инфляци 25 хувь болтлоо өсвөл ширхэг талх 1500 төгрөг болж сард 21.000 төгрөг авснаас эс юм болох юм. Энэ мөнгийг авсан ард түмний амьдрал дээшлэх биш үнийн өсөлтөөс болж улам дордож болно. ОУВС-аас төсвийн зарлага ДНБ-ний 5 хувьд хүрэх тохиолдолд инфляци өсч эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ гэж анхааруулдагч бодит байдал дээр ДНБ-ний 10 хувь хүрсэн ч инфляцийг хөөрөгдөлгүй явах боломжтой. Асуудлын гол нь төсвийн алдагдалын шалтгаан бөгөөд бэлэн мөнгө тараах тохиолдолд инфляци өсөх нь гарцаагүй. Статистик үзүүлэлт дээр 25-30 хувьд хүрч туссан инфляци бодит амьдрал дээр илүү их хор нөлөөтэйгээр мэдрэгддэг гэдгийг ард түмэн шилжилтийн гэх энэ 20 жилд бүгд мэдэрцгээсэн.
“Шинэ Мөчлөг” ТББ өөрсдийн хийсэн судалгаа, тооцонд үндэслэн санаачлан сар бүр олгох 21000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой картын хэлбэрт шилжүүлэн олгох саналыг дэвшүүлж байна.
Хүний Хөгжлийн сангаас олгож буй мөнгийг зарцуулахтай холбоотой иргэд, судлаачдын болон ЗГ-ын томьёолсон хувилбаруудын талаар уншигчид хэдийнээ мэдэх тул дахин нурших илүүц бизээ.

Уг мөнгийг бодит салбар руу зарцуулж байж л инфляциас аврагдана
Инфляцид өртөхгүйгээр энэ мөнгийг иргэн бүрт үр өгөөжтэй зарцуулахын тулд бодит салбарт оруулахаас өөр зам байхгүй. Бодит салбар гэдэгт дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж эмнэлэг, сургууль, зам барих, эсвэл шинэ үйлдвэр барих гэсэн хэрэгжих боломжтой хэдэн хувилбар байж болох юм. Иргэдийн зүгээс нэгэнт өг гээгүй байхад өгье гээд байгаа энэ мөнгийг нь бодитойгоор авч хэрэглэх хүсэл эрмэлзэл, хүлээлт их байгаа. Тиймээс нэгэнт амлачихсан энэ мөнгийг өгөхдөө үндсэн 2 зорилтыг хангасан хувилбараар өгөх нь зүйтэй болов уу. 1-рт. Амлалтын үр дүн бодитой, хэмжигдэхүйц байх 2-рт Инфляци өсгөх, эдийн засгийн бусад хүндрэл хүргэхгүй байх

УИХ, ЗГ-ийн шийдэл, хувилбарууд эдгээр шаардлагыг хангаж чадаж байна уу?
Хувилбар 1. УИХ, ЗГ-ын шийдэл
Сар бүр иргэн бүрт тараах 21000 төгрөгөө нэгтгэн гэр бүл, ах дүү хамаатан садан, овог бүлгээрээ ч юмуу нийлэн нөхөрлөл, хоршоорхуу зохион байгуулалтанд орж жижиг дунд үйлдвэр хийж олсон ашгаа анх оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувааж авах.
Нэг айл дунджаар 4 ам бүлтэй гэж үзвэл жилийн 1 сая 8 мянган төгрөг болох бөгөөд ойролцоогоор 5 өрх хамтараад бизнес хийнэ гэж үзвэл 4 сая 32 мянган төгрөгөөр хамтрах боломжтой. Энэ мөнгөөр ойр зуурын худалдаа арилжаа хийвэл л юу юм гэхээс тоног төхөөрөмж авч үйлдвэрлэл явуулахад яагаад ч хүрэлцэхгүй. ТҮЦ-нээс арай томхон хэмжээний 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулахад л хамгийн багадаа 6-8 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, бизнес хийхэд эргэлтийн хөрөнгөнөөс гадна ажлын байр түрээслэхээс эхлээд өчнөөн хөрөнгө хэрэгтэй. Шууд мөнгөн бус олон үзүүлэлт, шалгуур хангасан байх шаардлагатай. Иймээс нэгдэж нийлэх гэр бүлийн хүрээг өргөжүүлэх хэрэгтэй болно. Гэтэл айл өрх, ах дүү, хамаатан садан гэдэг чинь компани биш. Мөнгийг нэгдсэн удирдлага, төсөл төлөвлөгөө, борлуулалтын сүлжээ, маркетинг менежмэнттэй хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн тодорхой бааз суурьтай компани аж ахуйн нэгж л төлөвлөлттэй, үр дүнтэй зарцуулж ашиг олдог. Бизнесийн мэдлэг, чадвар, туршлага дутсанаас дампуурсан аж ахуйн нэгж, компани өчнөөн байдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл ах дүү хамаатан садангууд сайтар төлөвлөгдсөн компанийн түвшинд ажиллаж ашиг олж чадах уу? Шуудхан хэлэхэд чадахгүй. Учир нь тэдэнд компанийн удирдлагын хөдөлгөх хүч, амин сүнс нь болсон захирах захирагдах ёс, ажил, үүргийн харилцаа, хариуцлага хүлээх хэм хэмжээ тэр бүр үйлчилдэггүй. Тэр дундаа анхны хөрөнгө оруулалт адил тэнцүү байх үед. Энэ нь тухайн явуулж байгаа үйл ажиллагааг эрсдэлд оруулахад хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл эрсдлийг даван туулах чадвар сул төдийгүй орох тохиолдолд хариуцлага тооцож чадахгүй гэсэн үг. Ийм тохиолдолд ах дүүсийн хооронд хагарал гарах үүдийг тавьчих талтай. Ард түмний амьдрал хүнд, дийлэнх нь өдрийн хоолоо л торгоож байгаа мөнгө их хэрэгтэй байгаа үед зөвхөн өөр хоорондоо гомдоод үлдэхээс илүү юм болох магадлал их. Ядаж л хэл ам нь дийлдэхгүй. Бөө удган хүртэл ихэссэн гэж яригдаад байгаа энэ үед мөнгөнөөс үүдэлтэй бүх ард түмнийг хамарсан айдас болгоомжлол ч их байгаа.
Соёлын хувьсгалын үед Хятадын удирдагч Мао сул хөгжилтэй байсан гангийн үйлдвэрлэлийг шинэ түвшинд гарган хөгжүүлж зэвсэг техник, багаж хэрэгсэл үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангахаар шийдэж. Үүний тулд нийт ард иргэд, айл өрх бүрийн нөөц боломж, хүчин чармайлтыг дайчлан айл өрх, гацаа тосгон бүрийг үйлдвэрлэгч болгох замаар уг зорилтыг биелүүлнэ гэсэн айхтар зорилт дэвшүүлэн тогоо шанага, хутга заазуураас өгсүүлээд төмөр орсон бүхнийг хурааж тосгон гацаа болгонд гар аргаар төмөр хайлуулах зууханд хайлуулж хийсэн бүтээгдэхүүнүүд нь төмөр гэхэд төмөр биш, хүрэл гэхэд хүрэл биш юм болсон гэдэг. Гангийн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах нь битгий хэл ард түмнээ тогоо шанага ч үгүй болгож байсан энэ түүхтэй зарим талаар төстэй ч гэмээр бодлого явуулах гээд байгаа юм болов уу.

Хувилбар 2. Ард нийтээрээ зөвшилцөөд үйлдвэр, эмнэлэг, зам талбай барья

Уг нь болдог бол иргэд, судлаачдын тавьж байгаа нефть боловсруулах үйлдвэр, метро ч юмуу эсвэл зам, барилга, эмнэлэг баривал илүү сайхан л даа. Харин энэ тохиолдолд иргэд үр өгөөжийг нь жигд хүртэж чадахгүй, бодитой үр дүнгүй болчих талтай.
Хэн, хэзээ барих юм, ТЭЗҮ нь хийгдсэн үү гэдгээс эхлээд өчнөөн асуудал тодорхойгүй. Ардчилал, чөлөөт зах зээлтэй болсон гэ энэ үед тендер нэрийн дор танил тал сайтай ямар нэгэн ААН, компани л шалгарч тухайн бүтээн байгуулалтыг хийж таарна. Хүнд битгий хэл өөртөө итгэхэд хэцүү болсон энэ цагт тухайн байгууллага ард түмний тэр их хөрөнгийг төлөвлөсөний дагуу зарцуулж, бүтээн байгуулалт хийж чадах уу эсвэл эргээд дараагийн хэрүүлийн алимны үрийг тарих уу гэдэгт хэн ч баталгаа өгч чадахгүй. Чадах тохиолдолд бас байж болох л хувилбар. Энэ нь хөдөө орон нутаг, аймаг сумдын иргэд нэгдэж нийлээд мах, сүү, ноос, эсгийн цех байгуулж хамтарч ажиллах боломжтой гэсэн хувилбарт мөн хамааралтай. Манай улсын 360 орчим сум бүгд ижилхэн мах сүү, ноос боловсруулах юм бол борлуулалтын асуудал нь хэр боломжтой вэ? Сумын зах зээл хязгаартай тул хотод авчаачиж худалдах юм уу? Тээврийн зардалаа яах вэ? Алслагдсан, тархай бутархай байдлаас 2.7 долоон сая хүнтэй 40 сая малтай улс байж сүүгээ цуглуулаад ууж чадахгүй импортын сүүгээр хэрэгцээгээ хангаж байгаа үед энэ бодлого хэрэгжүүлэхэд амаргүй байна байх.
Хөдөө орон нутгийн онцлог нөхцөл байдалд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан бүхий төлөвлөлтийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдгийг бий болгосон гэж ойлгодог. Хөрөнгө оруулалт нь нэгдсэн төсвөөс ч юм уу эсвэл уг хөгжлийн төсөл хөтөлбөрийн хүрээнд үүсэн бий болсон сангаар дамжин санхүүжих ёстой байх. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг одоо шууд хэрэгжүүлэх гээд байгаа юмуу? Үйлдвэрлэлийн төрөлжилтийн зохистой харьцааны судалгаа энэ тэр нь хаана байна? 2011 оны 1 сарын 1-нээс өмнө бэлэн болгочихно гэж байгаа бол гайхамшигтай л байна.

УИХ, ЗГ-ийн хувилбар хууль, эрхзүйн үндэслэлтэй байж чадаж байна уу
Юуг, хэрхэн, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх нь тодорхой хэмжээгээр хуульчилагдчихсан байдаг. Орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол тусгай хөтөлбөрийн хүрээнд, улс орны хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол тодорхой бизнес санаа, төсөл төлөвлөгөөтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуурыг хангасан нөхцөлд өмнөх жилийнх шиг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан олгох гэхчилэн системтэй явагдах ёстой. Эмнэлэг, сургууль, зам барих асуудал бол төсвийн шууд хөрөнгө оруулалтаар шийдэгддэг бөгөөд энэ жилийнх нь тусгагдчихсан явж байна.
Юу хийсэн нь мэдэгдэхгүй, хянадаг, шалгадаг газар ч үгүй зарцуулчихсан 76 тэрбум төгрөгийн асуудал тодорхойгүй байгаа энэ үед төсвийн хөрөнгийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл төсвийн санхүүжилтийн тухай холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдлээ стандарт бус шийдэл гэж томьёолж байх шиг. Нэгэнт стандарт бус шийдэл юм бол бусад стандарт бус хувилбаруудыг авч хэлэлцэн хамгийн сайныг нь сонгох ёстой. Стандарт бус юм амлачихаад, стандарт бус сонгууль хийгээд, стандарт бус засгийн газар байгуулж, стандарт бус шийдвэр гаргаж байгаагийн хор хөнөөлийг бид үүрэх ёсгүй.

Иргэдийн тэгш эрх хангагдаж чадах уу
Нийтийг хамарсан томоохон төсөл буюу ямар нэг үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулая гэхэд ард түмнийг 100 хувь хамруулж чадах асуудал нь өөрөө их эргэлзээтэй. Өөртөө бодит ирэх ёстой мөнгийг хэзээ үр ашиг нь ирэх нь мэдэгдэхгүй ийм зүйлд зарцуулах хүсэлгүй иргэд олон л байх болно. Дийлэнх нь зөвшөөрөөд үйлдвэр, метрогоо барьсан тохиолдолд үр ашгийг нь нийтээрээ хүртэхээр байдаг. Иймээс уг төсөлд мөнгөө оруулсан иргэд оруулаагүй иргэдийн хүртэх үр ашгийн ялгавартай байдлыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй.

Хуурч авахаар хошуурцгаана

Үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр ашиглах зориулалтаар нэгдэж нийлбэл өгнө гэсэн ерөнхий ухагдахууны хүрээнд зорилгоо илэрхийлж төслийн санаархуу юм тоймлож бичсэн, бүлэг хүмүүс гар хөлийн үсгээ зураад, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тухай бичиг баримтаа хавсаргаж өгөөд мөнгөө бөөндөж авч болох юм байна. Энэ нь мөнгөө эртхэн бөөнөөр нь салгаж авах зорилотой “хуйвалдаан”-ыг дэлгэрүүлж ч мэдэх юм. 702.5 тэрбумыг бэлнээр өгнө гэхээр сар тус бүр 58.5 тэрбум орчим төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл хэрэглээнд чиглэсэн бэлэн мөнгөний нийлүүлэлт сард 50-60 тэрбум төгрөгөөр нэмэгдэж инфляцийг өсгөж эхлэнэ гэсэн үг.

Хуурах гээд ч нэмэргүй
Хүн бүхэн энэ маягаар эртхэн мөнгөө авцгаахыг бодно. Гэтэл сард зөвхөн 58.5 төгрөгний лимиттэй байх бөгөөд төсөлөө хийцгээгээд өгсөн ч дараа дараагийн сарын олголт руу шилжигдэн дугаарлана гэсэн үг. Лимитийг хэтрүүлэн үйлдвэрлэл хийе гэсэн хүмүүст нь олгоё гэвэл инфляцаа хүчрэхээ болино. Зарим нэг жинхэнээсээ төсөл бичсэн улсууд ялгагдахгүй болж хохирох магадлал үүснэ. Өөрөөр хэлбэл эртхэн авах бололцоо мөн л байхгүй гэсэн үг.

Эрт авах орой авах хоёрт чанарын асар их ялгаа бий
Эхний улиралд мөнгөө авцгаасан хүмүүс инфляцид өртөхгүй буюу бага өртөнө гэсэн үг. Харин 7 сараас хойш авах хүмүүс үнийн өсөлтөнд хэдийнэ цохиулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл 10, 11, 12 сард мөнгөө авцгаах хүмүүсийн мөнгө нь 252.000 биш 180.000-200.000 мянган төгрөгний л бодит худалдан авах чадвартай болсон байна. Иймээс мөнгө олголтон дээр эртхэн мөнгөө авах гэснээс үүдэлтэй бэрхшээл, завхрал үүсэх бүрэн магадлалтай. Ар, өврийн хаалга ч ихсэхийг үгүйсгэхгүй.
Энэ бүгдээс дүгнээд үзэхэд УИХ, ЗГ-ын одоогийн төлөвлөж байгаа хувилбар нь оновчгүй, бодит үр дүн муутай болох нь тодорхой байна.

Хэрхэх хэрэгтэй вэ
Ард түмэн төрийн хишгийг авдгаараа авах хэрэгтэй. Харин энэ нь үр өгөөжтэй байх ёстой. Хэрхэн оновчтой, үр дүнтэй зохицуулах тал дээр эрдэмтэн судлаачид, иргэд өөр өөрсдийн бодож, тооцсон хувилбартай байгаа байх. Бид ч өөрсдийн хувилбарыг дэвшүүлэн хэлэлцүүлэх саналтай байна.

Хувилбар №1 Buy Mongolia
Иргэн бүр тусгай картаар дэмжуулан бүрийн 21000 төгрөгийн эрхээр архи, тамхинаас бусад зөвхөн монголд үйлдвэрлэсэн барааны кодтой ахуйн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлэх хувилбар юм.
Энэ тохиолдолд иргэн бүрийг картжуулахад тодорхой хэмжээний мөнгө зарцуулж, карт уншигч байрлуулах асуудлыг дэлгүүрийн эзэд өөрсдөө хариуцчихад л болно. Ихэнх супермаркетууд карт уншигчтай байдаг бөгөөд жижиг дэлгүүрүүдийг карт уншигчаар хангах асуудлыг гарцыг нь олоод шийдчихвэл боллоо гэсэн үг.
Яагаад заавал картаар гэж
Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй, тэр хүний эрх гэх хүмүүс цөөнгүй. Хэдийгээр хүн бүр эрхтэй ч нийтийн эрх гэдгийг бас орхигдуулж болохгүй. Тэр дундаа өнөөдрийн эрхээ эдлэх байдал маргааш нь эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх нөхцлийг хүргэх аюултай тохиолдолд муйхарлан зүтгэх нь оновчтой шийдэл биш.
Бэлэн мөнгө гар дээрээ авсан хүн зайлшгүй чухал хэрэглээндээ зарцуулж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Үнэгүй орж ирсэн зүйл үнэ цэнэгүй зарцуулагдах нь бий. Тэгвэл картын эрх нээгдсэнээр нэг дор бүгдийг нь зарцуулах албагүй бөгөөд магадгүй та нэгэнт өөрийн дансанд шилжсэн эрхийг хадгалсаар өрхийн төсөвт хүндрэл авчирдаг баяр ёслолын үеэр ашиглаж болно шүү дээ. Тэгээд ч 10-хан мянган төгрөг авах гэж хагас өдөр банкинд дугаарлаж үзсэн иргэдэд хүндрэлсээд байх зүйлгүй. Орлого багатай иргэдийн хувьд ч зайлшгүй хэрэгцээндээ мөнгөө зарцуулах боломж нь илүү нээгдэнэ.

Яагаад заавал үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж
Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн авна гэдэг нь таны авах ёстой мөнгө үндэсний үйлдвэрлэлийн салбарт бодитой хөрөнгө оруулалт болж очно гэсэн үг. Ингэснээр үйлдвэрлэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүий борлуулалт өсөх, үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх, нэр төрлөө олшруулах боломжуудыг бий болгохын хамтаар чанартай сайн бүтээгдэхүүнийхээ сонголтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагыг бий болгоно. Аль болох чанартай, олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгцээ нь ажлын байрыг нэмэгдүүлэх талтай төдийгүй борлуулалтын ашгаас төлөх татварын хэмжээг ч шууд өсгөнө. Нэг үеэ бодвол манай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд үнэхээр зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан шүү дээ.
Борлуулалтын орлого, ашиг нь нэмэгдсэн үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулах, өргөтгөх, ажиллагсдынхаа цалин орлогыг нэмэгдүүлэх төдийгүй нийгмийн хариуцлагын салбарт хүртэл үүрэг оролцоо нь нэмэгдэх боломж нь ихэснэ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэх бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд бид гадныхны нөлөөллийг багасгаж чадвал цаанадаад Үндэсний аюулгүй байдалд хүртэл тустай.
Иргэн таны хувьд ч төрийнхөө хишгийг хүртэхийн хамтаар улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Дээр нь цалин орлого тань нэмэгдэж, шинэ ажилд ч орох, улмаар үндэсний үйлдвэрлэлийн салбарт хүчээ сориод үзэхэд ч дэмжлэгтэй орчин үүснэ гэсэн үг.
Нийгмийн баялагийг үйлдвэрлэн бий болгож татварын орлогыг бий болгогчид нь үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн л байдаг. Төрийн бодлого хувийн хэвшил, үйлдвэрлэгчидээ дэмжин ажил хийх боломжийг нь татварын болон хууль бүрэн хангахын тулд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах үндсэн үүрэгтэй ч ялангуяа үйлдвэрлэгчидийн хувьд дэмжлэг үргэлж хангалтгүй явж ирсэн.
Статистикийн мэдээллээс үзвэл аж ахуйн нэгж, байгууллагын регистерийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40500 аж ахуйн нэгж, байгууллагаас дөнгөж 6 хувь буюу 2400 орчим аж ахуйн нэгж боловсруулах аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нь чамлалттай үзүүлэлт юм.
Сүүлийн 20 жил жижиг дунд үйлдвэр, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж ярьж хөтөлбөр дэвшүүлэн сонгогдсоор өдий хүрсэн төрийн эрх баригчид бодит байдал дээр үйлдвэрлэлийг дэмжсэн татвар, гаалийн бодлого, тодорхой авч хэрэгжүүлсэн зүйлээр маруухан. Энэ оны эхний 10 сарын дүнгээр нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 88.2% нь компани болон бусад хувийн хэвшил, хоршоонд ажилд орсон байгаа нь ажлын байрны дийлэнхийг хувийн хэвшил л бий болгодогийг тод харуулж байна.
Тэгэхээр 702 тэрбумыг дотоодын үйлдвэрлэлд оруулчихвал үндэсний үйлдвэрлэл, ажилгүйдэл, татвар төлөлт буюу төсөв бүрдүүлэлт гэсэн 3 туулайг нэг зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой.
Чөлөөт худалдааны эсрэг бодлого болох нь гэж буруутгах хүн байж болно. Тэгвэл чөлөөт худалдааг тунхагладаг ямар ч улс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тал дээр тодорхой бодлого барьдаг. Ингэж байж л улс орны тусгаар тогтнолын үндэс болсон эдийн засгийн аюулгүй байдлаа гадны зах зээлээс хамгаалдаг.
“Хишиг” түгээх энэ бодлого нь хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан олгож байгаа энэ үед нь амжуулаад баталгаатай хөгжлийн суурийг тавьчих юмсан. Байгалийн баялагийг олборлоод дуусахад бид ядаж үйлдвэрлээд сурсан байх хэрэгтэй.
Бидний хийсэн судалгаанаас үзэхэд картаар борлуулагдах боломжтой өргөн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 300 гаруй аж ахуйн нэгжийн нийт 1000 гаруй нэрийн бараа бүтээгдэхүүн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд 10000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд энэ бодлого хэрэгжсэн тохиолдолд 15000-20000 орчим ажлын байр шинээр бий болох боломжтой.
Эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар манайх шиг эдийн засаг нь бүтээн байгуулалт, хөгжилт, тэлэлтийн үедээ байгаа улсад алдагдалтай төсөв батлах нь буруу зүйл биш боловч тэрхүү алдагдал нь ирээдүйн хөгжилөө тэтгэх хөшүүргийн зориулалтаар биш импортын хэрэглээг л дэмжих чиглэлээр зарцуулагдчих юм бол тэр чигээрээ бодит алдагдал болчих талтай аж.
Энэ нийтлэлийг бичигч миний бие 2005 онд хүүхдийн мөнгөний амлалт гарч ирж байх үед мөн 1 сумаар 3 туулай буудья гэсэн мөн адил нэртэй, ижил утга санаа бүхий нийтлэл бичин хэвлүүлж, телевизээр ярилцлага өгч байсан. Гэтэл хүүхдийн мөнгөнөөс эхлэлтэй улс төрийн намуудын амлалт сүүлдээ хэтэрч хуурамч амлалтынх нь мөнгөн дүн нь асар том дүнтэй болоод улс орны хөгжил, эдийн засагт ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд хүрчээ. Энд бид өгөх ёстой, авах ёстой мөнгийг хэрхэн өгөлцөж, авалцах тухай өгүүллээ. Бурхайтай, буруутай бодлого, үйл ажиллагааг бид хүлээн зөвөөшрч боломгүй. Гэтэл бидэнд өгөх ёстой, бидний аваа ёстой тэрхүү мөнгийг хаанаас, хэнээс бүрдүүлж байгаа нь эргээд л хөндөхгүй байхын аргагүй асуудал болжээ.

Хувилбар №2 Нэг сумаар гурван туулай
Нэг тавантолгой
“Хишиг” түгээхтэй холбоотой тэрхүү их хөрөнгийг хаанаас хэрхэн бүрдүүлж байгаа тухай асуудал урган гарч ирнэ.
Ерөнхий сайд С. Батболд сайд болсныхоо дараа Тавантолгойн орд газрыг төрийн бүрэн эзэмшилд байлгаж монголчуудад ашигтай хувилбараар ашиглалтанд оруулж сонгуулийн амлалтын 1500.000 төгрөгийг үндсэнд нь уг ордоос орох ашиг орлогоос өгөх буюу уг ордод бодит хувь эзэмшүүлэх замаар шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэн мэдэгдэж байв.
Монголчууд бид тавантолгой гэдэг нэг том ордтой түүнийгээ ашиглаж олборлож эхлэх үед бидний амьдрал дээшилнэ гэж итгэж хүлээсээр. Гэтэл сүүлийн үед ордыг ашиглаж эхлэх талаар яригдаж байгаа байдлаас харахад тавантолгойн орд маань 5 хэсэгт хуваагдчихсан юм байна. Нэг цул орд юм уу тус тусдаа юм уу, бүхлээрээ байж хувь хишгээ хүртэх юм уу, аль нэг бүлэг ордоос нь хувь хишгээ хүртэх юм уу гэдэг нь тодорхойгүй.
Ерөнхий сайдын хувь оролцоотой “Энержи Ресурс” компанийн хувьд уг ордын лицензийг гадаадынханд алдахгүй хадгалж байгаад төрд буцааж өгсөн тул ордын 4%-ийг эзэмших эрхийг олгосон. Ингэхээр тавантолгойн ордын 96% нь төрийн буюу дам утгаараа ард түмний мэдэлд байгаа гэж болно. Уг ордод одоогийн байдлаар “Энержи Ресурс”, “Тавантолгой транс”, “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани гэсэн 3 субьект үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл одоогийн ашиглах гэж байгаа арга хэлбэр, шийдэл нь эргэлзээтэй.
УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасанаар Тавантолгойн ордын 50 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн төлөөлөлтэйгээр улсын мэдэлд, 10 хувийг ард түмэнд “үнэгүйгээр” буюу амласан 1.500.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт, мөн 10 хувийг нь хөрөнгийн биржээр дамжуулан нэрлэсэн үнээр дотоодын компаниудад, 30 хувийг нь гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчидад худалдах замаар шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг босгож авна гэж шийдвэрлэжээ.

Таван толгой хэр том вэ
Ордыг 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүнээс 1.5 тэрбум тонн нь сайн чанарын коксжих нүүрс, үлдэх 5 тэрбум тонн нь энгийн нүүрс гэж тодорхойлсон. Аль аль нь дэлхийн зах зээл дээр өндөр эрэлттэй түүхий эд. Мэдээж баяжуулж боловсруулах нь илүү ашигтай энэ тал дээр анхааран орд ашиглах эхний ээлжийн хөрөнгө оруулалтад баяжуулах үйлдвэрийг барих хөрөнгө багтсан.
“Энержи Ресурс” зэрэг компани боловсруулах үйлдвэрээ бариад эхэлчихсэн. Өнөөгийн хангаар угааж боловсруулсан нүүрс дэлхийн зах зээл дээр чанараас хамааран тонн нь 80-100 ам.долларын байгаа бөгөөд үнэ нь хэлбэлзэж байдаг. Ирээдүйд зөвхөн өсөх прогнозоор хэлбэлзэнэ. Тавантолгойн коксжоогүй нүүрс нь ч өндөр чанартай мөн баяжуулж гаргах тул 1 тонныг нь 100 ам.доллараар тооцоход энгийн гэгдэх 5 тэрбум тонн нөөцийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллар болж байна. Коксжих нүүрсний хувьд боловсруулаагүй нь одоогоор тонн нь 120 ам.долларын үнэлгээтэй байгаа бөгөөд 2008 онд энэ үнэлгээ 300 ам.доллар хүрч байсан. Иймээс дундажаар тонныг нь 200 ам.доллараар тооцвол 1.5 тэрбум тонн коксжих нүүрсний үнэлгээ нь 300 тэрбум ам.доллар болж байна. Нийлээд 800 тэрбум доллар. Коксжих нүүрсийг илүү гүн боловсруулалт хийн кокс, хагас кокс үйлдэрлэвэл үүнээс хэд дахин илүү үнэ хүрнэ. Мөн дагалдах баялаг зэрэг нүүрснээс бусад түүхий эд ч бий. Энэ бүгдийг нарийвчилан тооцох гэсэнгүй зөвхөн одоогийн дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан дарууханаар буюу бодитойгоор тооцоход ийм тоо гарч байна.

800 тэрбум доллар гэдэг хэр их мөнгө вэ
Манай гаригийн хамгийн баян хүн Билл Гейтс 50 тэрбум долларын хөрөнгөтэй. Дэлхийд алдартай Японы “Сүмитомо” корпораци гэхэд 30 тэрбум долларын л зах зээлийн үнэлгээтэй. Удахгүй дэлхийд тэргүүлнэ гэгдэж байгаа Хятад гүрэн гэхэд 2008 онд 850 орчим долларын валютын нөөцтэй байсан ба валютын энэ нөөц буюу эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд зөвхөн АНУ-ын дараа 2-т жагсаж байгаа. Энэ нөөц бол сүүлийн хэдэн жил үсрэнгүй хөгжсөн Хятад улсын хэдэн арван сая үйлдвэр, корпораци эдийн засгийн бүх бүтэц нь 1 тэрбум 300 сая хүнээ ажиллуулж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн талыг төрөл бүрийн бараагаар ханган ажиллаж байж хуримтлуулан бий болгосон нөөц гэдгийг хэлэх нь илүүц биз.
Манай улсын төсөв жил дараалан өсөсөөр энэ жилийнх нь 2.5 тэрбум орчим доллар болсон байна. 90-ээд оны үед 250 сая доллар л байсан шүү дээ. Тэгвэл хийсвэрээр жишээлэхэд 800 тэрбум доллар манай улсын одоогийн энэ төсвийг дангаараа 320 жил бүрдүүлэх боломжтой гэсэн үг. Ийм л хэмжээний ордыг ашиглах асуудал яригдаж байна.

1.5 тэрбум уу 240 тэрбум уу
МУ-ын Засгийн Газар ард түмэндээ 10 хувь буюу энэхүү үнэлгээгээр бол 80 тэрбумийг хувиарлаж байгаа бололтой. Хамгийн харамсалтай “өнөөх” амлалтаа хэрэгжүүлэх гэж улайрсан эрх баригчид маань ирэх онд түгээх “хишиг”-ийнхээ мөнгийг олохын тулд тун гоомой алхам хийж гэж байгаа бололтой.
Таван толгойн ордыг ашиглахад шаардлагатай байгаа зам, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдэрийг барихад шаардагдах хөрөнгө мөнгөгүйн тул гадаадын хөрөнгө оруулалтыг авах шаардлагатай байгаа аж. Гэтэл шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг гаргасаныхаа хариуд стратегийн хөрөнгө оруулагч тал ордын 30 хувийг эзэмшинэ бололтой.
Гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагч нарт худалдах 30 хувийн үнийн дүнд 1.5 тэрбум доллар олохыг зорьж байгаа гэнэ. Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайд Д.Зоригт энэ тухай мэдэгдсэнийг дэлхийн санхүүгийн гол хэрэгсэлүүд болох Блүүмберг, Синхуа, Ройтерс болон бусад бүх агентлаг, мэдээллийн хэрэгсэлүүд дуу дуугаа авалцан мэдээлсэн нь дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин дах хамгийн дуулиант мэдээлэл болоод байна Ард түмэнд хэдий хэрийн үнэлгээтэй ардыг хэдээр өгчих гээд байгга тухай мэдээлэл алга. Учир холбогдолыг нь сайтар ойлгож амжаагүй байгаа дээр нь л хурдхан эд бад хийчих гээд яараад байгаа нь нэн сонирхолтой байгаа юм.
Өмнөх тооцоонд үндэслэвэл Тавантолгойн ордын ирээдүйн ашгийн 30 хувь нь 240 тэрбум доллар болж байна. 240 тэрбумын үнэлгээтэй юмыг 1.5 тэрбумаар худалдаж болдог юм уу? Энэ ямар гээчийн учиртай дээрэм бэ.

Яагаад заавал ийм хувилбараар шийдэх гэж
ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хэлснээр “уг ордыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь 4 тэрбум орчим ам доллар” ажээ. Гэтэл 30 хувийг нь зараад олох мөнгө нь 1,5 тэрбум ам доллар. Энэ нь стратегийн хөрөнгө оруулагч татахаар хуваасан Цанхын баруун гэх хэсэгт олборлоход шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгогдож байгаа. Тавантолгойн ордыг ашиглалтад оруулахад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ хэд болох, ямар тооцоонд үндэслэсэн талаар өгч байгаа мэдээлэл үндсэндээ байхгүй. Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнчлэн ордыг ашиглалтад оруулахтай холбоотой бүх холбогдох мэдээллийг ард түмэнд байнга өгч байх ёстой. Ордын хөрөнгө оруулалт нь зам тавих, цахилгаан станц барих, нүүрс боловсруулах үйлдвэр барихад голлон зарцуулагдана.Үндсэн ордын олборлолт нь энгийн тул нийт хөрөнгө оруулалтын багахан хэмжээ зарцуулагдана гэдэг нь ойлгомжтой.
Тавантолгойн 30 хувийг 1.5 тэрбумаар үнэлдэг юм байж. Тэгвэл ард түмэнд 10 хувийг нь “үнэгүй өгнө” гэдгийг ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм?
Одоогийн байдлаар 2 төрлийн тооцоо гаргаж ирж болно.
Эхнийх нь 1.500.000 төгрөгөөс өнөөг хүртэл авчихаад байгаа 120.000 төгрөгийг хасаад үлдэх хэсгээ тооцоод үзвэл 1.380.000 төгрөг болно. Нийт хүн амын тоонд үржүүлбэл 3.726.000.000 төгрөг буюу 3 тэрбум 50 сая орчим доллар.
Ирэх жил өгнө гээд байгаа сар бүрийн 21000 буюу 805 тэрбумыг хасч тооцвол 2 тэрбум 400 сая орчим доллар болж байна.
Таван толгойн 30 хувийг нь гаднынханд 1.5 тэрбумаар зарах гэж байгаа юм бол ард түмний 3 тэрбумыг яахаараа 10 хувиар үнэлдэг юм? Энэ доллар гэдэг мөнгөн тэмдэгт чинь дэлхий даяар нэг ханштай байдаг юм уу эсвэл монгол хүний гарт байгаа доллар гадаад хүний гарт байгаа доллараас 6 дахин бага ханштай байдаг юмуу? Энэ гаргасан үнэ, үнэлгээнийх нь дагуу бодож үзэхэд ард түмэнд ордын 60 хувийг ч эзэмших хөрөнгө байгаа юм байна.
Эрдэнэс Монгол ТҮК-ийн гүйцэтгэх захирал ноён Энэбиш Mongolian Mining Journal-д өгсөн ярилцлагадаа “Сонгон шалгаруулалтын ялагч нь ЗГ-аас баталгаа хүсэх юм бол тогтвортой байдлын гэрээ юмуу, эсвэл хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг ярьж болно. Хэлэлцээрийн явцаас шалтгаалан гэрээг аль болох түргэн үзэглэхийг бодно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны 1 дүгээр сард багтаан стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, улмаар бас нэгэн тогтвортой байдлын тухай гэрээ хийнэ гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Ингэтлээ яарах ямар хэрэг байв?
Стратегийн хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж томьеолж байгаа боловч ард түмэндээ өгөх мөнгө нэрийн дор 442 тэр бум төгрөг буюу 360 орчим сая ам долларын урьдчилгаа гаргах чадамжтай байх үзүүлэлтийг “хэт” анхаараад байх шиг.
Ард иргэдэд хишиг хэлбэрээр тараана гэж байгаа 21000 төгрөгийн асуудал ч Таван толгой ордыг гадныханд худалдах энэхүү үйл ажиллагаатай нягт уялдаатай байна уу даа. Яагаад заавал сар бүр 21000 төгрөг гэж яагаад 50 мянга ч 10 мянга ч биш гэж. Ард түмэн ирэх онд заавал 21000 өг гэж шаардаагүй хүсээгүй. Сар бүр 10000 өгөх юм бол Хүний хөгжлийн санд байгаа 320 орчим тэрбум төгрөг нь түүртэх юмгүй хүрчихнэ. Уг нь ингэсэн бол ийм балай төсөл баталж яах вэ гэж сандарч байхгүй байх боломж нь хангалттай байсан. Төсвийн алдагдлыг 9,8 хувьд хүргэн ЗГ-ийг стратегийн хөрөнгө оруулагчдын өмнө 442,5 тэр бум төгрөгний өрөнд хүчээр оруулах нь 1-рт хөрөнгө оруулагчдад хэргээр бэлдэж өгсөн өгөөш, 2-рт амалсан мөнгөө л өгөх гэж ингэж байна шүү дээ гэж өөрсдийгөө өмөөрөх үндэслэл 3-рт ард түмний хувьд тэгвэл ч одоо яах вэ бидний 21000 төгрөгийг ямарч байсан улс өгөх чадвартай боллоо гэсэн ойлгох, өмөөрөх сэтгэхүйг хиймлээр бий болгохыг зорьсон 3 талт ач холбогдолтой байхаар дэглэгдсэн бололтой. Монгол Улсын ЗГ гадаадын эдийн засгийн алчуурчдын гар хөл болоод байгаа юм биш биз.

Яагаад заавал гадныханд гэж
Таван толгойн ордыг ашиглахад ямар нэгэн хувийг гадаадынханд эзэмшүүлэх улмаар тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ нэрийн дор энэхүү луйварийн үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль, Олон улсын конвенцын хамгаалалтад оруулж, баталгаажуулах тухай асуудал байж боломгүй мэт. Учир нь энэ орд улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон, уг ордыг ашиглахад ашиглагдах уул уурхайн олборлолтын технологи болон ордын өөрийнх нь байгалийн бүтцийнх нь хувьд Монголчууд бид хийж чадахгүй, хүндрэлтэй зүйл байхгүй.
Монгол Улсад 2000 метрийн гүнд уурхайн олборлолт хийж басйан туршлага байхгүй ч өнгөн хөрсийг хуулан нүүрсний олборлолт хийж ирсэн арвин туршлагатай билээ. Өнөөдөр ашиглагдаж байгаа Багануур Шивээ овоо зэрэг нүүрсний ордуудыг энэ технологиор л олон жил ашиглаж ирсэн. Ялгаа нь Тавантолгойн ордод өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр томоохон обьемыг хамарсан олборлолтын үйл ажиллагаа л явуулах шаардлагатай. Үүнийг шийдэхэд өндөр хүчин чадалтай экскаватор, дэлхийн уул уурхайд ашиглагддаг блазыг 4-6 нийлүүлсэнтэй тэнцэх хүнд даацын машин, техник хэрэгсэл л хэрэгтэй. Ийм байхад уг ордыг Монголчууд ашиглаж чадахгүй хэмээн ярьж сурталчилж байгааг ойлгохгүй байна.
Одоогийн байдлаар уг орд дээр уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа Таван толгой Транс компани дээрх энгийн аргын дагуу нүүрсийг олборлосоор байна шүү дээ
Таван толгойн орд бүрэн судлагдаагүй орд. Аливаа нэгэн томоохон ордыг бүрэн хайгуул хийж судална гэдэг нь маш урт цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардсан ярвигтай бөгөөд баталгаагүй ажил юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглаад хэдийнээ 30 гаран жил болсон ч нөөц нэмэгдүүлэх хайгуулын судалгаа нь одоог хүртэл үргэлжилсээр байгаа.
Сүүлийн үед гарсан мэдээллээс үзэхэд нөөц өсөн нэмэгдэх магадлал ч байгаа аж. Зарим нэг туршлагатай геологичид өмнийн их говьд орших Таван толгойн ордын одоо байгаа илрэц нь зөвхөн илэрсэн хэсэг нь уг орд нь нүүрсний асар том талбайг эзэлж байгаа буюу Өмнөговь аймгийн нийт нутгийг хамарсан нүүрсний асар том судал бабайх магадлалтай бөгөөд хөрөнгө мөнгөгүй улмаас бүрэн судлагдаж чадаагүй бололтой. “Газар доогуур хэдэн зуун км үргэлжиж Говь Алтай аймаг хүртэл үргэлжилсэн асар том судлын илрэц” гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй юм. Нэгэнтээ бүрэн хайгуул хийгээгүй учир үүнийг хэн ч худал гэж баталж чадахгүй. Мөн үнэн гэж баталж чадахгүй. Харин магадлалтайг тухайн ордын эргэн тойронд илэрч байгаа нүүрсний ордууд харуулж байх шиг.
Өнөөдрийн хэдхэн төгрөгнөөс болж 30 хувийг нь гадаадынханд эзэмшүүлээд мөн 30, 60 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулчихвал ирээдүйд хайгуулын ажлаар илрэн гарах бүх өсөн нэмэгдэх нөөцийг эзэмших эрхээр гадныхныг хангачихна гэсэн үг.
Үүнийг мэдэхгүй байна уу, эсвэл мэдсээр мэдэн будилж байна уу,

Тогтвортой байдлын гэрээ тойрсон асуудлууд
Сүүлийн үед хийгдсэн тогтвортой байдлын тухай гэрээнүүд Монгол Улсад ямар ч ашиг авчраагүй. Бороо гоүлд компанитай хийсэн тогтвортой байдлыг гэрээнд 40 тонн алтны нөөцтэй уг ордыг ашиглагчийг 5 жилийн хугацаанд татвараас чөлөөлтөл хөрөнгө оруулагч Паушок жилд 8-10 тонныг олборлох хүчин чадалтай үйлдвэр байгуулаад 40 тонн алтыг нь татваргүй ухаад аваад явчихсан. Үүнээс хэдхэн иргэн 5 жил ажлын байртай болсноос өөр ашиг Монгол улсад үлдээгүй. Паушок зарим үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг олигтой сайн хийлгүй зугтаан гарсан хэрнээ Монгол Улсыг арбитрын шүүхэд өгчихөөд явж байна.
Сүхбаатар аймгийн Цайрт минерал компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ нь хөрөнгө оруулагч Хятадын талын эрх ашгийг хэт хамгаалсан болохоос Монгол Улсад ашиггүй байдлаар хийгдсэн байгааг одоог хүртэл ярьж бичицгээж л байна.
Айвенхау Майнз компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ Монголын талд хэр ашигтай байгаа талаар эдийн засагч, судлаачид, иргэд эргэлзэж байна. Баялагийн буюу 600 гаруй тэрбум ам долларын үнэлгээтэй уг ордын жинхэнэ эзэд нь болох Монголчууд 34 хувийг нь эзэмшинэ гэдэг энгийн ухаанаар бодоход шударга бус юм. Оюутолгой төслийн тогтвортой байдлын гэрээний хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс уг ордын 6-7 хувийг эзэмшихээ шахсаныг бид бүгд мэднэ. УИХ- дахь зарим шударга гишүүд уг асуудлыг илчлэн олны сонорт хүргэснээр Оюу толгой төслийн ТУЗ саяхан яаралтай хуралдаж давуу эрхийн хувьцаа гаргах тохиолдолд Монголын ЗГ-т мэдэгдэх буюу зөвшөөрөл авна гэсэн заалтыг оруулснаар арай гэж 34 хувьтайгаа үлдэхээрболж байх шиг.

Монголчуудад боломж байна уу
Уг нь боломжтой. Боломжийг бүрдүүлэх үүднээс ч эхнээсээ эвлэлдэн нэгдээд байгаа. Нэг үр дүн нь Монгол 999. Нэгдсэн 2000 орчим компани нь мөн л Монголчууд бидний нэг хэсэг, төдийгүй энэхүү баялгийн хууль ёсны эзэд. Тиймээс ч тэдний тэмүүлэл нь Монгол хүн гэсэн утгаараа зүй ёсных. Эдгээр татвар төлөгч компаниуд нь МУ ардчилал зах зээлд шилжсэн 20 жилийн дотор үүсэн бий болсон, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагааны үр дүн гэж болно.
Монгол Улсын төр зорьсон зорилгынхоо үр дүнд бий болсон эдгээр комданиудыг эцгийн ёсоор хайрлаж, халамжлан хөл дээр нь босгох ёстой. Ийм ч үүрэгтэй гэж ойлгож болно. Гэтэл үүсэн бий болсон нөхцөл үүний яг эсрэг дүр зурагийг илэрхийлж байх шиг. Өнөөх 39 дүгээр тогтоолоор үндэсний компаниудад 10 хувийг л эзэмших эрхтэй аж. Түүнчлэн хууль эрх зүйн хүрээнд дотоодын компаниудын оролцоог боомилох зүйл заалтуудыг аль хэдийнээ оруулжээ.
Тухайлбал, Засгийн Газрын дугаар тогтоолд “таван толгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчаар өрсөлдөх субъект нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байж болохгүй” гэсэн заалтыг оруулж, гэтэл Монгол 999 нэгдэлд нэгдсэн Таван толгой транс ХХК нь уг ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг тул үүнээс болж Монголын уул уурхайн чиглэлийн нийт компаниуд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн зүйл заалтанд хамаарагдан сонгон шалгаруулалтад орох эрхгүй болж байгаа бололтой.

Будилаантай тогтоолын эргэн тойронд
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол нь өөрөө маш бүрхэг ойлгомжгүй, холбогдох хуулиудтай зөрчилдсөн тогтоол. Тухайлбал, тогтоолын эхний заалтын “төрийн өмчит” гэсэн тодорхойлолт нь уг заалтын 3 дахь мөрөнд байгаа “хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах” гэсэнтэй авцалдсангүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг авах бол төрийн өмчит компани байх нь хууль зүйн хувьд боломжгүй. Бусад олон зүйл заалт нь энэ мэтчилэн хууль зүйн хувьд авцалдахгүй яаж ч мушгин тайлбарлаж болохоор зүйл олон байгааг хуульд докторант С.Оргодол хөндөн бичжээ.
Монголчуудыг төлөөлөн гадаадынхантай хамтран ордыг ашиглах гэж байгаа Эрдэнэс Таван Толгой компани нь аж ахуйн нэгжийн дүрмийг ч боловсруулаагүй, ТУЗ-ийг ч сонгоогүй байхад сонгон шалгаруулалт явагдаж байгаа нь хуульд хэр нийцсэн хэрэг вэ. Түүнчлэн Тавантолгой нь нэг бүлэг том орд уу, тус тусдаа жижиг ордууд уу гэдэг нь ч тодорхойгүй байхад сонгон шалгаралт явагдсаар.
Тавантолгойн орд дээр Энержи ресурс, Дай Цу Ку, Таван толгой Транс кмпаниуд болон Таван толгой ХК уурхай барьж, үйл ажиллагаа явуулдаг ч төр эдгээр байгууллагуудтай гэрээ хийгээгүй. Эрдэнэс Таван Толгой компаниар төлөөлүүлэн олборлолт ордод ашиглалт хийх гэж байгаа одоогийн энэ хувилбар нь Таван толгойн ордыг Цанхын баруун хэсэг, Цанхын зүүн хэсэг гэж 2 шал өөр төрлийн хувь оролцоо ашиглах эзэмших хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах төлөвлөгдөж байна.
Монголын ард түмэнд эзэмшүүлэх хувь хэмжээг нь энэ бүх орд, уурхайнуудын үйл ажиллагааны нийт ашгийн нийлбэрээс нь өгөх юм уу, Эрдэнэс Таван толгой компаний оролцоотойгоор ашиглана гэж томъеолж байгаа Цанхын зүүн хэсгийнх нь үйл ажиллагааны ашиг орлогоос хүртээх юм уу.
Зарчмын хувьд эдгээр үндсэн асуудлуудыг шийдвэрлэсэн байж орд ашиглах хувилбаруудыг томьеолон гаргаж хэлэлцэх ёстой юм биш үү.Ард түмэн 1 таван толгойг хүсч байгаа болохоос ямар нэгэн Цанхын зүүн, баруун хэсгийг хүсээгүй. Үүний цаана асар том хуйвалдаан, нууцлаг эрх ашиг нуугдаж байна уу.

Цанхын зүүн баруун хэсэг
Энэ нь стратегийн хөрөнгө оруулагчийг заавал оруулж ирэх гэсэн ашиг сонирхлоос үүдэлтэй. Төр өөрийнхөө мэдлийн 50 хувь дээр олборлосон нүүрсээр нь нөхөн төлбөр хийх гэрээгээр стратегийн хөрөнгө оруулагч татах хувилбарыг УИХ-д ЗГ-аас оруулж иржээ. Гэвч ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийг стратегийн хөрөнгө оруулагчаар оруулна гэсэн заалт бий. Иймээс ЗГ-ийн стратегийн хөрөнгө оруулагч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихгүй операторийн үүрэгтэйгээр л орж ирэх ирэх боломжтой болов. Ашигт малтмалын тухай хуульд оператор компанийг стратегийн хөрөнгө оруулагчаар оруулж болох тухай заалт нэмэх тухай хуулийн төслийг УИХ-д оруулав. Аз болоход УИХ үүнийг нь дэмжсэнгүй. Тэгэнгүүт Цанхын зүүн баруун хэсэг гэсэн асуудлыг тавьж, Цанхыг нэг хэсгийг Эрдэнэс таван толгойд эзэмшүүлээд нөгөөг нь стратегийн хөрөнгө оруулагчид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нь хамт бэлэгдэх тухай хувилбар байв. Ингэснээр ашигт малтмалын тухай хауулийн стратегийн хөрөнгө оруулагч оруулахтай тухай заалтыг зөрчихгүй, нийцэх боломжтой болж байгаа юм.
Цанхын зүүн хэсэгт ажиллах оператор компани гэдэг нь нүүрс олборлох туршлага сайтай, нүүрс ухагч том оврын экскаватор зэрэг уурхайн олборлолтыг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг бие даан гаргах чадвартай байх ёстой. “Эрдэнэс Тавантолгой” компанид эдгээр тоног төхөөрөмж, дадлага туршлага байхгүй учраас ийм хэлбрээр хамтарч ажиллах гэж байгаа бөгөөд уг тендерт өрсөлдөж байгаа “Пибоди Энержи”, Вале, “Мицуй”, “Экстрата” зэрэг том компаниуд үндсэндээ нэг тонн нүүрсийг хэдэн доллараар үнэлгээтэйгээр олборлож “Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлэх вэ гэдэг үнийн саналаар өрсөлдөж байна.
Цанхын баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулна.. Сонгон шалгаруулах үндэслэл нь уг ордыг ашиглалтанд оруулахад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг л оруулах чадвартай байх. Мэдээж нүүрс олборлох арвин туршлагатай, уурхайн техник эдийн засгийн үндэслэлээс эхлэн уурхайн ашигалттай холбоотой бүх ажлыг мэргэжилийн түвшинд хариуцан хийхээс гадна шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдтэй компани байх ёстой.

Монголчууд бидний боломжууд
Энэ том ордынхоо хишгийг ялихгүй юманд барьцаалагдаж гадныхантай хуваалцахгүйгээр 100 хувь өөрсдөө хүртэх боломжтой. Технологийн хувьд боломжтой юм бол юунаас болоод гацаад байна вэ? Энэ бол хөрөнгө оруулалт.
Тэгэхээр уг ордыг ашиглах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах талаар байж болох зарим хувилбарыг дэвшүүлэн хэлэлцүүлье. Тавантолгойн ордын эзэмшлийн хувь хэмжээний асуудлыг цэгцэлж чадвал Төрөөс ард түмэнд амалсан “популист” амлалтын мөнгөөр хөрөнгө оруулалт хийн багаар бодоход 30 хувийг нь эзэмших боломжтой. Төрийн эзэмших 50 хувиас гадна шүү. Төрийн гадныханд худалдчих гээд байгаа тэр 30 хувийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх өөр боломжууд Монголчууд бидэнд байгаа. Шаардлагатай хөрөнгө оруулалт буюу улс төрийн амлалтын хүрээнд бий болсон 3 тэрбум гаруй ам долларыг босгох, ард түмэнд энэхүү хөрөнгө оруулалтын дагуу 30 хувийг эзэмшүүлэх, Монгол 999 зэрэг үндэсний аж ахуйн байгууллагуудын нэгдэлд үлдсэн 20 хувийг эзэмшүүлж ордын олборлолтын үйл ажиллагааг дотоодын нөөц боломжид тулгуурлан гүйцэтгэх боломжтой.

Хувилбар 1

Дэлхий дээр ирээдүйд түүхий эдийн нөөцийн эрэлт хэрэгцээ болон үнэ ханш зөвхөн өсөх прогнозоор хэлбэлзэнэ. Учир нь Хятад, Энэтхэг, Вьетнам болон зүүн өмнөд Азийн маш олон орнууд эдийн засгийн эрчтэй хөгжлийн замдаа оржээ. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал, өмнө нь дугуй унаж явдаг байсан хүмүүс машин унадаг болж байгаа гэсэн үг. Урц тагцанд амьдарч байсан бол орон сууцанд амьдардаг болж байгаа гэж хэлж болно. Гэтэл эрчимтэй хөгжиж байгаа энэ их эрэлт хэрэгцээний ард дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь хамрагдаж байгаа. Автомашин болон барилга байшин барихад төмөр гол түүхий эд нь. Төмрийн хүдрийг боловсруулж бүтээгдэхүүн хийхийн тулд сайн чанарын коксжих нүүрсийг ашиглана. Өсөн нэмэгдэж буй энэ эрэлт хэрэгцээний нөгөө талд нөхөн төлждөггүй, төмөр болон нүүрс бусад ашигт малтмалууд нь шавхагдаж байгаа.
Таван толгойн орд бол манай гариг дээр нээн илрүүлсэн 5 том ордын нэг. Уг ордыг олборлон сайн чанарын кокс, коксжсон нүүрс үйлдвэрлэн гаргаж, хангах гээд байгаа зорилтод зах зээл нь Япон, Өмнөд Солонгос болон Герман зэрэг европийн үйлдвэрлэгч орнууд байгаа. Гэтэл бид яагаад зорилтот зах зээлтэй шууд харьцаж болдоггүй билээ. Жишээлбэл Япон Улс, нийт хэрэгцээт түүхий эдийнхээ 90 хувийг БНХАУ-аас импортлон авдаг тул түүхий эд ханган нийлүүлэлтийн хараат байдалд байдаг. Нүүрсний хувьд Индонез Улсаас импортлон далайн тээврээр хэсэг хэрэгцээгээ л хангадаг. Япон болон Хятад Улсууд нь улс төрийн харилцааны хувьд тийм ч таатай бус түншүүд. Иймээс ч Япон Улс түүхий эд ханган нийлүүлэлтийн найдвартай томоохон гарц сувагтай болохыг олон жил хайн сүвэгчилж ирсэн төдийгүй Таван толгойн орд дээр хамтран ажиллах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байгаа. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг саяхан Япон улсад айлчлах үеэр энэ сонирхлоо дахин илэрхийлэн, коксжих нүүрс ашиглан төмрийн хүдэр хайлуулах хамгийн томоохон үйлдвэрээ хүртэл аяллын маршрутад оруулж танилцуулан, жилд шаардагдах коксжих нүүрсний тоо хэмжээ, тавигдах шаардлага, үнэ ханш зэрэг бүх мэдээллээ хүртэл өгч байх юм. Манай улс Японтой найрсаг харилцаатай улсын тоонд зүй ёсоор ордог. Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд Англи, АНУ, Герман, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг гуравдагч хөршөө гээд томьеолчихсон улс.
ОХУ-ын Ерөнхийлөгч өмнөх 2 жилд БНХАУ –д албан ёсны айлчлал хийхдээ Сибирийн нүүрсний орд газраас 25 жилийн туршид БНХАУ-ыг нүүрсээр найдвартай тасралтгүй хангана гэсэн утгатай тохиролцоо хийж стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, үүнийхээ зөвхөн урьдчилгаанд 6 тэрбум ам доллар авч энэхүү ордыг ашиглахтай холбоотой уурхай байгуулах болон дэд бүтцийн асуудлаа шийдэх хөрөнгө оруулалтыг шийдчихсэн. Энэ стратегийн түншлэлийн гэрээнд зөвхөн нүүрсээ урт хугацаанд тогтвортой найдвартай хангах агуугатай болохоос биш үүнийхээ хариуд өөрийнхөө ордод ямар нэгэн хувь эзэмшүүлэх юмуу, нүүрсийг ийм тийм үнээр авна гэсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл нүүрсээ тухайн үеийн дэлхийн зах зээлийн ханшаар найдвартай, тогтвортой нийлүүлнэ гэсэн амлалт тохиролцооны хариуд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж. Гэтэл манайх туйахлбар Япон Улстай яг ийм стратегийн түншлэлийн гэрээг байгуулж болохгүй гэжүү.
Ганц Япон ч биш, БНСУ ч гэсэн коксжих нүүрсний хэрэглээ нь Японоос дутахгүй. Эдгээр улсууд болон Монгол Улсын хооронд ийм гэрээ байгуулагдах улс төр, эдийн засгийн үндэслэл өндөр түвшинд хөгжсөн дипломат харилцаа, ард түмнүүдийнх нь хоорондох харилцан хүндлэл, итгэл үнэмшил гээд шаардлагатай бүх нөхцөл нь байна шүү дээ.
Тэгэхээр эхний хувилбар бол түүхий эдийн салбарт хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээг Монголд ашигтайгаар байгуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах явдал юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчдад хувь хэмжээ эзэмшүүлэх, хөрөнгө зах зээлд хөрөнгө босгох үйл ажиллагаа хийх нь шаардлагатай хөрөнгийг олох зөвхөн нэг л хувилбар. Герман улсад ч ийм сонирхол буюу бидний хувьд боломж нээлттэй байгаа.
Гадаадын нэр хүндтэй хөрөнгө оруулагчтай хамтраагүй тохиолдолд Монголчууд дангаараа IPO хийж чаддаггүй юм бол стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан тохиолдолд бид юунаас ч айх эмээх шаардлагагүй болно.

Хувилбар 2
Энэ нь ард түмэнд мөн адил 30 хувийг, үндэсний компаниудад 20 хувийг эзэмшүүлэх, үндэсний компаниуд эзэмшсэн 20 хувьдаа үндэслэн хөрөнгийн зах зээл дээр IPO хийж шаардлагатай хөрөнгө оруулалт буюу ард түмний 3 тэрбум ам долларыг босгох хувилбар юм.
Монголын дотоодын компаниуд гадаадын томоохон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаагүй тохиолдолд IPO хийж хөрөнгө босгох боломжгүй гэж ЭБЭХ-ний Д.Зоригт сайд ярьжээ. Гэтэл үндэсний компаниуд ордоос хувь эзэмшүүлсэн тохиолдолд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгож чадна гэдэг. Тэгэхээр чадах эсэх талаарх асуудлын үндэслэлийг сайтар бодох хэрэгтэй. Мөн үндэсний компаниудад 20 хувийг эзэмшүүлсэн тохиолдолд тэдэнд өмнөх хувилбарт яригдсан стратегийн түншлэлийн гэрээ байгуулах боломж ч нээгдэнэ. Үүний тод жишээ нь Монгол 999 нэгдэл европийн сэргээн босголтын банктай нүүрс нийлүүлэх тухай гэрээ байгуулж 30 сая ам доллар хэдийнээ авчихаад байгаагаас харж болно.

Ард түмэн 30 хувийг эзэмшвэл
Гадаадын хөрөнгө оруулагч 1,5 тэрбумаар 30 хувийг худалдаж авч болдог юм бол популист амлалтын “ач”-аар бий болчихоод байгаа 3 тэрбум ам доллараар ард түмэн яагаад тэр 30 хувийг эзэмшиж болдоггүй билээ. Доллар бол хэний гарт байгаагаас үл хамааран ижилхэн ханштай. Тэгвэл ямар нэг байдлаар ард түмэн уг ордын 30 хувийг эзэмших тохиолдолд ямар үр ашгийг хүртэх боломжтой талаар төсөөллийг хамтдаа хийе. Хүчин чадал сайтай олборлох компанийг бий болгон Тавантолгойн ордод ажиллуулснаар нүүрсний экспортыг жилд 100 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавигдсан байгаа. Улмаар Монгол Улс Азийн нүүрсний экспортын 5-аас дээш хувийг нийлүүлэх чадалтай улс болсон тохиолдолд голлон тоглогчдын нэг болж нүүрсний экспортын үнэд нөлөөлөх чадвартай болно. Ирээдүйд энэ зорилтот гадны ч бай дотоодын ч бай оператор мэдээж хүрнэ. 100 сая тонн нүүрсийг угааж баяжуулсан энгийн нүүрс буюу нэг тонныг нь 100 ам долларын үнэлгээгээр тооцвол 10 тэрбум ам доллар, үүнээс тээвэрлэлт, олборлолтын зардалд тонн бүрээс 30 ам долларыг хасвал 7 тэрбум ам доллар болно. 50 хувийг нь төр авчихаар төсөвт 3,5 тэр бум ам доллар орж ирнэ. Үлдэх 50 хувийг 30 хувийг ард түмэн эзэмшвэл 2,1 сая ам долларын ноогдол ашиг бидэнд ирнэ. Үүнийг 2,7 сая хүн амд хуваавал нэг иргэнд жилдээ 760 орчим ам долларын “хишиг” хүртэнэ. Энэ тооцоог зөвхөн энгийн нүүрсээр тооцлоо. Мэдээж гол нь өндөр үнэлгээтэй кокс, хагас коксыг зарах тул борлуулалтын дүн нэмэгдэж улмаар нэг иргэнд 1000 ам доллар ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл 5 ам бүлтэй айл жилдээ 5000 ам долларын ноогдол ашиг хүртэнэ. Ингэх тохиолдолд ард түмний амьдралд үзүүлэх эерэг нөлөөллийг тооцоод баршгүй.
Ганцхан жишээ татахад жил бүр баталгаатай 5000 ам долларын орлоготой өрх, орон сууцны зээлд хамрагдан өрх бүр орон сууцтай болохч боломжтой. Хотод энэ агаарын болон хөрсний бохирдлоос аврагдах гарц ч болж мэднэ. Ямарч л байсан Монголчууд ядуурлаас аврагдана.
Хамгийн гол нь энэ хишгийг хэдэн үеэрээ эдлэх боломжтой. Улс төрчдийн амлалт шиг ганцхан жил эдлэхгүй. Энэ тооцоог тодорхой хэмжээнп хийсвэр мэт санагдаж болох ч гэхдээ ямарч үндэслэлгүй тооцоо биш шүү. Зөвхөн ард түмэндээ хандан боломжийг зөв ашигласан тохиолдолд бий болж болох ирээдүйн төсөөлөл дүр зургийг багцаалдан гаргаж ойлгуулахын тулд хийлээ.

Хамтдаа шийдвэл буруугүй

Чоно борооноор гэдэг. МУ-ын ЗГ-аас идэр есийн хүйтэн тачигнах байгалийн бэрхшээлт цаг үеийг онилон, шинэ жил, цагаан сар гэх ард олны санааг илүү “зовоох” томоохон баярыг дамнуулан зарим асуудлыг шийдвэрлэхээр улайрч байх шиг.
Эрхэм эдийн засагчид, судлаачид, эрдэмтэд, уул уурхайн компаниуд, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, мэргэжлийн холбоод болон нийт иргэддээ хандан нийтлэлтэй холбоотой асуудлаар санал солилцохыг хүсч байна. Алдаа оноотой талыг нь шүүн хэлэлцээд, боловсронгуй арга замыг сонгон нэгдсэн зохион байгуулалттайгаар шийдвэрлүүлэх хэрэгтэй мэт. Цаг хугацаа алгуурлах тусам бидэнд ашиггүй тул Монголчууд минь нэгдэж эх орон, төр улс, монголчуудаа аврах цаг нь болжээ.

No comments: