Г.Түмэннаст: Сөрөг хүчний статустай байх ёстой АН дээр судалгаа хийлээ

МУИС-ийн Нийгмийн судал­гааны хүрээлэнгийн судлаач багш Г.Түмэннасттай ярилц­лаа.

-Танай судалгааны хүрээлэн манайдаа энэ чиглэлээр голлох мэргэжлийн байгууллага. Танайх саяхан манай хоёр голлох нам буюу Хамтарсан Засгийн газарт багтсан хоёр намд болж буй үйл явдлын хүрээнд судалгаа авсан гэж сонслоо. Энэ талаараа тод­руулна уу?

-Саяхны МАХН-ын Их хурал болоод АН-ын дотор эхлээд байгаа нөхцөл байдал бол зөвхөн энэ өвлийн сезоны төдий асуудал бус харин 2012 оны сонгуулийн галын бэлтгэл жинхэнээрээ эхэлж байгаа хэрэг гэж бид харж байгаа. Тийм ч учраас улс орны хувь заяаг ший­дэлцэж буй хоёр том намын нэг­нийх нь нэрийн шинэчлэл болоод их хурлын дуулиан намжаагүй, нөгөөгийнх нь шинэчлэх хөдөлгөөн болоод ээлжит бус Их хурлын сураг ид яригдаж эхлээд байгаа энэ зурвас үеийг ашиглан нийслэл хотод шуурхай тандалт судалгаа хийж үзсэн юм.

-Энэ санал асуулгад хэр олон хүн хамрагдав. Яг ямар хү­мүүсээс санал асуулгаа авсан юм бэ?

-Нийслэлийн Ардчилсан на­мын гишүүдийг хамруулсан юм. Шуурхай санал асуулгадаа зургаан дүүргийн 300 гишүүнийг хам­руул­лаа. Хөдөө орон нутгаар санал асуулгаа явуулах цаг хугацааны боломж байгаагүй. Улс төрийн амьдралын яг энэ зурвас үед олон нийтийн санал бодол ямар байгааг гаргах нь бидний зорилго байсан. Хэвлэл мэдээллийн нэвтрүүлэг, нийтлэлүүд, хурал цуглаан, улстөрчдийн хэлсэн үг гээд тэр бүхэн энэ намын эргэн тойронд эргэлдэж байна. Энэ бүхэн олон нийтийн санал бодлын нэг илрэл болохоос яг намын гишүүд юу гэж бодож байгааг нь харьцангуй үндэслэлтэй, төлөөлөх чадвартай илэрхийлж чадахгүй. Харин олон нийтийн санал бодлын талаар илүү үндэслэлтэй хэлж чадах нь судалгаа, санал асуулга байдаг. Судалгааны байгууллагуудын нэг үүрэг нь ч олон нийт ингэж бодож байна гэдгийг судалж гаргаж тавих явдал юм. Тиймээс ч манай хү­рээлэн ийм судалгаануудыг хийж байгаа.

-Гэхдээ сонгуулийн өмнө янз бүрийн газруудын судалгаа дүн гараад байдаг. Үнэмшихэд хэ­цүү, үгүй гэхэд бас хэцүү байдаг. Танай гаргасан судалгааг үнэм­шилтэй гэж үзэж үндэслэл нь юу вэ?

-Тийм ээ, энэ бол чухал асуу­дал. Бид аль ч судалгааны ажлыг үр дүнд нь өөрсдөө ч итгэлтэй байхын тулд хийдэг. Түүврийн төлөөлөх чадвар, зохист хэмжээ гэж ойлголт бий. Түүний хүрээнд гадаадын нэр хүндтэй олон ний­тийн санал бодлын институцууд өөр өөрсдийн аргачлалыг бий болгосон байх нь бий. Энэ бай­гууллага монголчуудын санал бодлыг гаргахаас эхлээд, аль нэг байгууллагын хүрээнд янз бүрийн түвшинд судалгаа хийж ирсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүс төлөөлж чадах нь уу гэдэг нь хоёр асуудлаас хамаардаг. Нэгдүгээрт, тоо, хэмжээний хувьд, хоёрдугаарт, яаж хамруулж байгаад байдаг. Тоо хэмжээний хувьд ч, хамруулалтын хувьд ч сүүлийн арван хэдэн жил хийж ирсэн аргазүйгээ л хангаж ажилласан. Баримтжуулалтын хувьд бол гарын үсэг, гар утас­тайгаа намын гишүүдийн асуулгын хуудас нь манайд байна. Намын гишүүдийг хамруулахдаа намын байгууллагуудаар орж гарсан ги­шүүдээс, мөн айл өрхүүдээр явж гишүүдийг олж санал асуулгад хамруулсан.

-Хүмүүс улс төрийн талаархи судалгааны үр дүнгийн бодитой эсэхэд эргэлзэх явдал байдаг л даа. Бас ингэх ч аргагүй байдаг гэдгийг та ойлгох байх аа...

-Улс төрийн намуудын талаархи, тэр тусмаа аль нэгэн улс орны Засгийн эрхийг барилцаж буй намуудын асуудал бол зөвхөн тэр намын дотоод асуудал биш гэдэг нь тодорхой. Энэ бол аль ч судал­гааны байгууллагын зүй ёсоор сонирхон судлах ёстой зүйл юм. Улс төрийн сэдэв нь нийгмийн бусад асуудлуудыг бодвол угаасаа хардалт, сэрдэлт төрүүлдэг эмзэг сэдэв нь үнэн. Гэхдээ энэ нь судалж болохгүй юм уу, дандаа субьектив дүгнэлт гардаг гэсэн үг биш шүү дээ. Харин судалгааны байгуул­лага, судлаачдын мэргэжлийн ёсзүй, ур чадварын л асуудал. Намын гишүүд бус олон нийт ч энэ үй явцыг сайн чагнаж байна. Санал асуулга явуулж байхад намын гишүүдээс санал асуулгыг загат­насан газар нь маажсан юм шиг уриа лоозон лугаа хүлээж авч байхад, зарим нь асуулгын хуудсыг урж тастаж хаячих гээд байгаа ч нэг хэсэг байлаа. Энэ нь үнэхээр уг асуудал нь олон нийтийн анхаар­лыг татсан чухал сэдэв болохыг харуулж байгаа юм. Тийм ч учраас судалгааг нэг талаас амаргүй, нөгөө талаас амьд, процесслог болгож байгаа. Өөрөөр хэлбэл олон нийтийн санал бодол дахь зөрчилдөгч талуудыг хамарсны илэрхийлэл гэж ойлгож болно.

-Гол хоёр намын талаар со­нирхох нь зүй гэж та хэлсэн. Харин танай хийсэн энэ судал­гаанд зөвхөн АН-ын гишүүдийг оруулжээ. МАН-ын гишүүдийг хамруулаагүйн учир юу вэ?

-Нэгд гэвэл, энэ судалгаа олон нийтийн түвшинд ч хийгдсэн, хоёрт гэвэл, МАХН-ын Их хурал болоод өнгөрчихсөн, гуравт гэвэл, 2008 оны сонгуулийн дүнгээр бол сөрөг хүчний статустай байх ёстой АН руу асуудлыг илүү түлхүү чиглүүлж судлах зорилго тавьсан юм. Ер нь тэгээд судалгааны үр дүнд би элдэв тайлбар хийх гэхээсээ илүү, зарим тодорхой дүнгүүдийг харуулах нь зөв байх. Хүмүүс өөрсдөө хараад дүгнэлт хийнэ биз дээ.

Нийгмийн судалгааны хүрээ­лэнгийн гаргасан судалгааг ний­тэллээ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Таны бодлоор сүүлийн хэдэн жилд Ардчилсан намын болон МАН-ын үзэл баримтлал, үнэт зүйлсийн хооронд ялгаа харагдаж байна уу?

Ерөнхийдөө ялгаа сайн харагдаж байна 25,8
Зарим талаар харагдаж байна 39,9
Энэ хоёр нам ихэр нам болсон ш дээ 25,8
Хэлж мэдэхгүй байна 8,5
Нийт 100,0

Ардчилсан нам голлох улс төрийн хүчний хувьд МАХН-д өрнөж буй өөрчлөлтийн үйл явцтай холбогдуулан ямар байр суурь баримталж ажиллах нь зүйтэй вэ?

МАХН-ын өөрчлөлтөөс илүү далайцтай өөрчлөлт, шинэчлэлийн арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй 23,2
Ямар ч байсан ийм үед байр сууриа бэхжүүлж арга хэмжээ авах нь зүйтэй 58,6
Ардчилсан нам МАХН-ыг дагаж өөрчлөгдөж бужигнах хэрэггүй 18,2
Нийт 100,0

Өнөөгийн Ардчилсан намын үйл ажиллагаанд та бүхэлд нь ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

Сайн 20,8
Дунд 59,4
Муу 19,8
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ. Ээлжит бус их хурлыг даруй зарлан хуралдуулах шаардлагатай юу?

Зайлшгүй шаардлагатай 61,3
Хэлж мэдэхгүй 25,9
Огт шаардлагагүй 12,8
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ. Үзэл баримтлалаа тодруулан дэвшүүлэх цаг болсон уу?

Зайлшгүй шаардлагатай 70,3
Хэлж мэдэхгүй 22,0
Огт шаардлагагүй 7,7
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ. Намын удирдлагыг солих шаардлагатай юу?

Зайлшгүй шаардлагатай 49,1
Хэлж мэдэхгүй 28,1
Огт шаардлагагүй 22,8
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ? Намын дүрэм болон дотоод сонгуулийн журмыг өөрчлөх хэрэгтэй юу?

Зайлшгүй шаардлагатай 46,4
Хэлж мэдэхгүй 33,3
Огт шаардлагагүй 20,3
Нийт 100,0

Таны бодлоор Ардчилсан нам хамтарсан засгийн газарт цаашид МАХН-тай хамтран ажиллах талаар таны байр суурь ?

Тийм хамтран ажиллах нь зүйтэй 27,4
Үгүй, хамтарсан засгаас гишүүдээ татан авч, сөрөг хүчин болж ажиллах нь зүйтэй 59,9
Хэлж мэдэхгүй байна 12,7
Нийт 100,0

Эх сурвалж: Нийтлэлч Энэрэл

2 comments: