“Даяаршлын нөхцөл дэх нийгэм улс төрийн үйл явц” ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал

Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн “Мянганы хөгжлийн ес дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан “Даяаршлын нөхцөл дэх нийгэм улс төрийн үйл явц” сэдэвт олон улсын бага хуралд Монголын талаас дөрөв, гадны судлаачдын 10 илтгэлийг хэлэлцүүлж харилцан мэдлэгээ солилцсон юм.
Монголын хэлэлцүүлсэн илтгэлүүдээс МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн эрдэмтэн Г. Чулуунбаатарын тавьсан “Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдал, өөрчлөлт” гэсэн илтгэл олны анхаарлыг татаж байв. Гадны эрдэмтэдийн хэлэлцүүлсэн илтгэлүүдээс ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын эрдэмтэн Ю. В. Попковын тавьсан “Уугуул соёлын орчин үеийн хөгжил дэх нийгэм, соёлын неотрадиционнализмын үүрэг” сэдэвт илтгэл танхимд маргааныг өрнүүлж байсан юм.
Олон улсын бага хуралд илтгэл тавьсан ОХУ-ын ШУА-ын эрдэмтэн Попков хэлэхдээ “Ийм хурлыг зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо. Бид танай эрдэмтдээс, танай эрдэмтэд биднээс сурах нээлттэй боломж олдож байгааг энд хэлэх хэрэгтэй. Цаашдаа танай улсын хөгжилд эрдэмтдийн санал их чухал юм” гэж хариуллаа. Хуралд ОХУ, Серби, Франц зэрэг улсууд нийгмийн ухааны салбарын эрдэмтэн докторууд оролцож илтгэл тавиж байгаа юм.

Хуралдааны үдээс өмнөх хагаст тавигдсан илтгэлүүд сонирхуулж байна.
-Оросын модернизацийн төслийн нийгэм-улс төрийн аспектууд (Горшков М.К.. ОХУ-ын ШУА-ын Социологийн хүрээлэн)
-Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдал, өөрчлөлт (Г.Чулуунбаатар МУ-ын ШУА-ын Философи социологи эрх зүйн хүрээлэн)
-Глобал нийгмийн нийгэм, улс төрийн аспектуудын социологийн хандлага (Данило Ж.Маркович Сербийн Белградын улсын их сургууль)
-Монгол дахь хүний эрхийн төлөв байдал: ололт, сорилт, зорилт (С.Цэрэндорж Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн)
-Серби улсад хөдөлмөрийн салбарт ялгаварлан гадуурхалтыг хориглох нь (Милутин Джуричич Сербийн Новопазарын улсын их сургууль, Йована Булатович Сербийн Печ-Лепосавич Эдийн засгийн дээд сургууль)
-Монгол дахь ардчиллын чанарыг үнэлэх нь (Д.Ганбат Улс төрийн боловсролын академи)
-Орчин үеийн нийгэм дэх шашны боловсрол (Иван Булатович Серби улсын хүний эрх цөөнхийн эрхийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жарко Джуричич)

No comments: