“Хүүхэд хөгжил-2010” судалгааны мэдээлэл цуглуулалтанд 10 баг гарлаа

"Хүүхэд хөгжил-2010" судалгаа нь Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг гүнзгийрүүлэн судлах, мөн эрэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг болон бэлгийн харьцааны төлөвшлийг судлах, түүнчлэн Дэлхийн хэмжээний "Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц", Мянганы хөгжлийн зорилт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг дүгнэх, үнэлгээ өгөх явдал юм.

Үндэсний статистикийн хороо нь Хүүхэд хөгжил судалгааг 1996, 2000, 2005 онуудад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж явуулсан бөгөөд 4 дэх удаагийн судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2010 оны 8 сарын 27-ноос эхлэн орон даяар зохион байгуулан явуулж байна. Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтнуудын сургалтанд хамрагдаж, тусгайлан бэлтгэгдсэн ажилтнууд УБ хот, 21 аймгийн 10500 өрхөөс мэдээлэл цуглуулах ажлыг 3 сарын турш хийж гүйцэтгэх юм.

Энэ удаагийн судалгааны давуу тал нь өмнөх судалгаануудын асуулга, түүврийн загварыг шинэчилж, хамралтын хүрээг нэмэгдүүлсэн явдал болно. Тухайлбал, өмнөх судалгааны асуулгад байгаагүй хүүхдийн осол, гэмтэл, гар угаалт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүртээмж болон мэдээлэл харилцааны технологийн хэрэглээ, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, амьдралын сэтгэл ханамж, өвчлөлийн шинж тэмдэг, бэлгийн харьцааны төлөвшил зэрэг бүлэг асуулгыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ өмнөх судалгааны тодорхой бүлгүүдийн асуулгын агуултыг шинэ хандлагаар баяжуулан өргөжүүлэх юм.

Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажилтнуудад зориулсан сургалтыг 2010 оны 8 сарын 4-18-ны хооронд 15 хоногийн сургалтыг амжилттай зохион байгуулж шалгарсан 70 хүн судалгаанд ажиллахаар болж байна. "Хүүхэд хөгжил-2010" судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг хийж гүйцэтгэх судалгааны багийг орон нутагт ажиллуулахаар үдэн гаргах үйл ажиллагаа 2010 оны 8 сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд болж энэ үеэр судалгааны мэдээлэл цуглуулахаар орон нутагт ажиллах судалгааны ажилтнуудад хандаж ҮСХ-ны дэд дарга, судалгааны удирдлагын зөвлөлийн дарга Б.Эрдэнэсүрэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс нар үг хэлж, ажлын амжилттай хүсэн, үдэн гаргалаа.

Намрын тэргүүн сарын шинийн 18-ны Дашнямтай билигт сайн өдөр эхний ээлжинд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Төв, Сэлэнгэ, Завхан аймагт ажиллахаар судалгааны 10 баг аян замдаа гарлаа.

No comments: