Улаанбаатар дахь ажилгүй залуучуудын хөдөлмөр эрхлэх сэдэл, ажилгүйдлийн шалтгаан

Нийгэмд, ялангуяа зах зээлийн эдийн засгийн нийгэмд ядуурал, гэмт хэргийн өсөлт, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл нэмэгдэхэд ажилгүйдэл голлох нөлөө үзүүлдэг. Ялангуяа ажилгүй залуучуудад шийдвэрлэх олон асуудал тулгардаг. Ажилгүйдэлд залуучууд илүү өртөмтгий байдаг.
Улаанбаатар хотод 2009 оны байдлаар 123307 ажилгүй хүн байгаагаас 40.1 хувь нь 16-34 насны залуучууд байна. Тэдний амьжиргааны түвшнийг нь аваад үзвэл 16.5 хувь нь боломжийн амьдралтай дунд буюу хоол унд, өмсөж зүүх хэрэгцээгээ болгодог 71.1 хувь, тааруу буюу юм юмаар гачигдалтай (12.4%) амьдарч байгаа нь бидний судалгаанаас харагдлаа. МЗХ-ны дэргэдэх Полиси төвөөс хийсэн “Монголын залуучуудын хөгжлийн хэрэгцээ” /УБ., 2003/ судалгаанд оролцсон залуучуудын 12.7 хувь нь өөрсдийгөө дээд болон дундаас дээгүүр давхраанд хамруулсан бол дунд гэж 74.6 хувь нь, дундаас доогуур, доодчуулд хамрагдана гэж 12.0 хувь нь хариулсан байдаг. Эдгээр судалгааны дүнд үндэслэн залуучууд боломжийн амьдарч байна гэж үнэлж болох ч залуусын орлого зөвхөн өдөр тутмын хэрэгцээгээ хангах төдийд хүрэлцэж байна. Тухайлбал, залуучуудын орлогын түвшнийг аваад үзвэл нэг хүнд дунджаар 54282 төгрөгний орлого ногдож байгаагаас 16.8 хувь нь шинэ хувцас худалдан авах боломжтой бол 83.2 хувь нь орлогын хүрэлцээгүй нөхцөлд амьдарч байгаа ч зөвхөн залуучууд гэлгүй нийгмийн аль ч бүлэг, давхаргад “амны билэгээс ашидийн билэг” гэсэн монгол сэтгэлгээ хадгалагдсаар байгаа нь амьжиргааны түвшний субьектив үнэлгээ хийгээд бодит байдлын зөрүүгээр илрэн гарч байгаа юм. Үүнээс үндэслэн энэ бүлгийн залуучуудыг нийгмийн эмзэг, эрсдэлтэй (гэмт хэрэг үйлдэгчдийн 70 хувь нь ажилгүй залуучууд) хэсэгт хамруулдаггүй юм гэхэд амьдралаа өөд татахад шаардлагатай нөхцөл боломжийг нь дээшлүүлэх шаардлагатай байна. Үүний тулд тэднийг ажлын байраар хангах бөгөөд энэ нь нэг талаар хувь хүний хүсэл эрмэлзэллээс хамаарах бол нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөр, төлөвлөлтийн харилцан уялдаанд хэрэгжих боломжтой.
Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсэд сэдэл голлох нөлөөтэй бөгөөд дараах хэлбэрээр илэрч байна. Үүнд: Залуучуудыг хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж буй хүчин зүйлс
Ажилгүй залуучуудад өөртөө итгэлтэй байх хэрэгцээ бусад хэрэгцээнээс давамгайлж байна. Нэг талаар хэрэгцээний энэ хэв маяг давамгайлж буйн учир нь өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөлд ажил төрөлтэй, мөн эрүүл байж гэмээнэ бусадтай өрсөлдөх боломжтойг ойлгосны илрэл бөгөөд “амьдрахын тулд ажиллах” буюу физиологийн хэрэгцээг чухал хүчин зүйл болгохоос илүүтэй түүнийг хангах хэрэгсэл, өөртөө болон амьдралдаа итгэлтэй байх, одоогийн амьдралаа өөд татах үүднээс тодорхой арга зам, амьдрахад шаардлагатай нөхцөлүүдийг чухалчилж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 18.2 хувь нь ажлын байрыг (88.9%), 16.2 хувь нь орон байртай болохыг (90%), 14.6 хувь нь эрүүл байхыг (83.3%), 13.8 хувь нь мөнгөтэй болохыг чухалчилж байгаагийн (85.3%) дийлэнх нь амьжиргааны түвшний хувьд дунд, дундаас доош амьдралтай залуучууд аж.
Залуучуудын хэрэгцээний хэв маягийг нэгтгэвэл аюулгүй байдал, амьдралын нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой хэрэгцээ 48.2 хувь, физиологийн хэрэгцээ 32.4 хувь, таатай байдалтай холбоотой хэрэгцээ 2.8 хувь, өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлэх хэрэгцээ 0.8 хувийн харьцаатай байгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд зохих нөлөөтэй. Ер нь сэдлийн бүтэц, хэв маяг нь ямагт оршин буй нийгмийн мөн чанар, түүний тусгал болж байдаг.
1995, 2003 онуудад залуучуудын дунд хийсэн судалгааны дүнтэй энэ удаагийн судалгааны дүнг харьцуулахад нийгмийн аль ч бүлэг, давхаргад хамаарах залуучуудын сэдэлийн бүтэц, зорилго чиглэл нь ойролцоо түвшинд илэрч байна. Мөн цаг хугацааны хувьд ч төдийлөн өөрчлөгдөөгүй өнөөг хүрсэн нь манай нийгэм – эдийн засгийн амьдралд дорвитой ахиц дэвшил гараагүйг илэрхийлэх аж.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг 1995, 2003 оны судалгааны дүнтэй харьцуулахад нийгэм – эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран одоогийн амьдралаа хадгалж үлдэх, амьжиргаагаа өөд татахад хөдөлмөр чухал үүрэгтэй ойлгодог болсон байна. Тэдний хөдөлмөрт хандах хандлага, хөдөлмөр эрхлэх идэвхээс илэрхийлэгдэнэ. Залуучуудын хөдөлмөрт хандах хандлагийг аваад үзвэл тэдний олонх нь хөдөлмөрийн чадвартай бүхэн ажил хийх ёстой (64.4%) гэж үзэж байна. Мөн 7.8 хувь нь ажил хийхгүйгээр амьдрах бололцоотой бол хөдөлмөр эрхлэх шаардлагагүй, 27.8 хувь нь хөдөлмөрлөх нь хүний эрхийн асуудал учир яахаа өөрөө шийдэх ёстой гэж үзэж байна.
Тэдний хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг хувийн хүсэл санаачлагад тулгуурласан дотоод сэдэл, хөндлөнгийн шахалт шаардлагаар үүсэн бий болж буй гадаадад сэдэл гэж ангилан уг бүтцийн дагуу нягталваас ажил хийхгүй бол амьдрахгүй (42.9%), гэр орны хэрэгцээг хангах (30.2%), өөрийн сонирхол (17.5%) гэсэн хувь хүнтэй холбоотой дотоод сэдэл голлож байгаа бол бусдын зүгээс (8.0%; эцэг эхийн шахалт, шаардлага 4.0 хувь, найз нөхөд ажил хийдэг 4.0 хувь) нөлөөлөх нь бага байна. Хувь хүний сэдэл, санаачлага юу юунаас ч хүчтэй хөдөлгүүр болдог. Энэ нь ажил хайж буй байдлаас (78.9 хувь нь ямар нэг байдлаар ажил хайж байна) харагдаж байна. Харин ажил хайгаагүй, хайдаггүй залуусын хувьд дараах шалтгаантай байна.
Ажил хайгаагүй шалтгаан:
Хувь
1 Хүүхэд харах хүнгүй 10.5
2 Сурдаг 31.6
3 Ажил олддоггүй 26.3
4 Танил тал, өнгө үзэмж хардаг 5.3
5 Ажил хийхгүй амьдарч болж байна 21.1
6 Гадаадад гарч ажиллахаар хөөцөлдөж байгаа 5.3

Ажил хайж буй залуусын 31.9 хувь нь гурван сар хүртэл хугацаанд, 37.7 хувь нь зургаан сар хүртэл хугацаанд, 23.2 хувь нь жил хүртэл хугацаанд, 7.2 хувь нь жилээс дээш хугацаанд нэгдүгээрт: бусдын зүгээс буюу гэр бүл, ойр дотныхны дэмжлэг, туслалцаа, оролцоотой, хоёрдугаарт: хувийн идэвхи чармайлтад тулгуурлан ажил хайж байна.
Гэр бүл, ойр дотных нь хүмүүс ажлын байрны мэдээллээр хангаж, мэдлэг мэргэшлийг нь дээшлүүлэх тал дээр анхаардаг. Ажлын байрны мэдээллээр хангах, найз нөхөд, танил талаараа дамжуулж ажилд оруулахаар ярих, мэргэжил боловсролд нь анхаарах байдлаар дэмжлэг үзүүлдэг.
Хувиараа ажил хайж буй залуусын 33.3 хувь нь зарын дагуу ажил олгогчтой уулздаг бол 29.6 хувь нь танил тал, найз нөхдөөрөө дамжуулж ажил хайдаг, 21.0 хувь нь хөдөлмөр зуучлалын албанд бүртгүүлж, 16.0 хувь нь харьяалагдаж буй хороо, хоринд бүртгүүлэх байдлаар ажил хайдаж аж.
Зарын дагуу ажил хайгчдын 31.3 хувь нь сонины зарын дагуу, 25 хувь нь телевизээс, 15 хувь нь найз нөхдөөсөө ажлын байрны мэдээлэл авдаг гэсэн байна.
Дээр дурдсан зүйлүүдэд үндэслэн залуучуудыг идэвхтэй ажил хайгч хэмээн нэрийдэж боломжийг хэрхэн ашиглаж байгаагаас нь үндэслэн хөдөлмөрийн биржид бүртгүүлээд давхар ажил хайж буй идэвхтэй ажил хайгч (20%), өөрийн хүчинд найдагч буюу хөдөлмөрийн биржид бүртгүүлэхгүйгээр ажил хайгч (68.8%) (үүний 32.9 хувь нь зарын дагуу, 21.1 хувь нь найз нөхдийн харилцаанд тулгуурладаг), хөдөлмөрийн биржид бүртгүүлээд хүлээгээд суудаг горилогч (11.3%) гэсэн гурван бүлэгт ангилж болох юм.
Ийнхүү залуучууд хөдөлмөр эрхлэхийн төлөө идэвхи, зүйтгэл гаргаж байгаа ч тэдний хүсэл сонирхол, зарим талаар мэргэжил боловсролын түвшин нь хөдөлмөрийн зах зээлд санал болгож буй ажлын байртай нийцдэггүй аж. Тухайлбал, сонирхож буй ажлын байрыг нь өмчийн хэлбэр, хөдөлмөрийн нөхцлөөр ангилан гаргахад дараах дүр зураг харагдаж байна.

Ажилгүй залуучуудын сонирхож буй ажлын байрны хэлбэр (өмчлөл болон хөдөлмөрийн нөхцөлөөр)
Өмчийн хэлбэрээр Хувь Хувь
Төрийн захиргаа 35.1 Мэргэжлийн дагуу 39.1
Төрийн үйлчилгээ 20.6 Цалин хөлс өндөр 29.3
Хувийн пүүс, компани 12.4 Нийгмийн баталгаа сайтай 10.9
ОУ-ын байгууллага 14.4 Нэр хүндтэй 2.2
Төрийн бус байгууллага 1.0 Эрх мэдэл бүхий 4.3
Хувиараа хөдөлмөр эрхлэх 14.4 Мэргэжил шаардагдахгүй 2.2
Ахиж дэвжих боломжтой 12.0

Сонирхож буй ажлын байрыг боловсролын түвшинтэй харьцуулбал, дээд боловсролтой ажилгүй залуучуудын 65.6 хувь нь мэргэжлийн дагуу, өмчлөлийн хэлбэрийн хувьд төрийн захиргааны байгууллагад (59.4%, тогтвортой ажлын байр гэж ойлгодог болсон) ажиллах сонирхолтой байгаа бол, тусгай дунд боловсролтой залуусын сонирхож буй ажлын байр нь харьцангуй жигд, бүрэн дунд боловсролтой залуус цалин хөлс өндөр байхыг чухалчилж байна.
“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 7-р зүйлийн 2-т “Хөдөлмөрийн харилцаанд ...давуу байдал тогтоохыг хориглоно”, 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоо журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтуудаар тодруулсан ч судалгаанд оролцогчдын 15.2 хувь нь цалин бага, 7.7 хувь нь хөдөлмөрийн нөхцөл тааруу гэж хариулсан. Манай улсад 2006 оны байдлаар “Бөөний болон жижиглэн худалдааны салбар нь цалин багатай ч шинээр бий болсон ажлын байрны 37.1 хувь буюу хамгийн олон ажлын байрыг бий болгосон байна. Дараа нь 25.4 хувийг барилгын салбар, 12.0 хувийг уул уурхайн салбарт тус тус бий болгожээ” гэсэн статистик мэдээ гарсан байдаг. Зах зээлийн нийгэмд ажилчдыг бага цалингаар, уртасгасан цагаар ажиллуулахыг эрхэмлэдэг бөгөөд манай улсын хувьд жижиг үйлдвэр, үйлчилгээний газруудад энэ зарчим илүүтэй үйлчилж байна. Энэ шударга бус байдлыг таслан зогсоох гэж л хууль үйлчилдэг ч хөдөлмөрийн хуулийн хяналт маш хангалтгүй, хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй. Ажлын байранд тухайн байгууллагын дарга, менежерүүдийн дүрэм хууль болоод удсан. Үүний зэрэгцээ залуучууд ажилгүйдлийн шалтгааныг дараах хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байна.

Ажилгүйдлийн шалтгаан
Хувьсагч Хувь Ранг Хувь
Цалин бага 15,2 I Мэргэжилгүй 4,3
Хөдөлмөрийн нөхцөл муу 7,7 IV Өөрийн идэвхи санаачлагагүй 3,2
Танил тал үгүй 6,1 V Олдож буй ажлаа голдог 3,7
Мэргэжлийн ур чадвар хангалтгүй 4,5
Хөдөлмөрийн хөлсийг цагийн үнэлгээгээр олгодоггүй 3,5
Хэт хүнд сурталтай 5,9 Ажилгүй ч гэсэн амьдарч болоод байгаа учир 1,6
Ажлын байр хомс 9 II
Буруу аргаар мөнгө олох боломж их байгаа (хулгай, залилан, биеэ үнэлэх г.м) 1,3
Эзэмшсэн мэргэжлээр ажил олдохгүй 8 III
Нарийн мэргэжил /барилгачин, мужаан, токорьчин г.м/-ийн ажилчин бэлтгэдэггүйгээс 1,3
Гадаад хэл тааруу 5,9
Ажил хийхгүй бол амьдрал сайжрахгүй гэдгийг сайтар мэдрээгүйгээс 1,9
Компьютерийн мэдлэг тааруу 3,2
Ажилд орох бичиг баримт бүрдүүлж чадахгүй 0,8
Бэлэнчлэх сэтгэлгээтэй 3,2
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр төрөөс анхаардаггүй 4,8
Залхуу 4,3
Ажлын хүндээс шантардаг 0,8

Хөдөлмөр эрхлэхэд хамгийн түрүүнд цалинг чухалчилж байна. Одоогийн цалин урамшууллын тогтолцоо, цалингийн түвшин нь автобус, утас, өдрийн хоол гэсэн ойр зуурын хэрэглээнээс илүү гарахгүй байна. Зарим тохиолдолд ажил хийж байгаа нэртэй ч авсан цалингаас нь илүү зарлага гарах тохиолдол байдаг. Ялангуяа хотын захын хороололд. Тэгэхлээр гадаадад ажиллах хүчин олноор гарч байгааг үгүйсгэж, бас халаглахын аргагүй байдал орсон байна.
Дээд боловсролтой залуучууд эзэмшсэн мэргэжил, мэдлэгийнхээ түвшний ажлыг хийх сонирхолтой байгаа ч өмнө өгүүлсэний зэрэгцээ ажлын заруудад ихэвчлэн мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, туршлагатай байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьдаг. Ийм тохиолдолд боловсролтой залуус ажилд орж чадахгүй байхад боловсролгүй залууст бүр ч хүнд даваа болох нь дамжиггүй. Ажлын байрны төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин шалгаруулж хүч сэлбэн ажиллах нь тухайн байгууллага хийгээд улс орны хөгжилд чухал ач холбогдолтой ч цөөн тооны ажлын байрны төлөө мэргэжилтэй боловсон хүчин олноор өрсөлдөх болсноор сүүлийн жилүүдэд ажлын байранд чадварыг чухалчлахаас илүүтэй бэл бэнчин, царай зүс, хүйс, танил талын харилцааг (ихэвчлэн төрийн тодотголтой байгууллага, үйлдвэрүүдэд)-аар шигших болов. Зарим талаар ажиллах хүчний чадвар ажил олгогчдын шаардлагад хүрэхгүй байгааг үгүйсгэж болохгүй (Ажил олгогчдын 70 орчим хувь ажиллагсдын мэдлэг ур чадварт сэтгэл хангалуун бус байдаг ). Өнөөдөр зарим мэргэжлийн ажил (хуульч, эрх зүйч г.м) хангалттай дараалал үүсэхээр боловсон хүчний нөөцтэй болжээ. Төр засаг үүнийг хамгийн түрүүнд мэдэрч засаж залруулж байх ёстой.
Наанадаж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн 4-р зүйл дтөрөөс ажил эрхлэлтийг дэмжих талаар хүн амын хүн амын хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг оновчтой зохицуулах, ажиллах хүчийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох гэсэн 6 төрлийн бодлогийг хэрэгжүүлэхээр заасан нь эрсдэлийг давах оновчтой шийдэл ч их дээд сургуулиудад жил бүр олон мянган мэргэжилтэн бэлтгэсний дараа нь дахин зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлнэ гээд мөнгө зарлагадаад байх уу? Энэ мэт бодлого, төлөвлөлтийн уялдаа алдагдсанаас болж ажилгүйдэл бий болоод байна.
Мөн “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулиуд ажилгүйдлийг бууруулах талаар хуулийн хүрээнд нилээд өргөн хүрээг хамарсан зохицуулалт хийж өгсөн ч маш том алдаа байна. Үүнд: нэгдүгээрт: ажилгүйдлийн талаарх ойлголтын хамрах хүрээг хязгаарлагдмал томъёолсон, хоёрдугаарт: ойлголтод тулгуурласан бүртгэл судалгааны алдаатэй мэдээ гаргах болсон. Ер нь бол ажилгүйдлийг бууруулах, тэдэнд чиглэсэн арга хэмжээ ажилгүйчүүдийг бүрэн хамарч чаддаггүй, үр дүн нь ч олон нийтэд мэдрэгдэлгүй өнгөрөх болсон нь энэхүү арга зүйн алдаатай шууд холбогдоно. Учир нь:
Манай улсад ажилгүйдлийг тооцоход дараах гурван хандлага, аргачлалыг баримталж байгаагаас эхний ойлголтыг албан ёсны хэрэглээнд илүү ашиглаж байгаа.

Ажилгүйдлийг тооцож буй аргалал
Ажилгүйчүүд гэсэн үзүүлэлтийн эх сурвалж, тодорхойлолт Ажилгүйдлийн түвшин
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн байгууллагуудаас гаргасан албан ёсны статистик-зөвхөн бүртгэгдсэн ажилгүйчүүд (Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг мөрдлөг болгосон /”Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуул”-ийн 3.1.1 заасны дагуу/) 3.4
Амьжиргааны түвшний судалгааны мөрддөг “шууд” тодорхойлолт-ажилгүй, ажил хийхэд бэлэн байгаа, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүмүүс 6.6
Ажиллах хүчний судалгааны баримталдаг “уян хатан” тодорхойлолт-ажилгүй болон ажил хийхэд бэлэн байгаа бүх хүмүүсийг тэднийг ажил идэвхтэй хайж байгаа эсэхийг үл харгалзан ажилгүйчүүдэд хамруулж тооцдог 14.2

Эх сурвалж: Монголын хүний хөгжлийн илтгэл 2007. “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” /хураангуй. УБ., 2007. 16 дахь тал

Ажилгүйчүүдийг бүртгэх тухай “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай“ хуулийн 3.1.3-т “Ажил идэвхтэй хайж байгаа иргэн” гэж хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн өдрөөс хойш сард нэгээс доошгүй удаа ажил хайж байгаагаа мэдэгдсэн иргэнийг хэлнэ гэж тэмдэглэсэн байдаг. Тус хуулинд ажилгүйлчүүдийн хөдөлмөр зуучлалын албанд бүртгэлтэй байх хугацааг зааж, мөн нөхцлийг дурдсан. Хэрэв энэ хугацаанд эргэж мэдэгдээгүй бол тухайн хүнийг ажилгүйчүүдийн бүртгэлээс шууд хасдаг. Уг заалтын дагуу ажилгүйдлийн түвшин жил бүр буурах нь дамжиггүй. Энэхүү аргачлалыг албан ёсны хэрэглээнд түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд энэхүү аргачлалын дагуу худал дүгнэлт гаргадаг болох нь зарим захиргааны албадлагын шинжтэй тушаал тогтоолоос харагддаг. Жишээ нь: “Ажилгүйдэл, ядуурлын байдалд улсын хэмжээний үзлэг явуулах тухай” ЗГ-ын 25 дугаар тогтоол (УБ., 1995/02/22)-ын 2б-д “хүн амын ажилгүйдэл, ядуурлын байдалд хийсэн үзлэгийн дүнг үндэслэн орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, байгалийн баялаг ашиглах замаар энэ тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаас цөөнгүй ажлын байр шинээр бий болгох, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, өрхийн аж ахуй хөгжүүлэх хөдөлгөөнийг дэмжиж өрнүүлэх, тодорхой ажил зохион байгуулж, энэ оны эцэс гэхэд ажилгүйдлийг тухайн аймаг, нийслэлийн хөдөлмөрийн нөөцийн 5 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авсугай” гэжээ. Ажилгүйдлийг бууруулсан үр дүн гарах нь мэдээж хэрэг. Учир нь тогтоол гарсан уу гарсан, доод тушаалын албан хаагчид банга хүртэхгүй тулд худал үнэн нь хамаагүй хэдэн хувиар ажлын байр нэмэгдүүлсэн гэх нь ойлгомжтой. Ийнхүү иргэдийг үр бүтээлтэй ажлын байраар хангахад төдийлөн анхаардаггүй, чанартай, үр бүтээлтэй ажлын байр санал болгохоос илүүтэй түр зуурын гол зогоох төдий ажлын байр бий болгосноор ажилгүйдлийн түвшнийг хэргээр бууруулж, бодит байдлаас багаар тооцох үндэслэл болдог. Хэлбэр төдий арга хэмжээ авч олон нийтээс бодит хувь хэмжээг нуух арга хэмжээ авах төрийн удирдлагуудын хувьд илүү зардал гаргахгүй байх ач холбогдолтой.
Одоо хэрэглэж буй ажилгүйдлийн бүртгэл судалгаатай холбоотой доктор (Sc.D) Х.Гүндсамбуу “...манай ажилгүйчүүд бол данс бүртгэлийн ажилгүйчүүд бөгөөд хөдөлмөр зохицуулалтын албадад олон хүн бүртгэгдвэл ажилгүйдэл өсөөд, цөөхөн хүн бүртгэгдвэл буураад ирдэг” гэсэн бол доктор (Ph.D) Ц.Пүрэв “Хот хөдөөд хөдөлмөр зохицуулалтын албад байгуулагдсан боловч түүнд ажил эрж буй хүн бүр бүртгүүлдэггүй” гэж адил дүгнэлтийг өгсөн нь өнөөгийн бодит байдлын үнэн зураглал болсон юм.
Ажил хайж буй хүн заавал хөдөлмөр зуучлалын албадаар дамжуулж цаг алдах шаардлагагүй. Хэвлэл мэдээлэл, холбоо харилцааны хэрэгслээр дамжуулан ажлын байрны тухай мэдээлэл авч, ажил олгогчтой биечлэн уулзаж ажилд орох боломж өдөр тутам нэмэгдэж байна. Ийм байдлаар хөдөлмөр зуучлалын албадад хандах хүмүүсийн тоо багасаж ажилгүйдлийн түвшин жил бүр буурч байгаа учир энэхүү тодорхойлолт нь цаг үеэ мэдэрч чадахгүй, эрх мэдэлтнүүдэд ашигтай хувилбар болсон төдийгүй ажилгүйчүүдийн идэвхтэй хэсгээр төлөөлүүлэн ажилгүйдлийн хэмжээг тооцож байгаа нь дээр өгүүлсэнчлэн ажил олгогчтой биечлэн уулздаг, зарын дагуу ажил идэвхтэй хайгчдыг тооцоо судалгааны гадна үлдээж байна.
Өөрийн хийсэн судалгаанаас харвал ажилгүйчүүдийн гуравны нэг л хөдөлмөр зуучлалын албанд бүртгүүлж үлдсэн (68.8%) хувь нь хэн болох нь тодорхойгүй үлдэж байна. Ажилгүйдлийг бодитоор тооцоолоогүй тохиолдолд цалингийн хэмжээг нэмэх, жилд хэдэн дээд боловсролтой хүн бэлдэх зэрэг асуудал мөн хяналтгүй байх, улмаар ажилгүйдэл бодитой оршин байх, хэлбэр хэмжээгээрээ өргөжин тэлэх, ажил олгогчид мэргэжилтнүүдийг голох үйл явц үргэлжилсээр байх болно.


Судалгааны баримт материалд тулгуурлан дараах дүгнэлтэнд хүрлээ:
Залуучуудын хөдөлмөр эрхлэх гол шалтгаан нь өөрийгөө илэрхийлэх, нийгмийн статусаа дээшлүүлэх, өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд чиглэж байгаа бөгөөд үүний тулд идэвхтэй ажил хайж байгаа ч ажилгүйчүүдийн хүлээлтэд тохирсон арга хэмжээг бодлогын түвшинд авч чадахгүй байна. Үүний зэрэгцээ:
1. Боловсон хүчнийг бэлтгэх талаарх төрийн бодлого, зохицуулалт алдагдсан, энэ талаар авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ уялдаагүй, нэгдмэл бус байгаагаас хөдөлмөрийн зах зээл дээд боловсролтой ажилгүйчүүдээр хахаж, мэргэжилтэй ажилчдын дутагдалд ороод байна.
2. Дээд боловсролтой залуучуудын ажилгүйдлийн шалтгаан нь мэргэжлийн дагуу ажиллах орон тоо хүрэлцэхгүй байх, эсвэл хөдөлмөрийн зах зээл дээр тавигдаж буй шаардлагад нийцэхгүй, гологдох, өндөр цалин, баталгаатай нэр хүндтэй ажлыг эрхэмлэж байгаа зэрэгтэй холбоотой байна. Тиймээс ч залуучууд мэргэжлийн дагуу бус төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудад ажиллах сонирхол давамгайлах болсон.
3. Хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллын түвшин нам байгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна.
4. Ажилгүйдлийн талаарх ойлголтын хамрах хүрээ хязгаарлагдмал, бүртгэл судалгааны алдаатай мэдээллээс үндэслэн ажилгүйлийг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна.
5. Бодлого хэрэгжүүлэгч, хяналт тавьж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааны хариуцлагагүй байдлаас хөдөлмөрийн орчны зүй бус хэв маяг үүсч газар авсан.
6. Ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн менежментийн шинжтэй арга хэрэгслийг зүй зохистой ашиглан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгаа нь ажилгүйдэл бодитой орших шалтгаан болж байна.
Бодлого, хөтөлбөрийн уялдаа муу, ойлголт хийгээд бодит байдлын зөрүү, төрийн удирдах байгууллагын тооцоо төлөвлөгөөгүй үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг хангах явдал цалгардсанаас үүдэлтэй ажилгүйдэл хүрээгээ тэлж, хэлбэрийн хувьд өргөжиж байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд юуны ажилгүйчүүдийн хүлээлтэд тохир бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд эхлээд:
1. Ажилгүйдлийн талаарх ойлголт, бүртгэлийн системийг сайжруулах, цэгцлэх. Бодит байдалтай нийцүүлэх
2. Цалингийн доод хэмжээг нэмэх, мэргэжлийн ажиллах хүчийг дахин мэргэшүүлэх зэрэг ажилгүй залуучуудын сэдэлд тулгуурласан арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлэх
3. Хөдөлмөрийн хуулийн хяналтыг сайжруулах, хэрэгжилтийг хангах
4. Үйлдвэрлэл хөгжүүлэх гэсэн арга хэмжээг авснаар ажилгүйдлийг одоогийн түвшнээс мэдэгдэхүйц түвшинд хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна.




АШИГЛАСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

1. Антони Гидденс. “Социологи”. Орч ред: Д.Ганхуяг. УБ., 2006В.Г.Криско. “Сэтгэл судлал” Бүдүүвч, хүснэгт. Орч: доктор, профессор Б.Туяа, доктор, профессор Л.Уранцэцэг. УБ., 2002Д.Доржжав. “Удирдахуйд суралцах нь” УБ., 2005Х.Гүндсамбуу. “Монголын нийгмийн давхраажил: хөгжил, хандлага”. УБ., 2002
2. “Нийгмийн шинэчлэл: амьдралын хэв маягийн өөрчлөлт”. Ред Ц.Уртнасан. УБ., 2001
3. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2007”. “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” /хураангуй. УБ., 2007
4. “Монголын залуучуудын хөгжлийн хэрэгцээ, 2002-2003” суурь судалгааны тайлан. МЗХ-ны Залуучуудын хөгжлийн Полиси төв. УБ., 2003
5. “Нийслэлийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт” МУИС Социологийн тэнхим. УБ., 1996
6. “Ажилгүйдэл, ядуурлын байдалд улсын хэмжээний үзлэг явуулах тухай” МУЗГ-ын тогтоол. №25. УБ., 1995/02/22
7. “Монгол дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх ОУХБ-ын бодлогын чиглэлүүд”. ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн стратегийн хэлтэс. 2007
8. www.legalinfo.mn /”Хөдөлмөрийн тухай” хууль. 2010/04/03
9. www.legalinfo.mn /”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хууль. 2010/04/03
10. statis.ub.gov.mn /”Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд – 2008 он”. 2010/04/06

No comments: