Малчдаа хайрлая. Гэхдээ туслаж биш хүндэлж...

Зуд зуд... Хэлж ирдэггүй хийсч ирдэг энэ зовлонд амь зогоох хэрэгслээ алдсан малчдад туслах, эс туслах талаарх маргаан цас, салхитай хамт улиран одлоо. Хаа сайгүй сайн санаа, сайхан сэтгэлийн ариун аян өрнөж өвөлжин, хаваржингаа шуугицгаав. Улс орон даяар зудын байдалтай байгаа малчдад туслах хөдөлгөөнөөр төрийн өндөрлөгүүдээсээ эхлээд сургууль цэцэрлэгийн жаалууд нь хүртэл гүйлдэж байсан билээ.
Улсын хэмжээнд 8.142.300 толгой мал хорогдож 6400 өрх огт малгүй болж 12 аймгийн 132 сум зудад өртсөн талаарх ЗГ-ын албан ёсны статистик гарчээ. Том гэхэд хэтэрхий том тоо, хүнд гэхэд дэндүү хүнд цаг үеийг ардаа орхилоо. Сүүлийн 30 жилд тохиолдоогүй цаг агаарын эрс хүйтрэлт, хүчтэй цасан болон шороон шуургаанаас үүдэн 9 аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрснээс мал, хүн, нийгэмээрээ хохирлоо.

Өдгөө Монголчууд 43 сая малтай. Малаа байтугай хүнээ тоолж чаддаггүй бидний гаргасан энэ тоо худал болохыг хөндлөгийн байгууллага “Дэлхийн өсөлт” 80 сая малтай хэмээн судалгаа гаргасан байдаг. Социализмын үед 22-27 сая малтай байсан гэдэг. Энийгээ идээд, Орост гаргаад малын тоо толгой олон жилийн турш тогтмол байсан. Ноолуур гэж нэг мөнгөний уут гараад ирэхээр ямаа хэт их өсөв. Монголын маань газар бэлчээрийн даац 36 сая малыг л багтааж чадна. Мал өсөв, бэлчээрийн даац хэтрэв, байгалийн тэнцвэр алдагдав, зуд болов, мал үхэв, малчид зутрав.

Малчдад туслах нь зөв:
Бид туслах ёстой. Монгол хүний менталитет, филантрофи сэтгэлгээнд гүн суусан энэ тусч сэтгэлийн үүднээс бид айл хөршдөө, ах дүү хамаатан садандаа хариу нэхэлгүйгээр дэм болж ирсэн ард түмэн. Зовлон тохиолдсон нэгэндээ туслах нь бидний бусад үндэстнээс ялгарах нэг том онцлог. Хаврын хахир хатуу цаг, өвлийн өлчир бэрх цагийг даван туулахад нь "Зудад нэрвэгдсэн малчдад туслах сайн санааны аян”-ыг зохион байгуулсан билээ.

Нэгэнт байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж зудад мал сүргээ алдаж хотоо харлуулсан малчдад төр засаг туслахаас аргагүй. Мал төрийн хамгаалалтанд байна гэсэн үндсэн хуулийн заалттай. Хөдөөний малчдад цас зуднаар шахдаг хэдэн боодол өвснөөс өөрөөр төр малаа хамгаалаад байгаа нь тэр бүр харагдахгүй. Өдгөө гэнэт ухаарсан бололтой “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлана, малчдыг малжуулна гээд сүйд майд. Гишүүн Балдан-Очир “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай” гэж ярисан. Ер нь Монгол Улс зах зээлийн системд шилжсэн цагаас хойш төр, засгаас мал аж ахуйн салбарын талаар бодлогын томоохон баримт бичиг, хөтөлбөр огт гаргаж байгаагүй юм билээ. Монгол Улсын эдийн засгийн бааз суурь болсон мал аж ахуйг төрөөс онцгой анхаарч, тус салбарын эрх зүй, эдийн засаг, бүтэц зохион байгуулалтын таатай орчинг бүрдүүлэх ажил эхлэл төдий л байна.

Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй уламжлалт үйл ажиллагааг тээж, зөөвөрлөж яваа малчиддаа бид баярлах ёстой. Дэлхийд биднийг сурталчилж, өвөг дээдэсээс минь уламжилж ирсэн агуу том соёлыг авч яваад нь, туйлын ядуу эдийн засагтаа нэмэр болж байгаад талархах учиртай. Хотын бид барууны соёлыг л сонирхох болсноос биш монгол малчны амьдралыг сонирхохоо байсан шүү дээ. Мал дагасан хүн мал болдог хэмээн хочлох нь ч их.
Хамгийн ажилсаг, хөдөлмөрч, цаг наргүй, чөлөө завгүй ажилладаг ажилчид бол малчид. Өө цас орчихлоо, надад таван төгрөг, боодол өвс өгөөч гэж малчид хэзээ ч гуйгаагүй. Тэдэнд тэгэх ч зав байхгүй. “Цасан зоогдсон, боогдсон төлөг, борлон, төллөх малтайгаа өдөр шөнөгүй, өглөө оройгүй зууралдахаас биш малаа хаяаад энд тэнд очиж ийм тийм юм хэрэгтэй гээд нэхээд байдаггүй” хэмээн Төв аймгийн Бүрэн сумын малчин Д.Сугар ярьсныг шигтгэе.

Малчдад туслах нь буруу: Аль социалист нийгмийн үеэс нэгдэл энэ тэр гээд малчдыг өвч тэжээл, ахуй хангамжаар нь төрөөс даадаг байжээ. Өдгөө тэдэнд туслах гээд л нутгийн зөвлөл, иргэдийн холбоод ашиг унагах гээд л бизнес санаа өвөртлөн аян, хөдөлгөөн өрнүүлдэг болж. 21-р зуун. Мал хувьд шилжсэн, мал малчин хүний хувийн өмч. Хувийн өмчөө арчилж өсгөх, үржүүлэх, хадгалж амгаалах, захиран зарцуулах нь эзэн этгээдийн асуудал.
Өвөл болдог байсан, болсоор байсан. Цас ордог, хүйтэрдэг, шуурга шуурдаг. Зуд болдог. Гол асуудал мал өвс тэжээлгүй. 1000 малынхаа 200-г зараад түүгээрээ хүний хадаад боогоод зарж байгаа өвсийг авчих талаар ухаан сэтгэл гаргаж болдоггүй юм бэ. Малчдаас хотынхон байраа алдчихлаа, машинаа эвдчихлээ гээд НЭГ ХОНЬ гуйж байсан уу. Мал төрийн хамгаалалтанд байна. Үндсэн Хуульдаа малаа ингэж өргөмжилсөн улсыг байдаг гэдэгт эргэлзэж байна.

Сүүлдээ бүүр малчдын банкин дахь зээл зургаан тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах тухай ярьж эхэллээ. “Зах зээлийн нийгэм, зүй тогтол чинь чадалтай нь торойж үлдээд чадалгүй нь арчигдах жамтай. Манайх идэх мах, цайны сүүгээ МӨНГӨӨРӨӨ худалдаж авдаг. Малчин хүний хариуцлагагүй байдлын үр дагарвыг бид үүрэх ёсгүй” хэмээн иргэн Н.Ганчимэг хэлж байна

Цаашид малчид, ялангуяа залуу малчдыг мал маллах арга ухаан, зуднаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээ базаах зэрэгт сургах сургалт, сурталчилгааг түлхүү хийх, малын индексжүүлсэн даатгалд хамруулах, бэлчээрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эрчимжсэн мал аж ахуй, малчдын бүлгэм байгуулах явдалыг дэмжих хэрэгтэй цаг хугацаа харуулж байна. “Цөөн мөртлөө өндөр үр ашигтай, байгал экологид бага нөлөөтэй, бэлчээр тэжээл хослуулсан фермерийн аж ахуй зонхилж хөгжих хэрэгтэй.”-г ХХААХҮЯ-ын мэргэжилтэн Т.Цолмонгэрэл ярьж байлаа. Хамгийн гол нь хамтын хөдөлмөр, хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн бүтээмж хэрэгтэй юм. Үүний тулд хуучин мал маллагааны технологи, бүтцээ өөрчлөх ёстой байгаа юм.

Мал аж ахуйгүй Монголыг нэг төсөөлөөд үздээ. Гэдэс цатгалан, мөр бүтэн монгол хүний тавилан малын буян заяа, амны хишиг дээр тогтдоггүй гэж үү.. Аливаа иргэншил болон соёлд хэзээ ч үл давтагдах суурь өгөгдөхүүн, нөхцөл гэж байдаг… Мал аж ахуй сөнөвөл Монгол Улс сөнөх тавилантай. Монголчууд бид малчин заяанаасаа хаашаа ч зайлахгүй ард түмэн билээ... Малчдаа хайрлая. Гэхдээ туслаж биш хүндэлж хайрлая.

Н.Батзориг 2010 он 05/30

No comments: