Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулав

Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулах семинар өнөөдөр Корпорэйт зочид буудалд боллоо.

Хөдөлмөрийн Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн болон цаашдын төлөвийг үндэсний хэмжээнд тодорхойлох зорилго бүхий тус судалгааны ажлыг Их Британий Кембриж Эдюкейшн Консалтинг, Монгол улсын MEC компаниудын хамтарсан судалгааны баг 2009 оны 12-р сарын 1-нээс 2010 оны 6-р сарын 1-ний хооронд амжилттай гүйцэтгэсэн юм.

Үр дүнгээ танилцуулах энэхүү семинарт төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд, төрийн бус байгууллага, МБС-ын байгууллага, их дээд сургууль, хандивлагч байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөлөл бүхий 70 гаруй хүн оролцлоо.

Тус судалгаанд манай улсын бүх аймаг, нийслэлийн дүүрэг, эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын 1,323 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан юм.

Энэ нь манай улсын регистерт бүртгэгдсэн 36,453 аж ахуйн нэгж байгууллагын 3.6 хувийг хамарч байгаа бөгөөд нийт 3,000 орчим ажиллагсдаас тусгай судалгаа авсан байна.

Судалгаанд хамрагдсан байгууллага нэгжийн ажиллагсдын тоо хөдөлмөрийн гэрээтэй нийт ажиллагсдын 17.2 хувийг эзэлж байна. Уг төлөөллийн хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад хангалттай гэж судлаачид үзэж байна.

Судалгаанд, дээр дурдсан аж ахуйн нэгжүүдээс гадна хөдөлмөрийн нийлүүлэлтийг хангаж буй үндсэн объект болох Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон их, дээд сургууль - 68, мөн түр сургалт эрхэлж байгаа 30 гаруй байгууллага хамрагдлаа.

ХЗЗ-ийн цогц судалгааны аргаар хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг болон боловсролын үндсэн статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж олон улсын түвшинд харьцуулан үзсэн бөгөөд бизнесийн мөчлөг, түүний онцлог, хөдөлмөр эрхлэлтийн үйл хөдлөл, ажил олгогчдын хүлээлт, хандлага, мэргэжил ур чадварын шинэ хэрэгцээ зэргийг тодорхойлж улмаар манай улсын мэргэжлийн сургалтын байгууллагуудын нийлүүлэлийн байдалд дүн шинжилгээ хийсэн юм.
Мөн судалгааны явцад эдийн засгийн зарим дэд салбар болон хүн амын тусгай бүлгүүдийн төлөөллийг оролцуулан 16 удаагийн зорилтот бүлгийн уулзалт, ярилцлага зохион байгуулав. Судалгааны баг хөдөлмөрийн зах зээлийн судалгааны төлөвлөсөн ажлыг хувиарт хугацаанд нь амжилттай гүйцэтгээд, судалгааны үр дүн, дүгнэлт, арга зүйн зөвлөмжийг захиалагч болон хэрэглэгч талуудад хүлээлгэн өгч байгаа юм.

Судалгааны дүнгээр ойрын 6-12 сард хэрэгцээтэй байгаа 7,000 гаруй ажлын байрны эрэлтийг тогтоож, эдгээрийг мэргэжлийн олон улсын ангилалын (ISCO) кодоор илэрхийлсэн. Түүнчлэн, нийлүүлэлттэй нь зэрэгцүүлж хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн хооронд чухам хаана, юугаар, ямар зөрүүтэй байдал байгааг нарийвчлан тодорхойлсон юм. Зөвхөн мэргэжил, тоо хэмжээгээр нь төдийгүй ажил олгогчдын хүлээлтийг харгалзан ажлын байранд шаардлагатай мэргэжилтний ур чадварын хэрэгцээг бас гаргалаа.

Нэг жилийн давтамжтайгаар ирэх оны хичээлийн жилд МСҮТ болон их, дээд сургуулиудад элсэлт авах мэргэжил, тэдгээрт элсүүлэн сургах оюутан сурагчдын тоо, эзэмшүүлэх ур чадварын хэрэгцээг хөдөлмөрийн эрэлтийг харгалзан эдийн засгийн салбар, бүс нутгаар тоймлон тодорхойлох арга зүйн зөвлөмжийг судалгааны баримтад тулгуурлан боловсруулсан байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны хүрээнд Монгол улсын эдийн засгийн бодит салбаруудаар ажиллах хүчний прогнозыг (2009-2020 он) гаргажээ.

Ж.Хишиг www.shuud.mn

6 comments:

A.Амарсайхан said...

36,453 ААН нэгж. Хүн амдаа ахадсан тоо шүү. Иргэн бүр тамга цүнхлээд алхаад байхаар арга ч байж уу

ЗОРИГТ8 said...

A.Амарсайхан
Бүх л зүйл нь хүн амдаа ахдаж байна шүү дээ... нэг талаар өрсөлдөөн, нэг талаар сүйрэл

Anonymous said...

ih tarhai butarhai bn gesen yg

ЗОРИГТ8 said...

r_anhnyam:
тийм шүү

Цэнгэл said...

Хүн болгон л дарга болоод байхаар хэн ажил хийх вэ дээ. Бөөн хэрэгцээгүй дээд мэргэжилтэнгүүд. Наад судлагаан дээр чинь тулгуурлаж гаргасан тэр төлөвлөгөөг нь үзэх юмсан

ЗОРИГТ8 said...

Цэнгэл:
би бас тэр төлөвлөгөөг нь сонирхож л байна