“Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” судалгаа

Эмнести Интернэшнл байгууллагаас 2005-2006 онд “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” сэдэвт түүхэн тойм бичих, тандалтын судалгааг амжилттай хийлээ. АНУ-ын Эмнести Интернэшнл байгууллагын санхүүгийн тусламжтайгаар хэрэгжсэн энэ судалгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, Монгол улсын дээд шүүхийн судалгааны төв, Монгол улсын цагаатгалын комиссийн судалгааны алба, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудтай хамтран явууллаа.

Энэ судалгааны хүрээнд бид цаазаар авах ялыг хэвээр байлгах болон хүчингүй болгохыг хэрэгтэй гэж үзэж байгаа хүн амын хэсгүүдийн харьцааг гаргах, ямар үндэслэлүүдийг гол болгож байгааг хэсэг тус бүрээр тогтоох, ялын бодлого Монгол улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх, түүнийг хэвээр байлгах, эсхүл түүнийг шатчилан халах шаардлагатай эсэхийг судлан тогтоох, цаазаар авах ялын талаарх өөрийн орны түүхэн тоймыг бичихээр зорьсон юм.

Төслийн 1-р шатанд цаазаар авах ялд хандах хандлагын тандалтын судалгаа /Социологийн судалгаа/-ны хүрээнд МУИС-ын ХЗДС-ын эрдэмтэн багш нар иргэд болон хуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан хоёр төрлийн тандалтын судалгааны асуулгыг боловсруулсан. МЭИ байгууллагаас судалгааны асуулгыг нийт 5500 ширхэгийг хэвлүүлж, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын оролцоотойгоор Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 4344 иргэд, 558 хуульчдыг оролцуулсан санал асуулгыг явууллаа. Мэргэжлийн хуульчдаас 110 шүүгч, 99 прокурор, 81 мөрдөн байцаагч, 40 өмгөөлөгч, 24 хуулийн зөвлөх, 14 нотариатч, 17 профессор багш нар болон бусад мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан байна. МУИС-ийн ХЗДС-ийн судалгааны багийнхан санал асуулгын дүнг нэгтгэн дүгнэв. Энэ дүгнэлтээс харахад хуульчдын 83 хувь, иргэдийн 78 хувь нь цаазаар авах ялыг байлгах хэрэгтэй гэж үзсэн байх бөгөөд мөн иргэдийн 61 хувь нь цаазаар авах ял ногдуулах тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах шаардлагатай гэж үзсэн байна. Төслийн ажлын хэсэг судалгааны дүнгээр олон нийтэд хэлэлцүүлэг явууллаа.

Төслийн 2-р шатанд МУ-ын Дээд шүүхийн судалгааны төвтэй хамтран Монгол улс дахь цаазаар авах ялын түүхэн он дарааллын баримт бичгүүдийг цуглуулан, түүхэн тойм бичиж, цаазаар авах ялын давж заалдах, уучлал үзүүлэх байдал, цаазаар авах ялын хүлээлт, ялтны эрх зүйн байдал, ял эдлүүлэх нөхцөл байдлын судалгаа, цаазаар авах ялын сүүлийн 40 жилийн харьцуулсан судалгаа, дэлхий нийтийн чиг хандлага, цаазаар авах ял оноолт болон гүйцэтгэлийн талаарх улс орны харьцуулсан судалгааг хийлээ.

Монгол улсад цаазаар авах ялыг хэд хэдэн удаа халж байсан түүх бий. Тухайлбал 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Дараа нь хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтоосноос хойш энэ ялыг Монгол улсад халаагүй байна. Хууль тогтоогчид цаазаар авах ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглосон юм. Монгол улсын өнөөгийн дагаж мөрдөж буй 2002 оны эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна.

Төслийн 3 дугаар шатанд цаазаар авах ялын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн Зөвлөмж боловсруулан төслийн судалгааны тайланг монгол хэлээр бэлтгэн олон нийтэд тараагаад байна.

Эх сурвалж: www.amnesty.mn

No comments: