“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г АТГ-аас хийжээ. Энэ талаар лавлахаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа.

-Судалгааныхаа талаар эхлээд танилцуулахгүй юу?
-Улс төр хууль хяналтын хүрээнд хийгддэг энэхүү төсөөллийн судалгааг хоёр жил тутамд мянганы хөгжлийн зорилтод дэмжлэг үзүүлэх НҮБ-ийн төслийн багтай хамтарч явуулж байна. Судалгааны зорилго нь нөхцөл байдал ямар байгааг тодорхойлж, түүн дээр тулгуурлан хийх ажлынхаа шугамыг тогтоодог. Мөн дээрээс нь бидний хийж байгаа ажил ямар үр дүнтэй байна вэ гэдгийг харахад чиглэгдэнэ. Энэ судалгаанд нөхцөл байдлын талаарх маш сайн мэдээлэлтэй 26 шинжээч оролцлоо.
Түүний 30,7 хувь нь яам агентлагийн хяналт шалгалт хариуцсан энэ чиглэлийн мэдээлэл дээр ажилладаг хүмүүс, 23 хувь нь улс төр, хууль эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчид, 19,2 хувь нь УИХ-ын гишүүд, 19,2 хувь нь улс төр, хууль эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, 11,5 нь хувийн хэвшил болон төрийн бус олон улсын байгууллагын мэргэжлийн хүмүүс байлаа.

-Судалгаанаас ямар үр дүн харагдаж байна?
-Энэ судалгаанаас харахад улс төрийн хүрээний авилга нэмэгдэх хандлагатай байна. Харин хууль хяналтын байгууллагын авилга буурах хандлагатай. Харьцуулалтыг 2008, 2009 онтой жишиж байгаа юм.

-Улс төрийн хүрээний авлига аль салбарт илүү байна?
-Ерөнхийдөө улс төрийн хүрээнийхний авилга дэд бүтцийн салбар, уул уурхайн салбар луу нэлээн чиглэж байна гэсэн судалгааны дүн гарсан. Уул уурхай салбар, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нам доторх эрх мэдлээтогтооход авлига нь чиглэгдэж байна. Хамгийн аюултай нь хэвлэл мэдээллийн салбарт улс төрчид орж, хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдан авах байдал их гарч байгаа бололтой. Сэтгүүлчийг нь худалдаж авч чадахгүй болохоороо байгууллагыг нь бүхлээр нь авчихаж байна. Энэ судалгааны дүнгийн 1-ээс 5 хүртэл оноогоор дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл 5 оноо гарвал улс төрчид тухайн салбарт авлигаар дамжуулан нэгмөсөн эрх мэдлээ тогтоосон байна гэсэн үг. Тэгвэл энэ тоо уул уурхайн салбарт 4,7, дэд бүтэц 4,5, нам доторх эрх мэдлээ тогтоох 4,5, хэвлэл мэдээлэлд эрх мэдлээ тогтоох нь 4,4 байна гэсэн дүн гарсан. /Та бүхэн дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу/

Улс төрийн хүрээний авлигын чиглэгдэх үйл ажиллагааны талаарх үнэлгээ

-Судалгаа нь өөрөө “төсөөллийн” гэсэн. Төсөөлөл гэхээр энэ дүн маань бодит тоо биш болж таарах уу?
-Төсөөлөл гэхээр нэг хүний үнэлэмж биш 26 шинжээчийн үнэлэмж гэсэн үг. Бид судалгаанд оролцсон шинжээчдийнхээ нэрийг нууцалдаг. Энэ шинжээчид маань тухайн салбартаа ажилладаг, “халуун тогоонд” нь байгаа хүмүүс учраас илүү бодитойгоор эрсдэлийг тодорхойлж өгдөг. Төсөөллийн судалгааны нэг энгийн томъёо байдаг л даа. Утаа гарч байна гэдэг бол тэнд ямар нэгэн гал байна гэсэн үг. Утаа өөрөө төсөөлөл. Утаа хэр гарч байна вэ гэдгийг шинжээч нар гаргаж ирнэ. Үүн дээр тулгуурлаад ямархуу байдлаар арга хэмжээ авах вэ гэдэг арга хэлбэрээ тодорхойлно. Энэ төсөөллүүдийг өөрчилснөөр юу хийх ёстой вэ гэдгээ гаргана. Жишээлбэл, уул уурхайн салбарт авилга үүсэх эрсдэл асар өндөр байна шүү гэдэг дохиог энэ судалгаа өгч байгаа хэрэг юм. Гэхдээ энэ төсөөлөл маань иргэдийн төсөөллөөс ялгаатай. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байгаа мэдээллээрээ төсөөллөө бий болгодог. Харин энэ судалгаанд оролцсон шинжээчид тухайн нөхцөл байдалд өөрсдөө ажиллаж байдаг болохоор илүү бодитой судалгаа гардаг.

-Улс төрийн хүрээнд асуудал тийм байдаг байж. Тэгвэл хууль хяналтын салбарт?
- Хууль хяналтын байгууллагуудын авлигат өртөх эрсдэл харьцангуй буурсан байна. Энэ нь тухайн байгууллагуудын авлигын эсрэг зохион байгуулдаг ажлуудтай холбоотой байх. Гэхдээ энэ нь 3,8 гэсэн түвшинд байгаа юм. Хэрэг үүсгэх, хэрэгсэхгүй болгох ажиллагаанд авлига нэлээн чиглэгддэг. Хууль хяналтын байгууллагуудын хээл хахууль өгч авахдаа голдуу өмгөөлөгч, зуучлагчаар дамжуулдаг байна. Мөн мөнгө зээлдүүлээд мартах гэдэг нэг шинэ хэлбэр үүсээд байна. Энэ салбарт хамгийн их авлигын эрсдэл нь замын цагдаа, мөрдөн байцаагч хоёр дээр байгаа юм.

Хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлига үүсэх эрсдэлийн үнэлгээ

-Авлигыг цаад хүмүүс нь шаардаж байна гэхээсээ илүүтэй манай иргэд өөрсдөө “хөгжүүлээд” байгаа байдал анзаарагддаг юм. “Тэрэнд тэдэн төгрөг өгөхгүй бол болдоггүй юм гэнэ лээ” гэсэн явган яриа их байгаа нь үүнийг батлах байх.

- Сүүлийн үед хууль хяналтын байгууллагуудад авлига их байгаа гэсэн мэдээлэл их гарч байгаагаас үүдээд сайн өмгөөлөгч хөлслөхийн оронд таньдаг хүн хайх, эсвэл мөнгө өгөх санаа шууд тэр хүнд автоматаар бууж төсөөлөгдөөд байна. Энэ төсөөлөл маань тэр хүнийг шоронд оруулаад байна. Иргэдийн энэ төсөөлөл дээр нь хууран мэхлэгч нар ажиллаад байна гэдгийг сануулмаар байна. “Би тэр өмгөөлөгчийг танина, би тэр мөрдөн байцаагчийг танина, тэдэн төгрөг өгчих, би аргалаад өгье” гээд авчихдаг. Гэтэл хуулийн өмнө ирэхэд тэр хүн хуурч мэхлээд мөнгийг нь авчихсан юм чинь авдаг ялаа авна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь асуудал үүсгэж “Энэ хүн надад хахуулийг зуучлаад өгнө гээд мөнгө өгсөн” гэдэг. Энэ тохиолдолд сая гарсан нэг хэргийг жишээ болгоё л доо. Нөхөр нь шоронд орчихсон эмэгтэй арга ядахдаа нэг хүнд нааштай шийдвэр гаргуулахын тулд мөнгө өгчихсөн. Өнөөх нь “би сайн өмгөөлөгч, шүүх прокурорт мөнгийг чинь өгөөд аргалчихна” гэж. Гэтэл нөгөө зуучилсан хүн маань өөрөө хуурчихсан учраас залилангийн хэргээр шоронд ордог. Гэтэл нөгөө эхнэр нь их хэмжээний хахууль өгсөн хэргээр харин ч бүр нөхрийнхөө араас шоронд орж байгаа юм. Тиймээс ард түмэндээ уриалахад энэ хууран мэхлэгч нар ард түмний төсөөлөл дээр тулгуурлаж гэмт хэрэг үйлдэж байна. Тэдний хууралтанд бүү автаач ээ. Бусад залилангийн хэрэгт хохирогч шоронд орохгүй шүү дээ. Гэтэл энэ тохиолдолд тухайн хүн маань мөнгөө өгөхийн зэрэгцээ, өөрөө давхар хуульд заасны дагуу хариуцлага үүрэх болж байгаа юм. Манай эрүүгийн хуулиар хахууль өгсөн хүн өөрөө сайн дураараа илчилвэл шийтгэлээс чөлөөлдөг заалт байхгүй болчихсон шүү дээ.

-Одоо бол хуулинд заасны дагуу хахууль өгсөн, авсан хоёр хоёулаа шийтгэл амсах байгаа.

- Олон улсын хэмжээнд хахууль өгсөн хүн сайн дураараа илчилвэл шийтгэлээс чөлөөлөгддөг. Манай улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенци ч ийм байдаг. 2002 он хүртэлх манай улсын хуульд ч сайн дураараа хахууль өгснөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлээс чөлөөлөгддөг байсан. Гэтэл энэ хууль 2002 онд өөрчлөгдсөн /сурв. Энэхүү хууль нь авлигыг далд хэлбэрт оруулахад түлхэц болсон юм. Учир нь авлига авсан, өгсөн хоёулаа буруутан болох заалт орсноор өгсөн хүн авлига өгснөө илчлэх “шаардлагагүй” болсон. Энэ үед УИХ-д МАХН 72 суудлыг эзэлж байлаа/.

-Нэгэнт ийм хуультай юм чинь тухайн иргэн хахууль өгөхөөс татгалзах боломж бол байгаа?
-Саяхан бид иргэн Цэцэгээгийн хэрэг дээр ажиллалаа. Энэ хүн нэг жил гаран хахууль өгөхгүй “үгүй” гэж хэлсэн. Гэтэл СХД-ийн тамгын газрын үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгодог албан хаагч тэр хүнийг нэг жил гаран хахууль өгөөгүйнх нь төлөө хохироосон байгаа юм. Тэгээд тэр хүн маань эцэстээ манайд хандсан. Тэгээд манайх шалгаад тэр байцаагчид нь арга хэмжээ авахуулсан. Гэхдээ шударга иргэн эцсийн эцэст ялалт байгуулсан.

-Тэр байцаагч хахууль өгөхийг шаардсан юм уу?

-Хахууль өг гэж шууд шахаагүй. “Наад бичиг баримт чинь болоогүй байна” гээд л буцаагаад байсан бололтой. Яг ямар баримт дутуу, яах ёстойг хэлж өгөхгүйгээр “болоогүй байнаа” л гээд байдаг. Ингээд тухайн иргэн маань ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадалгүй хугацаа алдсан байсан. Бид очоод шалгасан. Ганцхан тэр хүнд арга хэмжээ аваад зогсохгүй, тухайн дүүргийн зөвшөөрөл олгодог тогтолцооны гажгийг нь илрүүлсэн. Тэгэхээр АТГ-ын Хяналт шалгалтын хэлтэс яг энэ чиглэлийн өргөдөл, гомдлыг хүлээж аваад, иргэдийн гомдлыг барагдуулдаг. Манай иргэд гэмт хэргийн шинжтэй зүйлд анхаарлаа хандуулдаг болохоос энэ төрлийн жижиг зүйлд хандаад байдаггүй л дээ. Иргэд манай байгууллагад хандах юм бол хэргийг том жижиг гэхгүй энэ иргэн Цэцэгээгийн хэргийг шийдсэн шиг ажиллах эрх зүйн боломж бүрдсэн байна.

-Улстөрчдийн зүгээс албан тушаалтнуудад хэрхэн нөлөөлдөг бол?
- Улс төрчид үгэндээ ордоггүй албан тушаалтны зөрчлийг илрүүлж түүгээр нь дарамтлах байдал 4,4 оноотой, ажлаас нь хална, арга хэмжээ авна гэж дарамт шахалт үзүүлэх байдал 4,0 оноотой байгаа юм. Энэ үзүүлэлт урьд оныхоосоо нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Сүүлийн үед ах дүүсийнх нь хувийн өмчтэй холбоотой зөрчлийг илрүүлж түүгээр нь дарамталдаг болчихсон. Шударга албан хаагчид ямар нэгэн зөрчил байхгүй бол ах дүүсийнх нь компаниар дамжуулж дарамтлах хандлага гарч байгаа бололтой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай дайруулах үйл ажиллагааг ч улс төрчид хийж байна гэсэн дүн гарсан.

Мөн улстөрчид албан тушаалд томилох ажиллагаанд нөлөөлөх байдал нь хүчтэй хэвээр байна. Улс төр бизнесийн бүлгүүд нэлээд нэгдсэн байна. Бизнесийнхэн улс төрийнхнийг мэдэлдээ авах үйл явц нэлээн өрнөж байна. Үүнээсээ болоод улс төр бизнесийнхэн ялгагдахгүй болоод ирж байна гэсэн судалгааны дүн гарч байна.

Улс төрчид төрийн байгууллагын дор дурьдсан үйл ажиллагаануудад нөлөөлөх давтамжийн үнэлгээ

-Улстөрчдийн хооронд ихээхэн мөнгөний тоо яригддаг. Энэ тал дээр хянаж шалгадаг уу?
-Монгол банк 20 саяас дээш төгрөгний гүйлгээнд хяналт тавьдаг болчихсон шүү дээ. Авлигын гэмт хэргийн улмаас авлигачдад гарч ирдэг хамгийн том бэрхшээл нь мөнгө. Тэр их мөнгөө яаж зарах вэ гэдэг нь хэцүү болж ирдэг.Ийм учраас тэд мөнгөө ямар нэг хэлбэрээр угаадаг. Авлигаар авсан мөнгийг хэрхэн зардаг талаарх асуулгыг судалгаандаа бас тусгасан. Тэгэхэд улс төрийн хүрээнийхэн голдуу үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авдаг байна. Мөн хүүхдийнхээ сургалтын төлбөр, өөрийн болон гэр бүлийн эзэмшлийн компанид хувь оруулдаг. Хуулийнхан болохоор голдуу зугаа цэнгэлд зарцуулах юм уу, машин тээврийн хэрэгсэл худалдан авдаг байна.

-Судалгааны дүн нэгэнт гарсан бол түүнтэй холбоотой ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?

- Авлига гэдэг маань нийгмийн өвчин. Харин судалгаа гэдэг бол оношилгоо юм. Бид гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг судалгаан дээр тулгуурлалгүй “чавганц” аргаар олон жил тэмцсэн. Сүүлийн үед харьцангуй дэвшил гарч судалгаанд тулгуурлаж ажиллах явц нэмэгдэж байгаа. Тэгэхээр АТГ энэ судалгааны дүнд тулгуурлаж эрсдлийг яаж арилгах вэ гэдэг дээр түлхүү ажиллана. Тэгэхгүйгээр хүмүүсийг шийтгээд л байвал оронд нь ямар ч хүн очсон авлигад өртөх эрсдэл нь байсаар л байна гэсэн үг. Орчныг нь цэвэр болгох хэрэгтэй. Бид хүүхдүүдээ бага байхаас нь авлигад дасгаж эхэлж байна шүү дээ. “За миний хүү тийм юм хийвэл ийм чихэр өгье, онц авбал тэгье” гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхдэд би ямар нэгэн зүйл хийвэл надад оронд нь шан харамж өгөх ёстой юм байна гэсэн бодлыг төрүүлчихэж байгаа юм. Багшдаа бэлэг өгөх ёстой гэж бодуулдаг. Гэтэл багш өөрөө авахыг хүсч байна уу, үгүй юу. Дараа нь дээд сургуульд орлоо. Зарим хүүхэд амархан аргаар сураад байдаг. Гэтэл тэр хүүхэд шөнөжин хичээлээ давтаад суугаад байх хэрэг байна уу, үгүй юу. Өнөөдөр төрийн албанд хуурамч бичиг баримттай хүмүүс олон болж байна гэдэг чинь энэ бүх буруу үйл ажиллагааны л уршиг шүү дээ. Тэгэхээр манай АТГ авлига үүсгэж байгаа нөхцөлүүдийг гаргаж, эрүүлжүүлэх ажлыг л хийж байгаа. Олон улсын хэмжээнд ч хүнийг шоронд хийснээр асуудал хэзээ ч шийдэгдэхгүй гэдэг зүйлийг баримталдаг. Нэг хүнийг шоронд хийхэд дараагийн хүн бэлтгэгдээд л гараад ирнэ. Тэгэхээр шоронгоо нэмэх үү, урьдчилан сэргийлэх ажиллагаагаа сайжруулах уу. АТГ энэ төсөөллийн судалгаан дээр үндэслээд авлига үүсэх эрсдэлүүдийг хэрхэн багасгах тал дээр түлхүү анхаарч ажиллах болно.

-Улстөрчдийн зүгээс авлигын эсрэг ажиллах санал гаргасан гэсэн?
- Бид УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарыг онцолж хэлмээр байна. Авлигатай тэмцэхэд ард түмний дэмжлэг, улс төрчдийн хүсэл эрмэлзэл байх ёстой. Энэ хоёр байхгүй бол нэг байгууллага хэчнээн ганцаараа орилоод төдий л үр дүнд хүрэхгүй. Улс төрчдөөс хамгийн түрүүнд Ц.Элбэгдорж авлигатай тэмцэхийг уриалсан. Тэгвэл одоо энэ залуу гурван гишүүн маань авлигатай тэмцэх парламентийн бүлэг байгуулж ажиллахаар болсон. Мөн бусад гишүүнээ уриалсан. Энэ уриалгыг бусад нь мөн талархалтай хүлээж авч байгаа. Улс төрийн судалгааны гол дүгнэлт маань авлигын эсрэг лобби бүлэг байгуулахыг уриалах байдаг. Тэгэхээр энэ гурван гишүүн бол их том алхам хийлээ гэж үзэж байна. Олон улсын хэмжээнд олон улсын авлигын эсрэг парламентчдын холбоо гэж байдаг.

-Уул уурхайн салбар сүүлийн үед иргэдийн анхаарлыг ихээр татаад байгаа?

- Уул уурхайн салбарт дахин гарахгүй гэхийг үгүйсгэхгүй нэг хэргийн талаар ярья л даа. Өмнөговьт нэг хүн хувийн компанитай, тэр компанидаа бүтээгдэхүүн хилээр гаргах үүрэгтэй жолооч нарыг шалгаруулж авна гэсэн байгаа юм. Тэгээд “би арван хүн авна. Нэг хүн бүртгэлийн хураамж гэж 2500 төгрөг тушаана” гэсэн. Гэтэл тэнд нь зуу гаруй хүн цугласан байгаа юм. Тэгээд өнөө хүмүүс нь нөгөө этгээдэд хахууль өгч эхэлсэн. Гэтэл өнөөдөх чинь зүгээр л нэг залилагч этгээд шүү дээ. Төсөөлөл гэж хэлээд байгаа чинь л энэ. Иргэдийн толгойд хүнд хахууль өгчихвөл л хэрэг бүтнэ гээд төсөөлчихсөн байдаг нь зальтай этгээдүүдэд “тоглолт” хийх боломжийг олгоод байдаг. Энэ мэт авлига бүхнийг бүтээнэ гэсэн төсөөлөл иргэдэд маш их байдаг. Нэг хүнд хэрэг бүтээгээд өгөөч гээд мөнгө өгчихдөг. Гэтэл тэртэй тэргүй тэр хэрэг нь хуулийн дагуу өөрийнх нь талд шийдэгдэх зүйл зөндөө. Нөгөө хүн болохоор мөнгө өгчихсөн чинь бүтчихлээ гэж бодоод байдаг. Тэгэхээр энэ авлига гэсэн төсөөллийг л өөрчлөх хэрэгтэй.

-Оюутолгойн гэрээ хийгдсэн нь маш их хэл амыг таталж байна. Энэ том гэрээний ард авлига байхыг үгүйсгэхгүй гэх хардлага байгаа. Та бүхэн судалгаа, шалгалт хийж байгаа юу?
-Гэрээ хэдий хэмжээний том байна, төдий хэмжээний өргөн хүрээ, ажиллагаа шаардагддаг.

-Яг хийж байгаа юу гэдэг дээр тодорхой хариулт өгөхгүй юу?

-Тиймээ судалгаа хийж байгаа. Гэхдээ үр дүн гарахад хугацаа шаардлагатай.

О.Ариунбилэг ariunbileg@gogo.mn

No comments: