Эрүүл мэндийн салбар дахь авилгатай тэмцэх арга зам

Өнөөгийн Монголын нийгэмд аливаа ажил хэргийг гүйцэлдүүлэхэд танил талын сүлжээ болон болон албан бус хүрээ ихээхэн хүчтэй нөлөөлдөг нь нэгэнт нууц биш болсон. Бараг л бүх судалгааны байгууллагын хийсэн ажлын тайланд авилга газар авсан гэгдэх салбаруудын нэр дурдагдана. Энэ удаагийн бидний явуулсан асуулгын дүн ч мөн адил. Тухайлбал, Таны бодлоор аль салбарт авилга илүү гардаг вэ гэсэн асуултад хариулт өгсөн 1000 шахам хүний саналыг үзвэл 81хувь нь гааль, 70,3 хувь нь шүүх, 66,4 хувь нь цагдаа, 60,5 хувь нь төр захиргаа, 60,2 хувь нь татвар, 57,2 хувь нь эрүүл мэнд, 52,8 хувь нь боловсрол гэжээ.

Дээрх асуулгын дүнгээр эрүүл мэндийн салбар авилгаар толгой цохиж харагдахгүй байгаа ч энэ салбар нь гажуудал завхралд тодорхой хэмжээгээр өртдөг салбарын тоонд ордог. Судалгаагаар, улсын хэвшилд ажиллагсдын бага цалин болоод үйлчилгээний чанар, хүртээмж жигд бус, тааруу байхад нөлөөлж буй макро нөлөөлөл /төсвийн хомсдол, бүс нутаг болон дэд бүтцийн тэнцвэртэй бус хөгжил г.м./ үүнээс үүдсэн чирэгдэл, хүнд суртлын үр дагавар зэрэг нь эрүүл мэндийн салбар дахь авилгын орчныг тэжээгч гол хүчин зүйлс болж, ёс зүй, шударга ёсыг алдагдуулахад хүргэж байгаа нь харагдлаа. Тодорхой бус байдал, тэнцвэртэй бус мэдээлэл болон үлэмж тооны хүмүүс холбогдож байдаг зэрэг нь уг салбарыг гажуудал авилгад өртөх тогтолцооны шинжтэй бололцоог олгож байдаг ажээ. Үүнд:

Тодорхой бус байдал: Хэн өвчлөх, хэзээ өвчлөх, хүмүүс ямар өвчин авах болон эмчилгээ хэр зэрэг үр дүнтэй байх зэрэг нь тодорхой бус байдаг нь эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлийг бусад салбарынхаас эрс ялгаатай болгодог.

Тэнцвэртэй бус мэдээлэл: Тодорхой бус байдлын төвшин эрүүл мэндийн секторт хүн бүрт адил байдаггүй нь тэнцвэртэй бус мэдээлэл гэсэн системийн шинжийг гаргаж ирж байна. Оролцогчдын хувьд мэдээлэл тэгш хуваалцагддаггүй нь энэ салбарыг завхралд өртөмтгий болгодог. Эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгсэд оношилгоо ба эмчилгээний техник онцлогуудын талаар өвчтөнөөс илүү мэдээлэлтэй байхад эмийн компаниуд өөрсдийн бүтээгдхүүнүүдийнхээ талаар тэдгээрийнх нь жорыг бичиж өгдөг эмч нараас илүү ихийг мэдэж байдаг. Хувь хүмүүс өөрсдийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгсэд болон даатгагчдын мэдэхгүй зөндөө зүйлсийг мэдэж байдаг бол үйлчилгээ үзүүлэгсэд ба даатгагчид хүмүүст учирч болох янз бүрийн төрлийн эрүүл мэндийн эрсдэлийн талаар өөрсдөөс нь илүү сайн мэдээлэлтэй байх жишээтэй

Үлэмж тооны оролцогч: Үлэмж тооны хүмүүс холбогддог. Дор хаяж таван төрлийн оролцогч байна. 1. Засаг төрийн зохицуулагчид (ЭМЯ, парламентчид, тусгай хороод) 2. Төлөгчид (нийгмийн хамгааллын байгууллагууд, төр засгийн алба, хувийн даатгал) 3. Үйлчилгээ үзүүлэгчид (эмнэлэг, эмч нар, эм зүйч) 4. Хэрэглэгч (өвчтөн) 5. Хангамжийнхан (эмнэлгийн тоноглол ба эмийн компаниуд)

Эл бүхий байдлыг дагаад ард нийтийн дунд ч үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй “гар хүндрүүлэхгүй бол ажил бүтэхгүй” гэсэн мөрдлөг гэмээр итгэл үнэмшил газар авсныг, тэр нь эргээд нийгмээ албан бус өгөө авааны гинжин хэлхээнд улам бүр гүнзгий оруулж буй тал байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Судалгааны явц болон дүнгээс үзэхэд эрүүл мэндийн салбарт авилгыг багасгаж, шударга ёсыг тогтоохын тулд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай дараахь асуудлууд байна.

Эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, урамшуулын системтэй холбох
Судалгаанд оролцогсдын 85,9 хувь нь эмч эмнэлгийн ажилтнуудын цалин орлого бага учраас авилгад өртдөг гэж үзсэн байна. Цалинг нэмбэл авилгатай холбоотой асуудал багасна гэж судалгаанд хамрагдсан эмч эмнэлгийн ажилтнуудын 51 хувь нь бүрэн санал нийлсэн бол 33,3 хувь нь зарим талаараа тийм гэжээ. Цалинг доод тал нь 250 – 300 мянган төгрөг болгох хэрэгтэй гэж тэд үзэж байна. Мөн экспертэд оролцсон олон эмч ажилтнууд урамшууллын асуудлыг тавьж байв.

Үйлчилгээг төлбөртэй болгож, зарим үйлчилгээний үнийг нэмэх
Ийм санал судалгаанд хамрагдсан экспертүүдийн дийлэнхээс шууд болоод дам байдлаар гарч байв. Түүнээс гадна одоогийн эмнэлгийн үйлчилгээнд мөрдөгдөж буй тарифын дагуу төлдөг төлбөр нь эргээд үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд хангалттай байж чаддаггүй гэж судалгаанд хамрагдсан эмч эмнэлгийн ажилтнуудын 52,9 хувь нь үзсэн байхад 19,2 хувь нь чаддаг гэсэн хариулт өгчээ. Мөн эмчилгээ үйлчилгээний үнэ тариф нэмэх нь эмнэлгийн зүгээс чанартай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх нэг нөхцөл ямар нэг хэмжээгээр мөн гэж 73,2 хувь үзжээ. Энэ бол бага тоо биш юм. Гэхдээ төлбөрийг нэгдсэн төсөвт бус эмнэлгийн санд оруулан эмч, ажилтан болон байгууллагад тодорхой хувиар хуваарилдаг байх хэрэгтэй гэсэн саналыг олон эмч тавьж байна. Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалаар төлбөртэй үйлчилгээнээс орсон орлогоос эмч сувилагчдад 40 хүртэл хувийн урамшуулал олгохоор заасныг бага байна гэж үзсэн байна.
Өөр нэг анхаарал татсан зүйл бол эрүүл мэндийн салбарт ажиллагсдын орлого, нийгмийн асуудалтай холбоотой гарсан зарим тушаал болон журманд тус салбарт ажилладаг эмнэлгийн бус ажилтнууд хамрагддаггүй явдал байв.

Хүнд суртлыг арилгаж, хүртээмж чанарыг сайжруулах
Үйлчилгээний чирэгдэл, хүнд суртал нь дан ганц эмнэлэг болоод эмч, ажилтнуудаас хамаарахгүй ч энэ нь хүмүүсийг албан бус төлбөр болон бусад арга саам эрэлхийлэхэд хүргэдэг. Үүнийг эрүүл мэндийн салбар дахь авилгын хамгийн гол шалтгаан хэмээн олон нийт /64,9хувь/ үзсэн байна. 46,2 хувь чирэгдэл ихтэй учраас гар цайлгадаг гэж хариулжээ. Бүс нутаг, дэд бүтцийн тэнцвэргүй хөгжил томоохон сөрөг хүчин зүйл болон гарч ирж байна. Иргэдийн дийлэнх хэсэг нь сайн үйлчилгээ авахын тулд юуны түрүүн Улаанбаатар болон томоохон хотууд руу цувж, ачааллыг хэд дахин нэмэгдүүлдэг нь үйлчилгээний хүртээмжийг хомсдуулж, чирэгдэл болоод албан бус харилцааны элдэв сүлжээг ердийнхөөс нь хэд дахин ихэсгэж байна.

Эмнэлгийн удирдлагыг сонгодог болох
Албан тушаалын томилгоо улстөрийн засаглалын хөдөлгөөнтэй шууд холбоотой байх нь нэгд, төрийн алба ашиг сонирхлын золиос болох, хоёрт, төрийн албан хаагчийн хувьд тухайн албан тушаалдаа ажиллах хугацаа тодорхой бус болж, энэ нь эргээд авилгын орчныг тэтгэдэг хүчин зүйлийн нэг болдог байна.

Мэдээлэл авах боломжийг өргөсгөх
Оролцогчдын хувьд мэдээлэл тэгш хуваалцагддаггүй нь энэ салбарыг завхралд өртөмтгий болгодог. Эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээний талаарх мэдээлэл хомс байдаг нь зарим тохиолдолд хий хардалт сэрдэлт, бухимдал, улмаар чирэгдэл үүсгэдэг байна. Мөн салбарын яам байгууллагуудын албан ба дотоод мэдээллийн сүлжээнд нээлттэй, шуурхай чанар ихээхэн дутагддаг нь судалгааны явцад харагдаж байв.

Авилгын эсрэг мэдээлэл, сургалтыг өргөжүүлэх
Эрүүл мэндийн салбар дахь авилгын эсрэг сургалт сурталчилгаа чухал гэж олон нийтийн 15,6 хувь нь, эмч эмнэлгийн ажилтнуудын 14,0 хувь нь хариулсан бөгөөд энэ нь дээрээсээ гуравт сонгогдсон байна. Мөн үнэн зөв мэдээлэл түгээх нь дээрхээс ч илүүтэй чухал гэж үзжээ. Боловсрол, ерөнхий боловсрол болон их дээд сургуулийн хөтөлбөрт авилгын эсрэг сэдэв оруулах нь чухал гэж үзэж байна. Авилгыг үл тэвчих, жигших сэтгэлзүйн орчин, дадал зуршлыг иргэдэд бүр багаас нь төлөвшүүлэх явдал бол нүдэнд үл үзэгдэх атлаа авилгатай тэмцэхэд ихээхэн чухал нийгэм - соёлын хөрс суурь юм.

Даатгалын системийг үр ашигтай, өгөөжтэй болгох
Эрүүл мэндийн үйлчилгээг төлбөртэй болгохыг дэмжигчдийн анхаарлаа хандуулж байсан нэг зүйл бол орлого багатай иргэдийг халамжийн юму даатгалын системээр дамжуулан хамгаалах хэрэгтэй гэсэн санаа юм. Түүнээс гадна даатгалын системээ боловсронгуй болгоод иргэдээ бүрэн хамруулж чадах юм бол бүх эмнэлгийг заавал бэлэн төлбөртэй болгох албагүй гэж мөн олон эмч ажилтан үзэж байв. Ер нь өрхийн эмнэлгийн системээр дамжуулан энэ асуудлыг зохистойгоор шийдсэн улс орнууд ч байдаг.

Хяналтын механизмыг сайжруулж, хариуцлага ёс зүйг дээшлүүлэх
Энэ нь төрийн болоод төрийн бус, мэргэжлийн болоод мэргэжлийн бус, хувь хүний өөрийнх нь болоод нийт нийгмийн гэсэн олон хэлбэртэй байж болох юм. Саяхан авилгын эсрэг тэмцэх газрыг байгуулсан ч түүний удирдлагыг ерөнхийлөгчийн зөвлөсний дагуу томилохоор заасан нь уг албаны бие даасан байдлыг хэр найдвартай хангах бол? Түүний оронд, жишээ нь иргэний нийгмийн байгуулагуудаас нэр дэвшүүлэн хэлэлцүүлж томилуулах нь илүү нээлттэй хувилбар байсан байж болохыг үгүйсгэх аргагүй. Авилгаас хүлээх хариуцлага байхгүй байгаа нь цалин бага байгаагаас илүү авилгыг дэврээж байна. Хариуцлагатай удирдлага бол хэдийгээр бид авилгыг зөвхөн хувь хүний зан суртахууны асуудал гэж үзэхгүй байлаа ч гэсэн авилгатай тэмцэх стратегийн гол хэсэг нь юм.

МУИС-ийн социологийн багш Д.Мөнхтөр

No comments: