Нийгмийн тэгш бус байдал ба давхраажилт

Тэгш биш байдал ба давхраажилтын учир
•Нийгмийн тэгш байдал байдаг уу?
•Эд баялаг,эрх мэдэл,нэр хүнд,мэргэжил боловсрол бол нийгмийн давхраажилтын дөрвөн хэмжигдэхүүн болох тухай
•Боолчлол,каст,язгуур,анги бол давхраажилтын дөрвөн хэв маяг болдог тухай
•Нээлттэй,хаалттай нийгэм гэж ямар нийгэм байдаг тухай мэдэж авах болно.

Тэгш байдал байдаг уу?
Бүх хүн тэгш байхаар төрсөн гэдэг ойлголт нийтлэг байдаг.Гэсэн ч энэ нь амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй юм.Тэгш бус байдал олон янзаар илэрдэг.Жишээ нь нас хүйс,арьс өнгө,үндэс угсаа,шашин шүтлэг хүртэл тэгш бус байдлын үндэс болдог.
Эртний хүй нэгдлийн нийгэмд овгийн гишүүд олсон олзоо тэгш хувааж,хүртдэг байв.Хүрэл төмөр зэвсэгт шилжсэнээр хөдөлмөрийн бүтээмж дээшилж,хэрэгцээнээс илүү гарсан баялаг овгийн ахлагч нарын мэдэлд төвлөрч,тэд бусдаасаа илүү эрх мэдлийг авсан байна.Ингэж нийгэмд хувийн өмч үүссэнээр тэгш бус байдлын үндэс тавигджээ.Тэгвэл орчин үеийн нийгэмд баян чинээлэг эрх мэдэлтэй цөөнх болон ядуу зүдүү нэг хэсэг байдаг бөгөөд ийм хоёр туйлын хооронд бие даасан амьдралтай томоохон бүлэг болох дунд анги орших болжээ.Нийгэм судлалд эдгээрийг дээд,дунд,доод анги гэнэ.Нийгмийн анги бүлгүүд өмч хөрөнгө,эрх мэдэл,нэр хүнд,мэргэжил боловсролоороо нэг нь нөгөөгийнхөө дээр юмуу доор байрлах энэ байдлыг нийгмийн давхраажилт гэдэг.Давхраажилтын дөрвөн хэмжигдэхүүн нь өөр хоорондоо холбоотой,хоршсон байдлаар бий болдог.

Хүмүүс нийгэмд эзэлж буй нийгэм эдийн засгийн байр сууриараа давхраануудад хуваагдахаас гадна нас хүйс,үндэс угсаа,шашин шүтлэг,арьс өнгө зэргээсээ хамаараад тэгш бус бүлгүүд буюу давхраануудад хуваагддаг.Жишээ нь эрэгтэй эмэгтэйчүүд нийгэм эдийн засгийн байр суурийн хувьд ялгаатай байдаг бөгөөд ихэнхдээ эрэгтэйчүүд баялаг,эрх мэдлийг гартаа авч,нэр хүндтэй болох хандлага их байдаг.АНУ-д хар арьстнууд нийгмийн доод давхрааг бүрдүүлдэг бол Европод ази африкаас цагаачилсан үндэстнүүд энгийн,цалин хөлс багатай ажил хөдөлмөрийг эрхлэн ядуу ажилчдын давхраанд хамаарагдах нь олонтаа.

Эд баялаг,эрх мэдэл,нэр хүнд,мэргэжил боловсрол бол нийгмийн давхраажилтын дөрвөн хэмжигдэхүүн болох тухай
Германы социологич М.Вебер нийгмийн давхраажилтыг эд баялаг,нэр хүнд,эрх мэдэл гэсэн 3 шалгуураар ялган авч үзсэн.. Баялаг нь тодорхой капиталыг эзэмшиж байгаа эсэхтэй юуны түрүүнд холбогдоно.Энэ нь мөнгөн капитал,тодорхой өмч,хувьцаа болон бусад хөрөнгө оруулалтын тодорхой хувийг эзэмших явдлыг багтаадаг.Ингэхээр юуг эзэмшиж байна,хэдий хэмжээний орлоготой вэ? гэдгээс хамааран хүмүүс янз бүрийн давхраануудад хуваагддаг.Өмч хөрөнгөтэй, их орлоготой хүн орлого багатай,өмч хөрөнгөгүй хүмүүсийг захирах бололцоотой болдог.

Мөн түүнчлэн ихээхэн өмч хөрөнгөтэй хүмүүс нь олны танил болж ,бусад хүмүүсээр хүндлүүлж,алдар хүндийг олж авч чаддаг.Давхраажилтын 2 дахь хэмжигдэхүүн болох нэр хүнд нь нийгмийн бусад гишүүдийн зүгээс олж авсан хүндэтгэл,нэр төр,алдар,хүнд,хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэргийг багтаана.Нэр хүндийн ялгаатай бүлгүүд нь баялгийн ялгаатай бүлгүүдийн адил материаллаг хэрэглээ,эзэмшил,имидж буюу дүр төрхөөрөө ялгагдана.Өндөр нэр хүндтэй ажил,мэргэжлийг эрхлэх нь их орлого олох,баялаг эзэмших,эрх мэдэлтэй байхыг нөхцөлдүүлдэг.

Давхраажилтын дараагийн хэмжигдэхүүн бол эрх мэдэл.Эрх мэдэл гэдэг нь бусдын эсэргүүцлийг даван туулж,өөрийн хүсэл,зорилгыг хэрэгжүүлэх чадвар юм.Эд хөрөнгө,нэр хүнд зэрэгтээ тулгуурлан бусад бага нэр хүндтэй,өмч хөрөнгөгүй нэгнээ засаглах боломжтой.

Орчин үед давхраажилтын 4 дэх хэмжигдэхүүнийг тодорхойлж байгаа.Энэ нь мэргэжил боловсрол бөгөөд хүмүүс мэргэжил боловсрол эзэмшсэн эсэхээсээ хамаарч янз бүрийн давхраажилтанд хуваагдах болсон.

Хүмүүс ямар давхраануудад хуваагддаг вэ?
Социологичид нийгмийн гишүүдийг нийгэм эдийн засгийн статусын үзүүлэлтүүдийг ашиглан дараах давхраануудад хуваажээ.
1.Дээд дэвхраа:
-Дээдийн дээд давхраа.Нийгмийн тун бага хувийг эзэлдэг.АНУ-д л гэхэд зөвхөн нэг хувийг л дээдийн дээд давхраа эзэлдэг байна.Маш их хэмжээний хөрөнгө,алдар хүнд,өндөр эрх мэдэл бүхий гэр бүлүүд энэ давхрааг бүрдүүлдэг.Судлаачид энэ давхрааны статус нь олгогдмол буюу үе залгамжлан олгогдож байгааг тогтоожээ.
-Дээдийн доод давхраа.Бас л цөөн хувийг эзлэх ба дээдийн дээд давхрааг бодоход арай олон хүмүүсийг хамардаг.Дээдийн дээд давхрааны статус нь үе залгамжлан олгогддог бол дээдийн доод давхрааны статусыг өөрсдөө олж,хүрч авдгаараа ялгаатай.Францад тэдгээрийг шинэ баячууд гэж нэрлэдэг.
2.Дунд давхраа:
-Дундын дээд давхраа.Энэ давхрааг голдуу мэргэжилтнүүд бүрдүүлдэг.Мэргэжилтнүүд нь коллежээс дээш боловсролтой,хуульчид,физикчид,архитекторууд ,гүйцэтгэх захирал,төрийн албаны мэргэжилтнүүд зэрэг дундаас дээших цагаан захтнууд энэ давхраанд багтдаг.Судлаачид энэ давхрааныхан нийгмийнхээ төлөө гэсэн илүү их сэтгэлтэй байдаг гэж тодорхойлжээ.
-Дундын дунд давхраа.Зөв гольдрилын дагуу хөгжиж байгаа нийгмүүдэд дундаж давхрааныхан нийгмийн олонхи болдог.Энэ давхрааг дунд сургуулийн багш нар,жижиг бизнес эхлэгчид,худалдаа эрхлэгчид,компьютерийн программистууд болон төрийн дундаас доогуур тушаалын албан хаагчид зэрэг хүмүүс багтдаг.
3.Ажилчны давхраа. Мэргэжилтэй ажилтангууд энэ давхрааг бүрдүүлдэг.Тэд голчлон дунд болон мэргэжлийн боловсролтой хүмүүс байдаг.Тэдгээрийн хөдөлмөр дундаж давхрааныхан шиг хамгаалагдаагүй,эрсдэлд илүү өртөмхий байдаг.
4.Доод давхраа:
-Ядуу ажилчдын давхраа.Маш бага орлоготой ,мэргэжилгүй энгийн ажил эрхэлдэг ажилчид энэ давхрааг бүрдүүлдэг.Тэлгээрийн орлого нь амжиргааны доод түвшний ойролцоо байх ба ажилгүйдэлд өртөх эрсдэл өндөртэй байдаг аж.
-Нэн ядуучууд буюу ёроолын хэсгийнхэн. Судлаач Гилберт,Калл нарын үзэж байгаагаар энэ давхраа нь бага боловсролтой эсвэл боловсролгүй,хөдөлмөр эрхлэх чадвар муутай,өөртөө итгэх итгэлгүй,маш бага орлоготой,тогтмол орлогын эх үүсвэргүй хүмүүсээс бүрддэг гэж үзсэн.Тэд маш хүнд нөхцөлд амьдардаг ба нийгмийн халамжийн үйлчилгээ, тусламжаас хамааралтайгаар амьдардаг байна.

Давхраажилтын хэв маяг,хаалттай ба нээлттэй нийгэм
Олонхи социологичид боолчлол,каст,язгуур,анги гэсэн давхраажилтын дөрвөн үндсэн хэв маяг байдаг гэж үздэг..Эхний гурав нь хаалттай нийгэмд,сүүлчийнх нь нээлттэй нийгэмд байдаг.Доод давхраанаас дээд давхраанд шилжих явдлыг бүрмөсөн хориглодог,ихээр хязгаарладаг нийгмийг хаалттай нийгэм гэнэ.Харин шилжихэд ямар нэгэн хориг саад тавьдаггүй нийгмийг нээлттэй нийгэм гэдэг.

Боолчлол бол хүмүүсийг ямар ч эрх мэдэлгүй болгож,хөлсгүй зарцлах ёс юм.Энэ нь түүхэн хөгжлийн явцад хувьсч ирсэн бөгөөд түүний хоёр хэлбэрийг ялгаж үздэг.
1.Энгийн хэлбэр - энгийн хэлбэрийн боол нь гэр бүлийн гишүүний бүх эрхийг эдэлж,эзэдтэйгээ нэг гэрт амьдарч,хамтын амьдралд оролцож,чөлөөт иргэдтэй гэрлэж болдог байв.Ийм боолыг алахыг хориглож байсан.Монголын язгууртнуудын гэрийн боол энэ хэлбэрт багтана.
2.Сонгодог хэлбэр – энэ ёсонд боолыг бүрмөсөн боолчилсон.Тэр тусдаа байранд амьдарч,юунд ч үл оролцон юу ч үл залгамжилж,гэрлэх эрхгүй байсан.Түүнийг эзэд нь зарж,алж болдог байв.Эртний Грек болон 1865 он хүртэлх АНУ дахь тариалангийн боолчлол энэ хэлбэрт багтана.

Боол эзэмших ёс бол нэг хүн нөгөөгийнхөө өмч болж, доод давхраа нь ямар ч эрх чөлөөгүй байдаг түүхэн дэх нийгмийн харилцааны ганц хэлбэр юм.Ийм байдал каст,язгуурт ч байхгүй.Жишээлбэл эртний Грек Ромын үеийн боолчлол,Америкт хар арьстангуудыг боолчилж байсан,нацистуудын болон коммунистуудын хорих лагерь зэргийг дурдаж болох юм.

Кастын байгуулал бол боол эзэмших байгуулал шиг эртний зүйл биш,мөн төдийлөн түгээмэл биш бөгөөд Энэтхэг л кастын нийгмийн сонгодог жишээ юм.Каст бол хүн төрмөгцөө багтдаг насан туршдаа өөрчилж болдоггүй тийм нийгмийн бүлэг юм.Үүнийг хиндү шашин бэхжүүлсэн байдаг.Энэ шашины сургаалаар хүн ямар кастад багтах нь түүний урьд төрлөөс шалтгаалах бөгөөд энэ насандаа доод кастад төрсөн бол дараагийн төрөлдөө илүү дээд кастад төрөхийн төлөө хичээх ёстой гэдэг.

Язгуур бол зан заншил юмуу хуулиудаар бэхэжсэн, үеэс үед залгамжлуулдаг эрх ба үүргүүдтэй нийгмийн бүлэг юм.Язгуурын нийгэмд гүйцэтгэх үүргийг төрөөс хуулиар тогтоож өгсөн байдаг. Энэ нь дундад зууны үед зонхилж байсан.Язгуурын байгууллын сонгодог жишээ бол Ёвроп бөгөөд 14-15-р зууны уулзвар дахь нийгэм нь тайж ба санваартан,гар урчууд тариачид гэсэн хоёр язгуурт хуваагдаж байсан бол 10-13 зуунд санваартан, тайж нар, тариачид гэсэн гурван гол язгуур байжээ.Язгуурууд газар эзэмших өмчинд суурилдаг,үеэс үед уламжлагддаг.

Анги бол орчин үеийн нийгэм дэх бусдаасаа орлого боловсрол,эрх мэдэл нэр хүндээрээ ялгаатай нийгмийн давхрааг хэлдэг.Энэ үзэл барууны нийгэм судлалд зонхилдог.Ангиуд зөвхөн капитализмын үед үүсч,энэ нь хаалттай нийгмээс нээлттэй нийгэмд орсон шилжилт юм.Ангиуд нь боолчлол,каст,язгуураас ялгаатай.Тухайлбал дараах дөрвөн ялгааг онцолж болно.
1.Ангиудыг хууль юмуу шашинаар тогтоодоггүй.
2.Хувь хүн ямар ангид багтах нь давхраажилтын бусад хэв маягт байдаг шиг төрөхөөс бэлэн өгөгдөхгүй,харин хүрсэн амжилтаар нь тодорхойлогдоно.
3.Ангиуд эд баялгийн нөөцийг эзэмших ба хянах тэгш биш байдал буюу хүмүүсийн бүлгүүдийн хоорондын эдийн засгийн ялгаанаас хамаарч байдаг.
4.Ангийн тогтолцоо бол хувийн биш шинжтэй,том хэмжээний харилцаагаар дамжин хэрэгждэг.

Дүгнэлт
Ё Нийгмийн тэгш бус байдал гэдэг нь:Нийгмийн бүлэг бодгаль хүмүүс харилцан адилгүй,адил бус боломж бүхий байдлыг хэлнэ.
Ё Давхраажилт гэж эд хөрөнгө,эрх мэдэл,нэр хүнд,мэргэжил боловсрол зэргээсээ шалтгаалаад нэг нь нөгөөгийнхөө дээр юмуу,доор байрлах үзэгдлийг хэлнэ.
Ё Нийгэм эдийн засгийн статус гэдэг нь орлогын хэмжээ,ажил эрхлэлт,боловсрол гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлогдсон хувь хүний нийгэмд эзэлж буй байр суурь юм.
Ё Давхраажилтын үндсэн шалгуур буюу хэмжигдэхүүн гэдэг нь эд хөрөнгө, эрх мэдэл,нэр хүнд, боловсрол мэргэжил зэрэг юм.
Ё Давхраажилтын 4 хэв маяг гэдэг нь боолчлол,каст, язгуур, анги.
Ё Хаалттай нийгэм гэдэг нь нэг ангиас нөгөө ангид шилжихийг ихээр хязгаарладаг буюу бүрмөсөн хориглодог нийгэм бол нээлттэй нийгэм нь нэг ангиас нөгөө ангид шилжихэд ямар нэг хориг саад тавьдаггүй нийгэм юм.

Монголын нийгмийн давхраажилт
•Коммунист,либерал үзэл суртлын зорилго
•Социализмын үед Монголын нийгмийн бүтцэд гарсан өөрчлөлт
•1990 оноос хойших үзэл суртал ба нийгмийн давхраажилтанд гарсан өөрчлөлт
Коммунист,либерал үзэл суртлын зорилго
Үзэл суртал бол тодорхой анги бүлгийн ашиг сонирхлын үүднээс нийгмийн өөрчлөлтийг тайлбарлах, мөн түүний дагуу нийгмийн өөрчлөлт хийхийг нотолсон үзэл сургаал юм.Тэр нь нийгмийн оюун санааны нэг бүрэлдэхүүн болохынхоо хувьд соёлын чухал хэсэг байдаг.Үзэл суртлын номлол нь төрийн бодлого болон хэрэгждэг учраас нийгмийн давхраажилтыг нөхцөлдүүлдэг.Тухайлбал коммунист үзэл суртал ажилчин анги хөрөнгөтний ноёрхлыг хувьсгалаар устгаад, оронд нь ангигүй коммунист нийгэм байгуулах ёстой гэж үздэг.

1921-1990 оны үеийн коммунист, 1990 оноос хойш үеийн либерал үзэл суртлын үед манай нийгэмд тэгш биш байдал ,давхраажилт ямар байдалтай байсныг товч авч үзье.
Коммунист үзэл суртал нийгмийн тэгш биш байдлын үндэс нь хувийн өмч гэж үзээд нийгмийн тэгш байдалд хүрэхийн тулд хувийн өмчийг устгах хэрэгтэй гэдэг.Либерал суртал бол хүн төрөлхийн эрх чөлөөтэй бөгөөд хүний эрх чөлөөг хязгаарлаж, хааж болохгүй. Тиймээс хувийн өмчтэй байх ёстой гэж үздэг.XX зууны монгол оронд ийм эсрэг 2 үзэл суртал нэг нь нөгөөдөө халаагаа өгчээ.

Социализмын үед Монголын нийгмийн бүтцэд гарсан өөрчлөлт

Социализмын үед Монголын нийгмийн давхраажилтын бүтцийг хоршоолсон малчин,ажилчны анги,сэхээтний давхраанаас бүрдэнэ гэж тайлбарлаж байсан.Харин Судлаач Х.Гүндсамбуу социализмын үеийн давхраажилтыг малчдын,ажилчдын,сэхээтний,номенклатура /Дээрээс томилогддог албан тушаалын нэрсийн жагсаалтын шатлалаар тодорхойлогдсон удирдагчдын буюу дарга нарын давхраа/ гэсэн 4 давхраажилтаар тодорхойлсон байдаг.Манай оронд бүр 1920-иад оны сүүлчээс феадлын хөрөнгийг хурааж,ядуучуудад хуваарилах замаар нийгмийн тэгш биш байдлыг устгахыг зорьдог коммунист тэгшитгэх ёсыг хэрэгжүүлж эхэлжээ.Дараагийн үе шат нь малчдын хувийн өмч болсон малыг нийгэмчлэх явдал байв.Өөрөөр хэлбэл хүн амын олонхи болсон малчдыг нэгдлийн гишүүнээр элсүүлж,мал сүргийг нь нэгдлийн буюу хоршооллын өмч болгох зорилт байсан бөгөөд үүнийг нэгдэлжих хөдөлгөөн гэдэг.1959 оны эцэс гэхэд нэгдэлжих хөдөлгөөн дуусч,манай эдийн засагт хувийн өмч байхгүй болов.Ингэж тухайн үеийн нийгэм малчин анги,ажилчин анги,сэхээтэн анги гэсэн давхраанаас бүрэлдэх боллоо.1980 оны сүүлчээс нийгмийн тэгш бус байдал,давхраажилтыг үзэх үзэл,үзэл суртал өөрчлөгдөв.Тэгэхдээ энэ өөрчлөлт нь дээрээс албан ёсоор зөвшөөрсөн тунхагласнаас илүү доороос аяндаа түрж гарч ирсэн юм.1980 оны сүүлчээр хувиараа болон хоршоолсон хөдөлмөр эрхлэхийг нам,төрөөс зөвшөөрсөн бөгөөд тохиролцооны дэлгүүр,гуанз,алт мөнгөний дархан зэрэг хувийн үйлдвэрлэл,үйлчилгээ богино хугацаанд газар сайгүй дэлгэрсэн.Ингэж манай оронд хувийн өмч аяндаа төрж эхэлсэн бөгөөд 1992 оноос Засгийн газар өмч хувьчлах ажлаа эхлүүлж, 1993 оны эцэст нэгдлийн малыг малчдад, худалдаа ахуй үйлчилгээний газруудыг хамт олонд хувьчилж дуусчээ.

Одоо манай эдийн засагт хувийн өмч давамгайлах болжээ.Ардчилсан нийгэмд хувь хүний хувийн өмч хөрөнгөтэй байх эрхийг хязгаарладаггүй. Үүний үр дагавар болж,иргэдийн хоорондын өмч хөрөнгө,баян ядуугийн ялгаа гарч, нийгмийн тэгш бус байдал өсч,олон янзын давхраажилт бий болж байна.

1990 оноос хойших үзэл суртал ба нийгмийн давхраажилтанд гарсан өөрчлөлт

1990 оны нийгмийн тогтолцооны өөрчлөлт нь социализмын үеийн давхраажилтын бүтцийг орвонгоор өөрчилсөн юм.Үүнд нэг нам ноёрхсон улс төрийн системийн задрал,зах зээлийн эдийн засгийн харилцаа,өмч хувьчлал,нээлттэй,чөлөөтэй худалдааны тэсрэлт зэрэг нь ихээхэн нөлөөсөн юм.Судлаач Х.Гүндсамбуу өнөөгийн нийгмийн давхраажилтыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
1. Монголын уламжлалт давхраажилт буюу малчдын
2. Шинэхэн давхраажилт буюу ажилчдын
3. Дээдсийн давхраажилт /улс төрчид,баячууд,одууд/
4. Доодсын давхраажилт /ажилгүйчүүд,ядуучууд,ёроолын бүлгүүд/
5. Хот хөдөө дэх давхраажилт /Хотын ба хөдөөгийн оршин суугчдын/
6.Завсрын бүлгүүдийн давхраажилт /оюутнууд,далд ажил эрхлэгчид/

Харин судлаач О.Мөнхбат эд баялаг,орлого,эрх мэдэл,мэргэжил боловсрол,албан тушаал гэсэн үзүүлэлтүүдийг гол шалгуур болгон судалсны үндсэн дээр өнөөгийн нийгмийн давхраажилтыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1. Дээд давхраа. Төр засгийн өндөр албан тушаалтнууд ,улс төр эдийн засгийн элитүүд
2. Дундаас дээгүүр давхраа.Төр засгийн дунд тушаалын албан тушаалтан,хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага,банк санхүү, худалдаа, аж үйлдвэрийн болон томоохон пүүс компаний захирал,соёл урлаг,спортын элит бүлэг.
3. Дунд давхраа.Жижиг дунд үйлдвэрийн захирал,менежерүүд,их дээд сургуулийн багш нар,эрдэм шинжилгээний ажилтан,эмч зэрэг цагаан захтангууд,цэрэг цагдаа,шүүх хяналтын албан хаагчид,төр засгийн байгууллагын доод тушаалтангууд, чинээлэг малчид,өндөр мэргэжлийн ажилчдыг багтаажээ.
4. Дундаас доогуур давхраа.Дунд сургуулийн багш нар,эмнэлгийн дунд мэргэжлийнхэн,цэрэг цагдаагийн доод тушаалынхан,жижиг үйлдвэрлэгчид,худалдаачид,малчид,мэргэжилтэй ажилчид орно.
5.Доод давхраа.Мэргэжилгүй ажилчид, цөөн малтай малчид,ажилгүйчүүд,ядуучууд,хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох бөгөөд энэ давхрааны эмзэг хэсгийг орон гэргүй тэнэмэл хүмүүс,архичид,гуйлгачид бүрдүүлнэ.

Ийнхүү шилжилтийн үеийн Монголын нийгмийн давхраажилт нь дотооддоо цоо шинээр хөрөнгөтөн,нийгмийн эмзэг хэсгийг багтааж байгаагаараа социализмын үеийнхээс онцлог юм.

Дүгнэлт
Ё Үзэл суртал бол тодорхой анги бүлгийн ашиг сонирхлын үүднээс нийгмийн өөрчлөлтийг тайлбарлах, мөн түүний дагуу нийгмийн өөрчлөлт хийхийг нотолсон үзэл сургаал юм. Коммунист үзэл суртал нийгмийн тэгш биш байдлын үндэс нь хувийн өмч гэж үзээд нийгмийн тэгш байдалд хүрэхийн тулд хувийн өмчийг устгах хэрэгтэй гэдэг.Либерал суртал бол хүн төрөлхийн эрх чөлөөтэй бөгөөд хүний эрх чөлөөг хязгаарлаж, хааж болохгүй гэж үздэг.
Ё Социализмын үед Монголын нийгэмд малчин,ажилчин,сэхээтэн гэсэн 3 өөр давхраа байсан.
Ё Малчин.Мал аж ахуйн хөдөлмөр эрхлэгч давхраа
Ё Ажилчин. Материаллаг болон матеиаллаг бус салбарт биеийн хөдөлмөр эрхлэгч хөх захтангууд.
Ё Сэхээтэн.Материаллаг болон матеиаллаг бус салбарт оюуны хөдөлмөр эрхлэгч цагаан захтан,мэргэжилтэнгүүд юм..

Мэргэжлийн нэр хүндийн шкал /эх сурвалж: Вандер Занден 1998. 249х /


No comments: