ҮСХ цаг ашиглалтын талаарх судалгааг 10 жил хийж байна

Үндэсний статистикийн хорооноос монголчуудын цаг ашиглалтын талаарх судалгаа хийж эхлээд 10 жил болж байна. Судалгааны дүнгээр монголчууд цаг бол алт хэмээх хэмжүүрийг баримталдаг болжээ. Энэ талаар тус хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед цаг ашиг­лалтын талаар их ярих болж. Монголчууд цаг хугацааг хэр зөв өнгөрөөж чадаж байна вэ?

-Манайх 2000 оноос цаг ашиглалтын талаарх судалгаа хийсэн. Тухайн үед 200 хүнийг хамруулж байсан бол 2007 оноос жилийн дөрвөн улирлын турш явуулдаг болсон. Судалгааны үр дүнгээ үндэсний, бүсийн хэм­жээнд гаргаж олон улсын болон энэ талаарх судалгаа, шинжил­гээ хийдэг байгууллага, эрдэм­тэн, судлаачдад мэдээлдэг. Цаг ашиглалтын судалгаагаар хөлс­тэй хөлсгүй болон албан бус сек­торт хөдөлмөр эрхэлж бай­гаа хүмүүс, хүүхэд, эмэгтэй­чүүдийн цаг ашиглалт гээд дэлгэрэнгүй мэдээлэл гаргадаг. Харин бидний судалгаанд хүний эрхийн бай­гууллагууд дүгнэлт хийдэг.

-Судалгаагаар хүүхдүүд хичнээн цагийг хөдөлмөр эрхэлж өнгөрөөдөг вэ?

-Хүүхдийн хөдөлмөртэй хол­боотой үзүүлэлтийг Хүүхдийн хө­дөл­мөрийн судалгаа нэрээр явуул­даг. Ажиллах хүчний судал­гааны хавсарсан судалгаа гэсэн үг. Хоёр удаа зохион бай­гуулж явуулдаг. Өнөөдрийн байд­лаар70 мянга гаруй хүүхэд хө­дөлмөр эрхэлж байна. Бага нас­ны хүүхдүүд долоо хоногийн ихэнх цагийг цалин хөлсгүй биеийн хүчний хөдөлмөрт зар­цуулж байна. Тэгэхдээ энэ нь гэ­рийн ажил гэсэн үг л дээ. Ээж, аав­даа тусалж усаа зөөх, түлээ мо­доо хагалах зэрэг юм. Хүүх­дүүд өсч томрох тусам хөдөлмөр эрхлэлт ялгаатай болж байгаа нь харагдсан. Гэрийн ажил хийдэг байсан хүүхэд маань 14,15 нас хү­рээд цалинтай ажил хийх сонир­холтой болдог. Гэвч ахлах ангиа төгсөөд шууд ажлын бай­ран дээр очиход учир дутаг­далтай байгаа нь судалгаагаар ажиглагдсан. Энэ нь олон хүчин зүйлээс шалт­гаалж байгаа л даа.

-Эрчүүдийг бодвол эмэг­тэй­чүүд үнэгүй хөдөлмөр эрхлэлтэд илүү цаг зарцуул­даг гэсэн?

-Эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр ямар нэгэн хэмжээгээр ажил хийж л байгаа шүү дээ. Цаг ашиг­лалтын судалгаанаас ха­рахад эмэгтэйчүүд хоол унд хийх, гэр орноо цэвэрлэх зэрэгт болон хүүхэддээ цаг зарцуулсаар байгаа. Харин эрэгтэй­чүүд түлээ хагалах, ус авах гэх мэт цалин хөлсгүй хөдөлмөр хийж байна. Хооронд нь харьцуулбал хөлсгүй хөдөл­мөр эрхлэлтээрээ эмэг­тэй­чүүд давамгайлж байгаа. Нөгөөтэй­гүүр, бусад улс ор­нуудтай харьцуулахад монгол­чуудын амьдралын хэв маяг үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй гэр бүлсэг харагдаж байгаа юм.

-Монголчуудад сул цаг гэж байна уу. Өөрөөр хэлбэл, үр бүтээлгүй өнгөрөөж байгаа гэсэн үг. Түүнийгээ ямар зүйлд зориулж байна вэ?

-Сул цаг гэж монголчуудад гардаггүй. Өдрийн 24 цагт ар гэр, үр хүүхэд, эрүүл мэнд, ажил төрөл гээд завгүй байх ч өөрийгээ хөгжүүлэх тал дээр их анхаардаг нь ажиглагдсан. Тухайлбал, ном, сонин их уншдаг, оюунлаг хү­мүүстэй их ярилцдаг, бие, сэт­гэлээ хөгжүүлэх аль болох зөв амьдрах талаар анхаардаг болж.

-Монголчуудын амьд­ралын хэв маягийг тодор­хойлно уу?

-Гэр орондоо зарцуулж буй цаг их ч бүгдийг амжуулах гэж зүтгэж байгаа. Энэ бүхний цаана ердөө л үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэл байна.

Б.МЯГМАНСАНЖ

2 comments:

A.Амарсайхан said...

Ийм судалгаанд цаадуул чинь үнэнээ хэлэх үү?
Би л лав оюутнуудаасаа ном уншдаг уу гэхэд бүгд тийм гэдэг байсан. Сүүлд уншсан номоо хэл дээ гэхээр түгдрээд улайгаад явчих жишээний л байлаа шүү дээ

ЗОРИГТ8 said...

Амарсайхан:
ЯГ цаг ашиглалтын судалгаа манайд социализмын үед маш өндөр түвшинд хийгддэг байсан. Малчдын, залуусын, хөдөлмөрчдийн гээд л...

Өнөөгийн нөхцөлд бараг уналтанд орсон байгаа нь үнэн. респондентийн итгэл үнэмшил, хариулах байдал туйлын хангалтгүй байгаа юм. Үнэнийг хэлүүлэх эсэх нь эцсийн эцэст судалгааны аргачлал, судлаачдын чадвар л юмдаа