Үндэсний статистикийн хорооноос монголчуудын цаг ашиглалтын талаарх судалгаа хийж эхлээд 10 жил болж байна. Судалгааны дүнгээр монголчууд цаг бол алт хэмээх хэмжүүрийг баримталдаг болжээ. Энэ талаар тус хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед цаг ашиглалтын талаар их ярих болж. Монголчууд цаг хугацааг хэр зөв өнгөрөөж чадаж байна вэ?
-Манайх 2000 оноос цаг ашиглалтын талаарх судалгаа хийсэн. Тухайн үед 200 хүнийг хамруулж байсан бол 2007 оноос жилийн дөрвөн улирлын турш явуулдаг болсон. Судалгааны үр дүнгээ үндэсний, бүсийн хэмжээнд гаргаж олон улсын болон энэ талаарх судалгаа, шинжилгээ хийдэг байгууллага, эрдэмтэн, судлаачдад мэдээлдэг. Цаг ашиглалтын судалгаагаар хөлстэй хөлсгүй болон албан бус секторт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүдийн цаг ашиглалт гээд дэлгэрэнгүй мэдээлэл гаргадаг. Харин бидний судалгаанд хүний эрхийн байгууллагууд дүгнэлт хийдэг.
-Судалгаагаар хүүхдүүд хичнээн цагийг хөдөлмөр эрхэлж өнгөрөөдөг вэ?
-Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үзүүлэлтийг Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа нэрээр явуулдаг. Ажиллах хүчний судалгааны хавсарсан судалгаа гэсэн үг. Хоёр удаа зохион байгуулж явуулдаг. Өнөөдрийн байдлаар70 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Бага насны хүүхдүүд долоо хоногийн ихэнх цагийг цалин хөлсгүй биеийн хүчний хөдөлмөрт зарцуулж байна. Тэгэхдээ энэ нь гэрийн ажил гэсэн үг л дээ. Ээж, аавдаа тусалж усаа зөөх, түлээ модоо хагалах зэрэг юм. Хүүхдүүд өсч томрох тусам хөдөлмөр эрхлэлт ялгаатай болж байгаа нь харагдсан. Гэрийн ажил хийдэг байсан хүүхэд маань 14,15 нас хүрээд цалинтай ажил хийх сонирхолтой болдог. Гэвч ахлах ангиа төгсөөд шууд ажлын байран дээр очиход учир дутагдалтай байгаа нь судалгаагаар ажиглагдсан. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа л даа.
-Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд үнэгүй хөдөлмөр эрхлэлтэд илүү цаг зарцуулдаг гэсэн?
-Эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр ямар нэгэн хэмжээгээр ажил хийж л байгаа шүү дээ. Цаг ашиглалтын судалгаанаас харахад эмэгтэйчүүд хоол унд хийх, гэр орноо цэвэрлэх зэрэгт болон хүүхэддээ цаг зарцуулсаар байгаа. Харин эрэгтэйчүүд түлээ хагалах, ус авах гэх мэт цалин хөлсгүй хөдөлмөр хийж байна. Хооронд нь харьцуулбал хөлсгүй хөдөлмөр эрхлэлтээрээ эмэгтэйчүүд давамгайлж байгаа. Нөгөөтэйгүүр, бусад улс орнуудтай харьцуулахад монголчуудын амьдралын хэв маяг үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй гэр бүлсэг харагдаж байгаа юм.
-Монголчуудад сул цаг гэж байна уу. Өөрөөр хэлбэл, үр бүтээлгүй өнгөрөөж байгаа гэсэн үг. Түүнийгээ ямар зүйлд зориулж байна вэ?
-Сул цаг гэж монголчуудад гардаггүй. Өдрийн 24 цагт ар гэр, үр хүүхэд, эрүүл мэнд, ажил төрөл гээд завгүй байх ч өөрийгээ хөгжүүлэх тал дээр их анхаардаг нь ажиглагдсан. Тухайлбал, ном, сонин их уншдаг, оюунлаг хүмүүстэй их ярилцдаг, бие, сэтгэлээ хөгжүүлэх аль болох зөв амьдрах талаар анхаардаг болж.
-Монголчуудын амьдралын хэв маягийг тодорхойлно уу?
-Гэр орондоо зарцуулж буй цаг их ч бүгдийг амжуулах гэж зүтгэж байгаа. Энэ бүхний цаана ердөө л үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэл байна.
Б.МЯГМАНСАНЖ
2 comments:
Ийм судалгаанд цаадуул чинь үнэнээ хэлэх үү?
Би л лав оюутнуудаасаа ном уншдаг уу гэхэд бүгд тийм гэдэг байсан. Сүүлд уншсан номоо хэл дээ гэхээр түгдрээд улайгаад явчих жишээний л байлаа шүү дээ
Амарсайхан:
ЯГ цаг ашиглалтын судалгаа манайд социализмын үед маш өндөр түвшинд хийгддэг байсан. Малчдын, залуусын, хөдөлмөрчдийн гээд л...
Өнөөгийн нөхцөлд бараг уналтанд орсон байгаа нь үнэн. респондентийн итгэл үнэмшил, хариулах байдал туйлын хангалтгүй байгаа юм. Үнэнийг хэлүүлэх эсэх нь эцсийн эцэст судалгааны аргачлал, судлаачдын чадвар л юмдаа
Post a Comment