Солонгос дахь Монголчуудын нийгмийн хамгаалалын асуудал социологийн судалгаанд

Д.Сэрдарам. South Korea-ooc

Сүүлийн 10 гаруй жил Монгол улсад амжиллтай хийгдэж байгаа улс төр-эдийн засаг-нийгмийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлтүүд нь Монголчуудыг үндсэн хуулийнхаа "Монгол улсын иргэн нь улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй" гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Єнөөдөр НХХЯ "албан бус тоогоор гадаадад 100.000 гаруй Монгол улсын иргэн оршин суугаа" гэсэн тоог баримталдаг юм байна. 100,000 гаруй хүмүүсийн 65.000 гаруй Казахууд, тэдний 24.000 гаруй нь Монгол улсын харъяатаас гарсан, 10.000 гаруй нь Казахстнаас буцаж ирсэн.

Гадаадад дахь Монголчуудын тоо жил ирэх улам залуужиж хүрээгээ тэлж байна. 2,4 сая хүн амтай Монгол улсын хүн амын хичнээн нь, хэдий хэрийн хугацаагаар, ямар нөхцөл орчинд гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа вэ? Энэ байдал манай эдийн засагт ашигтай юм шиг боловч цаанаа ямар хор хохирол учруулж байна вэ? Монгол улсын хүн ам зүйн байдал болон нийгмийн бусад салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлж байна зэрэг маш олон асуудлуудаар томоохон судалгаа бүхий ул суурьтай дүгнэлт хийгдээгүй болохоор манай төр засгаас ч алсын хараатай, тодорхой бодлого өөдий хүртэл гаргаж чадахгүй байгаа нь ойлгомжтой юм.

1990-ээд оны эхэн үед дэлхийн Монголчууд гэдэг ойлголтонд Халимаг, Буриад, Цахар, Євөр Монголчуудыг оруулж байсан бол сүүлийн үед Монгол үндэстний хүн амын өсөлтөөс үл хамааран дэлхийд тэдний тархан суусан байршлаар нь АНУ-ын Монголчууд, Австралийн Монголчууд, Германы Монголчууд, Солонгосын Монголчууд, Японы Монголчууд хэмээх шинэ нэр томъёо Монгол хэлний үгсийн санд орж ирлээ, Аливаа шинэ нэр томъёо судалгааны шинэ объектыг агуулдаг зүй тогтлын дагуу шинэ орчинд дасан зохицож, нийгмийн шинэ бүлэглэл болж байгаа Монголчууд өөрсдийгөө шинэ орчин нөхцөлд судлах, илүү их таниж мэдэх сайхан боломж гарч байгаа юм бишүү??

Гадаад дахь Монголчуудын хөдөлмөр эрхлэлт
Нийгэм эдийн засгийн хөгжлөөр дорой, хүн амын орлогын түвшин доогуур, Нийгмийн үйлчилгээний салбарууд нь ард түмнийхээ хэрэгцээг хангаж чадаагүй байгаа улс орны хөдөлмөрийн чадвартай, нийгмийг хөдөлгөгч гол хүч нь болдог 20-40-өөд насны залуучууд болон сэхээтнүүдийн дийлэнх нь гадаадад сурч, амьдрах хүсэл зорилготой байдаг зүй тогтлыг бид өөрийн улсын жишээн дээр мэдэрч байна. Хүн амын ийм шилжих хөдөлгөөнд нийгмийн тогтворгүй байдал, улс төрийн дэглэм, дайн самуун зэрэг хүчин зүйлүүдээс илүү Дэлхийн даяарчлал болон улс орнуудын нийгмийн хөгжлийн ялгаа улам ихсэж байгаа нь нөлөөлж байна. Тухайлбал 200 жилийн өмнө дэлхийн баян ба ядуу орны 1 хүнд оногдох баялагийн ялгаа 2:1 байсан бол өнөө үед Швейцарь, Мозамбикийн ялгаа 400:1 болсон байна.

Монголчууд бид үнэт зүйлсийнхээ үнэлэмжийг алдаагүй, түүнийгээ мэдрэх мэдрэмжээрээ зарим үндэстэнгээс илүү өндөр үзүүлэлтэй билээ. Иймээс гадаадад амьдардаг Монголчууд төрөлх эх орон, элгэн садандаа ямагт эргэх холбоотой байдаг учраас гадаадын бусад цагаачидтай адилгүй байдаг. Гэхдээ зарим тохиолдолд үүнийг Монголд цагаачлал эхлээд удаагүй, мөн өмнөх үеийн тодорхой хэмжээний боловсролтой давхраа үүнд хамрагдаж байгаа зэрэгтэй холбож үзэж болох юм. Хойшид эх нутагтаа эргэх холбоотой байдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Монгол орны цагаачлал маш их залуужиж, зарим улсад хүйсээрээ зааглагдан гарч байна юм. Солонгост Монгол эрэгтэйчүүд их байхад Унгар, Чехид үүний эсрэг байх жишээтэй. Германид Монголоос залуучууд маш их олноороо сурахаар очиж байна. Монголчуудын ийнхүү гадагш гарч байгаа шалтгаануудаас:

1.Мөнгө цуглуулж амьжиргаагаа дээшлүүлэх
2.Єндөр боловсрол эзэмшихийн тулд гэсэн 2 шалтгаан зонхилж байна.

Нэгэнт хүлээн зөвшөрөгдсөн нийгмийн энэ үзэгдлийг зхицуулах зорилгоор төрөөс "Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" хууль 2001 онд батлан энэ хуулинд заасан шаардлагыг ханган зөвшөөрөл авсан 14 байгууллага Солонгос, Япон, Израиль, Казахстан, Чех, Унгар, ОХУ, Макаод ажиллах хүч гаргаж байна. Тухайлбал, Солонгосын жишээн дээр Монголын "Заг" компани 1998оны 5-р сараас 2002 оны 12-р сар хүртэл нийт 990 хүнийг, дараа нь "Монгол ньюс" компани 2003 оноос 3000 гаруй гэрээт ажилтан Солонгост оруулж ажиллуулж байна. Монгол-Солонгосын харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн 1990-ээд оноос Монгол улсаас хүмүүсийн цуваа хөвөрсөөр тэдний тоо 1996-1997 оноос өнөөг хүртэл 13.000-19.000 хүний тоонд тогтмол хэлбэлзэж ирсэн байна. 7-8 жил амьдарсан хүмүүс, багаасаа энд ирээд нийгэмшилд орж байгаа залуучууд ч багагүй байдаг. Энэ бол БНСУ-д Монголчуудын нийгмийн нийтлэг бүлэг бүрэлдэн тогтож байгаа төдийгүй Институтчлэл болж байгааг нотлож байна. Ийм үзэгдэл Германийн, АНУ-ын Монголчуудын дунд ч элбэг гарч байна. Социаль системийн нэг хэлбэр буюу Институтийг агуулга талаас нь авч үзвэл тодорхой нөхцөлд хүмүүсийн зүгээс хийж болох үйлдэл, хүмүүсийн зан байдлыг зорилго чиглэлтэйгээр стандартчилсан өөрөөр хэлбэл зан төрх, үйлдлийг тодорхой зорилго чиглэлийн үүднээс загварчилсан систем байдаг.

Мөн гадагшаа гарч байгаа Монголчуудын урсгалтай хамт гадаадынхны ялангуяа Хятадуудын дотогшоо орох урсгал эхэлж байна. Монгол улсад энэ 6 сарын байдлаар 77 орны 12439 иргэн амьдарч байгаагаас ихэнх нь Хятадууд, бүртгүүлээгүй, визийн зөрчилтэй байгаа хүмүүсийг Хятадууд л мөн манлайлж байна.

Саяхан болтол ажиллах хүч экспортолдог байсан(1970-аад оноос нийтдээ 2 сая хүнээ гадаадад ажилуулж байсан) Солонгос улс гадаадаас ажиллах хүч орж ирэх боломжтой цагаачлалын энэрэнгүй бодлого баримтлах болсноор дэлхийн 20 гаруй орноос 275.000 гаруй гадаадын хөдөлмөрийн цагаачид хууль бусаар оршин сууж байна. Манай улс энэ улсаас олон хүмүүс энэ улсад ямар нөхцөлтэй ажил эрхэлдэг бол? Цаашдаа засаг төр тэдэнд санаа тавьж эзэнгүй сүрэг шиг бүү болгоосой, Солонгос дахь Монголчуудын тулгамдсан асуудлыг мэдэх зорилгоор ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийнхан 2 удаа социологийн ерөнхий судалгаа авсан билээ.

Эх сурвалж: www.tsahimurtuu.mn

No comments: