“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний цар хүрээ, хэрэгжилт, үр дүнд хөдөлгөөний хяналт- шинжилгээ, үнэлгээ” судалгааны тайлан

Үндэслэл
УИХ- аас 2001 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай“ хуулийг баталснаар төрөөс үзүүлж байдаг нийгмийн хамгааллын нэг чухал дэд салбар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Өнгөрёөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн байгууллага жилд дунджаар 40 мянга орчин хүнийг бүртгэн авч дотоодын хөдөлмөрийн зах зээлд ажлын байраар хангаж иржээ.
Үндэсний болон орон нутгийн түвшиний хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, сул ажлын байранд зуучлах, мэргэжил, ур чадвар олгох болон давтан сургалтанд хамруулах, ажил олгогчийг дэмжих арга хэмжээ зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд оролцогч талуудын өгч байгаа үнэлгээг судлах замаар энэ салбарын үйл ажиллагааны чанар хүртээмжийн байдалд үнэлэлт өгөх, үйлчилгээг боловсронгуй болгох арша замыг тодорхойлох зорилготой судалгааг хийлээ.

Судалгаанд ашигласан арга зүй
Оролцогч талуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд өгөх үнэлгээг судлахдаа нийгмийн судалгааны тоон болон чанарын аргыг хослуулан ашигласан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, тайлан, бусад материалуудад дүн шинжилгээ хийх замаар чанарын судалгааны хамрах хүрээ, анкетын асуулга, ярилцалгын шалгах хуудас зэргийг боловсруулсан.

Судалгааны зорилго, зорилтуудад хүрэхийн тулд тоон болон чанарын судалгааны аргуудыг хослуулан хэрэглэсэн юм. Тухайлбал: . Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн үнэлгээг тодорхойлоход урьдчилан боловсруулсан анкетын асуулгын аргаар харин сургалтын байгууллага, ажил олгогч, банк болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын ажилтан нартай хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаар гүнзгийрүүлсэн ярилцлага, кейс судалгаа зэрэг чанарын судалгааны аргуудыг ашиглан судалгааг хийсэн болно.

Урьдчилан боловсруулсан ярилцлагын удирдамж, шалгах хуудсыг ашиглан ганцаарчилсан ярилцлагыг явуулсан. Судалгааг Монголын Лектор төвийн судалгааны баг хийж гүйцэтгэнэ.
Анкетын асуулгын судалгаанд хөдөлмөр эрхлэлтийн ямар нэгэн үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийг хамруулсан нь тухайн үйлчилгээний талаарх иргэдийн санал бодлыг судлах арга зүйгээс ялгаатай байсан юм.

Судалгааны хамрах хүрээ, түүвэрлэлт
Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу нийт түүврийн хэмжээг пропорциональ магадлалт түүврийн зарчимд тулгуурлан тодорхойлсон болно.
Үндэсний хэмжээнд судалгааг явуулах үүднээс хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн 2007 оны төлөв байдлын тухай танилцуулгын үзүүлэлтийг ашиглан түүвэрлэлт хийсэн. Судалгаанд газар зүйн бүх бүсийг төлөөлсөн Улаанбаатар хотын Багануур, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд болон Архангай, Хэнтий аймгуудаас тус бүр зургаан сумыг хамрууллаа.
Судалгаанд хамрагдсан хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдийн 2007 оны мэдээллийн сангаас үйлчлүүлэгчдийн нэрсийн жагсаалтаас санамсаргүй түүвэрлэлтийг хийж нэгж бүрт тухайн оны нийт үйлчлүүлэгчдийн 7 хувийг хамарсан байдлаар хийсэн. Гэхдээ бүх үйлчилгээг жигд хамруулах, сонгосон үйлчлүүлэгч байхгүй тохиолдолд оруулах зорилгоор тодорхой нөөцийг нэмж авсан.

Мэдээлэлт цуглуулалт ба боловсруулалт
Мэдээлэл цуглуулах ажлыг 2007 оны 10-11-р сард зохион байгуулж явуулав. Мэдээллийг анкет асуулгын тусламжтай цуглуулсан бөгөөд асуулга нь дараах бүтэцтэй болно:
Нүүр хуудас
Судалгаанд оролцогчийн талаарх мэдээлэл
Судалгаанд оролцох урьдчилсан нөхцөл
Хөлөлмөр эрхлэлтийг дэмжиж үйлчилгээг авагчийн талаарх нэмэлт мэдээлэл
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Хэлтсийн ажиллагсдын ёс зүй
Үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн байдал
Зуучлуулсан ажлын байрны талаарх мэдээлэл
Нийтийг хамарсан ажлын талаарх мэдээлэл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний үр нөлөө
Асуулгын агуулга, асуултуудын логик дэс дараа, томъёолсон байдал зэргийг магадлах үүднээс Багануур дүүрэгт туршилтын судалгаа хийсэн юм. Туршилтын судалгааны явцад гарсан нэмэлт саналуудыг үндэслэн Асуулгын маягтыг эцэслэн боловсруулсан /Асуулгыг хуудсыг Хавсралтаас харна уу/.
Түүвэрлэлтэд хамрагдсан дүүрэг /аймаг/ сумдад судалгааны багийн гишүүд өөрсдөө биечлэн очиж ажиллахын зэрэгцээ тухайн нэгжид ажиллаж амьдарч байгаа судалгааны аргазүйн мэдлэгтэй хүмүүсийг орон нутгийн гэрээт ажилтнаар авч ажиллуулсан нь судалгаанд зарцуулах хугацааг хэмнэх, судалгаанд хамрагдах хүмүүсийг зөв олж тогтоох, орон нутгийн онцлог нөхцөл байдлыг ойлгох, үнэн бодитой мэдээлэл олж авахад ихээхэн ач холбогдолтой байсныг дурьдах нь зөв болов уу.

Мэдээллийн шинжилгээ
Өрхийн асуулгын судалгааны өгөгдлийн санг үүсгэж шинжилгээг хийхдээ SPSS-11.5 програмыг ашигласан болно. Хамаарлын хүснэгт, энгийн тайлбар үзүүлэлтүүдийг тооцох статистик аргачлалыг мэдээллийг шинжлэхэд ашиглав.

Чанарын судалгааны талаар
Сургалтын байгууллага, ажил олгогч, банк болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаар ярилцахдаа чанарын судалгааны аргуудыг ашигласан болно. Ялангуяа шийдвэрлэх арга зам, зохион байгуулалт, удирдлага, санхүүжилтийн асуудлуудыг тодруулахад чанарын судалгааны гүнзгийрүүлсэн ярилцлага, кейс судалгааны аргуудыг өргөнөөр ашигласан.

Чанарын судалгааны үр дүнг арга тус бүрээр нь нэгтгэн дүгнэсэн бөгөөд энэхүү тайланд нэмэлт мэдээлэл, тайлбар, шигтгээ болгон оруулсан. Гүнзгийрүүлсэн ярилцлагад хамрагдсан хүмүүсийн нэрсийг хавсралт 1-ээс харна уу.

Судалгааны явцад гарсан зарим бэрхшээл, хүндрэл
Үйлчлүүлэгчдээс анкетын асуулгын судалгааг авахад цаг хугацаа бага байсан тул хөдөлсөр эрхлэлтийн байгууллагын ажилтан нараар үйлчлүүлэгчдийг заалгах тохиолдол нийтлэг байв. Энэ байдал нь зарим нөхцөлд үйлчлүүлэгчид өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүндрэл учруулж байв.

Судалгааны асуулгыг 2005 онд тус байгууллагаар үйлчлүүлсэн Үйлчлүүлэгчидтэй ярилцах замаар бөглөж байсан тул тэднийг олоход ихээхэн цаг хугацаа шаардагдаж байв. Түүвэрлэлтийн дагуу үйлчлүүлэгчдийг хайхад хаяг нь буруу байх, холбоо барих утас байхгүй байх, мөн ажилтай нөхцөлд уулзах завгүй байх зэрэг бэрхшээлүүд нийтлэг тохиолдож байв. “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний цар хүрээ, хэрэгжилт, үр дүнд хөндлөнгийн хяналт –шинжилгээ, үнэлгээ” судалгааны ажлын гол үр дүн нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний өнөөгийн байдал, сайжруулах арга замыг тодорхойлсон дүгнэлт зөвлөмж бүхий тайлан байлаа.

Тайлангийн бүтэц
Энэ хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан нь үндсэн гурван бүлэгтэй ба эдгээр бүлгүүд нь тус бүрдээ дээд бүлгүүдээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт судалгааны ерөнхий үр дүнг танилцуулсан болно. Хоёрдугаар бүлэгт судалгааны үр дүн болон бусад материалуудад суурилсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хэрэгжилт, үр дүнгийн байдалд хийсэн хөндлөнгийн дүн шинжилгээг багтаасан бол гуравдугаар бүлэгт судалгаанаас хийх дүгнэлт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох арга зам, зөвлөмжийг багтаасан доорх бүтэцтэй болно. Үүнд:
oХөдөлмөрийн зөх зээлийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны ерөнхий чиг хандлага, тэдгээрийн уялдаа зохицуулалт
oХөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чанар, хүртээмж
oХөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр нөлөө, нийгмийн сэтгэл зүй, түүний учир шалтгаан
oХөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны ололт, дутагдалтай асуудал
oЕБС-ийн сурагчдийн мэргэжил сонголтын талаар
oДүгнэлт, цаашид анхаарах асуудал

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдэд урьдчилан танилцуулж тэдгээрийн саналыг судалгааны тайланд туслах уулзалтуудыг 3 удаа зохион байгуулсан юм.
Зарим шаардлагатай мэдээллүүдийг судалгааны тайланд хавсралтаар оруулсан ба судалгааны асуулгаар авсан мэдээллийн дагуу үүсгэсэн өгөгдлийн сан болон боловсруулалтын үр дүнгийн хүснэгтүүдийг дискэнд бичиж захиалагчдад хүлээлгэн өгсөн болно.

No comments: