ХУГАЦАА БАГА ҮЛДЛЭЭ

2008 оны сонгуулийн өмнөхөн Монголын Лектор төвийн социологич Д.Аюурбуний бичиж асан нэгэн нийтлэлийг хүргэж байна. Олон нийтийн санал бодлын судалгаан дээр үндэслэн бичсэн энэхүү нийтлэлээс тухайн үеийн нийгэм улс төрийн байдал, нөхцөл, үйл явцуудыг харж болох юм.

Сонгуулийн сурталчилгааны галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Улс төрийн гол намууд, шинэчлэлийн аян, жигүүр хөдөлгөөнүүдээр цус сэлбэж байгаа нь эцсийн дүндээ сонгуулийн бэлтгэл юм. Нийгмийн давхарга, бараг л салбар болгоноос иргэний хөдөлгөөн нэртэй хэн нэгний гар хөл, эрх ашгийг дагуулсан хүмүүсийн бөөгнөрөл төрийн ордныг гороолох нь хэвийн үзэгдэл боллоо. Улс төрийн лидерүүд болон улс төрд хүчээ үзэх сонирхол бүхий этгээдүүд хаанаас, яаж дэвшбэл боломж байгааг тооцоолоод нойргүй хонож эхэллээ.
Сонгуулийн шинэ хуулиар 30 хувийн квотыг эмэгтэйчүүдэд өгч, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх болж, улмаар сонгуулийн системийг өөрчлөн томсгож, нэг тойрогт олон мандаттай болголоо.
Энэ бүгдийн эцэст улс орны амьдрал дээшлэх болтугай. Монголчуудын амьдрал сонгуулийн сурталчилгааны үеэр цэцэглэдэг, бусад үед хаягддаг пародокс шинжтэй болжээ. Учир нь сонгуулиар сурталчилгааны үеэр урлагийн оддын тоглолтыг үнэгүй үздэг, мөнгө авдаг, архи хүртдэг, аз таарвал зам, гүүр, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбайтай болдог.
Дээрх гажуудлыг залруулах, мэдээ мэдээллээр хангах үүднээс сонгогчдын улс төрийн мэдлэг ойлголтын түвшинг тодорхойлох зорилгоор “Фокус” нийгмийн судалгааны агентлаг нь 2007 оны 2-р сард Улаанбаатар хотын 6-н дүүрэгт 1500 хүний дунд санал асуулга явуулсан бөгөөд цаашид 2 сар тутамд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тогтмол хийгдэж байх болно. Энэхүү судалгааны үр дүнгээс тоймлон толилуулж байна.

Төр хямралгүй байгаасай.
Судалгаанд оролцсон иргэд, өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг 78.1 хувь хямралтай байна гэж дүгнэжээ. Үүнээс 32.7 хувь маш их хямралтай гэж хариулсан байдлаас үзэхэд Монголын төр хямралтай байгааг харуулж байна.
“Үндэсний эв нэгдэл”-ийн гэх тодотголтой Засгийн газрын сайдуудыг ээлж дарааллан огцруулсан явдлыг судалгаанд оролцогсдын 49.1 хувь нь буруу гэж үзсэн байхад 24.3 хувь зөв зүйтэй алхам гэж дэмжсэн байна.
Мөн “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газрыг огцруулах хэрэгтэй юу? гэсэн асуултад нийт судалгаанд оролцогчдын 28.3 хувь нь огцрох ёстой гэж үзсэн байна. Харин судалгаанд оролцогчдын 693 хүн буюу 46.2 хувь нь огцруулах шаардлагагүй гэж хариулсан байдлаас үзэхэд олон нийт хямралыг хүсэхгүй байгааг харуулж байна. “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газрыг унагаж дангаар танхимыг бүрдүүлэх сонирхолтой байгаа МАХН-ын бодлогыг 363 хүн буюу 24.2 хувь нь зөв хэмээн дэмжсэн байна. Харин 707 хүн буюу судалгаанд оролцогчдын 47.1 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Үүнээс үзэхэд Засгийн газраа огцруулах, шүдний өвчин болсон гэх сайдуудыг огцруулах шаардлагагүй байсан гэж үзэж байгаа юм. Ямар ч нам хүчин засгийн эрхийг барих, хэн ч сайд болсон ялгаагүй шамшигдуулдаг учир чанарын ялгаа байхгүй юм. Чанарын ялгаа гарахгүй зүйлээс төрийг хямруулдаг байдлаас олон нийт залхаж байна. Өөрөөр хэлбэл улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлж чадахгүй байгааг бид харж байна. Харин төр хямралгүй, төрийн түшээд эв эетэй байхыг, тайван амгалан амьдралыг иргэд эрхэмлэж байна. Орой гэртээ ирээд амрангаа зурагтаа үзэх гэхлээр хэдэн хүмүүсийн хувийн аястай хэрүүл, хэвлэлээр дүүрэн дайралт, мэдэгдэл энэ бүгд бидний амьдралын хэв маяг болжээ.

Намуудын шинэчлэлийг дэмжиж байна.
Ялангуяа МАХН-ыг шинэчлэх жигүүрийн асуудлыг 387 хүн буюу 25.8 хувь нь дэмжиж, амжилтад хүрнэ гэж итгэж байгаа нь улс орны амьдрал, хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг утгаар нь зайлшгүй шинэчлэгдэх ёстойг харуулж байна. Мөн Ардчилсан намын шинэчлэлийн аяны бодлогыг нийт судалгаанд оролцогчдын 295 хүн буюу 19.7 хувь нь дэмжиж, амжилтад хүрнэ гэж дэмжжээ. Энэ бүгдээс үзэхэд олон нийт улс төрийн гол хоёр намын шинэчлэлийг дэмжиж хуучирсан ужиг тамын тогооны байдлыг халахыг хүлээн ажиглаж байна.

Ирэх сонгуулийн чимээ
Судалгаанд оролцогчдоос Та сонгуулийн шинэ хуультай танилцсан уу? гэсэн асуултад 1198 хүн буюу 79.9 хувь нь үгүй гэж хариулжээ. Ирэх 2008 оны УИХ-ын сонгуулийг 50.9 хувь y, шударга болно гэж үзэж байхад 23.8 хувь y, хэлж мэдэхгүй гэжээ. Харин 25.4 хувь нь шударга бус болно үзэж байна.

2008 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намууд ямар харьцаатай суудал эзлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ? гэсэн асуултад Иргэний хөдөлгөөн, холбоодоос суудалтай болох хэрэгтэй гэж 9.7 хувь нь, гол 2 нам олонх суудлыг бүрдүүлэх ёстой гэж 21.6 хувь, аль нэг нам давамгай байсан нь дээр гэж 24.5 хувь нь хариулжээ. Харин хамгийн өндөр үзүүлэлт буюу олон намууд тэнцвэртэй байх нь зүйтэй гэж 34.3 хувь нь үзсэн байна. Мөн бие даагчид түлхүү байх ёстой гэж 5.3 хувь нь үзсэн байна.
Улс төрд жендерийн харилцаа алдагдсан гэж үздэг. Иймд сонгуулийн шинэ хуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гучин хувь нь эмэгтэй байх заалт зөв үү гэсэн асуултанд нийт судалгаанд оролцогчдын 13.5 хувь нь зүйтэй гэж дэмжжээ. Мөн гучин хувиас илүү байх ёстой гэж 13.5 хувь нь үзсэн юм. Харин энэ заалт буруу, өөрсдийнхөө чадлаар гарах ёстой гэж 29.5 хувь нь үзсэн бол 4.7 хувь нь гучин хувиас бага байх ёстой гэж хариулжээ. Харин энэ заалтын талаар 38.8 хувь нь хариулж мэдэхгүй байна гэжээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн тухай
Судалгаанд оролцогчдоос өнгөрсөн 2004 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын тухай санал бодлыг тодруулан судалсан юм. 2004 оны УИХ-ын сонгуулийг нийт судалгаанд оролцогчдын 570 хүн буюу 38.0 хувь нь шударга болсон гэж үзэж байхад 516 хүн буюу 34.4 хувь нь хэлж мэдэхгүй байна гэж хариулжээ. Харин нь нийт судалгаанд оролцогчдын 27.6 хувь нь шударга бус болсон гэж хариулжээ.
Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намуудын амласан амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах байдлаар үнэлжээ. МАХН-ын мөрийн хөтөлбөр биелэгдэх шатандаа явж байгаа гэж 44.9 хувь нь, “Эх орон-Ардчилал” эвслийн мөрийн хөтөлбөр 34.3%, БНН-ын мөрийн хөтөлбөр 14.5 хувь нь тус тус биелэгдэх шатандаа явж байгааг дүгнэн хугацаа бага үлдснийг сануулсан байна.

Намуудын рейтинг

Улс төрийн олон намын системтэй гэгдэг манай улсад нийт 15 нам албан ёсоор бүртгэгдсэн байдаг байна. Эдгээр намуудын нэр хүнд сонгогч олон нийтийн дунд ямар рейтингтэй байгааг судлан гаргалаа. Үүнд МАХН 32.9 хувь, АН 24.1 хувь, Иргэний нийгмийн байгууллагууд 9.9 хувь, Эх орон нам 8.8 хувь, Бүгд Найрамдах нам 7.5 хувь, Иргэний Зориг Нам 6.7 хувь, Үндэсний Шинэ нам 5.3 хувь, Ард Түмний нам 4.3 хувийн рейтингтэй байна.
Ерөнхийдөө улс төрийн гол хоёр нам өндөр үзүүлэлтэй байхад бусад жижиг намуудын рейтинг бараг адил шахуу байна. Харин сүүлийн 2 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлсэн иргэний хөдөлгөөнүүдийн рейтинг жижиг намуудаас илүү байгаа нь ард түмний дуу хоолой, эрх ашгийг хамгаалан тэмцдэг нь нөлөөлж байна.
Сонгогчид ирэх сонгуулиар нам эвсэл, иргэний хөдөлгөөнүүдийн нэр дэвшигчдийн нэг нэр дэвшигчийг сонгоно гэж 59.2 хувь, 2 нэр дэвшигчийг дэмжинэ гэж 16.4 хувь, гурван нэр дэвшигчийг дэмжинэ гэж 24.4 хувь хариулжээ.

Улс төрчдийн рейтинг
Аливаа асуудалд багийн тоглолт, баг дотор ледирийн нөлөө асар чухал үүрэгтэй байдаг билээ. Улс төрийн ледирүүдийг сайн муугаар янз бүрээр хэлдэг нь жам, тогтсон зүйл байдаг. Судалгаанд оролцсон иргэдээс та өнөөгийн улс төрчдөөс хэнийг хамгийн их хүндэлдэг вэ? гэсэн асуултад хариулсан байдлыг үндэслэн шилдэг 10 улс төрчийг тодруулж байна. Уг жагсаалтыг тэргүүлж буй Гүндалай гишүүнийг 8 хүн тутмын нэг нь нэрлэжээ.
Иргэний хөдөлгөөнүүдийг дэмжиж байна.
Судалгаанд оролцсон иргэд нийгэмд өрнөж буй нийгмийн хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг дэмждэг боловч тэр бүр үйл ажиллагаанд нь оролцоод байж чаддаггүй гэжээ. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 8.0 хувь нь Чөлөөт Ахмадын Холбооны үйл ажиллагаанд байнга оролцдог байна. Харин иргэний хөдөлгөөнүүдээс олны талархалыг хүлээсэн нь Эрүүл нийгэм иргэдийн хөдөлгөөн байна. Учир нь судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 33.9 хувь нь Эрүүл нийгэм иргэдийн хөдөлгөөнийг дэмждэг боловч үйл ажиллагаанд нь тэр бүр оролцоод байж чаддаггүй гэжээ. Үндэсний “Соёмбо” хөдөлгөөнийг 31.5 хувь, Иргэний холбоог 27.1 хувь нь дэмждэг боловч үйл ажиллагаанд нь оролцож чаддаггүй байна.

No comments: