Монголд хятадын нөлөө хамгийн их байгааг судалгааны дүн харууллаа

Үндэсний тагнуулын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс “Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдвээр социологийн судалгаа явуулжээ. Энэхүү судалгааг Улаанбаатар хот болон 20 аймгийн 4500 иргэнээс 20 асуултад хариулт авах хэлбэрээр явуулсан байна. Туурга тусгаар Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандсан ийм өргөн хэмжээний судалгаа явуулаагүй байсан юм. Монголын төрөөс олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, улстөрийн намууд гадаад бодлогын асуудлаар нэгдмэл байр суурьтай байхыг эрмэлздэг. Харин жирийн иргэд гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаар ямар санаа бодолтой байгааг нарийвчлан тандсан нь энэ удаагийн судалгааны онцлог байжээ. Гадаад бодлогын асуудлаархи монголчуудын сэтгэлзүйд нэлээд өөрчлөлт гарч, гадаадын болзошгүй аюул, их гүрнүүдийн нөлөөнөөс болгоомжилж байгааг судалгааны дүнгээс харж болно. Судалгааны дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан хүргүүлсэн байна.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйлийг том гүрнүүдийн нөлөө, нэг улсаас хараат байдалд орох гэж санал асуулгад оролцогчдын 70 хувь нь үзжээ. Харин 20 орчим хувь нь даяарших үйл явц аюул дагуулж мэднэ гэж болгоомжилж явдгаа хэлсэн байна. Санал асуулгад оролцогчдын 90 хувь нь хүнсний аюулгүй байдал баталгаагүй гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ. Импортын бараа, ялангуяа гадаадаас оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтын тогтолцоо дэндүү сул, зарим тохиолдолд ажиллахгүй байгааг судалгааны дүн харууллаа. Иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал зохих төвшинд хангагдаагүй гэж судалгаанд орлцсон хүмүүсийн 80 орчим хувь нь үзжээ. Гадаадын тусгай албадын үйл ажиллагаа манай улсад идэвхтэй байгаа гэж 13, улам нэмэгдэж байна гэж 24.7, байнга явагддаг гэж гэж 16.8, мэдэхгүй гэж 45.5 хувь нь хариулсан байх юм. Жирийн иргэдийн дунд тусгай албадын тухай ойлголт мэдлэг бараг байдаггүй болох нь эндээс харагдана. Монголын ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэнэ үү гэсэн асуултад олонхи нь буюу судалгаанд оролцсон хүмүүсийн 33.6 хувь нь шударга бус байдал гэж хариулсан нь анхаарал татаж байна. Үлдсэн 31.3 хувь нь намчирхах, 17 хувь нь баян хоосны ялгаа гэж хариулсан нь улстөрийн намууд, улстөрчдөд нэгийг бодогдуулах биз ээ.

Таатай гэмээр нэгэн үр дүнг судалгаанаас харж болно. Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний оролцоо чухал гэж судалгаанд оролцогчдын 74.3 хувь нь үзсэн байгаа юм. Энэ бол улс орныхоо аюулгүй байдлын төлөө монголчууд нэгдмэл санаатай байгаагийн нотолгоо боллоо. Шаардлага гарвал эх орноо хамгаалан босох эх орончдын удам тасраагүй байна. Монгол улсад гадаадаас учирч болох аюул занал юу вэ гэсэн асуултад 12 хувь нь терроризм, 20.6 хувь нь шашны нөлөө, 43.9 хувь нь хүний наймаа гэж хариулжээ. Өдрөөс өдөрт арга нь нарийсч, хүрээгээ тэлж байгаа хүн наймаалах гэмт хэргийг олон нийт хамгийн ихээр жигшин зэвүүцэж байгаа юм байна. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь зөв үү гэсэн асуултад ажиглагчийн статусаа хадгалсан нь дээр гэж хамгийн олон буюу 32.3 хувь нь үзжээ. Харин элсэх шаардлагагүй гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 15.4 хувь нь үзсэн байгаа нь анхаарал татлаа. Эндээс ажиглахад Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг олон нийт тийм ч их таашаахгүй байгаа бололтой. Дээрээс нь манай улсад Хятадын нөлөө хамгийн их байна гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 61.5 хувь нь хариулжээ. Барилгын, уул уурхайн, үйлчилгээний, худалдааны салбарт хятадуудын нөлөө хамгийн их байгааг судалгааны дүн харууллаа. Хувь заяаны эрхээр хоёрхон хөрштэй Монгол улсын хувьд нэг хөршөөсөө хэт хараат болно гэдэг аюул ойрхон байгаагийн дохио болов уу. Энэ болгоомжлолоос үүдэлтэй эсэхийг хэлж мэдэхгүй ч ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог болох нь маш зөв гэж 28.1, зөв гэж 37 хувь, буруу гэж 22 хувь, мэдэхгүй гэж 12.8 хувь нь хариулжээ. Судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь хойд хөрш рүү визгүй зорчдог болохыг дэмжиж байгааг харж болно.

Б.Түвшинтөгс
Эх сурвалж: www.baabar.mn

No comments: